А.Түмэнжаргал гэх авъяаслаг залууг энэ удаагийн “Зогс нэг агшин” буландаа урьж, ярилцлаа.
Тэрбээр БНХАУ-ын Тяньжин хотод бие даасан үзэсгэлэнгээ хоёр удаа гаргаж, 2008 онд “Wonders of Mongolia”, 2011 онд “Inspiring Mongolia”, 2013 онд “Savage Garden”, 2014 онд “Ариун орноор Төвд” зургийн цомгоо тус тус эрхлэн гаргажээ.
Түүний “Ариун орноор Төвд”, “Онгон байгаль” хос үзэсгэлэн өнгөрсөн баасан гарагт Уран зургийн галлерейд нээлтээ хийсэн юм.
Төвдийн хөрөг зургуудаас ядуу юм гэж харж болох ч инээх нь хүртэл үнэн байдаг. Хэдэн зуун км сунаж мөргөдөг гороолох ёсыг үйлдэж байгаа лам нарыг зөвхөн тэнд л харна. Тиймээс ч биднээс тэс өөр аз жаргалын хэмжүүр гэдгийг нь харуулахыг зорьсон юм.
-Та гэрэл зурагчин мэргэжилтэй юу. Гэрэл зураг аваад хэчнээн жил болж байна вэ?
-Би гэрэл зураг сонирхоод 10 гаруй жил болж байна. Монголд анх удаа үзэсгэлэнгээ гаргаж байна. Өмнө нь Бээжин, Тяньжин, Шанхай хотуудад гаргаж байсан. Үндсэн ажил маань гэрэл зурагтай холбоотой учраас сонирхолтой болсон. 10 жил чадан ядан авсан зургуудаараа эх орондоо анх удаа бие даасан үзэсгэлэнгээ дэлгэж байна.
-Төвдөд зорьж очиж зураг авсан гэсэн үү. Үзэсгэлэнд нийт хэчнээн зураг дэлгэгдэж байна вэ?
-Би Төвдийг зорихоосоо өмнө ард түмнийх нь амьдралын хэв маяг, улс орных нь нийгмийн байдал, хөгжил ямар байдгийг мэдэх гэж бүтэн жил судлахад эерэг гэхээсээ илүү сөрөг мэдээлэл олж уншсан болохоор сайхан орон угтахгүй байх гэсэн төсөөлөлтэй явсан. Гэтэл шал өөр дурсамжтай буцаж ирсэн. Тэдний амьдрал нь аз жаргалтай. Төвдийн хөрөг зургуудаас ядуу юм гэж харж болох ч инээх нь хүртэл үнэн байдаг. Хэдэн зуун км сунаж мөргөдөг гороолох ёсыг үйлдэж байгаа лам нарыг зөвхөн тэнд л харна. Тиймээс ч биднээс тэс өөр аз жаргалын хэмжүүр гэдгийг нь харуулахыг зорьсон юм.
Өөрөөр хэлбэл, аз жаргалыг арай өөр өнцгөөс харж яагаад болохгүй гэж. Үзэсгэлэнд Монгол, Төвдийн онгон байгаль, аж амьдралын тухай 100 орчим шилмэл зургийг үзэж сонирхож болно. Түүнчлэн миний хамгийн сүүлд хэвлүүлсэн “Through to the Holy land” гэрэл зургийн шинэхэн цомгийн анхны үзэгч болох юм. Энэ удаа хотын зураг тавихыг хүссэнгүй. Учир нь их хотын дуу чимээ, нийгмийн стресс дунд амьдарч яваа хүмүүсийг байгалийн зураг харж түр боловч тайтгараасай гэж бодсон.
Хоёр жилийн өмнө зураг авсан газраа эргээд очиход нуур, гол нь ширгэчихсэн, ан амьтан нь цөөрснийг хараад харамссан.
-Төвдүүд аз жаргалыг арай өөр өнцгөөс хардаг гэлээ. Гэхдээ монголчуудын амьдралтай төстэй олон зүйл байдаг байх?
-Тэгж гэж хэлж болно. Гэхдээ бид эд хөрөнгө буюу материаллаг зүйл рүү тэмүүлдэг. Ингэснээрээ сэтгэлдээ зовлон тээж амьдардаг. Харин Төвдүүд бурхан шашинтай ойр байдаг болоод ч тэр үү шунал багатай, эд хөрөнгө, хов живээс ангид байж чаддаг. Би амар амгалангийн орон ямар байдгийг Төвдөөс мэдэрсэн. Тэнд гар утас, машин техник байхгүй ч ард түмэн нь соёлоос хоцроогүй. Төвдүүд эд баялгийг бус эрүүл, амар тайван байдлыг эрхэмлэж амьдардаг улс юм байна.
-Хэчнээн улс орноор явж гэрэл зургийн аялал хийв. Монгол орноороо мэдээж сайн аялсан байх?
-Нийт 10 гаруй орноор фото аяллаар явсан. Монголыг хоёр ч удаа бүтэн тойрсон. Монгол бол байгалийн баялагтай орон. Гэхдээ хайрлаж, хамгаалахгүй бол сүйдэж устах аюул нүүрлэжээ. Хоёр жилийн өмнө зураг авсан газраа эргээд очиход нуур, гол нь ширгэчихсэн, ан амьтан нь цөөрснийг хараад харамссан. Тиймээс би бүтээлээрээ хүмүүст байгалиа хайрлан, шүтэж амьдрах цаг иржээ гэж хэлэхийг хүссэн.
Ж.Отгон