Уран үгсээр шаглаж, сэтгэлийн утсыг хөндчихөөд эргэцүүллийн ертөнцөд орхичихдог С.Пүрэв баавайн зохиолууд цаанаа л нууцлаг. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Танаас ярилцлага авах гэж баахан бүтэлгүйтлээ гэж өнгөрсөн шөнө зүүдэллээ. Яриагаа зүүднээс эхэлбэл ямар вэ. Зохиол бүтээлийнхээ санааг зүүднээсээ авч байв уу?
-Зүүдэнд хачин тодорхой, их аятайхан дүрслэл, санаа буудаг ч босоод бичих гэсээр байтал мартчихдаг. Зохиолч агсан Пэрэнлэйн Лувсанцэрэнтэй зүүдний тухай ярилцаж байхад нэг түүх ярьж өгсөн юм. В.В.Маяковский өглөө сэрээд чүдэнзний хайрцаг дээр дарьтай толгойгоор нь хөл гээд биччихсэн байснаа хараад энэ тухай зүүдэлснээ санаж, “Хөл” зохиолоо бичсэн гэдэг. Хөлний тухай зүүдлээд, мартахгүйн тулд гарт тааралдсан зүйл дээрээ даруйхан бичсэн нь тэр байж.
-Хүн зүүдэндээ сайн, муу янз бүрийн зүйл хийдэг. Энэ нь жинхэнэ мөн чанар нь мөн болов уу?
-Тархи амралгүй ажиллахаар зүүдэлдэг гэнэ билээ. Би зүүднийхээ дунд өөрөө орж зүүдэлдэггүй юм. Хүмүүс өнгөт зүүд зүүдэллээ л гэдэг, тэрийг би нэг л удаа үзсэн, санаанаас ер гардаггүй. Манай Зохиолчдын хорооны гурван давхарт зохиол хадгалдаг архив бий.
Зүүдэндээ найз Ядмаатайгаа ярилцаж байх юм. “Тэнд их сонин юм бий” гээд Ядмаа намайг архивын өрөө рүү дагуулж орлоо. Хаалгыг нь нээтэл гэрэл цэлсхийгээд, цэнхэртээд л нэг их сайхан санагдсан. Манай Хүйсийн говьд их халахаар цэнхэртдэг. Тэр л санагдаж, нутагтаа очсон юм шиг л болсон.
-Зохиолчдыг хүн судлаач гэдэг. Таны ажиглаж байгаагаар энэ цагт хүмүүсийн мөн чанар өөрчлөгдөж байна уу?
-Их өөрчлөгдөж байна. Нэгнээ олигтойхон магтчих зоригтой аавын хүү ховорхон болоод байна шүү. Уран бүтээлчид нэгнээ хүндлэхээ больжээ. Залуус ч тэр, ахмадууд ч адил бие биенээ тоохг үй юм. Нэрд гарч байгаа зохиолчдын өгсөн ярилцлагыг уншихаар надад эмзэг санагддаг. Монголын уран зохиол сөнөлөө, хүүрнэл зохиолын төрөлд олигтой бүтээл гарахгүй байна гэх юм. Ажиглаад байх нь ээ, өөрсдөө ном гаргачихаад тэгж ярьдаг.
Надаас өөр сайн зохиолч байхг үй гэж байгаатай адил. Номоо сурталчлах ядсан арга гэлтэй. Монголын уран зохиол хөгжиж л байна шүү дээ. Арван жилийн өмнө ийм баялаг номын дэлгүүр үүд байгаагүй. С.Эрдэнэ зохиолч “Диваажинд уулзана” романаа хэвлүүлчихээд, хэвлэлийн үйлдвэрээс усны тэргэн дээр ачаад гарсан тухайгаа ярьж байсан. С.Эрдэнэ зохиолчийг тэгж явсан гэхэд хэн ч үнэмшихээргүй. Тэр үед уран зохиол сөнөлөө гэж хэлсэн бол өөр хэрэг.
