Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Австралийн кино зураглаачдын холбооны гишүүн, кино зураглаач, гэрэл зурагчин Д.Ангарагтай уулзлаа.
-Та хэдхэн хоногийн өмнө фэйсбүүк хуудсаараа дамжуулан нэгэн баяртай мэдээг дуулгасан шүү дээ. Энэ бол кино бүтээгч хүн хүний мөрөөдөл болсон Оскарын наадмын бүх арга хэмжээнд оролцох хоёр урилга юм. Энэ тухай сониноосоо хуваалцахгүй юу?
-Өнгөрсөн хагас сайн өдөр би мэйлээрээ ийм мэдээг хүлээн авсан. Өнгөрсөн аравдугаар сард би Америкийн кино зураглаачдын холбоотой хамтраад Америкт болсон сургалт , семинарт арав хоног оролцсон. Тэр утгаараа Америкийн кино зураглаачдын холбоотой нэлээд ойр, дотно болсон. Тэдний гаргасан шийдвэрээр надад Оскар наадмын бүх арга хэмжээг үзэн зочноор оролцох албан ёсны хоёр урилга өгөхөөр болсон хэлж байсан юм.
Энэ урилгыг гардан авах болсон шалтгаан нь ирэх хоёрдугаар сарын 1-нд Америкийн кино зураглаачдын холбооноос зохион байгуулдаг кино наадамд оролцохыг албан ёсоор урьсан. Тэр арга хэмжээнд би ажлаар Итали руу явахаар болсон учраас очиж амжихгүй нь ээ, дараа жилийн наадамд нь очъё гэдгээ тэдэнд хэлсэн. Тэгвэл бид танд Оскарт оролцох урилга явуулъя. Энэ тухай холбоо хуралдаад эргэн дуулгая гэсэн. Тэгээд хуралдасныхаа дараа надад Оскар үзэх хоёр урилга өгөхөөр боллоо гэдгээ хэлсэн. Зарим хүмүүс энэ талаар жаахан буруу ойлгоод байх шиг байгаа юм. Би уран бүтээлээрээ Оскарт нэр дэвшиж өрсөлдөөгүй юм шүү. Зочноор уригдан оролцож байгаа гэдгийг хэлмээр байна.
-Оскарын наадмыг албан ёсны урилгаар зочлон үзэж байгаагаараа монголын киночдоос анхдагч нь болж байна уу?
-Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Ингэн нулимс” кино Оскар наадмын баримтат киноны төрөлд нэр дэвшин оролцож байсан шүү дээ. Оскарыг үзэх урилга, тасалбар нь олдоц муутай байдаг юм билээ. Тэр утгаараа Америкийн кино зураглаачдын холбоонд таван ширхэг урилга өгснөөс хоёрыг нь надад онцолж өгөхөөр болсон гэдэг мэдээг л үзэгчидтэйгээ хуваалцсан юм шүү. Түүнээс биш яг анхдагч бол биш.
-Кино бүтээгч хэн бүхний мөрөөдөл бол Оскарын наадмыг үзэх тэр тусмаа өөрийнхөө уран бүтээлээр оролцох байдаг байх?
-Ерөнхийдөө Монголын кино бүтээгчдийн салбарынхны мөрөөдөл бол Монголын киночид нэг “Оскар”-тай болох шүү дээ. Би энэ удаад төлөөлөл болон очиж үзэх гэж байна. Гэхдээ одоогоор яг оролцох үгүйгээ хараахан шийдээгүй байна. Учир нь би ирэх хоёрдугаар сард Италид киноны талаар нэлээд их ажилтай байгаа. Тэнд гадны продюсеруудтай уулзан ажиллаж байгаа хэдэн киногоо гадны зах зээлд гаргаж борлуулах тал дээр уулзалт хийх юм. Ямар ч байсан “Оскар”-ыг очиж үзэх эрх бүхий урилга байгаа шүү гэдгийг Америкийн зураглаачдын холбоо олгосон байгаа.
-Өөрийн тань ажилласан “Ану хатан” кино гадаадын зах зээл дээр гарч үзэгчдийн хүртээл болсон. Тэр ямар ажлууд байв?
-Өнгөрсөн оны нэгдүгээр сараас гадаадын хоёр, гурван кино борлуулалтын хүмүүс Монголд ирсэн юм. Тэд “Ану хатан” киноны нээлтийг ирж үзэн санал бодлоо хуваалцан ерөнхийдөө Хонконг болон гадагшаа гаргая гэсэн ажил явагдсан. Энэ хүрээнд “Ану хатан” киноны гадаад дахь борлуулалт амжилттай болсон. Бид кино бүтээчихээд түүнийгээ дэлхийн зах дээл дээр биш юм аа гэхэд Азийн зах зээлд гаргаач хэмээн ярьж байх ёстой юм. Тэр утгаараа би ирэх хоёрдугаар сард Европыг зорих гэж байна.
