-Та аль нутгийнх вэ. Бага насны дурсамжаасаа хуваалцаач?
-Би Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн. Багадаа бусдын л адил хурга, тугал хариулж, аргал түүж л өссөн дөө. Хужирт сумандаа дунд сургууль төгссөн. 1949 онд долдугаар ангиа төгсөөд Улаанбаатарт ирсэн юм. Тэр үед хөгжим, бүжгийн сургууль гэж байлаа. Хөгжим, бүжиг, балетын ангитай байсан. Тэр сургуульд шалгалт өгсөн юм.
Намайг шалгалт өгч байхад Ц.Цэгмид, Н.Цэгмид, Оюун гуай нар шалгалтын комист сууж байлаа. Би хөдөөнөөс ирсэн хүүхэд болохоор дуу дуулж, шүлэг уншихаас хэтрээгүй. Тэгээд л тэнцсэн юм байлгүй сургуульдаа явж эхэлсэн. Жүжиг ангид гурван жил суралцаад 1952 онд төгссөн юм. Манай ангийг Оюун багш удирдаж байлаа. Бидэнд уран чадвар, тайзын ярианы хичээл заадаг байсан. Тэгж л жүжигчин болсон доо.
-Малчин айлын хүүхэд яаж яваад Хөгжим, бүжгийн сургуульд шалгалт өгөхөөр болсон юм бэ?
-Хужирт суманд том амралт сувиллын газар байлаа. Дээр үед говийн аймаг, Улаанбаатараас хүмүүс ирж амардаг байсан юм. Тэр жил манай ахынх хүүхдийнхээ үсийг авсан. “Шунхлай” уулын ард манайх зусдаг байлаа. Миний ээжийн дүү Улаанбаатарт том алба хашдаг байлаа. Тэр зун манайд ирж амарч байсан юм. Гэтэл ахын хүүхдийн үсийг авахаар болсон ээжийн дүү морь хөтлөөд явсан юм. Гэтэл Ц.Цэгмид, Ичинхорлоо, Н.Цэгмид гуай эд нар Хужиртын амралтад амарч байсан юм билээ. Ах маань тэднийг таньдаг байж таарсан. Тэгээд дагуулаад ирэхгүй юу.
Жүжигчин хүмүүс гээд аав, ээжид танилцуулсан юм. Тэд чинь гэрт дуулж, хуурдаад, шүлэг уншаад л. Манай нутгийн хүмүүс ирээд, гэрийн хаяагаар суучихсан. Гадуур морьтой хүмүүс холхиод. Их гоё байсан. Тэр миний санаанаас огт гардаггүй юм. Би түүнийг сонсоод эдэн шиг жүжигчин болох юмсан гэж боддог болсон юм. Дунд сургуульд байхдаа дуу, бүжгийн дугуйланд явдаг байсан. Тэр бүхэн нөлөөлсөн байх. Тэгээд л Улаанбаатарт ирэхдээ ахдаа урлагийн сургуульд ормоор байгаагаа хэлсэн юм. Гэтэл ах маань “За яах вэ чи шалгуулаад л үз” гэсэн. Тэгж л шалгуулж байлаа.
-Анхны дүрээ хэрхэн бүтээсэн бэ?
-Оюун багш 1952 онд “Боловсролын атистат” нэртэй жүжиг тавьж байсан юм. Өөрөө орчуулаад, найруулсан. Энэ жүжигт тоглож, төгсөх шалгалтаа өгсөн юм. Бидний өмнөх жил төгссөн А.Очирбат, Д.Маамхүү, Цэрэнханд гээд 10 гаруй залуу жүжигчин оролцон тоглож байлаа. Тэр жүжигт би эрэгтэй хүүхдийн дүрд тоглосон. Жижигхэн биетэй болохоор Оюун багш тэр дүрд хуваарилсан байх. Ингэж л анхны дүрээ бүтээсэн юм.