Одоо ингэж хэлнэ гэдэг их л болчимгүй үйлдэл. Б.Баярсайхан, Г.Болормаа гээд сайн зохиолчид олон төрж байна. Тэднийгээ дэмжихийн оронд хөгжихгүй байна гээд чулуу шиг хар юмаар дээрээс нь таглаад сууж болохг үй шүү дээ. Аль болох хойч үеэ тоодог, олж хардаг, үнэлдэг байх хэрэгтэй.
-Сүүлийн үеийнхэн “Би” үзэлтэй болоод байх шиг.
-Уран бүтээлч өөртөө итгэлтэй, бадрангуй байх хэрэгтэй. Өөрийгөө хүндэлж чадахгүй бол өрөөлийг хүндлэхгүй. Хүндэлж чадахгүй бол хүн чанарынхаа ихэнх хэсгийг алдаж байна гэсэн үг. С.Дашдооров гуай цэргийн хуарангаас нэг зохиолч олж ирлээ гэж намайг анх тоож байсан. Тэнгэр болтлоо намайг халамжилж, урам хайрлаж байсан хүн дээ.
Хойч үеэ хайрлах нь бидний үүрэг. 1960-аад оныхны үе их сайхан байж. Нийлээд архи уудаг, нэгнийгээ магтдаг, ийм, тийм зохиол гарч гэж мэдээлэл дамжуулдаг байж. Д.Намдаг гуай нэг удаа “Шүүмжлэлээс айгаад байх хэрэгг үй. Шүүмжлэл ашигтай. Хүн хүний мууд дуртай байдаг юм. Чамайг шүүмжлэхэд, хүмүүс өөрөө уншаагүй байж нөгөөдөө очиж хэлнэ. Нөгөөх нь өөр хүнд хэлсээр олны танил болгодог” гэж байсан.
-Таныг дунд сургуульд байхад Л.Түдэв гуай Говь-Алтайд очиж багшилсан юм билээ. Утга зохиолын ертөнцөд анх хөтөлсөн хүн үү?
-Л.Түдэв гуай 1956 онд Багшийн их сургууль төгсөөд орос хэлний багшаар ирсэн юм. Зохиолч багш ирэхээр хичээл нь биш, багш нь сонин, гоё санагддаг байлаа. Багшаас үлгэр дуурайл авч, үг ярихдаа хаана амьсгаа авч байгааг нь хүртэл анзаарч, дуурайх шахдаг байсан үе. Багш тэр үед эхнэр хүүхэдгүй, бидэнтэй цуг дотуур байранд амьдардаг байв. М.Твений “Жонон, гуйлгачин хоёр”-ыг орос хэл дээр уншчихаад, бидэнд ярьж өгнө.
Багшийн нөлөөгөөр С.Лочин, Т.Юмс үрэн хоёр маш олон ном уншсан. С.Эрдэнэ, С.Дашдооров нар уран зохиолын ертөнцөд ирлэсэн хутга шиг хүмүүс гарч ирж байлаа. Тэдний хайрын тухай өгүүллэгүүдийг их уншина. Тэр үед дунд сургуулийн хүүхдүүд хайрын тухай ярих хориотой байсан. “Цог” сэтгүүл дээр хайрын тухай өгүүллэг нийтлэгдвэл нууж хаагаад нэгэндээ дамжуулж уншина.
-Цэргийн хуарангаас зохиолч олж ирлээ гэсэн нь ямар учиртай юм бэ?
-Би Худалдааны техникумыг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн юм. Тэр үед зохиолчдыг амьдрал судлуулна гээд хөдөө явуулсан. Би ч зохиол бичнэ, амьдрал үзнэ гээд Налайхад очсон. Тэндээ юун зохиолч болох, уурхайд слесарь хийж байгаад цэрэгт явсан. Би боловсрол эзэмшээд цэрэгт очсон болохоор штабт надаар данс бариулсан. Тэр гурван жилд над шиг жаргалтай цэрэг байгаагүй. Өрөөндөө зохиол бичээд л сууж байна. “Цэрэг эрийн тууж”-аа цэрэгт байхдаа бичсэн. Миний анхны шүлэг, мэдээг “Улаан од” сонинд гаргаж байлаа. Анхны мэдээ бичсэн сонины хайчилбар одоо хүртэл бий.
