Монголын-Австрийн Залуучуудын Холбооны дэд тэргүүн Э.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Түүнийг залуучууд уран бүтээлч гэдгээр нь сайн танина. Харин нийгэмд үйлчлэх залуусын холбоонд удирдах албан тушаал хаших болсныг нь саяхнаас мэдсэн болов уу. Ингээд энэ удаа түүнтэй уран бүтээл бус залуучуудын сэдвээр ярилцлаа.
-Ярилцлагаа танай холбооны үйл ажиллагааны талаарх асуултаар эхлэе гэж бодлоо. Монгол-Австрийн Залуучуудын Холбоо чухам ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ?
-Манай холбоо гурван жилийн өмнө Монголд элэгтэй австри хүмүүсийн санаачилгаар байгуулагдсан. Эхэндээ Австрид манай улсыг сонирхсон хүмүүст мэдээлэл өгч тусалдаг байгууллага байсан. Харин яваандаа үйл ажиллагаагаа өргөжүүлж хүмүүнлэг, байгаль орчин, соёл урлаг, спортын гэх мэт олон талт арга хэмжээ зохион байгуулж ирлээ. Энэ жилээс манай холбоо Монголд “Эко клуб” нэртэй салбараа нээсэн. Харийн хүмүүс манай улсыг сонирхож, Монголын төлөө зүрх нь цохилоод байхад бид зүгээр сууж таарахгүй шүү дээ. Нөгөө талаар Австрид байгаа монголчуудаа идэвхжүүлэх зорилготой юм. “Эко клуб”-ын маань хамгийн анхны ажил “Мазаалайтай алхаж байна" хөтөлбөр болж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд дэлхийн алдарт дуучин Нана Квамэ Аброкваг эх орондоо урьсан. Уг хөтөлбөрөөр дамжуулаад Монголд ердөө 26-хан ширхэг үлдээд байгаа мазаалайг дэлхийн сонорт хүргэхийг эрхэм зорилгоо болгож байна. Ингэхдээ дэлхийн алдар хүндтэй хүмүүсээр дамжуулж олон улсын сонорт хүргэх юм. Түүний дараа энэ хөтөлбөрөө илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулна. Эхлээд бид мазаалайгаа дэлхийд таниулах хэрэгтэй. Дараа нь бусад алхмаа хийнэ. Энэ бол эх оронч үзлийн илэрхийлэл гэж бодож байна. Хэн нэгнийг харааж зүхэхээс илүүтэй бодит ажил хийхийг л гол зорилгоо болгосон.
-Мазаалайг аврах санааг анх яаж олов?
-Австрид байхдаа сургууль, гэрийнхээ хооронд галт тэргээр зорчдог байсан. Нэг өдөр галт тэргэнд явж байтал өдөр тутмын сонин дээр “Backstreet boys” хамтлагийнхан Хятадад аялан тоглолт хийхдээ панда баавгайг дундаа оруулаад зургаа авахуулсан байсныг олж харсан юм. Судлаад үзтэл панда буюу хулсны баавгай нь Сычуань муж, Шаанси болон Гансу муж, төв Хятадын хэд хэдэн ууланд амьдардаг, 1960-аад оны үед ердөө л 30-40 ширхэг байсан гэсэн албан бус тоо байсан бол одоо 1000 гаруй толгой болж өсчээ. Нөгөө талаар Хятадын брэнд, бэлгэ тэмдэг болсон байна. Тэгэхээр энэ нь нэгдүгээрт улсаа сурталчилж байна, цаашлаад эдийн засаг, аялал жуулчлал, соёл урлаг, үндэсний бахархал болсон гэх мэт олон талын ач холбогдолтойг мэдсэн. Тиймээс бид ч гэсэн дэлхийд ховордсон мазаалайгаа олон нийтэд таниулж, сурталчлах ёстой юм байна гэсэн санаа төрсөн.
-Анх австри хүмүүсийн санаачилгаар байгуулагдсан энэ байгууллагын үйл хэргийг өдгөө монгол залуус үргэлжлүүлж, зүрх сэтгэлээ нэгтгэжээ гэж ойлголоо. Цаашдаа юу хийхээр төлөвлөж байна?