Түүний Хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр ажиллах болсон. Б.Явуухулан гуайн “Нэг ангийнхан” жүжгийн ховч хүүхдийн дүрд тоглосон. Хоёр хүүхдийн дунд яс хаядаг, хүүхдийг ээж, аавд нь ховлодог тийм дүр байсан. Тэр л миний эмэгтэй хүүхдийн дүрд тоглосон ганц жүжиг байх. Түүнээс хойш би дандаа эрэгтэй хүүхдийн дүрд тоглосон. Э.Оюун багш “Рэнцэнхандаа чи жижигхэн биетэй.
Дандаа хүүхдийн дүрд тоглож байгаарай” гэж хэлж байсан. Би Хүүхэд, залуучуудын театрт ажиллаж байхдаа “Нэг ангийнхан”, “Ялалтын жигүүр”, “Улаан тэмдэг” гээд л олон жүжигт тоглосон. Мөн манай театр ан амьтны тухай жүжиг тоглодог байсан. Би бүжин, бамбарууш, янзага гээд нялх амьтны дүр бүтээдэг байсан. Хүүхэд, залуучуудын театрт 35 жил ажилласан даа. Дунд хоёр жил Ховд аймгийн театрт ажилласан байх. Тэр хоёр жилд нэлээд олон жүжгэнд тоглож байсан.
-Анхны жүжгээсээ эхлээд л хүүхдийн дүр бүтээсэн юм байна. Том хүн хүүхдийн дүр бүтээх ямар байсан бэ?
-Хэцүү л дээ. Тухайн дүрээ судлана, зохиолдоо уусна гээд л. Гудамжаар явахдаа энэ ямар хүүхэд үү, тэр хүүхэд ингэдэг юм байна гээд л хардаг байлаа. Жүжигчин бол хаа явсан газартаа дүрийн судалгаа хийдэг шүү дээ.
1972 онд Хүүхэд, залуучуудын театр эмнэлэг эмнэлэгийн ордонд байсан юм. Тэр Сугар найруулагч “Бяцхан найз”, “12 сар” гээд л олон жүжиг тавьж байсан. Нэг удаа саальчдын тухай жүжиг тавихаар болдог юм байна. Надад 50 гаруй настай авгайн дүр өгдөг юм байна. Анх удаа том хүний дүрд тоглож байгаа нь тэр.
Би үргэлж л хүүхдийн дүрд тоглож байсан болохоор хурдан хэлж, явдаг байсан байх. Тэгсэн Сугар найруулагч “Та наад явдлаа жаахан янзлаач, болохгүй байна шүү. Дүрдээ орооч” гээд л аашилж байлаа. Үргэлж хүүхдийн дүрд тоглосоор байгаад түүндээ уусчихдаг юм билээ. Тэтгэвэрт гарсанаасаа хойш нэлээд хэдэн кинонд эмээ, ээжийн дүр бүтээсэн шүү харин.
-Тэтгэвэрт гарснаасаа хойш нэлээд хэдэн кинонд тоглосон гэсэн. Залуудаа кинонд тоглож байгаагүй юм уу?
-Миний анхны тоглосон кино бол “Нэг ангийн хоёр”. Х.Дамдин найруулагч найруулсан юм. Тэр кинонд цэвэрлэгч авгайн дүрд тоглосон. Түүнээс хойш 1977 онд “Бошхүүгийн үлгэр” кинонд тогоогоо даахгүй эмгэний дүрд тоглож байлаа. Ардын зураач Цогзол бид хоёр урлагийн сургуульд хамт сурч байсан.
Тэгээд л намайг авч тоглуулсан. Түүнээс тэтгэвэрт гартлаа кинонд тоглоогүй. Харин тэтгэвэрт гарснаас хойш кино хийж байгаа залуус “Ренцэнханд гуай тийм дүрд тоглоод өгөөч” гээд л гуйдаг юм. Би ч цааргалаад байлгүй тоглоод л явж байна.
-Алтан үеийн жүжигчидтэй ойр дотно байсан биз?
-Гурван театр цуг байхад Муухай Пүрвээ гуай, Лоовой гуай гээд олон алдартай хүнтэй хамтарч жүжиг тоглож байсан. Тэр үед драмын театрт ажиллаж байсан бүх л жүжигчинтэй ойр дотно байлаа. Драмын театрынхан “Отелла”, “Шинэ зам” жүжиг тоглолоо гэхэд бид оролцдог.
