“Хөгжим, хөгжимчин хоёр бие биеэ олох гэж байдаг” юм гэж олон жилийн өмнө хэн нэгний амнаас сонсч байсан юм. Үнэнийг хэлэхэд хэн ингэж хэлснийг санадаггүй. Харин уран бүтээлчдийн тоглолт үзэж, бахархаж биширч, заримдаа шүүмжлэлтэй хандаж өөрөө өөртэйгөө ярилцаж явахад энэ үг хааяа орж ирдэг. Саяхан болж өнгөрсөн Ф.Шопены нэрэмжит төгөлдөр хуурчдын олон улсын уралдааны “В” буюу 17 хуртэлх насны ангилалд хоёрдугаар байр эзэлсэн Ү.Уртнасан охин төгөлдөр хуур хөгжимдөө үнэн сэтгэлээс дурласан санагддаг юм. Өөрөө ч төгөлдөр хуургүйгээр байж чадахгүйгээ хэлж байсан. Тэрбээр хичээл зүтгэлтэй, шулуун шударга зантай. “Сонгосон мэргэжлээ хэзээ ч юугаар ч солихгүй” гэж бардам ярих түүнийг ярилцлагад урьлаа.
-Сурлага сайн, уран бүтээл өндөр үү?
-Сайн. Хичээлдээ яваад л, шалгалтдаа бэлтгээд л байна.
-Чи төгсөх анги байх аа?
-Одоо 11 дүгээр анги төгсөх гэж байна.
-Тэгэхээр коллеждоо дахиад дөрвөн жил сурч байж тусгай мэргэжилтэн болох уу?
-Тэгнэ. Бас цаашаа суралцана.
-Ф.Шопены нэрэмжит төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн. Үзэгчдийн таашаал хүртсэн тоглоочоор тодорч, үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн тэр мөч сайхан байсан уу?
-Гоё байсан. Тэр мөчийг хэзээ ч мартахгүй байх. Үүнийг санаачилсан “Тод арт” агентлагийн захирал Б.Сэргэлэн эгч, ивээн тэтгэсэн Табая гламур бутик”-ийн Ё.Байгаль эгч нартаа их баярлаж байгаа. Гэхдээ эхлээд бол гайхсан. Миний нэрийг дуудаад урт том даашинз авчраад өгчихөөр нь гайхаж юу хэлэхээ мэдэхгүй, дэмий л “Баярлалаа” гээд авсан. Харин дараа нь нэг л гоё санагдаад байсан.
-Тайзан дээр зогсч байсан, ер нь тэр танхимд байсан хүмүүсийн хэн нь ч ийм шагнал байх юм гэж бодоогүй байсан болов уу?
-Харин тийм, бодоогүй байх.
-Тоглох болохоороо өмсөөд гараад ирэхэд үзэгчид инээлдсэн. Тэгэхэд ямар санагдсан бэ?
-Би хормойгоо өргөөд, бараг урдаа цуглуулж бариад гарч ирсэн болохоор инээдтэй харагдсан байх. Их урт, хормой нь том дэрвэгэр, материал ихтэй юм билээ. Төгөлдөр хуурынхаа ард суугаад хумьж янзалж аваад л тоглосон доо.
-Хөгжим бүжгийн коллежид сурч байгаа хүүхдүүдийн хооронд мэдээж уран бүтээлийн өрсөлдөөн байдаг. Тиймгүй бол сайжирч, өсч дэвжихгүй байх. Өрсөлдөгч хүүхдүүдийн хэн нь мэргэжилдээ сайн бэ гэдэг нь ураддаанаар харагдана биз?
-Харагдана. Гэхдээ уралдаан бас бүхнийг шийдэгч гэж хэлж болохгүй байх. Маш сайн тоглодог хүүхэд тухайн өдөр бие, сэтгэл санааны байдлаас болоод тааруухан тоглочих нь байна. Тэр мөчид тааруу байсан гэдэг нь ер нь сайн биш гэсэн үг биш. Гэхдээ л уралдаан чухал.
-Чи өмнө нь уралдаанд хэр олон удаа оролцож байв?
-Түрүү жилийн арваннэгдүгээр сард ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит төгөлдөр хуурчдын насны ангилалгүй уралдаанд оролцож гуравдугаар байр эзэлсэн.
-Насны ангилалгүй гэхээр хэдэн ч настай, ямар ч туршлагатай хүмүүстэй нэг тайзнаа өрсөлдөнө гэсэн үг үү?
-Тийм. Ер нь 2008 оноос эхлээд тасралтгүй уралдаанд оролцож байна. Бидэн шиг тусгай мэргэжлийн боловсон хүчин болох хүмүүст уралдаан их тустай. Өөрөө тоглож, бусдыг сонсч, алдаа оноогоо харж авдаг. Монгол ч бай, гадаад ч бай хүүхэд бүрийн тоглолтоос ихийг мэдэрч болно. Мөн багш бид хоёр тэр хүмүүсийн хаахна явна вэ гэдгээ мэдэж авдаг.