-Тийм ээ. Анх Монголд элэгтэй австри хүмүүс энэ холбоог байгуулаад улмаар тэнд сурч, ажиллаж байгаа нийгмийн сэхээтэн залуус эх орныхоо төлөө цохилох зүрхтэй байя гээд нэгдэж орсон юм. Бид зөвхөн Монголдоо үйл ажиллагаа явуулах бус гадагшаа чиглэе гэсэн зарчмыг удиртгал болгож байгаа .Тиймээс ирэх сард Австрийн Вена хотын төвд “Мазаалайн алхалт” нэртэй өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Эхний ээлжинд бид өөрсдөө туг нь болох ёстой, хүмүүст танилцуулахын тулд хийсэн ажилтай байх хэрэгтэй. Бид өвөг дээдсээрээ бахархалгүй яах вэ. Гэхдээ өнөөдөр XXI зуун. Тиймээс шинэ зууны, шинэ үеийн залуучууд шинэ түүхийг бичих хэрэгтэй. Ингэхийн тулд бид үндэсний бахархал, брэндтэй болох ёстой. Тэр нь мазаалай юм байна гэсэн мессежийг хүмүүст өгч байна.
-Та бүхний эхлүүлсэн ажилд ССАЖЯ, БОНХЯ-аас ч юм уу дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаа зүйл бий юу?
-Австри дахь залуучууд маань эхний ээлжинд өөрсдөө хийе гэж зорьсон. Яагаад гэвэл, бидний хийж байгаа ажил аль нэг улс төрийн нам, хүчинтэй огт холбоогүй гэдгийг харуулах юм. Нэг ажил эхлүүлэхээр л хэн нэгэн улстөрчийн захиалгаар хийлээ гэж ойлгодог болсон байна. Тэгвэл бидний эхлүүлсэн ажил огт тийм биш. Эхлээд өөрсдөө хийснийхээ дараа төр засагтай хамтарч ажиллана. Ер нь бол төр гэдэг чинь бид шүү дээ. Төрийг бид сонгодог. Аливаа зүйлийг арай өөр өнцгөөс харах гэж хичээе, хэдүүлээ. Хэтэрхий улс төржүүлэхгүйгээр өөрсдөөсөө эхэлж хийцгээе. Дараа нь хамтрах зүйл дээрээ хамтрая гэсэн санааг л бид гаргаад байгаа юм. Манай уриалгыг дэмжихээ Европ дахь монголчуудын олон холбоод илэрхийлсэн. Цаашлаад гадаад дахь монголчуудын нэгдсэн олон холбоод дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа. Бид энэ ажлынхаа хүрээнд Германы алдарт дуучин Нанатай хамтарч ажиллаж байна. Бидний ажлын эхлэл “Мазаалай Нанатай алхаж байна”
-Монголоос гадагшаа суралцаж, ажиллахаар явж байгаа залуучууд тухайн газартаа удаан хугацаагаар суурьшдаг. Тэгсэн хэрнээ сошиал медиагаар санаа зовниж буй асуудлуудаа хүргэх, мөн монголчуудаа шүүмжлэх хандлага ч нэлээд их байна. Энэ залуучуудыг яаж эх оронд нь буцаан авчирч, нийгэмд үйлчлүүлэх вэ?