-Америкт болсон сургалт, семинарын талаар илүү сонирхмоор байна?
-Америкт очин сурталт, семинарт оролцон мэргэжил дээшлүүлэн магистр буюу мастер зэрэглэл хамгаалсан. Түүнийг хамгаалахын тулд өөрийнхөө оролцсон киног үзүүлдэг. Түүнээс биш хэн нь мэдэгдэхгүй хүн ирээд л шууд зэрэг хамгаалахгүй. Би тэнд очоод “Бодлын хулгайч” киног үзүүлсэн. Энэ бүтээл маань нэлээд өндөр үнэлгээ авсан. Өндрөөр үнэлэх болсон гол шалтгаан нь уран бүтээлчдийг чадварыг харсан асуудал байлаа. Мэдээж хүмүүс шүүмж хэлж байсан. “Бодлын хулгайч” кинонд ганц хоёр жижиг ажилбаруудыг арай дэлгэрүүлсэн бол гэж шүүмжилж байсан. Үүнд гол дүрийн залуу Гантулга хэнээс ороод мөнгө авч байгаа нь гадаадын уран бүтээлчдэд жаахан учир битүүлэг байсан гэсэн. Бид болохоор ерөнхийлөгчөөс гээд мэдээд байдаг гэтэл монгол хэл мэдэхгүй хүмүүс ерөнхий киног нь үзээд ойлгох гээд байгаа шүү дээ. Тэр хүмүүст хэнд дээр ороод мөнгө авсан нь ойлгогдоогүй. Тэнд уран бүтээлч бидний хийсэн алдаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч гэсэн пайз байх ёстой байсныг бид хийгээгүй зэрэг алдааг хэлж байсан. Дээр нь манай техник технологийг нэлээд голсон. Тэр ч аргагүй юм. Техник технологи бол шууд л төсөвтэй холбоотой. Бид тэр том үнэтэй камерыг одоохондоо авч дийлэх хэмжээнд болоогүй. Бид гар дор байсан камераараа л зураг авалтыг хийсэн. Би эндээс юуг олж аван сайхан санагдсан бэ гэхээр манай монголын уран бүтээлчдийн бодож сэтгэн хийж байгаа бүтээл, харах өнцөг нь өөр гэдгээр бахархасан. Америк хүмүүс “Бодлын хулгайч” киног монгол хэл дээр үзсэн. Ерөнхийд нь үзэхэд ойлгогдож байна гэж хэлсэн нь бас урам өгсөн. Дээрээс нь тэд найруулагч болон зохиолчийн гоё, гоё санаануудыг шигтгэсэн байна гэж онцолсон. Зураглаач нар үзсэн учраас миний ажил ч гэсэн тэнд их боломжийн үнэлгээ авсан.
-Монголын кино урлаг сүүлийн жилүүдэд өөр төвшинд буюу илүү даацтай бүтээлүүдийг гарган хөгжиж яваа гэдэгтэй та санал нийлэх үү?