Дуурийнхан “Учиртай гурван толгой” тоглоход бас оролцдог байсан. Олны хэсэгт гарна. Гурван театр зэрэг тоглолттой болохоор жүжгээ давтах тайз олдохгүй. Хүүхэд, залуучуудын театрын жүжигчид шөнө цугладаг. Хүмүүс өглөө ажилдаа явж байхад бид тараад явдаг байлаа. Ядарлаа энээ тэрээ гэж ер ярьдаггүй байсан. Жүжгээ сайн тоглохын төлөө үнэн сэтгэлээсээ хичээдэг байсан.
-Жүжигчин бүрт тоглож үзэхсэн гэж хүсдэг дүр байдаг даа?
-Би Хүүхэд, залуучуудын театрт байхдаа бүх жүжигт нь тоглож байсан. Тийм болохоор тоглохыг хүсдэг дүр байгаагүй. Найруулагчийнхаа өгсөн дүрд л тоглодог байсан.
-Та жүжиг, киноны аль алинд нь олон дүр бүтээсэн. Тайз, дэлгэцийн бүтээлд тоглохын аль нь хэцүү вэ?
-Тайзны бүтээл харьцангуй амар гэж болно. Өнөөдрийн алдаагаа маргааш нь засаад тоглож болдог. Кинонд тэгдэггүй. Нэг л зураг аваад дууссан бол тэгээд л өнгөрөө. Алдаагаа засах ямар ч арга байхгүй. Арчаад засалтай биш.
-Тэтгэвэрт гарсанаасаа хойш бүтээсэн дүрүүд чинь эмээ, ээжийнх байдаг. Өөрөө ээж, эмээ болсон хүнд тийм дүр бүтээх нь хүүхдийн дүр бүтээхээс илүү ойр байсан уу?
-Ойр байлгүй яах вэ. Настай хүн юм чинь эмгэнд тоглоход амархан шүү дээ. Өөрийнхөө байгаагаар л тоглож байгаа юм чинь. Нэг их жүжиглэх гээд байх шаардлага гардаггүй юм.
-Хамгийн сайн бүтээсэн дүр чинь юу вэ. Магадгүй тэр дүрийг бүтээсэн дээ бахархаж явдаг байх?
-Чимэддорж найруулагчийн найруулсан “Хүлээх газар” киноны Хадаасны эмгэний дүр надад их сайхан санагддаг юм. Тэр кинонд олон сайхан жүжигчин тоглосон. “Гэгээн муза” наадмаас Х.Дамдин хоёр шагнал авахад “Хүлээх газрын хоёр энд уулздаг юм байжээ” гэж хошигнож байна лээ. Х.Дамдин тэр кинонд их сайн тоглосон шүү дээ.
Нэг хэсэг манай энэ хавийн хүүхдүүд намайг “Хадаасны эмээ” гэж дууддаг байсан. Тийм болоод ч тэр үү энэ дүрээр бахархах сэтгэл төрдөг юм. Мөн “Зүрхэн шивнэсэн үг”, “Жинжиймаа” кинонд сайн тоглосон. Хамгийн хачирхалтай кинонд бүтээсэн миний дүрүүд дандаа үхдэг юм.
“Жинжиймаа”, “Хүлээх газар”, “Тэнхээтэй сэтгэл”, “Бух дагдан” гээд л кино бүрийн дүр маань үхдэг юм. Ямар сайн даа Дашхүү “Ренцэнханд эгч хэчнээн кинонд үхэж тоглож байна аа” гэж байна. “Дөрөв, тав л болж байх шиг байна даа” гэсэн “Тэгээд үхдэггүй ээ” гэж тоглож байх вэ дээ.
Сүүлд “Гал хам” гэдэг кинонд тоглуулъя гэж нэг хүүхэд ирсэн юм. Тэгээд “та дулаан хувцасаа аваарай” гэсэн. Би гайхаад “хүү минь ямар кинонд тоглуулах гээд байна вэ” гэтэл хоригдлуудын тухай кино байсан юм билээ. Гэтэл манай ач “Эмээ та чинь эсвэл үхэж байдаг. Өөр юм олддоггүй юм уу” гэж байж билээ.
-Хүүхэд, залуучуудын театрыг Б.Нямгаваа найруулагч үгүй хийсэн гэдэг. Тэр театрт ажиллаж байсан ахмад жүжигчид их харамсдаг юм билээ?
-Харамсалгүй яах вэ. Хүүхэд, залуучуудын театр 1952 оны тавдугаар сарын 12-нд “Цасан хүү” гэдэг жүжгээр ахны хөшгөө нээж байсан юм. Одоо энэ таван сард 60 жил нь болох гэж байгаа шүү дээ. Хүүхэд, залуучуудын театрын билетийг хотын сургуулиуд хуваарь хуваариараа худалдаад авчихдаг байлаа.
Үдээс өмнө бага анги, үдээс хойш том анги нь үздэг. Хүүхэд, багачууд театрын гадаа шуугилдаад гоё байсан. Зарим театрт ажиллаж байсан үеэ боддог л юм. Хүүхэд гэдэг жүжигчидтэй хамт амьдардаг, жүжгэнд уусдаг. Ан амьтантай жүжиг үзээд, чоно гараад ирэхээр “цаана чинь чоно гараад ирлээ цугтаагаарай” гэнэ. Муу хүүхдийн дүрд тоглохоор юм шиднэ.
Хөдөө бригадаар явахаар өдөрт гурав, дөрвөн удаа тоглоно. Хөдөө явах бригадыг Авирмэд гуай ахалдаг. Төлөвлөгөө нормоо үргэлж давуулан биелүүлдэг байсан. Хавар, намар 30 хоногоор явдаг. Хаваржин хөдөө яваад ирэхэд царай ороод л ирдэг байлаа. Цэвэр агаар, хүүхдийн цовоо дуунд сэтгэл тэнүүн байдаг байсан болохоор тэгдэг байх л даа.
-Албан байгууллагууд баяр, ёслолоор ахмадуудаа хүлээж авдаг. Хүүхэд, залуучуудын театр байхгүй болохоор эвгүй байдаг биз?
-Театр тарсаны дараа бөөн бужигнаан болж байгаа юм чинь. С.Төмөрбаатар театраа тараахгүй гэж нэлээд хөөцөлдсөн ч бүтээгүй. Тэгээд л орох орон, оочих аягагүй боллоо гээд бие бие рүүгээ утасдаад, халаглаж байлаа. Гэтэл нэг өдөр Драмын театр биднийг хүлээж авахаар болсон юм.
Одоо бол өөрсдийнхөө ахмадуудтай адилхан л хүлээж авдаг. Ахмадын баяр, цагаан сар, шинэ жилээр хүлээж аваад, баярлуулдаг юм. Бидэнд ингэж сайхан ханддагт нь Н.Сувд, Цэрэнсамбуу хоёрт маш их баярладаг шүү. Манай театрыг Б.Нямгаваа устгачихсан, бид очих газаргүй байсан. Тэр үед биднийг өөрийн театрын ахмадууд шиг хүлээж авсан хүмүүст баярлахгүй гээд ч яах юм билээ.
-Хүүхэлдэйн театр сэргээд, сайхан сайхан жүжиг тоглож байна. Та жүжгийг нь үзэж байгаа юу. Хүүхдийн дүр олон жил бүтээсэн хүний хувьд дүгнэлт өгдөг л байлгүй?
-Хүүхдийн төлөө уран бүтээл хийж байгаа ганц газар нь Хүүхэлдэйн театр л байна. Гэхдээ би сүүлийн хэдэн жил хүүхдийн жүжиг үзээгүй юм байна. Тийм болохоор тийм, ийм гэж хэлж чадахгүй юм. Драмын театртай л ойр байж, жүжиг, тоглолт үздэг юм. Харин Драмын театр маань жүжгийнхээ олны дүрд ч болов биднийг тоглуулдаг бол онгироод л давхиад байхсан.
