Морин хуурын чуулгын морин хуурч, хөөмийч Н.Ашидтай ярилцсан ярилцлагаас
-Улиран одсон 2013 он таны хувьд уран бүтээлийн олз омог хэр арвинтай жил байв. Шинэ оны өмнөхөн Буриадад руу тоглолтоор явсан гэж сонссон. Тэгэхээр энэ талаар яриагаа эхлэх үү?
-Юуны түрүүнд танай уншигчдад энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Миний хувьд 2013 он уран бүтээлийн олз омог, ургац арвинтай жил байлаа. БНХАУ-ын Өвөрмонголын Хөх хотод Төрийн оркестр очиж тоглоход гоцлол бүтээлээрээ оролцсон. Морин хуурын чуулгын уран бүтээлчид маань Японы Токио, Осака, Шига мужуудад арав гаруй хоног айлчлан тоглолт хийсэн байгаа. Мөн шинэ оны өмнөхөн ОХУ-ын Буриад улсад очиж өөрийнхөө уран бүтээлийг толилуулаад ирлээ. Түүнчлэн 2014 оны нэгдүгээр сарын 23-нд өөрийн бие даасан “Монгол хөөмий хуурын түрлэг” тоглолтоо толилуулах гэж байна.
-Хөөмийчид тэр бүр тоглолт зохион байгуулаад байдаггүй. Тэгэхээр таны “Монгол хөөмий хуурын түрлэг” тоглолтонд хэчнээн бүтээл тоглогдох вэ?
-Миний хувьд морин хуурын чуулгад ажилласнаас хойш гуравдахь цомгоо гаргаад байна. 2001 онд “Wonder land”, 2005онд “My mother land” цомгоо гаргаж байлаа. Харин 2002 онд “Хуурын эгшиг хөөмийн уянга”, 2004 онд “Их ханлиг” уран бүтээлийн тоглолтуудаа үзэгч олондоо толилуулсан. Мөн 2008 онд Японы Нацу хотноо уран бүтээлийн тоглолтоо хийсэн. “Монгол хөөмий хуурын түрлэг” тоглолтонд маань нийтдээ 20 орчим бүтээл тоглогдоно.
-Өмнөх хоёр тоглолтоо бодвол нэлээд хэдэн жилийн зайтай болж байгаа юм байна. Таны энэ удаагийн тоглолтын онцлог юу вэ. Мэдээж Морин хуурын чуулгын бие бүрэлдэхүүн оролцох байх?
-Монгол өв соёл, тэр дундаа өвөг дээдсийн минь өвлүүлэн үлдээсэн дуулах, хөгжимдөх урлаг дэлхийд гайхагдсаар байгаа бөгөөд ЮНЕСКО-д бүртгэгдсэн монгол хөөмий, морин хуураа залуучууд болон үзэгч олондоо түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилготой энэхүү тоглолтоо хийх гэж байна. Миний тоглолтонд Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Удирдаачаар АЖ профессор Ц.Батчулуун багш, МУСТА хөгжмийн зохиолч, удирдаач Д.Түвшинсайхан ах нар маань оролцох юм. Үүнээс гадна морин хуур, хөөмийн урлаг гэдэг бол уртын дуутайгаа салшгүй холбоотой байдаг. Тиймээс уртын дуучин СТА Энхбаатар, “Соёмбо” чуулгын гоцлол дуучин МУСТА Э.Болормаа зэрэг уртын дуучид оролцож байгаа. Энэхүү тоглолтоороо ардын дууг хөөмийлөхөөс гадна монгол хөөмийд зориулсан томоохон бүтээлүүдийг хүргэнэ. Тухайлбал, Төрийн хошой соёрхолт Н.Жанцанноровын “Бурхан Халдун”, “Эх нутаг”, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч З.Хангалын “Ямааны боодог”, Төрийн соёрхолт Б.Мөнхболдын “Морин хуурт зориулсан концерт”-ын хоёр, гуравдугаар анги, Э.