Хоёр гараа тайруулсан палестин хүүгийн зургийг “World Press Photo” сэтгүүл оны шилдэг гэрэл зургаар шалгаруулжээ. Олон улсын гэрэл зургийн уралдааны ялагч болон шагнал хүртсэн хоёр зургийг зарлах ёслолын ажиллагаа Амстердам хотод боллоо.
Палестины гэрэл зурагчин Самар Абу аль-Уфын авсан энэхүү гэрэл зурагт 2024 оны гуравдугаар сард Израилын довтолгоонд өртөж гараа тайруулсан 9 настай Махмуд хүү дүрслэгдсэн байна. Түүний гэр бүлийг Катар руу нүүлгэн шилжүүлж, тэрбээр шаардлагатай эмчилгээнүүдийг хийлгэсний эцэст одоо гар утас хэрэглэж, бичиж сурснаас гадна хөлөөрөө хаалга онгойлгож сурч байна. Махмуд хүүгийн мөрөөдөл бол жирийн хүүхдүүд шиг амьдрах боломжийг олгох хиймэл эрхтэнтэй болох явдал юм. Зурагчин Абу аль-Уфа мөн Газын зурвасаас Катарт хүүг ирэхээс өмнө очжээ. Дохад тэрбээр Махмуд болон түүний гэр бүлийнхэнтэй нэг орон сууцны цогцолборт амьдарч байна.
“Миний хувьд энэ төсөл дээр ажиллах нь онцгой бөгөөд маш хэцүү байсан. Энэ төслөөрөө би Газын зурвасаас нүүлгэн шилжүүлсэн палестинчуудын амьдрал ямар хэцүү байгааг харуулахыг хүссэн. Зарим хүүхэд хөл гаргүй болж, зарим нь гэр бүлээсээ салж, зарим нь өнчирч, ганцаараа эмчилгээ хийлгэж байна” хэмээн Абу аль-Уфа ярилаа. Тэрбээр Газад ийм тохиолдол олон байгаа бөгөөд тэдгээрийн ихэнх нь дэлхий нийтийн сонорт хүрч чадахгүй байгааг дурдлаа. “Миний ажлыг үнэлсэн нь энэ бүх түүхийг дэлхий дахинд хүргэж Газад яг юу болж байгааг мэдэх боломжтой болно гэсэн найдварыг төрүүлж байна” хэмээн Абу аль-Уфа онцолжээ.
Шагнал гардуулах ёслолын үеэр ялагч болон шагнал хүртсэн хоёр гэрэл зургийг танилцуулсан байна. Тэдгээрийн нэг нь АНУ–Мексикийн хилийн орчимд хүйтэн борооны үеэр дулаацаж буй хятад цагаачдын зураг юм. Харин нөгөө зургийг Бразилд авсан бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн сэдвийг хөнджээ. Уг зурагт Амазон мөрний хөндийд оршин нэгэн тосгонд амьдарч буй ээждээ хоол хүргэж яваа залууг буулгасан байна. Өмнө нь уг тосгонд завиар хүрч болдог байсан бол одоо ган гачгийн улмаас хатаж ширгэсэн голын ёроолоор хоёр км замыг алхаж туулахад хүрчээ.
“World Press Photo” бол 1955 оноос хойш зохион байгуулж буй дэлхийд нэр хүндтэй олон улсын гэрэл зургийн уралдаан бөгөөд гэрэл зургийн сэтгүүл зүй, баримтат гэрэл зурагт тавигддаг өндөр стандартыг хөгжүүлэх, дэмжих зорилготой. Энэ жилийн уралдааны ялагчдыг дэлхийн 141 орны 3800 орчим гэрэл зурагчны ирүүлсэн 79 мянга орчим гэрэл зургаас сонгон шалгаруулжээ.