-Юуны тухай мэдээ байсан бэ?
-Манайхан намар төмсөө хураах гээд тугаа намируулаад явсан. Би өрөөндөө шүлгээ бичээд л хоцорсон. Тэгсэн Дагважамц гэж манай штабын орлогч дарга орж ирээд “Бос чи, дарга, цэрэггүй ажилд гарч байхад энд зүгээр сууж байдаг” гэж зэмлэсэн. Би ч хэдий хэрийн төмс хураасныг нь асуугаад “Улаан од” сонины редакцид явуултал, маргааш нь нийтлэгдчихэж. Миний нэртэй нийлээд таван мөр л мэдээ гарсан юм. Би өрөвдм өөр харагдсан уу, зэмлэснээ цагаатгах гэсэн үү, өнөөх дарга зүүж явсан төмөр цагаа чулуудчихаад яваад өгч билээ.
-Цэрэгт байхдаа Шарын голын барилгуудыг барилцаж байсан гэсэн үү?
-Шарын голын уурхайг ид байгуулж байсан үе шүү дээ. 1962 онд тэнд очиход дутуу барьсан нэг байшин л угтсан. Л.Дандар баатрын зургадугаар батальон л Шарын голыг босгосон. Хоёр жилийн өмнө тэнд очиход хуучин байшингуудыг бүгдийг нь тээрэмдээд хаячихсан байсан нь эмзэглэмээр санагдсан. Хоол нэхсэн биш, түүх болж үлдэх анхны байшинг үлдээчихгүй дээ.
-Налайхын уурхайд слесарь байсан тухайгаа ярихгүй юу?
-Хүн ажилдаа эзэн болох ёстойг тэнд л ойлгосон. Би газар дороос гаралгүй 48 цагаар ч хамаагүй ажлаа хийдэг байсан. Ээлжийн ажилчид нормын хоол аваад ирнэ. Мотор үзээд л тостой цүнх үүрээд явна. Ил, гүний уурхайг мэддэг ганц зохиолч гэж хэлэхэд хилсдэхгүй. Одооны уурхайг ажиглаад байхад хамгийн зөв ухалттай нь Шивээ-Овоо санагддаг. Тавантолгойд 1971 онд очиход аль хэдийнэ хайгуул хийчихсэн байсан. Одооны залуус бид л нээчихлээ гэсэн шиг 6.4 тэрбум тонн нүүрстэй гэж яриад байгаа. Дээр үед л тэр тоог хэлээд сууж байсан юм. Барилгын дагалдах материал зөндөө байхад тэрийг анхаарч ярихгүй байна.
-Залуу байхдаа бичсэнээ одоо уншаад юу боддог вэ?
-Унших дургүй ээ. Гэнэн юм их бий. Бичсэн бүхэн сайн болно гэж байхгүй. Хүн бүрт тааруулж бичнэ ч гэж үгүй. Одоо өртөөний албаны тухай роман бичиж байгаа. Шүлгийн ном гаргахаар зэхээд байна.
-Та яруу найргийн ном ховортой байх аа?
-Би яруу найргийн ганц л ном 1980-аад онд гаргаж байсан юм билээ. Сүүлд эхнэр маань олоод “Хэзээ ийм ном гаргачихсан юм” гээд гайхаад байсан. Гараад л таг болчихож л дээ.
-Бичиж чадахаа болихоос айдаг уу?
