Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»БҮСГҮЙ ХҮН БҮХНИЙ ХӨГ АЯЛГУУ
Кино

БҮСГҮЙ ХҮН БҮХНИЙ ХӨГ АЯЛГУУ

Урлаг Урлаг24/01/2025Шинэчлэгдсэн:24/01/2025Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Эрхлээд ханадаггүй зүрхийг чинь яалтай

Энхрий цайлган бүсгүй минь

Энгэрийн чинь үнэрийг мартаж чадамгүй

Энэ л насаараа би үгүйлж явах нь дээ…”

Бүсгүй хүн л бүхний хөг аялгуу болж, бүгдийг хөглөдөг гэдгийн нэгэн том жишээг тун саяхан нээлтээ хийсэн “Бүсгүй” уран сайхны киноноос үзэв. Буйдхан өртөөний дуу хуурт дуртай “жаахан” хөвгүүд хэрхэн өсөн томорч, тухайн үед хүмүүс рок гэж урсгалыг ойлгох нь бүү хэл нэрийг нь ч дуулаагүй байсан үед рок металл чиглэлээр уран бүтээл хийдэг хамтлаг болохын төлөө хичээж, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд юунд ч үл бүдрэн тэмцэж, Монголын домогт “Хурд” хамтлаг болсон түүх өрнөнө. Энэ том түүхийн хажуугаар үзэгчид Чинбат, Мөнхгэрэл хоёрын санаандгүй учрал, хайр дурлалын нандин гэгээн агшин хормуудад саатна. “Хурд” тайзнаа гарах төдийд л дотно танил дурлалын дуунууд эгшиглэж, тэд дуундаа эмэгтэйчүүдийг хайрлан эрхлүүлж, уяраан, уужруулж, аргадан тайтгаруулдаг. Хэчнээн эмэгтэй энэ хамтлагийн дууг сонсож, үймрэн, үгүйлсэн сэтгэл, хүлээн хүндэтгэсэн итгэлтэйгээ үлдсэн бол. Хэтдээ дандаа хань болдог ч байж мэдэх юм.

“Бүсгүй” киноны туршид эрхгүй ингэж бодогдож, даган дуулж суулаа. Танхим дүүрэн үзэгчид ч мөн ялгаагүй, тэр дундаа эмэгтэйчүүдийн хувьд гарцаагүй нэг тийм догдлол дүүрэн өдрүүд өнгөрч байгаа биз ээ.

Миний хувьд төмөр зам, галт тэрэг, өртөөтэй газрын хүүхэд биш болохоор өртөөн дээр чемодан барин зогсож хэн нэгнийг хүлээх сэн, хүлээлгэх сэн гэхдээ вагонд суухын хүслэн болдог байлаа. Бүр галт тэрэгний цонхоор юу ч юм ширтэн явахад “Хажууд чинь сууж болох уу” гээд хэн нэгэн ороод ирээсэй, тэгэхэд нь кино, клипинд гардаг шиг л даруухнаар толгой дохиод юу ч болоогүй юм шиг, огтоос санаандгүй учрал шиг л бодон, галт тэрэгтэй зөрж урсах модод, байшин, тосгодыг үргэлжлүүлэн ширтэх сэн гэж мөрөөддөг байсан гээч. Цаашлаад танихгүй нэгэн тосгонд буучихаад, урьд үзээгүй зочин болох сон ч гэж бодно. Энэ бүхэн мэдээж багын мөрөөдөл шүү дээ. Одоо бол галт тэрэгт өч төчнөөн суучихсан болохоор тэр үеийн хүсэл жаахан буурсан ч сайхан учрал гэгч яагаад ч юм өртөөн дээр л ирдэг шиг санагдсан хэвээр байгаа. “Бүсгүй” кино тийм нэг мөрөөдлийг минь сануулах шиг, “Чи аль нэг газар руу галт тэргээр явахгүй юм уу” гэж хэлж байх шиг санагдсан. Тэгээд жаахан урь орохоор зорьж нэг вагонд сууна даа гэж төлөвлөсөн.

“Бүсгүй” кинонд сайхан учрал “Рашаант” өртөөн дээр иржээ. Тэр дундаа хөгжим, дуу хуур гэхээр юугаа ч зориулахад бэлэн хэдэн дүү нарынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэх гэж, тэднийгээ шантраачих вий гэхдээ үргэлж урам зориг, итгэл найдвар бэлэглэгч том ах Чинбатад. Хэн ч харсан сэтгэл татам, үзэсгэлэнт эмэгтэй Мөнхгэрэл.