-Бидний сайн мэдэх “Уолт Дисней”-г байгуулсан Дисней “Энэ бүх том амжилт жижигхэн хулганаас л эхэлсэн шүү дээ” гэж хэлсэн байдаг. Ярихаасаа илүүтэй эхлэх хэрэгтэй. Түүнээс биш хэн нэгнийг шүүмжлээд зовлон тоочмооргүй байна. Монголын хөгжил яг одоо 1920-иод оны Америк, дэлхийн II дайны дараах Европыг санагдуулах хэмжээнд байна гэдэг. Бид дэлхийгээс хэр зэрэг хоцрогдолтой явж байгаагаа үүнээс харж болно. Залуучууд маань iphone, galaxy, тансаг машин унаж буйгаа хөгжил гэж ойлгоод байх шиг. Тийм биш юм аа. Энэ бол ердөө л хэрэглээ. Том хэрэглээний давалгаа л Монголд орж ирсэн хэрэг. Гэтэл бид юу ч бүтээхгүй байна шүү дээ. Өөрсдөөсөө асуугаад үзээрэй. Нэг цамц, оймс оёхоос илүү хэтрэхгүй байна. Гэхдээ энэ бол эхлэл. Улс эх орноо хөгжүүлэхийн тулд залуучууд нэгдмэл үзэл бодолтой болох хэрэгтэй. Дээрээс нь төрийн бодлого байх хэрэгтэй. Намайг янз бүрийн төсөл ярьвал хардаж сэрдэх вий гэдгээс би болгоомжилж байна. Гэхдээ шинэ үеийн залуус маань арай өөрөөр бодож, сэтгээсэй. Юм бүхнийг улстөртэй холбож ойлгох хэрэггүй. 200 гаруй мянган монголчууд гадаадад сурч боловсорч, ажиллаж хөдөлмөрлөж байна. Тэр бүгдийг уриалан дуудаж, эх орныхоо төлөө цохилох зүрхтэй байя. Энэ бүх ажил мазаалайгаас эхэлж байна. Гэхдээ их хэмжээний мөнгө ярихгүйгээр шүү. Энэ бол боломжтой зүйл.
-Ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Өнөөгийн залуусыг залхуу байна, бэлэнчилж байна гэх мэтээр дүгнэх болжээ, ахмадууд. Тэгвэл та адилхан залуу хүн, дээрээс нь гадаадад олон жил суралцсаны хувьд элэг нэгтнүүдээ хэрхэн харж байна вэ?
-Би суралцахаасаа өмнө хэд хэдэн улсад очсон. Тэгэхдээ нэг зүйлийг бодсон. Би өөрийгөө хөдөлмөрлөөд байна гэж бодсон чинь үгүй юм билээ. Хоёр, гурван дээд сургууль төгссөн гээд цээжээ дэлдээд байсан. Бас л үгүй юм байна. Бидэнд суралцах зүйл маш их байна. Хийх зүйл их бий. Аливаа зүйл ямагт хоёр талтай. Мундаг залуучууд их байна. Саар залуус ч байгаа. Гэхдээ би тэднийг буруутгахгүй. Яалт ч үгүй манай нийгэм, орчин нь нөлөөлж байна шүү дээ. Сүүлийн үед гадагшаа гарч сурахыг эрмэлздэг залуус олон болжээ. Тэгээд сурсан зүйлээ эх орондоо хэрэгжүүлэхийг хичээж байна. Энэ бүхнээс би нэг л юм ойлгосон. Эх орон гэдэг нь бид өөрсдөө юм байна. Бид эх орныхоо төлөө сурах ёстой, сурсан мэдлэгээ эх орныхоо хөгжилд зориулах хэрэгтэй гэдгийг. Тиймээс одоо бүгдээрээ гутранги үзлээс аль болох зайлсхийе. Монголчуудад маш олон боломж байна. Австри, Япон гэх мэт өндөр хөгжилтэй оронд байр сууриа олсон мундаг залуучууд олон байдаг. Болдогсон бол Монголын бүх залуучуудыг гадагшаа гаргаж, юм үзэж, нүд тайлуулахсан. Бид нэг л вакум орчинд байсаар байгаад дасчихаж. Монгол гэсэн юм бүхэн мундаг гэсэн хуучины сэтгэхүйгээс салах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зарим хэсэг нь оюуны тураалд орсон байна. Монгол гэсэн юм бүхэн мундаг байна уу, үгүй юу гэдгийг гадаад ертөнцөд очоод харьцуулж үзэх хэрэгтэй. Эхлээд харсныхаа дараа өөртөө дүгнэлт хийгээд үзэхэд та нэгийг бодно гэдэгт би итгэлтэй байна. Бид гадаадуудтай адилхан л хүн. Гэхдээ онцлог хүмүүс юм . Юу гэхээр дэлхий дээр үлдсэн цорын ганц нүүдэлчид. Нүүдэлчдийн сэтгэхүйн онцлог нь өөрчлөлтөд хурдан дасдаг, ямарваа зүйлийг сурахдаа амархан, тэсвэр хатуужилтай байдаг. Тэгэхээр онцлог сэтгэхүй, зан заншлаа ашиглаж дэлхийд нэлээд дээгүүр гарах боломж байна гэдгийг би олж харсан .Энэ бүх онцлог талаа ашиглавал монгол залууст боломж асар их бий. Энэ бол миний л бодол. Гэхдээ бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Ардчилсан нийгэмд залуус маань нэгнийхээ үзэл бодлыг хүндэтгэх хэрэгтэй. Юм бүхэн дээр битгий туйлшир. Залуучууд гэж онцолж байгаагийн гол шалтгаан нь бид шинэ түүхийг бүтээгчид учраас тэр.