-Тэгж зовох юм алга. Нас нэлээд явж байна. Хийх юм даанч их, цаг хугацаа давчуу байна. Ямар ч байсан бичээд үлдээх ёстой. Заавал амьддаа болсон болоогүй ном хэвлүүлэх албагүй. Үр хүүхэд, хойч үед хэрэг болбол тэд хэвлүүлнэ биз, санаа авахаар зохиол бичих хэрэгтэй. Энэ цаг үеийнхээ тухай дэлгэрэнгүй бичиж үлдээхсэн гэж боддог. Та нарын үеийнхэн чөдөр, ногт зангидаж, гэр барьж чадахгүй нь тодорхой. Гэр барь гэвэл “Түүний оронд 10 банздуулсан нь дээр” гэж мэдэх л улс.
-Нийгэм өөрчлөгдөж, зохиол бүтээлийг мөнх настай гэхэд итгэхээ болиод байна гэж уран бүтээлчид ярьж байсан. Та юунд зориулж бичдэг вэ?
-Тийм бодолтой байвал бичихээ болих хэрэгтэй. Хүн байсан цагт зохиол байж л таараа. Ард түмнийхээ төлөө бичдэг гэж худлаа яриад яах вэ, хүмүүстэй сэтгэлээ хуваалцахын тулд бичдэг. Зохиол сөнөлөө, ном уншихаа байлаа, телевиз байхад театрын хэрэг байхгүй гэж ярьдаг хүн байна. Тийм бодолтой бол дотроо бодоод л явна биз, бусаддаа хэлж яах юм. Компьютерээр унших, ном бариад унших хоёр өөр мэдрэмж шүү дээ. Америкийн Ерөнхийл өгчийн компьютер хүртэл вирустээд байхад биднийх нэг вирустээд л устах байлгүй.
-Зохиолчдоос хэнд атаархаж байсан бэ?
-С.Эрдэнэ баавай Алтай нутгийн тухай нэг их гоёор дүрслээд биччихсэн байсанд нь цагаахан атаархаж билээ. Алтайд төрчихөөд ийм сайхан дүрсэлж, сэтгэж чадахгүй гээд толгой руугаа шаах шахаж байсан. А.Эрдэнэ-Очир их сайхан бичнэ. “Би үргэлжилсэн үгээр Монголоо бичиж байгаад үхнэ, чи шүлгээрээ бичиж байгаад дуусна шүү” гэсэн , “Тэгнэ ээ” л гэж байсан.
-Сайхан дүрслэл сэтгэлд буугаад байдаг. Дүрсэлж бичиж чадахгүй тохиолдол гарах уу?
-Бичиж байгаад гацах үе олон. Гацчихвал шөнө дөл болтол суусан ч хамаагүй заавал янзалж байж унтдаг. Бичнэ гэдэг бодохын нэр. Анд нөхөдтэйг өө явж байхад цаг дэмий үрж байгаа юм шиг хэрнээ толгойдоо зохиолоо боловсруулж л суудаг. Манай залуучууд санаанд орсон үгээрээ бичдэгээс бүтээлд нь ур дутдаг. Үгийн тоо бүртгэл гэж чухал юм бий. Бичсэнээ дахин уншаад нэг өгүүлбэрт үг давтагдсан байна уу гэдгийг шалгаж, ижил утгатайгаар нь сольж, байраа зөв олж уу гэдгийг нягтлах хэрэгтэй.
-Ямар зохиол чөмгийг тань дундалж бүтсэн бэ?
-Айхтар зовоож бүтсэн зохиол байхгүй ээ, би ч шударчихдаг хүн шүү дээ. Д.Намдаг гуай “Гудамжинд хэвтэх хамуутай нохойг хүртэл ажиглаж бай. Нэгэн цагт хэрэг болдог” гэж байсан. Хөдөө гадаа явж байхад хүмүүсийн яриа хөөрөө, сонин содон зүйл их тохиолдоно. Тухайлбал, 1970-аад оны үед Сүхбаатарын Онгон суманд очиж гэр буудалд хоносон юм. Өглөө нь Хөх нүдэн гэж өөрийг өө нэрлэсэн нөхөр орж ирээд ярьж гарав аа. Лимбэчин юм гэнэ. Лимбээ тоглоод Улаанбаатарт онгоцоор үнэгүй очиж байсан гээд л ярьж байна. Дарга нар ч ороод ирлээ. Нөгөө хүнийг тоодоггүй ээ. Тэгсэн сэтгэцийн өвчтэй хүн байсан.
