Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Ален Арман: Бага хаадын үеийн сургамж одоо ч бий
Үндэсний хөгжим

Ален Арман: Бага хаадын үеийн сургамж одоо ч бий

Урлаг Урлаг26/02/2014Сэтгэгдэл байхгүй7 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
b668c96effc6a904original_copy2903802822014-02-26-09-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Ай хөгийн амьдрал чи хэдий агуу ч чамаас би огт үл айна. Хүчит шуурганд хөөсрөн эргэлдэх хар бараан хөлгүй далай руу живэхээ мэдэж байсан ч шижим ч хийлгүй зүтгэнэм. Тэнгэрт гуагачих тэр хэдэн хэрээ шиг тэсгэл алдан намайг хүлээж суугаа үхэл чамаас би, үхэж байсан ч айхгүй ээ. Намайг ертөнцөд хүн шиг амьдарч чадсан уу гэж харин нар мандахад хэн нэгэн асуух юм бол дөлгөөхөн хаялах далай усан элсээ долоож, дөнгөж өчигдөрхөн энд гишгэсэн мөрийг минь мөлийлгөх биз ээ. Хэн ч юунд ч буруугүй, хэн ч хэнд ч өргүй ээ…

Ален Арман. 2009 оны есдүгээр сарын 25.

“Бага хаадын үе” хэмээх Монголын анхны түүхэн цуврал киноны зохиолч, продюсер Ален Армантай уулзаж, ярилцлаа.

-Түүхэн, тэр дундаа яагаад “Бага хаадын үе”-ийг хөндөж кино хийх болов оо?

-2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэж байхад ажлын хэсэгт нь би багтсан юм. Бид 800 жилийн түүхтэй агуу их улс, тэр түүхэн ойг тэмдэглэж байгаа ч чухам яагаад тэр агуу улс байхгүй болчихсон гэдгийг мэддэггүй. Тэгээд л ном зохиол судалж эхэлсэн дээ. Ингээд зургаа, долоон жилийн дараа амилсан даа.

-Тэр хугацаанд судалсан хэрэг үү?

-Анх надад материал гээд байх юм байхгүй байсан. Эхлээд цаасан дээр бичээд л, цуглуулж янзалдаг байлаа. “Бага хаадын үе” кино эхлээд нэг ангитай уран сайхны кино байсан. Энэ агуу төр ямар шалтгаанаар нурсан бэ гэдгийг хөөж явсаар байгаад түүхэнд гавьяатай энэ олон хаад, энэ арвин түүх намтрыг нэг ангитай уран сайхны кинонд багтаах боломжгүй гэдгийг мэдсэн. Тиймээс задалж бичиж эхэлсэн. Яг манай өөрийн үндэсний материал их ховор. Ер нь гадна, дотны олон юм ухах хэрэг гарсан. Азаар хуучин бичигтээ сайн, жаахан орос хэл гадарладаг учраас үүндээ тулгуурлан судалгааны материалаа цуглуулсан. Манай өөрсдийн баримт бичгүүд ч тус болсон.

Хүмүүс судалгаа гэж яриад л байдаг. Судалгаанаас гадна зохиолчийн уран фантази их хэрэгтэй. Яг үнэнийг хэлэхэд түүх болохоор нь тэр киног хүн үзээд байгаа юм биш. Зохиолчийн бас нэг технологи яваад байгаа учраас үзэгчдийн сонирхлыг татна шүү дээ.

-Мэдээж аливаа уран бүтээл туурвихад их бага хэмжээгээр хүндрэл гардаг. Таны хувьд “Бага хаадын үе” бүтээлд хэр хүндрэлтэй бүтсэн бэ?

-Хүнд гээд байх юм бараг байгаагүй. Хийх л ёстой юм чинь. Хүнд хэрэгтэй юм болсон гэдгийг харахад гоё шүү дээ. Нэг сайтад миний ярилцлага гарсан байсан, 100 гаруй сэтгэгдэлтэй. Түүний 10 нь л намайг муулсан,  шүүмжилсэн байна лээ. Мэдээж анхны бүтээл учраас алдаатай, учир дутагдалтай тал олон байсан, гэхдээ дэмжсэн хүмүүс их байсан. Би сайтын сэтгэгдэлд дургүй хэрнээ анх удаа тэдгээр сэтгэгдлийг уншаад баярласан.

-Нууц биш бол “Бага хаадын үе” хэдий хэмжээний өртгөөр бүтсэн бэ?

-Би яг нарийн тоо хэлж чадахгүй. Гэхдээ ганцхан зүйл хэлж чадна. Одоогийн ганц ангит кино бүтдэг зардлаас бага зардлаар бүтсэн. Хамгийн бага гэсэн үг л дээ. Ямар сайндаа намайг кино бүтэх зардлыг унагаагаад хаячихлаа гэж байхав.

