Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутан залууст Монгол Улсын Ерөнхийлөгч амжилт хүсэж, өнөөдөр захиа, даалгавар гардууллаа.
Тэрбээр олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, ажил амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь залуучуудын хичээл зүтгэл, сурлага, хөдөлмөрөөс хамаарна гэдгийг хэллээ. Эрдэм номдоо шамдан суралцаж, олон улсын түвшинд өрсөлдөх боловсрол эзэмшин, эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Энэ үеэр тус тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутан залуусаас сэтгэгдлийг нь сонссон юм.
-Намайг Ж.Күмис гэдэг. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нэгдүгээр сургуулийг өнгөрсөн хавар төгссөн. Одоо ШУТИС-ийн англи хэлний бэлтгэлд сурч байна. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт өмнө нь манай сумын нэг охин тэнцэж, тэр үед ийм хөтөлбөр байдгийг олж мэдсэн. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах юмсан гэж маш их хүсэж байсан ч тэнцэхгүй байх гэж санаа зовж байсан. Тэтгэлэгт хөтөлбөрийн хариу гарах үед би мэдээгүй ч явж таарсан. Хамгийн анх найз маань баярт мэдээг дуулгаж байлаа. Маш их баярлаж хүлээж авсан. Аав ээж рүүгээ залгаж хэлсэн чинь гэрийнхэн маань “Мундаг шүү” хэмээн намайг урамшуулсан. Манайх ам бүл есүүлээ. Манай хоёр эгч АШУҮИС-ийг төгссөн. Дараагийн эгч маань МУИС-ийн гуравдугаар курст сурдаг. Нэг ах маань ШУТИС-ийг уул уурхайн инженерээр төгссөн. Өөр нэг ах маань Казахстан Улсад ажиллаж байгаад ирсэн. Дороо нэг дүүтэй. Арваннэгдүгээр ангиасаа англи хэл, математикийн хичээлдээ шахуухан сурч, элсэлтийн шалгалтдаа бэлдсэн. Тухайн үед англи хэлдээ хангалттай бус байсан болохоор аймгийн төвд ирж, сургалтад хамрагдаж байлаа. Би барилгын инженер болох мөрөөдөлтэй. Унгар Улсад сурах бодолтой байгаа. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа дүү нартаа хандаж хэлэхэд, англи хэлээ сайн сураарай гэж захья.
-Би Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын лаборатори I сургуулийг төгссөн. Намайг Ч.Анхбаяр гэдэг. Би эл тэтгэлэгт хөтөлбөрийн талаар ямар нэг ойлголтгүй, зөвхөн элсэлтийн шалгалтаа сайн өгч тэнцчих юмсан гэсэн бодолтой явсан. Ерөнхийлөгчийн хөтөлбөрт тэнцсэнээ найзаасаа мэдсэн. Тухайн үед би ШУТИС үүсэн байгуулагдсаны 65 жилийн ойн тоглолтод бэлдээд, хичээлээсээ чөлөө авчихсан байж таарсан. Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэнээ олж мэдээд маш их баярласан. Миний мөрөөдлийн мэргэжил бол барилгын инженер. Энэ мэргэжлээрээ гадаадын их дээд сургуульд амжилттай сурч төгсөөд, эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болъё гэж бодож байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд чадварлаг, шинэ үеийн олон салбарын мэргэжилтнүүд төрөн гарч байгаад баяртай байна. Тэдгээр мэргэжилтнүүдтэй хамтарч эх орноо илүү сайн сайхан рүү хөтөлж, хөгжил дэвшилд хүргэнэ гэж бодож байна. Манайх ам бүл зургуулаа. Гурван дүүтэй. Айлын том нь. Дүү нартаа үлгэр дуурайлал болсондоо бүр их баяртай байна.
-Намайг О.Одбаяр гэдэг. Дорнод аймгийн Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийг төгссөн. Ерөнхийлөгчөөсөө захиа даалгавраа гардаж авлаа. Жаахан сандарлаа, гэхдээ сэтгэгдэл үнэхээр өндөр байна. Анх уул уурхайн инженер болъё гэж бодож байсан ч мэргэжлээ сольж, IT инженерээр сурахаар төлөвлөж байгаа. Арванхоёрдугаар ангид орсон цагаасаа элсэлтийн шалгалтдаа бэлдэж, олон цагаар суусан. Түүнээс өмнө сургалтын системийнхээ дагуу суралцаж ирсэн. Элсэлтийн шалгалтаа математик, физик, англи хэлний хичээлээр өгсөн. Шалгалтаа амжилттай өгөхөд багш нар маань маш их тусалсан. Аав ээж маань “Миний хүү чадна аа” хэмээн урамшуулж, бүх талаар дэмжсэн. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа бол “Маш их хичээгээрэй” гэж хэлье.
-Миний нэрийг Г.Едиге гэдэг. Нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийг төгссөн. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсандаа тун их баяртай байна. Сая Ерөнхийлөгч “Цаашдынх нь сурлагад өндөр амжилт хүсье” хэмээн захиж, ерөөсөн. Анх тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэнээ найзаасаа олж мэдээд, бүр гайхширсан. Тэрхүү баярт мэдээг ээж рүүгээ залгаж хуваалцсан. Гадаадад суръя гэж бодож байгаагүй. Элсэлтийн шалгалтаа амжилттай өгөх юмсан гэсэн бодолтой явсан. Элсэлтийн шалгалтдаа өндөр оноо авахын тулд математик, физикийн хичээлээ нэлээн шахаж үзсэн. Сургалтын төвийн сургалтад хамрагдсан. Австрали Улсад суралцана гэсэн зорилго өвөртлөөд буй. Статистик юм уу, хэрэглээний математикийн чиглэлээр сурна. Сургуулиа хараахан сонгоогүй, судлаад л байна. ”Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн үе тэнгийн бүх найз нартаа сурлагын өндөр амжилт хүсье.
-Намайг Б.Мөнх-Эрдэнэ гэдэг. Хэнтий аймгийн Батноров сумынх. Өнөөдөр Ерөнхийлөгчөөсөө захиа, даалгавар гардаж авсандаа маш их баяртай байна. Ерөнхийлөгч “Нутгийн дүү хичээн суралцаарай” гэж хэлсэнд нь бүр их баярлах сэтгэл төрлөө. Анх тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэнээ олж сонсоод ээж рүүгээ хамгийн түрүүнд залгаж байснаа сайн санаж байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын Улсын оюун санаанд оруулж байгаа хөрөнгө оруулалт. Улс, эх орондоо шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлж байгаа чухал алхам гэж бодож байна. Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрт манай сургуулиас тэнцсэн нэг хүүхэд бий. Тэр эгчээс нэлээн мэдээлэл авсан. Би одоогоор ШУТИС-ийн Гадаад хэлний сургуульд сурч байна. БНСУ-ын их дээд сургуульд IT инженерээр сурна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 761 оюутан АНУ, Их Британи, Герман, Франц, Австри, Чех, Канад, Польш, Австрали, Орос, Хятад, Солонгос, Унгар, Литва, Энэтхэг, Вьетнам, Куба, Казакстан, Лаос гэсэн 19 улсын их, дээд сургуульд суралцаж байна. Тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг