Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, цаашид Монгол Улсыг нүүдлийн соёл иргэншлийн төв, тэргүүлэх улс болгон хөгжүүлэх зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль өнөөдөр Улаанбаатарт хотод “Нүүдэлчдийн ертөнц: Түүх, өв, соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эхэллээ. Чингис хаан Үндэсний музейд болж буй хуралд Их Британи, Бүгд Найрамдах Киргиз Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман улс зэрэг таван улсын 11 эрдэм шинжилгээний байгууллагын 12 судлаач, эрдэмтэд илтгэл тавина.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг наймдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд зохион байгуулна. Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилгоор бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу отог хэлбэрээр зохион байгуулах бөгөөд соёлын биет бус өвийн 780 хөтөлбөрт арга хэмжээ, үндэсний спортын 10 төрлөөр уралдаан, тэмцээнийг зохион байгуулахаас гадна наадмыг зорин очсон хүмүүст соёлын биет бус өвийн баялаг уламжлалтай танилцах, оролцон суралцах, мэдлэг, ур чадвар олж авах боломжийг бүрдүүлээд байна.
Дөрөв дэх удаагийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үеэр аймаг, нийслэлийн отог, “Соёлын өвийн өртөө” болон “Жуулчны хоолны гудамж”, “Жижиг дунд үйлдвэрлэлийн” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахын зэрэгцээ соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг тодорхойлох үзлэгийг үргэлжлүүлэн фестивальд оролцогч өвлөн уламжлагчдаас өвийн оршихуйд хамаарах мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах юм.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хөтөлбөрийг танилцуулья.
