“Р.Чойномын нүүрний хэв” нэртэй ном болон баримтат кино удахгүй олны хүртээл болох гэж байна. Нэрнээсээ чухам юуны тухай өгүүлэх нь тодорхой ч эдгээр бүтээлийн талаар олон нийт ихэд сонирхож байгаа юм. Энэ талаар Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн Д.Ганболдтой ярилцсанаа хүргэе.
-“Р.Чойномын нүүрний хэв” ном хэвлэгдэн гарлаа гэсэн товч мэдээ шинэ он гарсаар хэд хэдэн сайт дээр нийтлэгджээ. Энэ мэдээ Р.Чойном найрагчийг шүтэн биширдэг, шүлэг найргийг нь амтархан уншдаг олон хүний хорхойг хүргэх шиг боллоо. Энэ номыг бүтээх болсны учир юу вэ?
-Юуны өмнө хэлэхэд номын нээлт хараахан болоогүй байгаа. Гэхдээ энэ талаархи мэдээ хэвлэлийнхний сонорт хүрчихсэн бололтой. Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нүүрний хэв эзэн шигээ ээдрээтэй замыг туулан хэд хэдэн хүний гар дамжсаар найрагчийг бурхан болсноос хойш 24 жилийн дараа буюу 2003 онд манай “Өд” санд хүндтэй байраа эзэлсэн. Энэ бол зүгээр нэг хэв биш их найрагчийн нүүрний хэв. Нэг үгээр хэлбэл асар их үнэ цэнэтэй зүйл. Тиймээс бид Р.Чойномын нүүрний хэв бол үл тайлагдах оньсого биш, баримт нотолгоотой, он цаг, үйл явдал нь тодорхой, буух эзэн, буцах мөртэй урлагийн бүтээл гэж үзсэн. Тиймээс энэ талаар уншигчдад ойлголт өгөх нь зүйтэй гэж ярилцаад “Р.Чойномын нүүрний хэв” гэдэг ном бүтээхээр шийдсэн юм.
-Р.Чойном найрагчийн нүүрний хэвийг хэн гэдэг хүн, хэрхэн авсан юм бол оо. Тухайн үед түүний нүүрний хэвийг авна гэдэг эрсдэлтэй л алхам байсан байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Найрагчийг элдвээр хавчиж, хянаж байсан тэр цагт нас барсных нь дараа нүүрнийх нь хэвийг авч үлдэнэ гэдэг бол яах аргагүй асар их зоригтой алхам байсан. Р.Чойномын оршуулганд хэн хэн оролцов гээд НАХЯ-ныхан хянаж цагдаж байсан гэдэг. Их найрагчийн дотнын андуудын хувьд энэ бүхнээс эмээлгүйгээр сүүлчийн замд үдэхийн өмнө нүүрнийх нь хэвийг авч үлдэнэ гэдэг эрхэм нөхрийнхөө төлөө хийсэн хүндэтгэл, халуун сэтгэлийн илэрхийлэл байсан гэж болох юм. Р.Чойном найрагч дотнын найз зураач Л.Дэмбэрэлийндээ амьдарч байгаад нас барсан гэдгийг уншигчид мэдэх байх аа. Л.Дэмбэрэл зураач дотнын анд барималч Ц.Доржсүрэнгээр талийгаачийн нүүрний хэвийг авахуулсан байгаа юм. Энэ нь нэг талаар найзынхаа гэрээслэлийг биелүүлсэн хэрэг л дээ.
-Өөрөө тэгж гэрээсэлсэн гэж үү?
-Р.Чойном найрагч Л.Дэмбэрэл зураачид Орост алдартай яруу найрагчдынхаа нүүрний хэвийг авч үлддэг бичигдээгүй хууль байдаг тухай ярьж “Минийхийг заавал аваарай” хэмээн захисан гэдэг. Тиймээс л Л.Дэмбэрэл зураач Р.Чойномыг нас барсны дараа найз нартайгаа зөвлөлдөж байгаад нүүрнийх нь хэвийг авсан юм билээ.
-Найрагчийн нүүрний хэвийг хэн хадгалж байсан юм бол оо. Хулгайд алдагдаад олон хүний гар дамжсан гэсэн. Та яаж олж авав?