-Танай багш Монгол Улсын гавьяат багш, дэд профессор Ч.Тунгалаг. Та хоёр их сайн ойлголцдог уу?
-Сайн ойлголцдог. Би багшаа магтмаар байна. Миний багш хамгийн чадварлаг, хамгийн сайхан сэтгэлтэй эмэгтэй. Миний хоёр дахь ээж. Надад байнга зөвлөдөг. Намайг хайрлаж халамжилдаг. Багш маань надад гоё гоё юм ярьж өгдөг л дөө. Нэг удаа ярьсныг нь ерөөсөө мартдаггүй юм. “Хөгжимчин хүн хөгжмөө сайн тоглохоос гадна дотор сэтгэлтэй, дотоод ертөнцтэй байх ёстой. Ийм байж хөгжимчин болно” гэж хэлсэн. Мартахын аргагүй үгс, үргэлж санаж явах сургаал гэж боддог. Нэгдүгээр ангиасаа л багшийнхаа шавь болсон. Заах арга барил техник зааж хэлж байгаа нь гарын тавил гээд бүх юм нь төгс. Би тэгж боддог юм. Мэдлэг, чадвар, ер нь бүх юмаараа миний багшийг гүйцэх хүн энэ дэлхийд байхгүй ээ.
-Танай аав дуурийн гоцлооч, гавьяат жүжигчин Х.Үнэнхүү. Ээж нь бас соёлын сургуулийг хөгжмийн мэргэжлээр дүүргэсэн, одоо 31 дүгээр сургуульд хөгжмийн багшаар ажилладаг Ц.Болормаа. Танай гэрт дуу, хөгжмийн тухай яриа болохгүй өдөр гэж байх уу?
-Ер нь л бараг байхгүй дээ. Яагаад гэхээр урлаг манай амьдрал юм чинь. Аав ээж хоёр ажлынхаа тухай ярьсан ч дуу, хөгжмийн урлаг, миний тухай, дүүгийн тухай ярина. Хичээл сургууль, гэрийн даалгавар, мэргэжил, давтлага гээд ярихаар урлагийн л сэдэв болоод ирнэ. Мэдээж гэртээ цугтаа байхдаа, хоолны ширээний ард ч юм уу өөр зүйлийн талаар ярина л даа. Манай дүү бас ХБК-ийн сурагч болж байгаа.
-Дүү нь хэдэн нас хүрч байна. Юуны ангид орсон бэ?
-Энэ жил зургаатай. Төгөлдөр хуурын ангид элссэн. Мэргэжлийн багш нь Наранцэцэг.
-Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбат багшийн гэргий юу?
-Тийм.
-Тэгвэл танайхан үнэхээр гэр бүлээрээ урлагийн хүмүүс болжээ…
-Энэ бол миний бахархал. Ер нь манайхан аавын талаас ч, ээжийн талаас ч урлагийн хүн олонтой. Хэн хэн урлагт хүчин зүтгэж байв, одоо ч ажиллаж байгаа талаар хэлж өгөх үү.
-Тэг л дээ…
-Манай аавын аав нь Цэргийн ансамблийн “Жаран хар”-ын нэг Л.Хайчинхүү гэж хүн байсан. Аавын дүү нь УДБЭТ-ын найрал дууны ангийн дуучин Х.Үнэнзаяа. Ээжийн маань аав Цэргийн ансамбльд фагот хөгжимчин байсан Цолмон. Ээжийн өвөө нь бас урлагийн хүн. Жүжигчин “Сайхан Пүрвээ” гэж авгайлдаг байсан юм билээ. “Цэрмаа, чиний уруул дээрх мэнгэ чинь тун сайхан зохижээ” гэдэг өвөө.
-Тийм үү. Нээрэн урлагийн хүн олонтой юм байна шүү…
-Энэ олон урлагийн хүн дотор төгөлдөр хуурч байхгүй байсан, тэгээд ч би багаасаа өөрөө хүссэн болохоор намайг энэ ангид оруулсан. Би аавтайгаа нэг тайзан дээр гарахыг мөрөөддөг байсан юм. Тэр мөрөөдлийнхөө зах зухаас биелүүлж эхэлсэн.
-Яаж?
-Аавтайгаа тайзан дээр цуг гарсан. Манай сургуульд цөөхүүл хөгжмийн концерт мейстерийн уралдаан болсон юм. Түүгээр би төгөлдөр хуур тоглож, аав дуулж оролцоод түрүүлсэн. “Фиеско” дуурийн Фиескогийн аригаар оролцсон л доо.
-Аав нь хэр сайн зөвлөгч вэ?