-Монгол залуусыг ичимхий бүрэг гэж ярьдаг. Энэ нь биднийг гадаадын залуучуудаас ялгадаг юм болов уу гэж боддог. Та санал нийлэх үү?
-Глобалчлалын үед залуус маань өөрийгөө авч үлдэхийн тулд дэлхийтэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Ингэхийн тулд мэдээллийн эрин зуунд тухайн мэдээллийг зөв шүүж чадахуйц боловсролтой болох, мөн өөрсдийн гэсэн ёс заншил ,соёл уламжлалаа авч үлдэх хэрэгтэй. Дорныхон гадагшаа хаалттай байдаг, харин Өрнийнхөн таны асуусан шиг нээлттэй, өөрийнхөө эрх чөлөөг нэгдүгээрт тавьдаг. Тэгэхээр заавал монголчууд бүрэг ичимхий байх ёстой юу гэдгээ бодох л асуудал. 1960-аад оны үед соёлын хувьсгал хийсэн шиг одоо оюуны хувьсгал хийх хэрэгтэй. Шинэ үеийн залуучуудын давалгааг уламжлал, шинэчлэл дээрээ тулгуурлан авчрах цаг нь болжээ. Ингэхийн тулд ганц л зүйлийг хэлье. Бүгдээрээ гадагшаа гарцгаая, суръя, ажил хийж сурцгаая. Харин дараа нь нутагтаа ирцгээе, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцъя! Япон л гэхэд дэлхийн II дайны дараа хүнд хэцүү байдалд ороод олон залуучуудаа гадагшаа гаргасан шүү дээ. Үүний хүчинд өнөөдөр дэлхийн хүчирхэг гүрний тоонд багтжээ. Төр засгийг харалгүй залуучууд маань энэ тал дээр санаачлагатай хандаасай гэж хүсмээр байна. Бид ч залуустаа туслахын тулд хичээх болно.
-Та дээр боловсрол, сургуулийн талаар ярьсан. Тэгвэл монгол залуусын эзэмшсэн боловсролд хэр их дутагдал байна вэ?
-Дутагдал байна. Та хэдэн ч сургууль төгссөн байж болно. Гэхдээ таныг боловсролтой хүн гэвэл бас л эргэлзээтэй. Зарим нэгний яриагаар манай боловсрол мундаг байж болно. Гэтэл орчин үеийн сургалтын агуулга, системтэй хөл нийлүүлж чадаж байна уу гэдэг дээр эргэлзэж эхэлсэн. Австрид суралцахаар очихдоо шүү дээ. Давуу болон сул талын аль аль нь байна. Хамгийн сул тал нь боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа систем. Нэг нам гарахаар кембрижийн боловсрол ярина. Нөгөөх нь гарахаар монгол бичгээ дээдэлнэ гэж ярьдаг. Бид уул нь монгол хүний сэтгэхүйн онцлог, цаашлаад үндэсний эрх ашигт тулгуурласан, алсыг харсан бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Эрдэмтэн, мэргэдээ цуглуулаад маш олон талаас нь ярилцаж өөрсдийн хөгжлийн загвар, системтэйгээ уялдуулан боловсруулах хэрэгтэй юм болов уу. Норвеги л гэхэд ямар нэгэн орны боловсролын системийг хуулаагүй. Япон ч мөн адил. Тэгээд ч бид хуулаад байгаа нь зөв үү, буруу юу гэдгийг цаг хугацаа өөрөө нотлоод өгч байна.
