Одоогоос 10 гаруй жилийн өмнө “Broken Angel”, “Pure love”, “Boro Boro”, “Temptation” зэрэг олон хит дуугаараа дэлхийн залуусыг байлдан дагуулж байсан иран гаралтай Шведийн алдарт дуучин Arash Монголд ирэх гэж байна.
Тодруулбал, Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж буй “Сонос” хөгжмийн фестивалийн зочин уран бүтээлчээр оролцох юм байна. БНХАУ, ОХУ, БНСУ, Казахстан, Иран, Монголын шилдэг 25 артист ирэх сарын 2-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тайзнаас монгол залууст уран бүтээлээ толилуулах аж.
Фестивалийн гол зочин болох азербайжан үндэстэй, иран гаралт, Шведийн дуучин, бүжигчин, жүжигчин, найруулагч Arash буюу Араш Лабафаже 1977 оны дөрөвдүгээр сарын 23-нд Ираны Тегеран хотноо мэндэлсэн байдаг. Түүний өвөг эцэг азербайжан үндэстэн байсан бөгөөд Arash ч төрөлх үндсээ байнга мэдэрдгээ онцлох дуртай. Тэрбээр 10 нас хүртлээ эцэг, эхийн хамт Тегеран хотод амьдарч, дараа нь гэр бүлээрээ Европруу цагаачилсан байна. 1980-аад оны сүүлээр тэдний гэр бүл Шведэд шилжин ирж, Араш Лабафаже овгоо Лабаф болгон өөрчилсөн юм.
14 настайдаа урлагийн ертөнцөд хөл тавьсан түүний хувьд энэтхэг болон швед кинонд зориулан хөгжим зохиож, найруулдаг аж. Түүний “Воrо borо” сингл 2004 онд Швед төдийгүй дэлхий дахинаа хамгийн урт хугацааны туршид хит болсон юм. Энэхүү амжилтын дараа түүнийг дэлхийг тойрох аялан тоглолт, Америкийн томоохон хотуудад төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцох урилга, Болливудын кино зураг авалт зэрэг тоолж баршгүй ажил угтжээ. 2005 оны гуравдугаар сард Араш анхны бие даасан “Аrash” цомгоо гаргав. Эл цомогт нь Шведийн нэрт реппэр Тимбуктутай болон Ираны дуучин Эби нартай хамтран дуулсан дуунууд багтсан байна.
Тэрбээр зөвхөн Иран, Шведэд уран бүтээлээ туурвисангүй, Оросын алдартнуудтай хамтарч хэд хэдэн дуу гаргасан юм. Arash цомгийн хуулбараа хэдэн сая ширхгээр хуулбарлан борлуулсан гэдэг. Дуугаа зөвхөн англи хэлээр ч бус дийлэнх шүтэн бишрэгчдээ зориулан фарси /орчин үеийн иранчуудын дийлэнхийн хэлээр дуулж чадсан нь жинхэнэ од болоход нь багагүй нөлөө үзүүлжээ. Араш чадварлаг хөгжмийн зохиолч гэдгээрээ мөн алдартай. Тэрбээр 2008 онд Европын хөгжмийн хамгийн том наадам “Евровидение”-д англиар бичсэн “Always” дуугаа сойсон нь гуравт жагсаж байсан юм.