-Яаж ингэж бага зардалтай бүтээл гаргаж чадав аа?

-Ийм түүхэн гоё кино бүтээж байна гэхэд олон сайхан уран бүтээлчид үнэрхээгүй. Орон нутгаас найман аймгийн жүжигчдийг тоглуулсан. Энэ нь төсвийнхөө хямдыг харсандаа биш. Бид бүгд л адилхан уран бүтээлчид шүү дээ. Түүхэн сэдэвтэй, олон зуун хүний оролцоотой бүтсэн байдаг, гэтэл ганц ангитай кино хийж хүрэхгүй мөнгөөр бүтсэн гэхээр зарим нэгэнд нь сонин санагддаг шиг байгаа юм. Нарийн зохион байгуулалт хийж чадвал болдог л юм байна. Чингис хаан хэлсэн байдаг биз дээ. “Дайсныхаа тооноос нь бус эв нэгдлээс нь айж бай” гэж. Эв нэгдэл гэдэг маань зохион байгуулалт гэсэн үг. Тэр л зохион байгуулалтаар явсан.

-Мандухай цэцэн хатны дүрээр мөнхөрсөн Ардын жүжигчин Н.Сувд гуай, Чингис хааны дүрээр алдартай, Ардын жүжигчин А.Энхтайван нарыг тэр дүрд нь сонгож тоглуулсан байсан. Өөр жүжигчин байж болоогүй юм уу. Яагаад заавал тэднийг сонгосон бэ?

-Хамгийн гол зорилго гэвэл зохиолч, продюсер хүний хувьд Чингис хаан, Мандухай цэцэн хатан хоёрыг заавал оруулах ёстой гэж бодсон. Эсэн тайшийн зүүдэнд ирж байгаагаар Чингис хааныг дүрсэлсэн. Есөн өрлөгөө дагуулаад Эсэн тайшийн зүүдэнд орж байгаа хэсэг уран сайхны хувьд гоё болсон. Алтан ургийн баахан хүүхдүүдийг хядчихаад унтаж байхад нь “Чи яахаараа миний алтан ургийн хөвгүүдийг хяддаг юм. Чи миний алтан төрийн хасбуу тамгыг атгах эрхгүй” гээд л өөрийг нь алж байна гэж Эсэн зүүдэлж байгаа юм. Энэ бол гайхамшигтай хэсэг. Монголын түүхэн дэх хар толбот үед Чингис хаан гарч ирнэ гэж ихэнх хүмүүс төсөөлөөгүй. Монголын хамгийн анхны түүхэн цуврал кино шүү дээ. Тэр утгаараа энэ бүтээл бас л түүх болж байгаа юм. Тиймээс Н.Сувд, А.Энхтайван нарын хүндтэй хүмүүсийг түүхэнд мөнхөлсөн  дүрээ дахин нэг удаа энэ кинонд сэргээхийг хүссэн. Монголын ард түмэн энэ хоёр хүнийг бүгд мэддэг. Цаашид ч олон гоё түүхэн цувралууд төрөх байх.

-Ажиглаад байхад сүүлийн үед олны мэддэг цөөн хэдэн жүжигчин л кинонд тоглоод байх юм. Өөр жүжигчин олоод тоглуулчихаж болдоггүй юм уу гэмээр. Эсвэл Монголын урлагт чадалтай, чансаатай жүжигчин ховордоод байгаа юм уу. Эсвэл тэр хэрээр киноны орлого өсдөг юм уу?
         

-Ямар юмных нь орлого байх вэ дээ. Бүхий л үйлдвэрлэлийн нэг адил урлаг мафийн шинжтэй байдаг. Үүнээс шалтгаалаад цөөн хүмүүсийг тоглуулдаг байх. Гэтэл манай цуврал кинонд тоглосон залуучууд ямар мундаг байлаа даа. Тэдний нэг нь Хүүхэлдэйн театрт байхад нөгөө нь бүжиглээд л байж байх жишээтэй. Маш олон залуусыг нээж чадсандаа баяртай байгаа. Залуу хүмүүсийг дэмжье гэж боддог. Тэр санаандаа ч хүрсэн.

-Уран бүтээлч бүр бүтээлдээ ямар нэгэн зүйл шингээхийг эрмэлздэг. Таны хувьд?

