Колумбын алдарт дуучин Шакирагийн шүтэн бишрэгчид тоглолтыг нь үзэхээр Мексикийг зорин ирж байгаа нь олон арван сая ам.долларын орлого оруулах төлөвтэй байгаа тухай тус улсын худалдааны танхим мэдэгджээ.
Энэ нь хөгжмийн томоохон арга хэмжээнүүдийн эдийн засгийн ач холбогдлыг тодотгон харуулж байна. Есөн сая орчим оршин суугчтай Мехико хот бол Латин Америкийн төдийгүй олон улсад нэр алдраа цуурайтуулсан гадаадын уран бүтээлчдийн тоглолтоо хийх дуртай газруудын нэг юм.
32 настай Мария Мехикогийн 65 мянган хүний суудалтай GNP цэнгэлдэхэд болж буй Шакирагийн “Women Don’t Cry Anymore” тоглолтыг үзэхээр Хондурасаас ирсэн байна. Цахим маркетингийн мэргэжилтэн тэрбээр нислэг, зочид буудал, тоглолтын тасалбар зэрэгт ойролцоогоор 1000 ам.доллар зарцуулжээ. “Мехико хот руу хийх шууд нислэгүүд дүүрсэн байсан тул хэд хэдэн удаа саатсан” гэж тэрбээр Франс Пресс агентлагт ярьсан байна.
Түүнчлэн Мексикийн хойд нутгийн Чихуахуа мужаас ирсэн Деванхи нийслэлд таван хоногийн хугацаанд 1000 гаруй ам.доллар зарцуулсны дотор тоглолтод 400 доллар, онгоцны тийзэнд 200 доллар зарцуулжээ. Дэлхийн одод аялан тоглолтоо хийхдээ Чихуахуаг алгасдаг тул бид боломжтой үедээ зорин очиж үздэг гэж тэрбээр хэллээ.
Мексикийн Үндэсний худалдааны танхимын мэдээлснээр, Шакирагийн энэ сард Мехико хотод хийх долоон тоглолт нь 3.2 тэрбум песо буюу 160 сая ам.долларын эдийн засгийн өгөөжийг авчрах төлөвтэй байна. Үүний тэн хагас орчмыг 455 мянган тасалбарын борлуулснаар бүрдүүлнэ. Мөн зочид буудал болон бусад төрлийн байрлах газрууд 43.9 сая доллар, зоогийн газар, ундааны худалдаачид 27 сая доллар орлого олох төлөвтэй байна.
Ингэснээр АНУ-ын супер од Тейлор Свифтийн 2023 онд Мехикод хийсэн дөрвөн тоглолтоос олсон 50 сая долларын орлогоос давах төлөвтэй байна гэж тус байгууллага мэдээлжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