ЭМГЭНЭЛ
Монгол Улсын хүүхэлдэйн театрын ахмад жүжигчин Тангадын Пэрэнлэй 2025 оны нэгдүгээр сарын 31-нд таалал төгсөж тайз, дэлгэцийн урлагийн салбарт хүнд гарз тохиолоо.
Тангад овогтой Пэрэнлэй нь 1945 оны тавдугаар сарын 10-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн. 1962-1967 онд сумын дунд сургуульд суралцаж төгссөн. 1967-1970 онд Ардын армийн 026-р ангид цэргийн албаа хааж 1970 онд Улсын хүүхэлдэйн театрт дагалдан жүжигчинээр орж, Б.Лхагвасүрэнгийн “Мэдэмхий шар шувуу” жүжгийн мэдэмхий шар шувуу, Карло Гоццийн “Ноён буга” жүжгийн буга, Ян Маликийн “Алаг бөмбүүлэй” жүжгийн өвгөн, В.Рабаданы “Бяцхан дагина” жүжгийн илбэ шидийн хувилбарууд, П.Панчевийн “Туулайн сургууль” жүжгийн багш, А.Чойсонгийн “Хүүхэлдэйн концерт” тоглолтын ятга, ёочин, морин хуур, казак, бөмбөрчин гоцлолууд, “Алтан гургалдай” жүжгийн түшмэл, “Борхүү” жүжгийн чоно, С.Образцовын “Их Иван” жүжгийн их Иван, Хо.Нацагдоржийн “Сарьсан багваахай” жүжгийн сарьсан багваахай, Р.Рачановагийн “Чебарушка” жүжгийн Гена матар, Н.Гернетийн “Маугли” жүжгийн чоно, Л.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” жүжгийн хүрэн морь, Б.Лхагвасүрэнгийн “Хуруун чинээ хаан” жүжгийн том жижиг хааны дүрд, “Нар сарны хотхон” жүжгийн заан, Б.Алтан-Очирын найруулсан “Хүүхэлдэйн хөгжөөнт багт наадам”-ын өвлийн өвгөн, театрын 70 жилийн ойн “Гайхамшигт хайрцаг” хүүхэлдэйн концертын бүжигч Жими зэрэг өөрийн болон гадаад орны 40 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг өвөрмөц дуу хоолой, авьяас чадвараараа хүүхэлдэйн онцлогт тохируулан чадварлаг бүтээж үзэгчдийн талархал, хүндэтгэлийг хүлээсэн агуу уран бүтээлч байлаа.
Т.Пэрэнлэй нь 1975-1982 онд олондоо нэр хүндтэй тэргүүний уран бүтээлч болж тэдний итгэл найдварыг хүлээж МҮЭ-ийн хороон даргын сонгуульт албанд сонгогдсон төдийгүй хөдөө орон нутгийн үзэгчдэд урлагийн бригадаар тогтмол үйлчилж, хүүхэлдэйн урлагийг сурталчлан үзэгчдийн тоо болон орлогын төлөвлөгөөг биелүүлэхэд манлайлан, ардын театр болон сайн дурын бүлгэм дугуйлангийн уран бүтээлчдэд зөвлөгөө өгч туслан дэмжиж байсан олон шавьтай багш байлаа.
Т.Пэрэнлэй нь Ч.Гомбын “Моторын дуу” киноны Даржаа, П.Баярсайханы “Хөх өвсны нуур хөлгүй” киноны Тулга, Д.Дожоодоржийн “Хойлгийн мөрөөр” киноны Бандихүү, Г.Золжаргалын “Өдөр өдрийн наран” киноны эмч, Ж.Биндэрийн “Нутгийн залуус” киноны буриад өвгөн, Я.Энхээ, Н.Жавзандулам нарын “Шувууд буцах намар” киноны хянагч, Ш.Гүрбазарын “Бадарчын паян” киноны бадарчин, Б.Цогтбаатарын “Өвчтэй хог хоноод явахгүй” киноны аав, А.Алимаагийн “Сэтгэлийн дуудлагаар” киноны аав, Б.Цогтбаярын “Улаан шугам” зэрэг дэлгэцийн олон арван уран бүтээлүүдэд гол болон туслах дүрүүдийг бүтээж ард түмнийхээ зүрх сэтгэлд хоногшин агуу уран бүтээлч байлаа.
Т.Пэрэнлэй 1982-1999 онд телевизийн урлагт сэтгэл санаагаа зориулж, шинийг эрэлхийлж, Үндэсний олон нийтийн телевизийн Телетеатрт “Бор хүү”, “Алаг бөмбүүлэй”, “Сарьсан багваахай”, “Алим” зэрэг жүжгүүдийг телевизийн жүжиг болгосны зэрэгцээ “Үдшийн үлгэр”, “Теле зохиомж”, “Хошин шог” зэрэг бүтээлүүдэд амжилттай оролцон тоглосон нь алтан фондод орж хадгалагдан үлдсэн байна.
Тэрээр тав, зургадугаар таван жилийн гавшгайч, 2000 онд Монгол Улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2017 онд “Алтан гадас” одон, 2021 онд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнагдсан.
Өөрийн эзэмшсэн мэргэжилдээ насан туршдаа үнэнч байж, олон арван шавь нар, залгамж халаа болсон залуу уран бүтээлчдийг бэлтгэн сургаж, авьяас, ур чадвараа сорин бүтээн туурвисан олон арван шилдэг бүтээлээрээ ард иргэдээ соён гэгээрүүлж, хийж, бүтээхийн оргилуун их хүсэл тэмүүлэлээр гэрэлтэж явсан эгэл жирийн дүр төрх, хөдөлмөрч хичээнгүй тууштай зан чанар, гэгээн бүхнийг тань үеийн үед дурсан санаж явах болно.
Монгол Улсын хүүхэлдэйн театр