“Кракко” уран зургийн Галерейн захирал, цуглуулагч Ч.Энхжаргалын “Аугаа их Эх орны дайны ялалт-Бидний хамтын ялалт” хэмээх эх орны дайны үеийн зурагт хуудсуудаар бүрдсэн хосгүй ховор үзмэр бүхий үзэсгэлэнг Монголын уран зургийн үндэсний галерейд нээлээ.
Уг үзэсгэлэн нь энэ 2025 онд тохиож буй Аугаа их эх орны дайны ялалтын 80 жил, Чөлөөлөх дайны 80 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээний эхнийх юм. Үзэсгэлэнд Эх орны дайны үед цэрэг дайчдад урам зориг өгөх зорилгоор гаргадаг байсан ЗХУ болон БНМАУ-ын ухуулгын зурагт хуудас, фронтоос ирсэн захидал, шуудангийн марк, Монголын зураачдын дайны сэдэвт бүтээлүүдийг дэлгэжээ.
Цуглуулгын эзэн Ч.Энхжаргал нээлтийн үг хэлэхдээ “Энэ үзэсгэлэнг миний бие ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын Уран зургийн үндэсний Галерейтэй хамтран Ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байгаа юм. Эдгээр зурагт хуудсыг би олон жилийн турш цуглуулж баяжуулж ирлээ. Би Европт 2007 онд амьдарч байхдаа анхны зурагт хуудсаа олж авснаас хойш олон жилийн турш эх орны дайны сэдэвтэй зурагт хуудас, тэмдэг, ном, марк зэрэг 70 орчим цуглуулгатай болсон. Эдгээрийг гадаад, дотоодын цуглуулагчдаас эрж хайж олсон.
Энэ бүхнийг цуглуулах болсон шалтгаан гэвэл миний эмэг эх дайны үед улаан армид морь бэлэглэж, өөрөө хүргэлцэж явсан гайхалтай түүхтэй хүн юм. Эмэг эхийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ бидний туулсан зам, түүхийг хойч үедээ үнэнээр үлдээхийг хүссэн учраас энэ үзэсгэлэнг гаргаж байна.
Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн цагаас БНМАУ нь тухайн үеийн ЗХУ-ын анхны холбоотон болж улаан армид туслах хөдөлгөөнийг орон. даяар өрнүүлсэн. Би өөрөө ОХУ-д сурсан. Европын орнуудад амьдарч байхад түүхийн үнэнийг гуйвуулах, мартагдуулах үзэгдэл гарч байгааг олж харсан учраас тэр үеэс эхэлж энэ бүхнийг цуглуулсан юм. Энэ ялалт бол бидний хамтын ялалт байсан юм гэдгийг энэ үзэсгэлэнгээр харуулахыг зорилоо. Зурагт хуудас бол уран зургийн нэг төрөл болтлоо маш сайн хөгжсөн байдаг учраас галерей ажиллуулдаг хүний хувьд сонирхож судалдаг” гэсэн бол ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд А.Н.Евсиков хэлсэн үгэндээ “Үзэсгэлэнд дэлгэсэн тухайн үеийн Зөвлөлтийн шилдэг зураач, урчуудын бүтээсэн дайны цагийн ухуулах хуудас, плакатууд, яруу найрагчдын шүлгүүд өнөө цагт олдохгүй болсон түүхийн үнэт гэрч юм. Өнгөрсөн оны намар ОХУ-ын ЭСЯ-ны байранд эдгээр цуглуулгаас бас дэлгэж байв. Тэгэхэд Монголд ирсэн “ТАСС” агентлагийн төлөөлөгчид эдгээр үзмэрийг хараад маш их гайхширсан. Учир нь өнөөдөр ОХУ-д ч энэ плакатуудаас бараг үлдээгүй учир хосгүй үнэт цуглуулга болж байгаа юм. Халх голын дайны сэдэвтэй плакатууд ч байна. Энэ үзэсгэлэн Монгол цэргийн өдрөөр нээлтээ хийж буй нь ч онцлог юм. Үүгээрээ хоёр улс тусгаар тогтнолыхоо төлөө мөр зэрэгцэн дайтаж байсныг гэрчилж байгаа юм” гээд уг арга хэмжээг зохион байгуулагч, цуглуулагч Ч.Энхжаргал, Уран зургийн Галерейн хамт олонд талархал илэрхийлэв.
Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин н.Батбаатар “День победы” дууг дуулсан нь баярын уур амьсгалыг илүү мэдрүүлсэн юм.
ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Цэргийн атташе П.В.Петрунин “Энэ үзэсгэлэн манай дайчин нөхөрлөлийн үнэ цэнийг харуулж байна. Монголын ард түмэн Аугаа их эх орны их дайны туршид ЗХУ-д асар их тусламж үзүүлсэн. “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” гэсэн уриа дэвшүүлж байсан. Үүнийг энд дэлгэсэн зургууд харуулж байна” хэмээсэн юм.
Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Цэргийн түүхийн ухааны доктор н.Баяраа нэгэн сонин сэдэв хөндлөө. Тэрбээр “Монгол, Зөвлөлтийн ард түмэн 1939 оны Халхын голын дайн, 1941-1945 оны Эх орны дайн, 1945 оны чөлөөлөх дайн зэрэгт хамтран ялалт байгуулсан билээ. Би судлаачийн хувьд Дэлхийн хоёрдугаар дайн бол 1939 оны есдүгээр сард Германы тал Польш руу довтолсноор эхэлсэн биш, бүр 1935 онд Японы түрэмгийлэгчид БНМАУ-ын хил хязгаарыг зөрчиж, зэвсэгт мөргөлдөөн үүсгэж эхэлснээр үүссэн гэж үздэг судлаачдын нэг. Монголын ард түмэн 1941 оны зургаадугаар сарын 22-нд Фашистын Герман ЗХУ-д довтолсон цагаас Зөвлөлтийн улаан армид туслах хөдөлгөөнийг “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” гэсэн уриан дор дэвшүүлж, тусламж илгээж байсан билээ. БНМАУ-ын Засгийн газар, Монголын ард түмэн найман удаагийн цуваагаар нийт хагас сая орчим агт морьдыг худалдаж, 32 мянга гаруй морь бэлэглэж, 300 гаруй кг алт, 100 гаруй мянган долларыг Зөвлөлтийн ард түмэн, улаан армид бэлэглэсэн. Монголын ард түмний хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкийн бригад, 12 нисэх онгоц бүхий “Монгол ард” эскадрилийг мөн бэлэглэсэн.
Монголын нутаг дэвсгэрт болсон 1939 оны Халхын голын дайнд Зөвлөлтийн улаан арми оролцсон нь 1936 оны БНМАУ-ын Засгийн газар, ЗХУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан харилцан туслалцах протоколд тусгасан заалтын дагуу болсон үйл явдал. Энэ дагуу Зөвлөлтийн улаан армийн 57 дугаар онцгой корпус Монголын хувьсгалт цэргийн анги, нэгтгэлүүдтэй хамтран Халхын голд Японы эсрэг явуулсан дайнд ялалт байгуулсан юм. 1945 оны наймдугаар сарын 9-нд ЗХУ, мөн сарын 10-ны өдөр БНМАУ-ын Засгийн газар Японы эсрэг дайн зарлаж Алс Дорнодын давших операцыг эхлүүлсэн. Түүнд Монгол ардын хувьсгалт цэргийн анги, нэгтгэл Зөвлөлтийн улаан армийн дайчдын хамт оролцож Японы түрэмгийлэгчдээс элэг нэгт өвөрмонголчуудаа чөлөөлөх дайнд оролцож дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд ялалт байгуулсан.
Миний хувьд энэ бүхэнд үндэслэн 1939 оны Халхын голын дайныг дөрвөн сар биш дөрвөн жил үргэлжилсэн, дэлхийн хоёрдугаар дайн дөрвөн жил биш 10 жил үргэлжилсэн гэж үзэж болно хэмээн үздэг. Яагаад гэвэл 1935 онд Халхын голд Японы талаас манай орны хил хязгаарыг зөрчсөн өдөөн хатгалгууд болж, эндээс эхлэн дэлхийн хоёрдугаар дайн 10 жил үргэлжилсэн гэж үздэг судлаачдыг би дэмждэг. Түүхт ялалтуудын 80 жилийн ойг тохиолдуулан хүүхэд залууст эх оронч түүх, эх орныхоо ялалтаар бахархах үзлийг таниулах жил болж байна” гэлээ.
“Аугаа их Эх орны дайны ялалт-Бидний хамтын ялалт” үзэсгэлэн энэ сарын 24-нийг дуустал үргэлжлэх юм.