-150 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийг цөөлөх хэрэгтэй гэж яриад байгаа. Энэ тал дээр бодлоо хуваалцаач?
-Би бол цөөлөөсэй л гэж боддог. Олон сургууль байснаар боловсролын систем сайжирна гэвэл худлаа. Өнөөдөр хүн бүр дарга болохыг хүсдэг болжээ. Болсон, болоогүй диплом аваад л дарга. Тэгвэл хэн дараагийн ажлыг хийх юм бэ. Социализмын үед Техник мэргэжлийн сургууль буюу бидний мэддэг ТМС-ийг эрчимтэй хөгжүүлж ирсэн. Нэг ёсондоо нарийн мэргэжлийн бүтээгчдийг бэлтгэж байлаа. Гэтэл одоо дандаа удирдах ажилтан бэлтгэдэг 150 гаруй сургууль байна. Австри л гэхэд 20-иодхон дээд сургуультай. Тэр дээд сургуульд нь хүн бүр орохыг хүсдэггүй. Яагаад гэвэл хүн бүрийн сонирхол өөр. Зарим нь оёдолчин , гагнуурчин , цахилгааны инженер ч болохыг хүсдэг байж болно шүү дээ. Бид ТМС-ийг сайн сурталчлан таниулах хэрэгтэй. ТМС гэхээр л нийгмийн бүхий л болж бүтэхгүй хүмүүс суралцдаг гэсэн бодлоосоо салах цаг болжээ. Ийм ухагдахуун байж болохгүй. Тэд бол бүтээгчид юм. Хэтэрхий их зах зээл, мөнгө яриад олон дээд сургууль байгуулсан нь үнэн. Гэтэл эдгээр нь ямар ч ач холбогдолгүй зүйл болон нуран унаж байгааг бид нүдээрээ харж байна.
-Нэг ийм сэтгэхүйтэй болжээ. Ямар ч хамаагүй аргаар аль нэг дээд сургуульд сурч диплом авах ёстой гэсэн. Тэгээд л хаа сайгүй оюутан, ажилгүй залуучууд. Энэ ер нь зөв үү?
-Боловсролыг олон талаас нь тайлбарлаж болно. Нэг талдаа бизнес . Нэг ёсондоо та мөнгөө төл, бид танд чанартай боловсролыг эзэмшүүлье гэсэн зарчим юм. Монголд боловсролын бизнес эрхэлж байгаа хүмүүсийг буруутгах аргагүй. Чанаргүй боловсрол түгээгчид аяндаа л байгалийн шалгарлаар байхгүй болж байна. Би 2009 онд яг энэ сэдвээр “Монгол брэндийн эрэлд” нэвтрүүлгийг бэлтгээд Японд очиж байснаа санаж байна. Тухайн үед Монголд 200-гаад дээд сургууль байсан. Одоо 150 гаруй болжээ. Боловсролтой байна гэдэг заавал дээд сургуулийн дипломтой байхын нэр биш. Бид удахгүй энэ сэтгэхүйгээсээ сална гэдэгт итгэж байна. Миний хэлэх гээд байгаа санаа бид амьдралын боловсролыг маш сайн эзэмших хэрэгтэй. Миний бодлоор хийж байгаа ажилдаа эзэн байх, бусдад хүндэтгэлтэй хандахыг л амьдралын боловсрол эзэмшсэн хүн гэх болов уу.
-Ярилцсанд баярлалаа. Төгсгөлд нь залуу хүний хувьд залуустаа хандаж сайхан уриалга дэвшүүлэх үү?
-Жинхэнэ эрх чөлөө гэж нэг нэгнийхээ vзэл бодолд хvндэтгэлтэй хандахыг хэлнэ. Нэг нэгэндээ туслая, хүндэтгэлтэй хандацгаая! Бид нүүдэлчдийн цустай онцлог хүмүүс. Бидэнд асар их боломж байна. Ирээдүйнхээ төлөө гар гараасаа бариад алхацгаая гэж залуустаа уриалъя.
Б.БАТ
Эх сурвалж: news.mn