Луврын музейд 10 жил орчмын хугацаанд томоохон засвар, өргөтгөлийн ажлыг хийсний дараа “Мона Лиза” бүтээлийг тусгай өрөөнд байрлуулна гэж Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон мягмар гараг /2025.01.28/-т мэдэгджээ.
“Луврын шинэ сэргэн мандалт” нэртэй засварын төслийн хүрээнд 2031 он гэхэд Сена мөрний ойролцоо шинэ хаалга болон газар доорх өрөөнүүдийг бий болгоно гэж Э.Макрон Леонардо да Винчигийн гайхамшигт бүтээлийг дэлгэн үзүүлдэг Луврын музейн танхимаас хэлсэн үгэндээ тэмдэглэсэн байна.
Э.Макрон дэлхийн хамгийн олон хүн зочилдог музейг шинэчлэн сайжруулахад шаардлагатай зардлын талаар дурдаагүй боловч ачаалал ихтэй, хуучирсан барилга байгууламжуудад зарцуулах өртөг 800 сая еврод (834 сая доллар) хүрэх бололтой.
Луврын музейд хамгийн сүүлд 1980-аад оны үед их засвар хийсэн бөгөөд энэ үеэр гайхамшигт шилэн пирамид нээгдсэн юм. Харин өдгөө тус музей олон улсын стандартад нийцэхгүй болжээ. Музейг өргөтгөснөөр “Мона Лиза”-г тусгай тасалбараар үйлчлэх шинэ зориулалтын өрөөнд шилжүүлэн байрлуулах ажээ.
Леонардо да Винчигийн бүтээлийн дэргэд зургаа авахуулах хүсэлтэй хүмүүсийн дуу чимээ ихтэй урт дараалал үүсдэг учраас “Мона Лиза”-г музейн хамгийн том өрөөнд хамгаалалтын шилэн хоргонд хийж үзүүлж байгаа юм. Үүнээс болж уг өрөөнд байгаа Титиан, Веронезе зэрэг Венецийн агуу зураачдын бүтээлүүдийг олон хүн анзаарахгүй өнгөрдөг байна.
Хамгийн сүүлд 1980-аад онд томоохон засвар хийснээр жилд дөрвөн сая үзэгч хүлээн авах боломжтой болжээ. Харин өнгөрсөн онд Луврын музейг 8.7 сая хүн үзсэний дөрөвний гурваас илүү хувь нь АНУ, Хятад болон хөрш зэргэлдээх Итали, Их Британи, Герман, Испани зэрэг орнуудаас ирсэн гадаадын иргэд байв.
Э.Макроны мэдэгдсэнээр 2031 он гэхэд Сена мөрний ойролцоо Луврын музейн шинэ байрыг барьж дуусах бөгөөд энэ ажлыг тасалбарын борлуулалтын орлого, ивээн тэтгэлгийн болон музейн Абу-Даби дахь салбарын лицензийн мөнгөөр санхүүжүүлэх ажээ. Мөн ойрын үед шилдэг загвар шалгаруулах уралдааныг зохион байгуулна.
Францын өндөр албан тушаалтны хэлснээр, засварын зардлыг ирэх арван жилийн хугацаанд 700-800 сая евро (730-834 сая доллар) байхаар тооцоолсон бөгөөд үүний тал нь шинэ байр барихад зарцуулагдана. Европын Холбооны гишүүн бус орнуудаас ирж буй жуулчдын тасалбарын үнэ одоогоор 22 евро байгааг нэмэгдүүлнэ. Энэ бүхний дүнд музейг олон нийтэд болон ажилтнуудад илүү аюулгүй, илүү тав тухтай болгоно хэмээн Э.Макрон амлажээ.
Музейн 2200 ажилтны цалин зэрэг Луврын зардлын тэн хагасыг төрөөс санхүүжүүлж байна. Үлдсэн 50 хувийг нь тасалбарын борлуулалт, зоогийн газар ба дэлгүүрийн мөн тусгай арга хэмжээний орлого, ивээн тэтгэгчид, түншүүдийн хандиваар бүрдүүлдэг ажээ.
Эх сурвалж. МОНЦАМЭ агентлаг