“Хурд” хамтлаг “Бүсгүй” дуугаа бүх л эмэгтэйд зориулан дуулдаг ч надад яагаад ч юм гол дүрийн эмэгтэй шиг тийм энхрий ялдам бүсгүйд зориулагдсан байх аа гэж бодогдсон. Түүний зохиж, зохицож байгаа гэж жигтэйхэн. Сайхнаас л хүний сэтгэлийг хөглөн татсан мөрт, аялгуу төрдөг биз ээ. Гитараа хөглөхгүй байхын аргагүй ааль ялдам төрх, танхи хонгор зан, дөлгөөн харц. Чинбат гарцаагүй гитараа хөглөсөн. Түүний сайхан дуунуудын эхлэл өртөөн дээр дурласан Мөнхгэрэл л байсан. Гэсэн ч тэр нэг тийм зоригтойхон хайр сэтгэлээ илчилж чадахгүй байсаар явуулчихсан. Өмнөөс нь жаахан харамсаж байсан ч дахин учрахад нь Чинбатаас илүү баярлаж, “За одоо л алдахгүй хамт байдаг юм шүү” гээд баярлаж суулаа. Гэвч тэр сайхан учрал санаан зоргоор өрнөж чадаагүй. Харин сайхан дурсамж, сайхан дууг л бидэнд үлдээж. Чинбат хүсэл мөрөөдлийнхөө төлөө итгэлтэйгээр урагшлахад дурласан сэтгэл нь хамгийн том түлхүүр болсон. Тэр сайхан эмэгтэйг хайрлаж, тэр гэгээн хайрын хүчээр жигүүртэй болж, амжилтад хүрч чадсан. Магадгүй оргилд гарсан бүхний түүх хайраас, бүсгүй хүнээс эхлэлтэй биз ээ. Үзэгчийн хувьд тэднийг учрахад баярлаж байлаа. Гарцаагүй галт тэрэг хүмүүсийг учруулахаар хөдөлдөг гэж итгэдэг минь биелэлээ олж байлаа. Харин киноны төгсгөлд галт тэрэг бас уулзсан улсыг хагацуулан оддогийг нь мартсанаа мэдсэн. Ихэнх нь өртөөн дээр үдэж өгдөг шүү дээ. Сайхан үдэлт ч бас сайхан учралаас дутахгүй байж ч болох юм. Ялгаа нь жаахан л хөнгөн гунигтай.

Энэхүү бүтээлийн найруулагчаар “Бүсгүй” дууны клипийг бүтээсэн Лхагвын Базарсад ажиллаж, “Хурд” хамтлагийн соло гитарчин Д.Отгонбаяр продюсерласан байна. Дүрүүдийг нь харин үзэгчдийн хайртай уран бүтээлч болох жүжигчин С.Ариунбямба, “Дурлалын гэмт хэрэг”, “Хохирогч” зэрэг киноны гол дүрд тоглосон жүжигчин Г.Ариунболор нар бүтээжээ. Сайхан учрал, сайхан түүхийг бидэнд хуучилж, дэлгэцнээ мөнхөлсөн киноны баг хамт олонд баяр хүргэе. “Хурд” хамтлагийн хөг нь бүсгүй хүн ажээ.

Д.СҮРЭН

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Аймшигт Чаки хүүхэлдэйн дүрийг бүтээсэн жүжигчин Эд Гейл 61 насандаа таалал төгсжээ

30/05/2025
Гадаад мэдээ Урлаг

Пак Бугом, Ким Со Хён нарын тоглосон “Good boy” кино үзэгчдийн хүртээл болно

29/05/2025
Кино Урлаг

“Cannes lions 2025” Монгол Улсыг онцолно

28/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Диснэйн баатруудын парад болно

31/05/2025

Жүжигчин, найруулагч Клинт Иствүүд 95 нас хүрлээ

31/05/2025

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг “Эгшиглэнт Цэцэрлэг” тоглолтоо толилуулна

31/05/2025

ФОТО: “Тамгагүй төр” жүжгийн Цэцэр хатны зургаас

30/05/2025

Аймшигт Чаки хүүхэлдэйн дүрийг бүтээсэн жүжигчин Эд Гейл 61 насандаа таалал төгсжээ

30/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.