-Би кино шүүмжлэгч биш. Гэхдээ миний харж байгаагаар Монголын кино урлаг нэг үеэ бодвол тодорхой хэмжээгээр амжилт гаргаж байгаа. Энэ амжилтууд өнөөдөр хийгдээд маргааш шууд үр дүн нь харагдахгүй. Энэ процесс алхам алхмаар сайжирч байгаа. Мэдээж “Холливуд” гэдэг ч юм уу кино урлаг өндөр хөгжсөн газартай харьцуулах юм бол өрөөсгөл. Монголын кино урлагийг харах юм бол аливаа зүйлд харагддаг ахиц нь надад илүү биетээр, бодитоор харагдаж байгаа. Би өөрөө бас энэ салбартаа гар бие оролцон хоёрдохгүй сэтгэлээр явж байгаа хүний хувьд энэ салбараа хөгжүүлчих юмсан гэсэн бодолтой явдаг. Хөгжүүлнэ гээд л би ганцаараа хийж чадахгүй шүү дээ. Ганцаараа зураг аваад тэнд очоод хүмүүстэй ярилцаад байж чадахгүй. Кино урлаг бол бөөнөөрөө тэр дундаа монголын кино урлагт үзэгчид ч хамаатай. Кино урлаг хөгжих үү, үгүй юу гэдэгт асуудалд үзэгчид ч гэсэн тодорхой хэмжээний байр суурь эзэлдэг. Тэрийг бол манай үзэгчид одоохондоо хараахан сайн ойлгохгүй байга юм шиг санагддаг. Өчигдөр нээлтээ хийсэн кино өнөөдөр цахим сайтаар цацагдаж байна. Мөн кино урлаг нь өндөр хөгжсөн орнуудын сайн кинонууд зэрэгцээд кино театруудад гарч байна. Тэр бүхнийг үзээд сурчихсан үзэгчид чинь монголын киночдоос тэр бүхнийг нэхээд байгаа. Тэр нь зөв л дөө. Бид ч гэсэн өөрсдийнхөө хэмжээгээр тэрхүү нэхээд байгаа зүйлсийг нь үзүүлэх гэж чадлынхаа хэрээр зүтгэж байна. Гэхдээ үзэгчид маань киночдынхоо бүтээлийг үзэн дэм болох ёстой. Өнөөдөр зарим үзэгчидтэй уулзаад ярихад л монгол киног үзэхээр ой гутдаг гээд л ярьдаг. Энэ бүхэн чинь хөгжлөөс татаад байгаа. Энэ бүхнийг зөвхөн хэдэн найруулагч, зохиолч, жүжигчид биш бөөнөөрөө л хийх ёстой юм байна гэж бодсон. Кино хөгжил дээр бас нэг чухал зүйлийг бий болгох ёстой гэж боддог. Монголын хөрсөнд бүтээгдсэн кинонуудыг гадны зах зээл дээр өгч борлуулах. Одоо би тиймэрхүү зүйлсийг л их бодож байгаа. Кино бүтээхэд оролцож байгаа найруулагч, зураглаач, зураач, жүжигчин, туслах ажилтан гээд хүн бүрийн оролцоо чухал. Чухалгүй хүн кино багт байдаггүй. Үзэгчид эцсийн бүтээл болон гарч буй киног найруулагчийн тархиар, зураглаачийн нүдээр үздэг.
-Хөгжүүлэх гарцыг юу гэж харж байгаа вэ?
-Уг нь кино зураглаач хүний хувьд бусадтай уулзаад яваад байх шаардлагагүй зөвхөн зургаа аваад тухайн продюсерууд нь цаашаа зарах асуудлыг хариуцдаг. Гэхдээ одоохондоо тэр нь тэрийгээ хий энэ нь үүнийг хий гээд хэлж болохоо байчихаад байна. Бид энэ хөгжлийн төлөө бөөнөөрөө хамтдаа л явахгүй бол дан ганц продюсеруудыг “За наадахаа аваад яв” гэхэд хараахан боломж муу байна. Тиймээс бөөнөөрөө хамтарч хийгээд явж байна.
-Итали руу яг ямар ажлаар явж байгаа вэ?
-Надад хоёр түүхэн том кинонд ажиллах урилга ирсэн. Түүнийхээ талаар тэр хүмүүстэй уулзана. Кино зураг авалт хараахан эхлээгүй байгаа. Одоо бол бэлтгэл ажлаар явж байгаа. Анхнаасаа кино танилцуулгаа бид тэдгээр хүмүүст үзүүлэн түүхэн сэдэвтэй ийм бүтээл хийж байна гэж танилцуулах юм. Энэ киноны зураг авалт тэдийд болно, ийм үед нээлтээ хийнэ. Дараа нь танайхаар дамжуулж гадаад зах зээлд гарна гээд үндсэндээ Монголд кино хийж байхад тэнд хүмүүсийн ажил давхар явж байх юм. Тэд магадгүй бидний хийх уран бүтээлд өөрсдийнхөө санааг хэлнэ шүү дээ. Магадгүй цус бага гаргаарай, алаан хядаан бага үзүүлээрэй гэдэг ч юм уу. Тэдний санаа оноо орж ирж байж бид гадны зах зээл дээр киногоо гаргана гэж ярьж эхэлж байгаа. Өмнө нь бол киногоо бүтээчихээд бэлэн бүтээгдэхүүнээ барин хаалга тогшин үүнийг худалдаж авах уу гээд явдаг байсан. Одоо бол үүнийг арай өөрөөр буюу бүтээхээсээ өмнө борлуулах хүмүүстэйгээ уулзан цуг бүтээе гээд явах нь . Италид байгаа дистребютер компани тэр киног худалдаж авна. Хамгийн дээд тал нь таван сая хүртэлх еврогоор худалдаж авдаг. Бид тэнд цогц төслөө үзүүлэн ийм хүмүүс ажиллана гээд танилцуулж, шаардлагатай бол гадны уран бүтээлчидтэй ажиллах талаар яриад явж байна.