-Таныг Гавьяат жүжигчин гэж бодож байсан үгүй юм байна шүү дээ?
-Би 1984 онд Соёлын тэргүүний ажилтан болсон. Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медаль л авч байсан.
-Хүүхэд, залуучуудын театраас Гавьяатад тодорхойлж байгаагүй юм уу?
-Үгүй. Бидний үед шагнал урамшлыг их хатуу өгдөг байлаа. Гэр бүл, үр хүүхэд нь сайн уу, муу юу гээд л. Манай театрын 30 жилийн ойгоор л хэдэн хүн гавьяат болсон. Түүнээс хойш гавьяат болсон хүн байхгүй.
-Одоо тодорхойлвол гавьяат цол авах байлгүй дээ?
-Ёстой мэдэхгүй юм.
-35 жил театрт ажилласан хүнд өгөөгүй гавьяатаа хэдхэн жил дуулсан дуучинд өгөх юм. Цол, тэмдгээ өгвөл өгөхөөр олон хүн байна. Түүний нэг нь та яах аргагүй мөн. Төр засгийн нүд, чих гэж байхгүй болж. Энэ тал дээр юу гэж боддог вэ?
-Надад гавьяат цол өгсөнгүй гэж гомдоод байх юу байх вэ. Театр ажиллаж байх үед өгөөгүй юм чинь одоо өгөхгүй байлгүй.
-Таныг Ардын жүжигчин, УГЗ Д.Мяасүрэн гуайн эхнэр гэдгийг хүмүүс мэдэх байх. Нөхөртэйгээ яаж танилцаж байв даа?
-Хүүхэд, залуучуудын театр, Драм, Дуурын театр нэг байранд байлаа. Одоо энэ дуурийн театрт байрладаг байсан юм. Манай театр нэг том өрөө, нэг жижиг өрөөтэй. Д.Мяасүрэн 1950 онд Санхүүгийн сургуулиас шалгарч, дуурьт найрал дуучнаар ажиллаж байлаа. Тэнд л танилцаж байсан. Бид хоёрын амьдрал Дуурийн театраас л эхэлж байлаа.
Дөрвөн хүүхдийн эцэг, эх болсон. Том хүү маань Орос, Киевт цэргийн сургууль төгссөн. Хурандаа цолтой. Цэргийн ангийн захирагч хийж байгаад өнгөрсөн жил тэтгэвэртээ гарсан. Гэхдээ одоо Батлан хамгаалах яаманд ажиллаж байгаа. Түүний удаах охин Нийслэлийн цагдаагийн газарт ажиллаж байгаа.
Дэд хурандаа цолтой. Гурав дахь охин маань Бунтартай цуг найруулагчаар төгссөн. Гэхдээ одоо мэргэжлээрээ ажиллахгүй байгаа л даа. Ач, зээ нараас минь төгөлдөр хуурч, жүжигчин гарах л юм шиг байна. Ийм л өнөр өтгөн айл болсон байна даа.
-Д.Мяасүрэн гуай дуучин байсан хэрэг үү?
-Эхэндээ найрал дуучин байлаа. Сүүлдээ ЗХУ-д Хөгжмийн дээд сургуульд суралцаж ирээд, Филармонид удирдаач хийдэг байлаа. Сүүлдээ Цэргийн дуу, бүжгийн чуулгад байх даа “Жаран хар”-ыг байгуулж байсан юм. “Жаран хар” гадаад, дотоодын концертод олон удаа тоглосон.
Бүх тоглолтод нь орж байсан. “Жаран хар” гэж нэрлэсэн нь их сонин түүхтэй. Ц.Гайтав гуайн “Миний эх орон” дууг өвгөн бичсэн юм. Ц.Гайтав гуай дуугаа сонсохоор өглөө эрт Цэргийн дуу, бүжгийн чуулга дээр очиж. Гэтэл Д.Мяасүрэн “Чи чинь үүрийн хар хэрээ шиг яасан эрт явах юм” гэж хэлсэн байгаа юм.