-Маш сайн зөвлөгч. Сая болсон Шопены уралдаанд оролцогчид Х.Мөнх-Ертөнц багшийн, ардын дуунаас сэдэвлэсэн “Гоолингоо” зохиолыг нь тоглосон. Түүнийг сурахаар давтаж эхэлсэн хойноо ч гэсэн би энэ муу ёрын дуу гэсэн ойлголттой байлаа. Тэгээд ааваас учрыг нь асуухад “Үгүй ээ, ерөөсөө муу ёрын дуу биш, харин харууссан өнгө аястай дуу” гэж тайлбарлаж өгсөн. Тоглохыг маань сонсоод “Чи наадахаа амилуулж тогло оо. Нэг л хөлдүү болоод байна. Дуугаа өөртөө, дотроо дуул. Түүнийгээ гараараа, хөгжмөөрөө дамжуулж гарга” гэж зааж өгсөн. Хамтдаа бүтэн цаг суусан шүү. Аав ингэж зааж өгсөн нь их хэрэг болсон.
-Олон жил ганцаараа явж, хожуу дүүтэй болсон айлын эрх охин гэж бодвол буруудах нь ээ. Аав ээжийнхээ зөвлөгөөг авдаг ухаантай уран бүтээлч охин шиг сэтгэгдэл төрж байна…
-Одоо юу гэж эрхлэх вэ. Миний хамгийн хайртай хүн бол миний аав. Тиймээс аавынхаа үгэнд сайн орно, зөвлөгөөг нь дандаа авна
-Танай аав багшаа хүндэлж дээдэлж явдаг болохоор нэрийг нь охиндоо өгсөн гэж ойлгосон. Энэ талаар сонирхуулж яриач?
-Тийм ээ. Би төрснөөсөө хойш нилээд удаан нэргүй явсан гэсэн. Аав ээж хоёр ямар нэр өгөхөө шийдэж чадахгүй байсан юм уу, ямар ч л байсан нэлээд удсаны дараа аав “Уртнасан эмээ шигээ сайн дуучин болоорой” гэж шивнээд надад ийм нэр өгсөн гэсэн. Уртнасан багшийг аав “Багш” гэж дууддаг ч тэр үед “Эмээ” гээд хэлчихсэн гэнэ ээ. Түүнээс хойш манай гэрийнхэн багшийг “Эмээ” гэж авгайлдаг болсон юм. Аав өөрөө дуучин хүн болохоор охиноо дуучин болж магад гэж бодсон юм шиг байгаа юм. Аавын эмээ нь “Энэ хүүхдэд нэр өгөхгүй бол болохоо байлаа” гэж шавдуулснаар би ийм нэртэй болсон (инээв).
-Тэгэхээр ардын жүжигчин Х.Уртнасан багш өөрийнх нэрийг бэлэгшээж өгсөн болохоор чамайг бараг л охиноо гэж бодож, сайныг ерөөж явдаг биз ээ?
-Тийм ээ, Х.Уртнасан багш надад их хайртай. Би ч гэсэн хайртай. Ямар нэг уралдаанд орох боллоо гэхэд өглөө нь заавал очиж үнсүүлдэг. Бас амжилтынхаа тухай дандаа мэдээлдэг.
-Адис авч байгаа юм шиг үнсүүлдэг байх нь ээ?
-Очмоор санагдаад байдаг юм. Бид бас цагаан сараар очиж золгодог. Гэхдээ би яг зэрэгцэж суугаад л удаан ярьж хөөрч байсан удаа бараг байхгүй. Үг сургаалыг нь сонсоод л, сэтгэлдээ тээгээд явж байдаг юм. Гол нь “Манай хүүхэд сайн хөгжимчин болох ёстой шүү” л гэдэг дээ. Би ч хичээж л явна.
-Чи Орос-д хэсэг сурсан гэсэн үү?
-Москвад П.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн төв сургуульд хэлний бэлтгэлд суугаад ирсэн. Эндээ сайн сураад хуваарь авч очиж сурна гэж боддог.
-Тэгэхээр чи хөгжимчин болохоор бүрмөсөн шийдсэн, юу ч болж байсан, ямар ч бэрхшээл тулгарсан мэргэжлээсээ урвахгүйгээр шийджээ?
-Тэгсэн. Тайз бол миний амьдрал байх болно. Нээрэн би дөрвөн настайдаа анх тайзан дээр гарсан юм байна.
-Яаж тэр вэ?
-”Чио Чио Сан” дуурийн Чио авхайн хүүхэд болж байлаа. Тэгэхэд Чио авхайд одоогийн ардын жүжигчин Б.Жавзандулам эгч тоглож байсан.
-Тэгвэл “Тайзан дээр хэлд, хөлд орсон юм байна” гээд хэлчихэд буруудахгүй юм биш үү?
-Болно оо. Би Дуурийн театрт өссөн.
Р.ОЮУНЖАРГАЛ/Өдрийн шуудан/