Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Мисс Ж.Энэрэл: Би саяхан аавыгаа олсон
Үндэсний хөгжим

Мисс Ж.Энэрэл: Би саяхан аавыгаа олсон

Урлаг Урлаг17/03/2014Сэтгэгдэл байхгүй14 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1a98b0d98be610cfbig_copy3823057762014-03-17-13-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Миссийн тэмцээнүүд жил ирэх тусам олширч, чанар нь муудаж, тийм уралдаанаас төрөн гарч байгаа миссүүдийг “Мисс” гэж хэлэхийн аргагүй байгаа талаар шүүмжлэл ихээхэн гарах болсон. Тэгвэл энэ шүүмжлэл дундаас ялгарч байгаа уралдаан тэмцээн, эх орноо төлөөлөн олон улсын тавцанд Монголынхоо гоо үзэсгэлэнг сурталчилах бо­ломжийг олгож байгаа газар бол мисс Б.Гантогоо­гоор овоглосон “Мисс Монгол аялал жуулчлалын холбоо” юм.
   
Тус холбоо олон улсын чансаа өндөртэй гэх тэмцээнүүдэд Монголын мисс, моделиудыг орол­цуулж, үндэсний хувцас, урлаг, соёл, хэв маяг, гоо бүсгүйчүүдээ сурталчилахад томоохон хувь нэмэр оруулж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд нэлээдгүй миссийг тус холбооныхон олон улсад таниулжээ. “Мисс Монгол аялал жуулчлалын холбоо”, Загварын “Андра” агентлагийн зохион байгуулсан “Мисс модель” фестивалийн ялагч Ж.Энэрэлийг бид энэ дуугарынхаа зочноор урьж сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
 
– Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Сэтгүүлийнхээ шинэ дугаараар дамжуулан таныг уншигчидтайгаа уулзуулж байгаадаа баяр­тай байна?
– Та бүхэнд болон танай сэтгүүлийн нийт уншигч­дад энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн саяхан Сар шинэ, Валентины баяр гэгчлэн баярууд болоод өнгөрлөө. Өнгөрсөн ч гэсэн тэдгээр баяруудын мэндийг давхар хүргэе.
   
– Ж.Энэрэл маань Монгол Улсаа төлөөлөн “Miss and Model of the World” тэмцээнд оролцоод ирсэн. Энэ тэмцээний чансаа, үзүүлсэн амжилт гэгчлэн сонин хачнаасаа хуваалцаач.
– “Miss and Model of the World” тэмцээн 2013 оны 11 дүгээр сард БНХАУ-д зохион байгуулагдсан. Дэлхийд чансааны хувьд маш өндөр, бараг сар гаруй үргэлжилдэг, хотуудаар аялдаг тэмцээн юм. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Турк, Хятад Улсууд ажилладаг юм билээ.
   
Энэ удаагийн тэмцээнд 50 гаруй орны гоо бүсгүйчүүүд оролцсон. Миний хувьд гэвэл шилдэг үндэсний хувцастай мисс шагналыг хүртэж, шилдэг 10-т багтлаа. Ер нь бол миссийн тэмцээнд хэл, алхаа, туршлага гурав маш их хэрэгтэй байдаг юм байна.
 
– Манай моделиуд бусад улс, орнуудын моделиудаас юугаараа ялгарч байсан бэ?
– Монголын моделиуд олон улсын тайзан дээр алхааны хувьд маш өвөрмөц, сайн гэдгээрээ ялгар­даг юм билээ. Ану гээд найз охин маань олон улсын тэмцээнд явж ирэхдээ бас энийг олж харсан гэсэн.
   
– Олон улсын тэмцээний үеэр дэлхийн хэм­жээнд загварын чиглэлд ажиллах маш олон боломжууд гарч ирдэг гэж сонссон. Чамд ийм санал ирэв үү?
– Саяхан надад Францаас нэг санал ирсэн. Гэвч би Сингапурын загварын агентлагтай гэрээтэй учраас хэдхэн хоногийн дараа тийшээ явж загвар өмсөх гэж байгаа. Одоогоор би “Монгол модель” агент­лагт харьяалагддаг. Манай агентлагийн хувьд Сингапурын загварын салбарт маш хүчтэй, нэр хүндтэй. Тийм болохоор агентлагаараа дам­жуулаад Сингапурын “Carrie model” агентлагт загвар өмсөхөөр гэрээгээр явж байгаа.

