Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо, Залуу эмэгтэйчүүдийн “Бриллиант” клубээс өнгөрөгч 1 сард нийт эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг сонсох зорилгоор “Стикер” арга хэмжээ зохион байгуулж, санал хүсэлтийг авсан. Энэхүү санал асуулгаар эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал хамгийн ихээр тулгамдаж байсан юм.
Иймээс өнөөдөр “Эмэгтэйчүүдийн эмнэлэгийн стандарт ба Хүний эрх” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэгийг зохион байгуулах болсон юм.
Манай улсын нийт хүн амын 50 гаруй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж, үүний 17,4%-ийг өсвөр насны охид эзэлж байна. Эмэгтэйчүүд бол өрх гэрийнхээ тулах багана нь болж, ар гэр, аж амьдралынхаа олон хүнд ачааг нуруундаа үүрч, сэтгэлдээ хадгалж, эрүүл мэндээ золиослож явдаг хүмүүс. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 46 хувь нь эрхтэн тогтолцооны ямар нэг суурь өвчтэй байгаа нь жирэмсний болон төрөхийн хүндрэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. 2012 оны байдлаар 1000 эмэгтэй тутмын 544 нь жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл ашигласан бөгөөд үүний 24,3% нь ерөндөг тавиулж, 23,5% нь эм бэлдмэл хэрэглэжээ. Өсвөр насны охид, залуу эмэгтэйчүүдийн дунд хамгийн их тохиолддог эрүүл мэндийн эрсдэл бол АБОРТ буюу үр хөндөлт юм. Манай улсад үйлчилж буй хуулиар бол жирэмсний эхний гурван cap буюу 12 долоо хоног дотор эх өөрөө үр хөндүүлэхийг зөвшөөрдөг бөгөөд ийм үйлчилгээ үзүүлэх эрхтэй 10 гаруй хувийн эмнэлэг байдаг байна. Харин олон эмэгтэйчүүд үүнийг тэр бүр мэддэггүй бөгөөд зөвшөөрөлгүй хувийн эмнэлэгт хандан үйлчлүүлж, эрүүл мэндээ эрсдэлд оруулдаг. 2002 -2005 онд жилд дунджаар 9000 эмэгтэй үр хөндүүлж байсан бол 2007, 2011, 2012 онуудад хамгийн өндөр буюу жилд 15800- 17500 эмэгтэй үр хөндүүлсэн статистик тоо баримт байна. Өөрөөр хэлбэл 1000 амьд төрөлтөд ногдох үр хөндөлтийн тоо 247 байгаа нь маш өндөр үзүүлэлт юм. 2012 оны байдлаар нийт үр хөндөлтийн 47,8% буюу 8823 нь хувийн эмнэлэгт хийгдсэн байгаа нь анхаарал хандуулах асуудал мөн.
2000 онд 100000 эх тутамд ногдох эхийн эндэгдэл 158 байсан бол 2012 онд 50,8 болж 3 дахин буурснаар манай улс эхийн эндэгдэл өндөртэй орноос дундаж түвшинтэй орны тоонд шилжсэн байна.
Монгол Улсад анхны үр шилжүүлэн суулгах төв 2011 оны 11 сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд жил хагасын хугацаанд 700 гаруй хос тус төвд ханджээ.
Түүнээс гадны сүүлийн жилүүдэд тоо нь олширч, сэтгэл эмзэглүүлэх болсон нэг үзэгдэл бол өсөлтгүй жирэмслэлт юм. Үүнд агаар орчны бохирдол, хэрэглэж буй хүнс тэжээл, нийгмийн бухимдал стресс голлон нөлөөлдөг байна. 2012 оны байдлаар 1000 төрөлтөд ногдох амьгүй төрөлт 6,7 гэж бүртгэгджээ.
2002 онд 536 хувийн эмнэлэг бүртгэлтэй байсан бол 2012 онд 1030 болж бараг 2 дахин олширчээ. Үүнээс 114 нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Улсын эмнэлэгүүдийн их ачаалал, хүлээлгэ, хүнд суртлаас зайлсхийсэн эмэгтэйчүүд маань хувийн эмнэлгийг зорин очиж, өндөр төлбөр тарифаар нь үйлчлүүлдэг. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулах байгууллагын тоо ийнхүү нэмэгдсэн нь сайн хэрэг боловч тэдгээрийн баталгаат байдал, чанар стандартын асуудал нийгэмд эргэлзээ төрүүлж, айдас дагуулсаар байна. Тухайлбал: зөвшөөрөлгүй үр хөндөлт хийж хүний аминд хүрэх шахсан, хугацаа нь дууссан тариа хийж эмчлүүлэгчдээ хордуулсан, өвчтөнийхөө гэдсэнд марл бинтээ орхиж оёсон…………….зэрэг ноцтой фактууд зарим хувийн эмнэлэгт илэрч байсан билээ. Энэ мэтчилэн бидний эргэн тойронд эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон маш олон охид эмэгтэйчүүд байдаг ч хувь хүний нэр хүндтэй холбоотой асуудал учраас ихэнх хэсэг нь нууцлагдан, дарагдаж үлддэг. Хохирсон эмэгтэйчүүд хаана, хэнд хандахаа мэдэхгүй байна, хандлаа гэхэд нэр төрийг нь хамгаална, үр дүн гарна гэдэгт итгэлгүй байна. Өнөөдөр эдгээр асуудал дээр салбарын яам, мэргэжлийн хяналтын байгууллага, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага, хүний эрхийн комисс онцгойлон анхаараасай гэж хүсч байна.
Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо
Залуу эмэгтэйчүүдийн Бриллиант клуб