-Энэ киног хэн найруулах вэ?
-Монгол найруулагч найруулна. Нэг нь “Өүлэн эх” гээд зохиолыг түүхэн кино болгох юм. Кинонд Есүхэй баатар, Өүлэн эхийн тухай л гарах юм. Нөгөөх нь “Элч” гээд дипломат харилцааны анхны үүсэл хөгжлийн тухай кино бүтээхээр ажиллаж байгаа. Эдгээр кинонууд энэ жилдээ дэлгэцнээ гарахгүй. Бүтэн жилийн турш бичиг цаасны ажил хийгдэн дараа жил нь зураг авалтаа хийн жилийн дараа эвлүүлэг, нээлтээ хийнэ гэхээр хоёр гурван жилийн дараах зүйлээ ярьж эхэлж байна. Хуучин бол бид өнөөдөр яриад маргааш нэг хүн дээр очин төсвөө батлуулаад нөгөөдөр нь зураг авалтаа хийн бараг л долоо хоногийн дотор кино хийчих гээд байлаа шүү дээ. Одоо бол тийм биш болсон. Энэ бол Монголын киноны хөгжлийн бас нэг алхам. Магадгүй бидний хийж байгаа энэ алхам зөв бурууг бол одоогоор мэдэхгүй. Ямар ч байсан бид энэ салбартаа байгаагийн хувьд үзье, харъя гээд явж байна. Өнгөрсөн жилээс эхлээд манай Монголын кино гадаад руу их хандалттай болсон. Үүнийг нэг жишээ бол найруулагч С.Бямбаа ахын “Алсын удирдлага” кино Бусаны кино наадмаас тодорхой хэмээнд шагнал гардаж авсан. Миний найз найруулагч Ч.Хоролдоржийн “Шарга даага” бүрэн хэмжээний уран сайхны кино болон найруулагч Л.Бат-Амгалангийн “Хуучны сайхөн өдрүүд” богино хэмжээний кино Бусаны кино өдөрлөгт гарч үзэгчдийн хүртээл болсон гээд л. Энэ бүхэн чинь Монголын кино урлаг толдорхой хэмжээгээр гадагшаа сүлжээгээ тэлж байгаа асуудал юм.
-Өөрийн тань шинэ уран бүтээлийг онцолж яримаар байна. 1976 онд үзэгчдийн хүртээл болсон Г.Жигжидсүрэн найруулагчийн “Хүний амь” кино 30 гаран жилийн дараа эргэн дэлгэцнээ “Миний амь” нэртэйгээр хүрэхээр болсон. Зураг киноны зураг авалт хэдийгээр эхлэх үү. Ер нь ажлын тань явц ямар байгаа вэ?
-Ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэн гуай “Хүний амь” киногоо “Миний амь” болгож хийн кино уран бүтээлээсээ зодог тайлъя гэж ярилцсан. Бид киноныхоо ажлыг эрчимжүүлээд ирэх зургаадугаар сараас зураг авалтыг нь эхлүүлэхээр ажиллаж байсан юм. Г.Жигжидсүрэн нйаруулагч МҮОНТ-д санал тавиад тэр бүтээлийг Үндэсний телевизийнхэн арван ангит кино болгохоор болсон. Тэгэхээр “Миний амь” кино бүрэн хэмжээний уран сайхны кино биш телевизийн олон ангит болж үзэгчдэд хүрнэ. Тэр нь надад зүгээр санагдсан. Учир нь зохиолыг нь уншиж байхад бүрэн хэмжээний кинонд багтахааргүй үйл явдлууд байсан.
-“Хүний амь” киног үргэлжүүлэх болсон сэдэл нь өнөөгийн нийгэмд дутагдаад байгаа хүн чанар юм болов уу?
-Ерөөсөө л Г.Жигжидсүрэн найруулагчийн гаргаж байгаа гол санаа бол хүний мөс чанар. “Хүний амь”кинонд бүгд шахуу шоронд ороод дуусдаг шүү дээ. Одоо хийгдэх “Миний амь” кино бол хоёрдугар анги биш хоёрдугаар хэсэг гэж ярьж байгаа. Өөрийн тань хэлснээр хүний мөс өнөөгийн нийгмийн амьдралтай холбоотой зохиол болсон.
Г.Даша