   – Монголдоо хүчтэй, чадварлаг байгаа хүн л олон улсын тайзан дээр гарах боломжтой. Чи энэ бүхэнд хүрэх гэж бас чамгүй олон үе шаттай тэмцээнүүдэд оролцсон байх аа?
– Би маш олон тэмцээнд оролцож байсан. Хамгийн анх “Манжуурын мисс” тэмцээнд орол­цож, шилдэг үндэсний хувцастай миссийн өргөмж­лөлийг хүртэж байлаа. Мөн “Face of Mongolia” наадмын тэргүүн байрыг хүртсэн. Түүнчлэн БНСУ-д зохиогдсон Азийн миссүүдийн тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн. Тэгээд дараа нь 2013 онд “Miss and Model of the World” тэмцээнд оролцсон доо. Би загварын салбарт хөл тавиад гурван жил гаруй болжээ. Энэ хугацаанд өөрийгөө чамгүй туршлага хуримтлуулсан гэж бодож байгаа.
   
– Загвар чиний хүүхэд насны мөрөөдөл байв уу?
– Үгүй. Би багадаа дуучин болно гэж боддог байсан. Ээж маань намайг “Наад алхаа, гишгээгээ засах хэрэгтэй” гээд анх “Торго” агентлагт оруулж байсан юм. Тэнд суралцаж байгаад БНХАУ руу сурал­цахаар явсан. Жилийн дараа ирээд “Face of Mongolia” наадамд орж түрүүлснээр энэ салбартай холбогдсон.

   
– Загварын ертөнцөд хөл тавихдаа хэн гэдэг багшаар анхныхаа гарааг заалгаж байв?
– Загварын анхны багш маань Азийн топ модель Ц.Оюунгэрэл. Багш маань надад загварын хувьд маш сайн суурийг тавьж өгсөн гэж боддог. Тэгээд цаашлаад алхаад, загвар өмсөөд ирэхээр өөрийн гэсэн хэв маягтай болдог юм билээ. Одоо би “Монгол модель” агентлагт харьяалагдаж байгаа гэж дээр хэл­сэн. Манай агентлагийнхны хувьд гэвэл яг нэг гэр бүл шиг байж чаддаг. Болормаа багш маань бид нарыг дуудахдаа хүртэл яг л хүүхдүүд шигээ хандан “Миний охин, миний хүү” гээд л харилцдаг болохоор маш сайхан байдаг.
   
– Тэгвэл анхны загвар, анхны тайз, загварын хувьд анхны гэсэн тодотголтой дурсамжуудаасаа хуваалцвал…
– Анхны том тайз гэвэл “Гоёл-2010” наадмын тайз байсан. Ямар ч туршлагагүй байсны дээр маш ихээр сандарч байв. Нэг дизайнерын зохион бүтээсэн үслэг эдлэлтэй загварын нөмрөгөө унагаагаад их загнуулж байж билээ. Гэхдээ хамгийн сайхан зүйл нь гэвэл телевизээр л үздэг, маш мундаг гэж боддог байсан гоё эгч нарыг хажуугаас нь хараад “Ингэдэг юм байна” гэж ойлгон, өөртөө цаашид хэрэгжүүлэх зүйлүүдээ суралцаж байсан.
   
– Мисс Б.Гантогоотой ямар холбоотой ажилладаг вэ? Олон улсад Монголын моделиудыг таниулахад тэр чамгүй ажил хийдэг юм шиг санагддаг.
– Б.Гантогоо эгчийн хувьд “Мисс Монгол аялал жуулчлалын холбоо”-ны тэргүүн гэдэг утгаараа бид нарыг маш их дэмжиж ажилладаг. Өөрөө гадны орнуудтай харилцаа холбоотой ажил­ладаг болохоор гадагшаа гарч тэмцээнд оролцоход тал бүрээр дэмждэг хүн.
   
– Дизайнер хүн, модель хоёр зайлшгүй атгасан гар шиг байх ёстой. Чиний хувьд дизайнеруудаас хэнийг нь илүү хүндэлдэг вэ?
– “Торго”-ын дизайнер Болд ах. Мундаг хүн дээ. Яагаад ч юм гэртээ харихаар загварын санаа төрдөггүй гээд ажил дээрээ хамаг цагаа өнгөрүүлдэг. Дээрээс нь бид хоёрын сонсдог хөгжим, сонирхол олон зүйл дээр адилхан байдаг юм. Хамгийн гол нь үндэсний хувцасыг орчин үетэй хослуулсан маш дэгжин загваруудыг зохиодог байдал зэрэг нь надад их таалагддаг. “Ажлын төлөө төрсөн хүн” гэж л Болдоо ахыг хэлэх байх даа.
   