-Тэгвэл бодит амьдралаас сэдэвлэсэн, түүхтэй зохиолоосоо ярина уу?
-Амьдрал тэр чигээрээ зохиолын сэдэв шүү дээ. Ухаандаа бид хоёр ингээд ярилцахад чи миний зохиолын баатар л сууж байна. ГовьАлтайн Тонхилын дунд сургуульд долдугаар анги төгссөн. Манай сургуульд Баасанхүү гэж ядуу айлын хүүхэд байсан. Аав, ээж нь дотуур байранд байгаа хүүгээ эргэх гээд дүн өвлийн хүйтэнд явган явж байгаад замдаа нэг даргатай таарчээ. Өнөөх нь ч ингээд явж бай, суманд очоод унаа зохицуулна гэчихээд мартчихаж. Тэр хоёр хээр хөлдөж үхээд, хоёр хүүхэд нь өнчин хоцорсон. Энэ тухай нэг аймагт явж байхдаа ярьтал нэг нөхөр тэр даргыг өмөөрсөн ч юмуу нэг их мэдэмхийрч, “Тавилан нь тэр юм байлгүй” гэхэд их муухай санагдсан. Энэ явдлыг “Эх газрын чулуу” зохиолдоо оруулж байсан.
-Эртний явдал эргээд ирэхдээ шинэ мэт байдаг нь гайхмаар. Харин алдагдсан юм эргэж ирдэггүй, ирлээ ч гэсэн жаргадаггүй, орчлон дэндүү харанхуй гэж “Эртний явдал” өгүүллэгтээ бичсэн байсан. Өнгөрсөн үеийн сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Миний хамгийн сайхан мөч Шарын голд, цэрэгт л өнгөрсөн. Говийн надад хангайн уул, ус, мод бүгд сайхан санагдана. Цэрэгт явахаасаа өмнө ганц нэг шүлэг бичдэг байсан ч очоод тэнд уран бүтээлд цаг заваа их зарцуулах болсон.
-Ээжтэйгээ байсан үеийг л дурсах болов уу гэж бодож байлаа.
-Тугал нь үхсэн үнээг сааж байхад тонгочиж, ижийн минь гар дээр дарж унаад, өрөөсөн гаргүй болсон. Бид амьдрах гэж их л яддаг байлаа. Хүргэн ах минь бурхан шиг хүн байсан. Санж аав маань хүү, охин хоёр өргөж авсан нь эгч бид хоёр. Намайг ухаан ороогүй байхад нас барсан гэсэн. Ээж, эгч хоёр намайг хүн болгосон. Горькийн сургууль төгсөхөд дипломын тодорхойлолт дээр “Эмэгтэйлэг зохиолч” гэж бичсэн байсан. Яагаад гэхээр би эмэгтэй хүнийг зохиолдоо муугаар дүрсэлж чаддаггүй юм.
Удвал дарга “Пүрэв ээ, муухай эмэгтэй хүн гэж бас байдаг юм шүү дээ” гэж хэлж байсан. Би ойлгосон хэрнээ хүлээж авч чадаагүй. Тийм сайхан ээж, эгчээр өсгүүлчихээд яаж эмэгтэй хүнийг муу хэлж зүрхлэх юм бэ. Эмэгтэй хүн бүр сайхан. Хөгшинтэйгөө 50 гаруй жил ханилахдаа гар хүрч үзсэнгүй. Ээжтэйгээ өссөн хүнд газар мэдэхгүй, хүн танихгүйн зовлон бий. Аав байсан бол дагуулаад айл хэснэ, аягүй бол архи уулгаж сургана, нутаг ус зааж өгнө шүү дээ. Цагаан сар өнгөрөөд нутаг руугаа явах санаа байна. Нутгийнхаа шороон дээр нэг өнхөрчихөөд, аяга цай уучихвал болох нь тэр.
Б.Дөлгөөн