-“Р.Чойномын нүүрний хэв” номд энэ тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байгаа. Ярих юм бол их урт түүх болно. Ямар ч байсан зураач Л.Дэмбэрэл гуай Р.Чойномын нүүрний хэвийг 1995 он хүртэл нандигнан хадгалж байгаад найрагчийн гэр музей байгуулагдахад уг хэвээр баримлыг нь хийлгэн залах гэж яваад хулгайд алдчихсан юм билээ. Тэр цагаас хойш Р.Чойномын нүүрний хэв барималч, зураач, яруу найрагч зэрэг олон хүний гар дамжиж, гэр оронд нь хүндэтгэлтэйгээр залагдсаар байжээ. Зарим хүн уг нүүрний хэвийг үнэ хүргэн зарах, тэр ч байтугай Өвөрмонгол руу гаргах санаа өвөрлөж ч байсан тал бий гэдгийг бид сүүлд олж мэдсэн. Ямар ч байсан Р.Чойномын нүүрний хэв сайн санаат уран бүтээлчдийн дэмжлэг туслалцаатайгаар манай “Өд” сангийн үнэт эд өлгийн зүйл болон хадгалагдаад арван нэг дэх жилийнхээ нүүрийг үзэж байна.
-Та дээр хэллээ. Орост яруу найрагчдынхаа нүүрний хэвийг авч үлддэг уламжлалтай гэж. Манайд ийм тохиолдол хэр байдаг юм бэ. Алдар цуутай хүмүүсийнхээ сүүлчийн дүр төрхийг хэвэнд авч үлдэх нь үнэ цэнэтэй байж таарна?
-Энэ талаар “Р.Чойномын нүүрний хэв” номд дэлгэрэнгүй байгаа. Европт нүүрний хэв буюу нас нөгчих үеийн баг бол үлдэгсдийн зүгээс бурхан болоочид үзүүлж буй гүн хүндэтгэлийн хэлбэр болон хөгжсөн байдаг юм байна. Оросууд л гэхэд агуу яруу найрагч С.Есениний нүүрний хэвнээс л түүнийг нүүрэндээ гар бууны бөгсөөр цохиулсан гүн сорвитойгоор нас барсныг хожуу ч гэлээ мэдэцгээсэн юм билээ. Тэгэхээр нүүрний хэв тухайн хүний сүүлчийн агшны талаар асар их мэдээлэл агуулдаг гэсэн үг. Орчин үед бол нүүрний хэв тухайн хүний эерэг сөрөг энергийг цацраасаар байдгийг хүртэл нотолсон. Нөгөө талаар нүүрний хэв гэдэг тухайн хүний цээж болон бүтэн баримал, хөшөө зэргийг бүтээхэд гол загвар болдог. Нүүрний хэвнээс нь дахин цутгаж алдар цуутай хүмүүсийн дүрийг олон нийтийн газар, албан тасалгаа зэрэгтээ залдаг жишиг ч байна. Манайд академич Б.Ринчен, генерал Ж.Лхагвасүрэн, нэрт яруу найрагч Б.Явуухулан, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг зэрэг олон хүний нүүрний хэвийг авч үлдсэн байдаг юм билээ. Энэ мэт сонирхолтой мэдээлэл, судалгааны өгүүллийг “Р.Чойномын нүүрний хэв” номд багтаасан. Энэ дашрамд уг номыг бүтээхэд оролцсон нэрт сэтгүүлч, орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүй, зураач, уран барималч, урлаг судлалын ухааны доктор С.Бадрал, сэтгүүлч, яруу найрагч Б.Ойдов нарт гүн талархал илэрхийлье.
-Р.Чойномын нүүрний хэвнээс болж хэсэг уран бүтээлчийн дунд нэлээд дуулиантай зодоон болсон гэдэг байх аа. Тэр ямар учиртай үйл явдал болсон юм бэ?
-Тэр бол яруу найрагч уран бүтээлч хүмүүсийн сайхан сэтгэлээс болсон гэж ч болмоор, өөрөөр хэлбэл Р.Чойном найрагчийг гэсэн сэтгэлээс үүдэлтэй юм билээ. Бүгд л уг нүүрний хэвийг зарж үрэхгүй, олшруулж хувилахгүй гэсэн бодолтой, гагцхүү жаахан үл ойлголцол үүсээд гар зөрүүлсэн байдаг юм.
-“Р.Чойномын нүүрний хэв” номоос гадна баримтат кино хийсэн гэсэн. Хэзээ олны хүртэл болгох вэ?
-Ирэх хоёрдугаар сарын 10-нд Р.Чойномын мэндэлсэн өдрөөр ном, кино хоёрынхоо нээлтийг зэрэг хийхээр төлөвлөөд байгаа. Энэ ном, кино хоёр нэг талаас Р.Чойном найрагчийн нүүрний хэв, түүнийг тойрсон үүх түүх, адал явдлыг өгүүлэх боловч нөгөө талаар Монголд нүүрний хэв гэдэг урлагийн хэмжээнд хөгжих цаг болсныг бид үүгээрээ харуулахыг зорьж байна.
Ярилцсан Г.Сонинбаяр
Эх сурвалж: eagle.mn