– Ж.Энэрэл хэр өндөр ханштай загвар өмсөгч вэ? Мо­делийн орлого хангалттай хүрэлцээтэй байж чадаж байна уу?
– Миний үнэлэмж бага биш. Гэхдээ топ моделиудынх шиг өндөр биш, дундаж л юм даа. Агентлаг дотроо бол нүүр царай болсон сайн моделиудын нэг л гэж өөрийгөө боддог. Ер нь бол Монголд загварын салбарын үнэлэмж өндөр биш л дээ. Дээрээс нь хүн ам цөөтэй, загварын үйлдвэрлэл маш бага, загварын шоу боллоо гэхэд гадаадаас орж ирсэн брэндүүдийн жижиг шоунууд болдог. Томоохон хэмжээний шоу ч бага болдог учраас үнэлэмж бага. Моделийн цалин амьдралд хангалттай хүрэлцдэг гэж хэлж чадахгүй.
   
– Чиний харж байгаагаар загварын салбарын хөгжил манайд ямар шатанд байна вэ?
– Нөгөө л хүн ам цөөтэй гэдгээсээ шалтгаалаад тэгтлээ сайн хөгжихгүй байгаа. Жишээ нь, нэг гоё шоу хийе гэхэд зориулалтын гоё тайз нэг ч байхгүй, гэрэлтүүлэг дутагдалтай гээд л шүүмжлэх зүйл олон бий.
   
– Тэгвэл чи хаанахын загварын тайзан дээр алхахыг хүсч байна вэ?
– Надад их том мөрөөдөл бий. Тэрэндээ хүрэх гэж хичээж байгаа. Гэхдээ би юмыг түрүүлж амлах, болоогүй байхад нь ярих дургүй. Тийм болохоор нууцална. Харин зорилгодоо хүрсэнийхээ дараа хэлэх нь миний үзэл баримтлал юм.
   
– Төрийн соёрхолт Д.Болдын “Үүлэн домог” дууны клипэнд чадварлаг тоглосон байх аа? Загварын ертөнц бол дэлгэцтэй салшгүй хол­боотой салбар л даа. Чиний хувьд киноны санал авч байв уу?
– Дөрвөн киноны санал ирсэн. Хоёроос нь тат­галзсан. Нэрийг нь хэлээд дэмий байх. Одоо нэг кинонд хамтарч ажиллах талаар яг ярилцаж байгаа. Удахгүй найруулагчтайгаа уулзана. Ер нь бол эмэгтэй гол дүрийн санал ирсэн.
   
– Өөрийнхөө талаар танилцуулаач.
– Би 1995 онд төрсөн. Плехановын нэрэмжит сур­гуульд ерөнхий боловсролын мэдлэг эзэмшээд одоо ОУ-ын харилцааны сургуулийн олон улсын эдийн засгийн харилцааны ангид сурч байна. 10 жилд байхдаа тооныхоо хичээлд сайн, ер нь онц сурдаг охин байсан. Би уг нь сэтгүүлч, эсвэл бизнесийн удирдлагын чиглэлээр сурна гэж бодож байсан ч багаасаа сургуульд орж, яг сонголт хийх насандаа сурах мэргэжлээ буруу тодорхойлчихсон юм шиг санагддаг. Одоо сурч байгаа мэргэжил маань суудлын ажилтай байх бол надад гадуур явдаг, хүмүүстэй байнга харилцдаг ажил их таа­лагд­даг. Би орос, хятад, англи хэлтэй.
   
– Багадаа нийгмийн идэвхтэй хүүхэд байсан уу?
– Зургаадугаар анги хүртлээ хэнтэй ч юм ярьдаггүй, тоогоо бодчихоод, самбарт гарчихаад л явдаг нэг тийм охин байсан. Долоодугаар ангиасаа найзуудтай болоод задарч эхэлсэн гэх үү дээ. Манай ангийнхан надаас 2-3 ах, эгч хүүхдүүд бай­сан. Тэгээд сэтгэлгээг нь дагаад эхлэхээр өсөлт ч хурдан болдог юм байна лээ. Ер нь орос сур­гуулийн хүүхдүүд монгол сургуулийнхнаас илүү нээлттэй байдаг юм.
   