Чойдог гуайн “Монголын сайхан орон” гэсэн гайхамшигтай сайхан аялгуунаас авсан “Талын аялгуу”-г гоцлон тоглоно. Мөн Өвөрмонголын Үзэмчин түмний Данаабал гэж хүний Барга үндэстэн дунд их алдартай “Үхэрт хүйтэн хоёр” бүтээл, Японы алдартай хөгжмийн зохиолч Мичерү гэж хүний бүтээл бас орж байгаа. Миний тоглолтонд урилгаар ОХУ-ын “Байгаль”дуу бүжгийн чуулгын гоцлол хөгжимчин, Буриадын АЖ Б.Баттүвшин, тус чуулгын хөгжмийн уран сайхны удирдагч, хөгжмийн зохиолч, удирдаач Г.Баттулга маань өөрийнхөө зохиосон бүтээлүүдтэй ирж оролцохоос гадна “Байгаль” чуулгын гоцлол хөгжимчин Евгений Селезнёв оролцоно. Мөн унзад лам Булат Эрдэмович Доржиев оролцож байгаа. Энэхүү тоглолтоороо тун чамбай зүйлийг хийхийг хичээж, бэлдэж байна. Түүнчлэн агуулга, мөн чанар зэргийг мэдэрч, гүнзгий судлах хэрэгтэй юм байна гэдэг үүднээсээ өөрийхөө хэмжээнд судалгаа хийлээ дээ.
-Унзад лам оролцож байгаа гэдэг чинь тун сонирхолтой юм?
– Монгол хөөмийн урлаг маань үүсэл гарвалын хувьд олон зүйлтэй холбогддог. Өөрөөр хэлбэл, үүссэн түүхийнхээ хугацаанд ардын зан үйлтэй холбоотой бүх талын элемент болж явж байсан ийм урлаг. Тухайлбал, эх болсон байгаль дэлхийгээ аргадахад, тууль хайлахад, шарын шашинд гэхэд унзад хоолойгоор ном уншдаг. Бөөгийн шашинд ч ялгаагүй мөн л хоолойгоо шахаад дуугарах жишээтэй. Тиймээс лам нарын ном унших арга барилтай ч холбогдоно. Өрнөдийн зарим оронд хөгжмийн зохиолд бүтээлээ нийцүүлэн зарим хөгжмийн зэмсгийг бий болгосон байдаг бол манай морин хуур, хөөмий бидний зан үйл, өв уламжлалаас төрсөн юм.
-Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ?
-Миний хувьд тухайн үеийн Соёлын коллежийг 1995-1999 онд Ч.Баатархүү багшийнхаа удирдлага дор суралцаж, төгссөн. Тэнд суралцаж байх хугацаандаа морин хуур, хөөмийг сонирхон оролдож байснаас эхлэлтэй. Харин 1997 онд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, алдарт хөөмийч МУГЖ Д.Сундуй багшдаа шавь орж байлаа. Үүнээс хойш 1999 онд сургуулиа төгсөөд Монгол улсын морин хуурын чуулгад ажиллах болсон. Ингээд 1999 оноос алдарт хөөмийч Т.Ганболд багшаараа монгол хөөмийг заалгаж одоог хүртэл энэ урлагийг суралцаж, судалж байна. Монголын хамгийн шилдэг хоёр хөгжимчний шавь болсноороо бахархдаг. Түүнчлэн хөөмийлөхөөс гадна цааш нь сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх эрхэм үүрэг оногдсон. Энэ үүднээсээ МУИС-ийн Ардын урлаг судлалын ангид магистрантад суралцаж байна. Энэ бүх хугацаанд дэлхийн 30гаруй оронд очиж тоглосон төдийгүй энэ орнуудын хамгийн нэр хүндтэй тайзнуудад өөрийн морин хуур, хөөмийн хөг эгшгүүдийг өргөн барьсан байгаа. Тухайлбал, АНУ-ын Карнегийн танхим, НҮБ, ЮНЕСКО-гийн танхим, ОХУ-ын Их театр, Кремлийн ордон, Германы Берлиний Филармонийн танхим, Австрийн Вена хотын Алтан танхим, БНХАУ-ын Сувдан театр, Японы Эзэн хааны ордон зэрэг дэлхийн хамгийн нэр хүндтэй гэсэн тайзнаа Монголынхоо язгуур урлагийг Морин хуурын чуулгын хамт олонтойгоо сурталчлан явж байна.