Гэтэл Ц.Гайтав гуай “Аан тийм үү. Тэгвэл чи чинь жаран харын ганц цагаан хэрээ нь юм байна шүү дээ” гэж хэлсэн гэж байгаа. Буурал толгойтой болохоор нь тэгж шоглож байхгүй юу. Тэгээд л “Жаран хар” гэж нэрлэсэн юм. Одоо “Жаран хар”-аас 20-иод хүн л амьд сэрүүн байна даа. Би өнгөрсөн жил тоглоход очиж үзсэн. Их сайхан дуулцгааж байна лээ.
-“Жаран хар”-ын дуучидтай найзууд байсан байх. Тэр үеийн сайхан дурсамжаас хуваалцвал?
-Манайхаар байнга орж гардаг байсан. Одоо “Жаран хар”-ын буурийг Хишигбаяр, Батсүх хоёр сахиж үлдсэн байна. Батсүх гэдэг хүү чинь манай өвгөний хүүдээ зориулж бичсэн “Цэргийн хүүгийн бодол” гэдэг дууг дуулж анх гарч ирж байлаа.
-Д.Мяасүрэн гуай хэчнээн дуутай вэ?
-1000 гаруй дуутай гэж ярьдаг юм. Түүнээс гадна ардын болон сонгодог хөгжмийн найруулга олныг хийсэн. Өнгөрсөн жил “Итгэлийн дуу” дууныхаа түүврийг гаргасан.
-Урлагийн хүмүүс гэр бүл байх ямар байдаг вэ?
-Зөрөөд урлагийн бригадаар явдаг байсан. Хоёулаа урлагийн хүн болохоор бие биеэ ойлгодог юм. Урлагийн хүний хань байх сайхан. Тэр дундаа яруу найрагч, хөгжмийн зохиолчийн хань бол анхны сонсогч нь байдаг.
Д.Мяасүрэнг хөгжмөө бичээд л сууж байхад нь галын өрөөндөө юмаа хийж байгаа сонсдог. Ямар нэгэн дууны аянаас давтагдаад орох юм бол мэдэгддэг байхгүй юу.
“Өө энэ чинь тийм дууны аянаас орчихсон байна шүү дээ” гээд л хэлнэ. Манай өвгөн “Өө тийм үү” гээд л засдаг юм. Олон хөгжим бичсэн болохоор давтах гээд байдаг юм. Тийм болохоор анхны сонсогч, шүүгч нь гэр бүлийн хүн байдаг юм.
-Алтны дэргэд гууль шарлана гэдэг дээ. Хөгжмийн зохиолчийн дэргэд насаараа амьдарч байгаа болохоор хөгжмийн өндөр мэдлэг, мэдрэмжтэй болно биз?
-Дуунуудыг нь бүгдийг нь мэднэ. Хөгжмөө бичээд сууж байхад нь ийм алдаатай байна гэдгийг нь хэлээд өгчихөөр хэмжээнд ойлгодог юм. Дуугаа зохиочихоод хэнд өгөх вэ гээд л асуудаг. Тэр яасан юм, тэрний хоолойд тохирох юм бишүү гээд л хэлдэг л юм.
-Ахмад үеийн жүжигчдийн ихэнх нь л ядруу амьдардаг гэдэг. Таны амьдрал хэр байна даа?
-Бидний үед урлагийнхны цалин бага байсан. Урлагийн сургууль төгсөж ирээд театрт ороход 250 төгрөгийн цалин өгнө. Их сургууль төгссөн жүжигчний цалин дээд тал нь 500 төгрөг байлаа. Одооных шиг ингэж чөлөөтэй уран бүтээл хийдэг байсан бол урлагийнхан баяжих байсан байх аа.
Гэхдээ цалин муутай ч гэсэн урлагт хайртай, бүтээж туурвиж чаддаг байсан. Бор зүрхээрээ л амьдарч явсан даа. Миний амьдрал сайхан л байна. Сайн хань, үр хүүхдийн буянд жаргаж байгаа.
Эх сурвалж: mminfo.mn