Унгар улсын үндэсний театрын “MITEM 12” олон улсын театрын наадамд “Тэнгэрийн хүү” жүжгээр оролцох болсон талаар өчигдөр /2025.04.14/ УДЭТ-аас мэдээлэл өглөө.
Хэвлэлийн бага хуралд УДЭТ-ын захирал, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар, УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшин, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд, П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар оролцлоо.
Унгар улсын Будапешт хотод зохион байгуулагдах “МИТЕМ” буюу Мадач олон улсын театрын 12 дахь удаагийн наадамд Б.Цогнэмэхийн зохиол, найруулагч Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээр оролцоно. Театрын уран бүтээлчдийг нэгтгэн, өөрсдийн бүтээлээ танилцуулах боломж олгодог, театрын хөгжлийн чиг хандлага, улс хоорондын соёлын харилцааг бэхжүүлэх зорилготой энэхүү томоохон наадамд Монгол Улс анх удаагаа оролцох гэж байна. “Тэнгэрийн хүү” жүжгийг дөрөвдүгээр сарын 25, 26-нд Будапешт хотын үндэсний театрт толилуулах юм.
Н.Наранбаатар: Бид дэлхийн мэргэжлийн театруудын хаана явж байгаагаа олж харах боломж бүрдлээ
-Дэлхийд өөрсдийгөө таниулах нэг том алхам гэж үзэж байгаа. Өрнө зүгийн Европыг Монгол руу анхаарлаа хандуулах алхмыг хийж байна. Энэхүү фестивалийг бид дэлхийд гарах эхний шат гэж харж байгаа. Ирэх жил 2026 онд дэлхийн театрын олимп болно. Гурван жил тутамд нэг удаа болдог энэхүү олимпт оролцох эрх “MITEM 12” олон улсын театрын наадамд оролцсоноор бүрдэх болов уу гэсэн бодол, хүслийг тээж, энэ наадамд зорьж оролцож байна. Бид дэлхийн мэргэжлийн театруудын хаана явж байгаагаа олж харахад оршиж байна. Энэ наадамд дэлхийн мэргэжлийн театрын судлаач, шүүмжлэгч нар ирж байгаа. Тэд сайн, муу гэхээсээ мэргэжлийн түвшинд бидний уран бүтээл хаана гишгэж явааг хэлэх тул үнэнээ сонсох гэж явах гэж буйдаа баяртай байна.
Б.Хишигзаяа: “MITEM” нь дэлхийн топ дөрвөн театрын фестивалийн нэг
-“MITEM 12” олон улсын театрын наадамд 40 гаруй орны 200 гаруй бүтээлийг 12 жилийн хугацаанд үзэгчдийн хүртээл болгосон. Фестивалийн хамгийн гол хэсэг нь хэлэлцүүлэг байдаг. Жүжиг болгоны дараа мэргэжлийн шүүмжлэгч, судлаач нар уран бүтээлчидтэйгээ хамтран бүтээлийнхээ тухай ярилцдаг. Энэхүү уулзалтын үр дүнд дараа, дараагийн хамтран ажиллах төслүүдийн санал ирдэг, дэлхийд гарах боломж, бололцоо нь энэд өрнөдгөөрөө онцлог давуу талтай. Энэ жилийн фестивальд 20 гаруй орны уран бүтээлчид оролцож байгаа. Жишээлбэл, Хятад, Япон, Францын алдартай театрын уран бүтээлчид бүтээлээ толилуулна. Уг театрын наадмын үеэр маркет ажилладаг. Бүтээлийг худалдан авах, хамтран ажиллах гэрээ энд хийгддэг. Тиймээс уг фестиваль нь дэлхийн топ дөрвөн театрын фестивалийн нэг буюу театрын олимп гэж нэрлэгдэж байгаа юм.
УДЭТ-ын Унгар улсад ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан “Theatre Night” концертоо 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр толилуулна. Уг тоглолтоор сонгомол жүжгийн дуунууд, хүндтэй номерууд, урлагийн шилдэг үзүүлбэрүүдийг нэгэн үдэш хамтдаа тольдон соёрхох хосгүй боломжийг олгох юм. “Theatre Night” концертын тайзнаа Монголын урлагийн сор болсон уран бүтээлчид нэгэн үдэш чуулна. Тоглолтод Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Хөдөлмөрийн Баатар, Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар, Ардын жүжигчин Ж.Оюундарь, Гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар, М.Түвшинхүү, О.Гэрэлсүх, УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр, Д.Мөнх-Од, Ц.Жаргалсайхан, Б.Золзаяа, Д.Асардарь, Г.Мягмарсүрэн зэрэг УДЭТ-ын үе, үеийн авьяаслаг жүжигчид оролцох юм.
Ч.Түвшин: УДЭТ-ын уран бүтээлчид өөрсдийн богцны нандин сайхан бүтээлүүдээсээ үзэгчидтэйгээ хуваалцана
-Энэ удаа УДЭТ-ын “Тэнгэрийн хүү” жүжгийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ энэхүү наадамд оролцох гэж байгаа нь талархууштай, сайхан байна. Унгарт байгаа монголчуудын холбооны хүсэлтээр монголчууддаа зориулан “Theatre Night” концерт зохион байгуулна. Энэхүү уулзалт үдэшлэгт Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд, Д.Мэндбаяр нар үе, үеийн шилдэг уран бүтээлч нар өөрсдийн богцны нандин сайхан бүтээлүүдээсээ үзэгчидтэйгээ хуваалцана. Халуун дотно сайхан үдэшлэг болно гэдэгт итгэж байна. Асууж, лавлаж, сураглаж буй маш олон хүмүүс байна гэсэн. Хоёр өдрийн үзэгч бэлтгэгдсэн гэсэн сайхан мэдээ ирсэн.