-Уран бүтээлч хүмүүст хамгийн ихээр тулгардаг нэг бэрхшээл бол санхүүгийн асуудал байдаг шүү дээ. Тэгэхээр таны хувьд энэ бүх асуудлаа хэрхэн шийдэж байна вэ?
-Тиймээ. Бидний хамгийн түрүүнд тулгардаг зүйл болсанхүүгийн асуудал байдаг. Гэхдээ сүүлийн үед монголын язгуур урлаг тэр дундаа морин хуур хөгжмийг ивээн тэтгэж, дэмжиж байгаа байгууллагууд олон бий. Тухайлбал, Макс групп, Худалдаа хөгжлийн банк, Image студи маань миний тоглолтыг дэмжиж ивээн тэтгэгчээр оролцож байгаагаас гадна манай хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллаж байна. Энэ олон хүний тусламж дэмжлэгтэйгээр тоглолтоо хийх гэж байгаадаа баяртай байна.
-Морин хуур, хөөмий хоёрыг хоёуланг нь эзэмшиж, уран бүтээлээ туурвиж байгаа хэчнээн хүн байдаг юм бол?
-Анх намайг морин хуурын чуулгад орж байхад гарын таван хуруунд багтахаар л байсан. Хөөмийчин хүн бол хоёуланг нь давтана шүү дээ. СУИС дээр анх ийм анги байдаггүй байлаа. Харин сүүлийн үед ийм хөөмийн ангитай болж, энэ чиглэлээр бэлдэж байгаа. Монголчууд хос морьтой хүн гэж ярьдаг биз дээ. Мөн МУИС-ийн Ардын Урлаг судлалын анги, Монголжингоо дээд сургуулиуд дээр морин хуурч, хөөмийч хоёуланг нь бэлдэж байна.
-Алдартай хөөмийчид голдуу баруун аймгаас төрөн гарсан байдаг. Та аль аймгийнх вэ?
Би Өмнөговь аймагт төрж өссөн. Монгол хөөмийн урлаг Хөвсгөл, Завхан аймгийн зарим сум, Ховд аймгийн Чандмань сумд түлхүү хөгжсөн байдаг ч нарийн судалбал Монгол орны маань газар нутаг ялгаагүй л тархан түгсэн байдаг. Хамгийн энгийн нэг жишээ бол говьд ботгоо голсон ингийг хөөсөлж, хургаа голсон хонийг тойглодог шүү дээ. Энэ бүгд бас л хөөмийн нэг хэсэг, эх суурь нь юм.
-Дуучдыг хоолойг ангилдаг шиг хөөмийчдийн хоолойг өнгөөр нь ялгаж болох уу?
Тухайн хүний техник болон хоолойны тембрээс шалтгаалан ангилж болно. Бүдүүн хархираанд эсвэл нарийн буюу исгэрээ хөөмийнд сайн хүн байна. Зарим нутагт исгэрээ хөөмийг уянгын хөөмий ч гэдэг. Миний хувьд Д.Сундуй, Т.Ганболд багшийн эзэмшсэн нарийн хөөмийг заалгасан. Нарийн хөөмий нь илүү аялгуулаг сонсогддог.
Б.МЯГМАРСҮРЭН
Эх сурвалж: info.mn