– Ямар гэр бүлд өсч, хүмүүжив?
– Би ээж, эмээ хоёр дээрээ өссөн. Эмээ маань ганц охин, олон хүүтэй хүн. Багаасаа л ах нартайгаа тог­лож өссөн болохоор маш эршүүд зан, араншин­тай. Шалчиганаад байх дургүй. Аав, ээж хоёр маань салчихсан юм. Би аавыгаа ерөөсөө харж байгаа­гүй. Саяхан аавтайгаа холбогдсон. Аав маань хөгжим­­чин хүн юм байна лээ. Хөгжим бүжгийн кол­лежид хийлч Дээгийтэй нэг ангид сурч байсан юм билээ. Аавыгаа олсондоо маш их баяртай байгаа. Хүмүүс ээж, аав хоёр нь салсан асуудлыг сөргөөр хүлээж авдаг бол миний хувьд тийм юм байгаагүй. Би аавыгаа олоод маш их баярласан.
   
Ерөнхийдөө миний сонирхол, сонирхож байгаа зүйлүүд аавынхтай их төстэй юм билээ. Одоо бид дөнгөж харьцаж эхэлж байгаа болохоор аав гэхээсээ илүү найзтайгаа харилцаж байгаа юм шиг маш гоё дотно байгаа. Харин ээж маань их хөдөлмөрч, шаргуу эмэгтэй. Ганцаараа л намайг өсгөж, өдий зэрэгтэй болгосон мундаг эмэгтэй. Ээж маань өөр хүнтэй суугаад саяхан хүүхэдтэй болсон.
   
– Энэ олон жилийн дараа дүүтэй болсон гэсэн үг үү? Баяр хүргэе!
– Баярлалаа. Дүү маань одоо есөн сар хүрэх гэж байгаа. Хөөрхөн нөхөр бий. Гэхдээ олон жилийн дараа дүүтэй болох их сонин байдаг юм байна. Хүмүүс харвал бараг миний хүүхэд гэж бодохоор зөрүү­тэй. Би завгүй байгаа болохоор төдийлөн ээж­дээ тусалж, дүүгээ асарч чадахгүй л байгаа. Уучлаарай, ээж ээ.
   
– Өөрийнхөө ирээдүйн ханийг, гэр бүлийг ямраар төсөөлж байгаа вэ?
– Би яг одоо хийж, бүтээх насан дээрээ байна. Энэ бүхний дараа гэр бүлтэй, үр хүүхэдтэй болно байх. Зарим эмэгтэйчүүд мөнгөтэй, баян залуу олоод суухыг илүүд үздэг болсон. Надад тийм амьдрал огт таалагддаггүй. Би эр хүнээс хамааралтай байх дургүй. Тийм болохоор эхлээд өөрөө хүчирхэг эмэгтэй болох ёстой гэж бодож байна. Тийм ч эмэгтэй байхыг хүсч байна.
   
– Миссүүд, загвар өмсөгч нар, ер нь олны танил хүмүүс өөрийгөө муу, сайнаар маш их бичүүлж, нэр хүндээ нэлээн золиослох шаард­лагатай болдог юм шиг. Мисс Ж.Энэрэлийн талаар элдэв хов жив маягийн мэдээлэл бараг гардаггүй. Үүний нууц юунд байна вэ?

– Би загвар өмсөгч О.Амгаланбаатартай үерх­дэг байхдаа хааяа хов живэнд орчихдог, янз бүрээр бичигддэг л байсан. Харин саяхан танай сэтгүүл дээр бокс тоглодгийг маань зодоонч гээд л бичсэн байна лээ. /инээв/ Би өөрөө хүмүүстэй нийлж гадуур дотуур шоудаж, наргиж цэнгэж явах дургүй. Ухаантай байхыг хичээдэг. Бүх зүйл дээр л ухаантай байх хэрэгтэй гэж боддог. Сүүлийн үед охидууд архи, тамхийг маш ихээр хэрэглэдэг бол­жээ. Энэнээсээ болоод асуудалд их ордог, чамгүй зүйлээ алддаг ш дээ.
   