 -Бага хаадын үед алаан хядаан, бие биенээ хорлосон, хор хутгасан зүйл их байсныг харуулахыг хүссэн. Түүхийн тэр үед тохиосон “өвчин” одоо ч байна. Бүгд л дарга болох гэсэн, нэг нь нөгөөгөөсөө дээш гарах гэсэн явуургүй бодолтнууд олширсоор байна. Хажуудаа байгааг хүртэл нудардаг, бие биенээ гутаан доромжилдог. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх үеэр энэ киног хийх бодол толгойд орж ирсэн. Чингис хааны босгосон гайхамшигтай гүрэн яагаад үгүй болсон юм бэ. Үүнийг л залуучууд ойлгоосой, бага хаадын баларсан түүх өнөөдөр давтагдаж байгааг мэдрээсэй гэж хүссэн. Харин ч түүхийн гашуун үнэнийг зохиол дээрээ зөөлрүүлсэн. Дайныг тэр чигт нь харуулаад, цус нөжтэй нь хутгаад байвал болохгүй зүйлгүй. Гэтэл энэ киног хүүхдүүд  ч бас үзэх юм чинь ёс зүйтэй байх ёстой. Новширсон заваан юм байвал хүүхдүүд юун түүхээ сонирхох вэ гэдэг л болно шүү дээ.

-Сүүлийн үед гарч байгаа кино бүрийн сэдэв, санаа нь адилхан болчихсон юм шиг… Кино зохиолч гэдэг мэргэжил байх хэрэгтэй юм уу. Хүн бүр л зохиол бичдэг болчихсон байна?

-Ерөөсөө л гадна, дотны киноноос санаа аваад л хусчихдаг болсон юм биш үү. Нэг өгүүллэг ч бичиж үзээгүй, нэг шүлэг бичиж үзээгүй хүн кино зохиол биччихсэн байдаг. Бичдэг байлаа ч тэр нь олонд танигдаагүй хүн кино зохиол биччихсэн л байдаг. Киноны хувьд зохиол чухал. Зохиол бас дахин зохиол байдаг гэх үү дээ. Уг нь киног АНУ жинхэнэ утгаар нь хийдэг байсан, одоо бас л чадахаа больж байна шүү дээ. Техник технологиор их зоддог болж. Цаг хугацаа, үзэгчид  хоёр л  шүүгчид шүү дээ. Орлого оллоо гээд гадны хүүхэлдэйн киног гүйцэхгүй юм чинь ямар юмных нь орлого байх вэ дээ.

-Таны хувьд кино урлагийн хөгжлийг юу гэж боддог вэ. Хөгжиж байгаа болов уу, ихэнх хүмүүсийн хэлж байгаагаар уналтад орчихоод байна уу?

-Ер нь дампуурчихсан. Залуучууд англи хэлтэй болох тусам л кино урлагийн хөгжил бүр байхгүй болно. Камер нь сайжраад байдаг, график нь сайжраад байдаг зохиолч, найруулагч байхгүй “паг”. Тэгээд л өөрийнхөө мундгийг гайхаад байдаг, гадагшаа бүтээлээ гаргалаа гэхэд  “Нохойн орон” гээд нохой алдаг юмаараа кино хийнэ, эсвэл ингэ уйлуулна. Тэгээд л нэг баримтат кино хийж байна гэхээрээ нүүдэлчин, үнээгээ саагаад явж байгаагаар, эсвэл хэт зэрлэгшсэн байдлаар харуулдаг. Бид нарт уг нь киног сайн хийх бололцоо байна. Гэхдээ цаашдаа өөр болох байх.

-Таныг нэг хэрэгт холбогдоод сурч байсан сургуулиа орхиж байсан гэж сонссон, юу болсон юм бэ?

-17 настай оюутан байх үед ах маань наймаа хийж байна гээд өрөнд орчихоод, өрөө дарахын тулд ноолуурын наймаачдыг дээрэмдье гэхээр нь хуулийн ангийн онц сурлагатан мөртлөө ахдаа туслах нь миний үүрэг гээд л, тэнэг юм шиг ирээдүйд учирч болох бүхий л зовлон бэрхшээл, юуг ч бодолгүй хэрэг хийчихсэн юм. Тэр буруу алхам том алдаа хэдий ч хүн болгонд байдаггүй хайртай, дотно хүмүүсийнхээ төлөө үхэж чадах мундаг эр хүний зангарагтай болох гэсэн бодлогогүй алхам.

Тэр алдаанаас болж их зовсон ч төдий чинээ хүн хүнээ хайрлах, алдаж онох амьдралын дэнс, эр хүний ноён нуруу, энэ орчлонгийн хүмүүсийн үнэн дүр төрх, бодит нүүр царайг ялган таньж, амьдралын шуургатай тэмцэж сурсан. Тэгээд ч миний өдий зэрэгтэй зохиол бүтээл туурвих хийгээд бусдын төлөө сайн үйлсийн аян санаачилж өрнүүлж явдаг минь тэр балчир насандаа ахадсан зовлон туулж, бага бус юм бодож ухаарсны төлөөс гэж боддог доо.
 

Э.ТЭМЛҮҮН
 
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №050
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025

Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна

15/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмыг олон улсын шүүгчид шүүнэ

15/05/2025

Хуримын хувцасны зөвлөгөө өгөх төв нээгджээ

15/05/2025

“Асарын өндөр” түүхэн жүжгийг УДЭТ-ын тайзнаа ганцхан удаа тоглоно

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.