Миний хувьд архийг огт хэрэглэдэггүй. Сүүлийн үед хоолны дэглэм дээрээ илүү анхаарч байгаа. Яагаад гэвэл би өмнөө маш том зорилго тавьсан. Тэрэндээ хүрэхийн тулд их хичээж байгаа. Хоол­лолтын хувьд мах, өөх ихтэй хоол огт хэрэглэдэггүй. Гэхдээ цагаан хоолтон биш.
 
– Зодоонч гэснээс боксынхоо талаар яриач. Сонирхолтой санагдаж байна. Загвар, бокс хоёр хол зөрүүтэй, нэг дор орших боломжгүй юм шиг санагдаад байна.
– Би боксыг зодоон гэдэг утгаар нь биш, биеийн хөгжил гэдэг талаас нь сонир­хож хичээллэдэг хүн. Ууртай ч юм уу стресстэй байхдаа юм нүдчихдэг. Хана нүддэг. Миний гарыг хар даа. Энд тэндээ овон товонтой болсон байгаа. Боксын спорт надад стрессээ тайлахад, биеэ гоё хөгжилтэй байлгахад их тусладаг. Дээрээс нь маш их эрч хүчтэй болгодог спорт. Саяхнаас нэмээд йогоор хичээллэж эхэлж байгаа. Боксоор хичээллэн гүйж харай­чихаад дараа нь йог, сунгалтын дасгал хийгээд байвал ядаж л хөгшрөлтийн эсрэг сайн арга хэмжээ болох байх гэж боддог. Гоё эмэгтэйчүүд байдаг даа. Тийм л бо­лохыг хүсдэг.
   
– Нууц биш бол биеийн харьцаа чинь хэд вэ?
– Ойрд үзээгүй. 86*60*91 байдаг юм. Хятадад нэг жил сурсан. Тэнд байхад л жилийн дотор 10 кг жин нэмсэн дээ.
   
– Одоо биеийн харьцаагаа хэрхэн хадгалж байна вэ?
– Би ер нь мах идэх, хоол их идэх дургүй болоод байгаа. Болж өгвөл зөв хооллохыг хичээдэг. Жигнэсэн мах, шөлтэй хоол их хэрэглэдэг. Жимсэнд дуртай. Ер нь жимсийг ихээр хэрэглэдэг хүн. Нарийн ногоо, брокколи хоолондоо их хэрэглэдэг. Ус их уудаг. Сүүлийн үед кофенд жаахан дуртай болчихоод байгаа.

– Зөвхөн загвар гэлгүй өөрийгөө өөр олон зүйл дээр дайчилдаг байх нь. Дуучин болохыг хүсдэг байсан гэсэн. Тэгэхээр бас сайн дуулдаг байх?
– Аав маань урлагийн хүн болохоор тэр хүнээс дамжиж ирсэн хөгжим сонсох, хүлээж авах мэдрэмж надад байдаг юм шиг байгаа юм. Дуунд маш их хайртай, амьд хөгжим сонсох дуртай. Өөрөө бол нэг их дуулж байгаагүй ээ.

Миссийн тэмцээнд оролцохдоо л авьяасынхаа үзүүлбэр дээр нэг дуу дуул­сан юм байна. Хүмүүс тэгсэн надаас “Уран бүтээлч юм уу?” гэж асууж байсан. Намайг гэнэт дуулаад эхэлбэл хүмүүс “Загварынх байж энэ одоо бас дуулаад байгаа юм уу?” гэж ярих байх гэж бодоод нэг их дуулна гэж боддоггүй ш дээ.
   
– Загвар өмсдөг байгаад рок, попын салбарт орсон хүмүүс байгаа шүү дээ. Яагаад болохгүй гэж?
– Тэд нар миний бодлоор тэгтлээ их амжилт олоогүй гэж боддог.
   
– Гоо сайхны мэс засал, брэнд, нүц­гэлэлт гэдэг зүйлүүдэд ямар талаас нь ханддаг вэ? Энэ нь манай сэтгүүлд зочилсон моделиудаас уламжлал бол­гон асуудаг асуулт гэх үү дээ?
– Гоо сайхны мэс заслыг би буруушаа­даггүй. Яагаад гэвэл тэр мэс заслыг хийл­гэж байгаа хүний өөрийнх нь үзэл бодол учраас. Харин би өөрөө мэс за­сал хийлгэхгүй гэж боддог юм. Ээжээс минь заяасан бие хаа, зүс царай шүү дээ. Үүнийгээ өөрчлөхийн бол ээжийгээ гом­дооно гэж боддог. Мэс засал хийлгэхийн оронд энэ биеэ улам арчлаад, тордоод авч явахыг л хүсч байна.
   
Нүцгэлэлтийг би уран сайхны талаас нь бол хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ манай гэрэл зурагчид, зураг авч байгаа байдал, студиуд нь дэлхийн түвшинд очоогүй байгаа болохоор нүцгэлсэн моделиуд нь хүртэл нэг л тийм, халтар харагдаад байдаг. Дээрээс нь хүн ам цөөтэй гэдэг нь бас хөгжилд нөлөөлж байгаа. Би нүцгэн зураг авахуулвал нэг тийм заваанаар биш, маш гоёор уран сайхны нүцгэн зураг авалтад орно гэж боддог. Би Victoria’s Secret-ийн Candice гээд моделийг шүтдэг. Тэрний нүцгэн зургууд нь маш гоё. Нэг тиймэрхүү зургууд л авахуулахыг хүсдэг дээ. Нүцгэн зурагнаас тухайн хүний биеийн­хээ гоо сайх­ныг хадгалахын тулд ямар их хүч хөдөлмөр зарцуулсан нь шууд харагддаг юм.
   
Би нэг их брэнд хөөгөөд байдаггүй хүн. Чөлөөтэй хувцаслах нь миний сонголт. Брэнд гэхээсээ илүү чанартай зүйлийг хэрэг­лэхийг хүсдэг. Биед эвтэйхэн, өөрт зохисон хувцас л байвал тийм, ийм брэнд гэдэгт нэг их ач холбогдол өгдөггүй.
   
– Та нарын ажлын орчин өөрөө брэндлэг байхыг шаарддаг биз дээ?
– Загварынхан дунд тийм зүйл ажиг­лагд­даг л даа. Өөрт нь таалаг­даагүй хэрнээ брэнд болохоор нь шуналтаад ч юм уу авах гээд зүтгээд, эсвэл ярианы сэдвээ болгоод байдаг хүмүүс бий. Тиймэрхүү зүйлд би дургүй.
   
– Цаашдын зорилго юу байна вэ? Нийгмийн сайн сайхны чиглэлээр ажил хийх үү? Мисс гэдэг нэр хүндээ хэрхэн авч явахаа мэдээж төлөвлөсөн байх.
– Би ер нь тэмцээнд орох дургүй. Үе шат болгонд нь гоёж, гоодож очих хэрэг­тэй болдог. Би өөрөө тийм зүйлд ер нь жаахан дургүй талдаа болохоор дахиад ямар нэг тэмцээнд оролцоно гэсэн бодол нэг их алга. Заавал мисс гээд байхгүйгээр хувь хүнийхээ хувьд би хүссэн хэмжээний орлоготой болохоороо асрамжийн га­зар нээхийг хүсч байгаа. Тэр хүслээ биелүү­лэхийн тулд одооноос хичээж л байна. Хуучин хэрэглэдэггүй тоглоом, эд зүйлсээ одоо ч гэсэн би хандивын арга хэмжээнд өгчихдөг.
   
– Зорьсон, төлөвлөсөн зүйл юу байна вэ?
– Загвар бол их хатуу салбар. Чиний царай дэлхийд үнэлэг­дэхгүй бол тэгээд л ажилгүй болсон гэсэн үг. Яг тухайн үед чиний царай хэрэгтэй байвал аз таарна. Дээрээс нь маш олон зүйлийг чаддаг байх ёстой. Харилцаанаас эхлээд.
   
Мэдээж би ч гэсэн загвараас холдвол яах вэ гэдэг талаараа их боддог. Би бүх юмыг чаддаг байхыг л хүсч байна. Би нэг хэсэг өөрийнхөө гаргаж байгаа амжилтад оодроод, өөрийгөө аягүй мундаг амьтан гээд бодчихсон, том алдаа гаргаж байсан юм байна лээ. Одоо тэрийгээ ухаарсан. Миний нэг хүндэлдэг хүн байдаг юм. Тэр хүн байнга надад зөвлөдөг, ухаантай байх хэрэгтэй гэх мэтээр. Одоо би амжилтдаа ташуурч, цээжээ дэлдэхгүй зүгээр л их зүйлд суралцахыг хүсч байна.

– Цаг зав гаргаж ярилцсанд баяр­лалаа. Хүсэл, мөрөөдлөө заавал бие­лүү­лээрэй.

Эх сурвалж: Маш нууц

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.