Дэлхийн 40 гаруй оронд амжилттай зохион байгуулагддаг харилцааны урлагийн өвөрмөц арга
хэмжээ болох “Реклам залгигчдын шөнө” шоу энэ оны аравдугаар сарын 25-нд Монголд албан ёсны
эрхтэйгээр Corporate & Convention Centre-д болох гэж байна.
Манай улсад уг шоуг анх 1999 онд зохион байгуулж байсан бөгөөд энэ удаагийн арга хэмжээг
тухайн үеийн санаачлагч, продюсер Ж.Буд-Эрдэнэ ахалж байна. Түүнтэй ярилцаж, багахан түүх
сөхлөө. Хамгийн сонирхолтой нь, 1999 онд Парист болсон “Реклам залгигчдын шөнө”-ий арга
хэмжээ болон аяллын архивын бичлэгийг бид энэ ярилцлагын дор хавсаргалаа.
Та бүхэн тухайн үеийн уур амьсгал, хөгжилтэй мөчүүдийг сонирхон үзээрэй.
– Та 1999 онд “Реклам залгигчдын шөнө”-ийг Монголд анх удаа зохион байгуулсан. Францад
үзсэн туршлага тань ихээхэн сэтгэгдэл үлдээсэн гэж ярьж байсан…
– 1999 онд манай Рекламны ассоциацынхан Жан-Мари Бурсико болон “Синематек” сангийн
урилгаар Парист болсон “Реклам залгигчдын шөнө”-ий нээлтэд оролцсон юм. Энэ шоу уламжлал
ёсоор жил бүр Парист хамгийн түрүүнд нээлтээ хийдэг. Тухайн үед “Синематек” сан нь Парисын төвд байрлах алдарт “Рекс” кино театрт байсан бөгөөд дэлхийн хамгийн том рекламны кино
хальсны санг хадгалж байдаг газар байлаа.
Жан-Мари Бурсико хүүхэд наснаасаа реклам цуглуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр дэлхийн хамгийн
арвин, үнэ цэнтэй цуглуулгатай хүн болсон. Тэрээр 1981 оноос хойш “Реклам залгигчдын шөнө”-
ийг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн байдаг. Монголд бид ч мөн 1999 онд анх удаа таван
цагийн хөтөлбөртэйгөөр уг шоуг хийж байлаа.
Францад уг шоу шөнийн 22:00 цагт эхэлж, өглөөний 05:00 цагт өндөрлөдөг. Нэрнээсээ харахад
жинхэнэ “шөнийн” арга хэмжээ. Харин Монголд бид үзэгчдийн онцлогт нийцүүлэн 17:00 цагт
эхлүүлж, 22:00 цагт дуусгаж байв.
– Гэрийнхээ зурагтаар реклам үзэх дургүй хүн олон байдаг. Гэтэл дөрөв, таван цагийн турш
зөвхөн реклам үзэхээр хүмүүс очдог нь сонирхолтой санагдаж байна…
– Өмнө нь үзэж байсан хүмүүс мэднэ дээ. Энд үзүүлж буй реклам бол зүгээр нэг сурталчилгаа
биш, урлагийн бүтээл болсон байдаг. Зарим нь бүр богино хэмжээний кино шиг өрнөлтэй,
найруулгатай.
Сүүлийн жилүүдэд YouTube, сошиал медиа хөгжсөнөөр гурван, дөрвөн минут үргэлжлэх, бараг л
бүрэн хэмжээний богино кино мэт реклам хийх боломжтой болсон. Франц, Итали, Испани, АНУ
болон Европын бусад орны реклам үнэхээр өндөр түвшинд бүтээгддэг.
– Франц дахь шоуны хамгийн содон зүйл юу байв? Монголчууд ямар рекламтай очсон бэ?
– Бид Монголын зарим реклам авч очсон. Тухайлбал, “Чингис” шар айраг, “Жуулчин” компанийн
рекламыг танилцуулж байлаа. Францын залуус аргагүй л доргио, сэтгэл хөдлөлөө ил гаргадаг
хүмүүс. (Энэ нь бичлэг дээр ч харагддаг.) Харин азиуд бид төлөв даруу илүү дотогшоо болохоор
соёлын ялгаа их тод мэдрэгдэж байсан.
Хамгийн сонирхолтой дурсамж гэвэл “Улаанбаатар хивс” компани биднийг ивээн тэтгэж, хоёр хивс
өгсөн юм. Нэгийг нь Бурсикод бэлэглэх, нөгөөг нь Парист рекламны зураг авахад ашиглаарай
гэсэн. Ингээд бид бүтэн өдөржин Парисын гудамжаар хивсээ дэлгэж, зураг авч явлаа.
Тэр зураг авах ажилд Элчин сайдын яамны залуус ч их тус болсон. Парист зөвшөөрөлгүй зураг авч
болдоггүй, зөвшөөрөл нь ч тун өндөр үнэтэй. Тиймээс бид “монгол арга”-аар аргалаад, нууцаар
зураг авч байлаа.
Би дээл, хантааз өмсөөд, толгой дээрээ шляп духдуйлж, хромон гутал жийсэн, мөн хамгийн этгээд
нь хуйлсан хивсээ мөрлөөд Парисын төв гудамжаар алхахад францчууд эвэртэй туулай харсан юм
шиг гайхан, алмайран ширтэж байсныг одоо ч тод санадаг. Гадаадад авсан Монголын хамгийн
анхны сурталчилгааны зураг байж ч магадгүй. Харамсалтай нь, хальсны асуудлаас болж уг реклам
бүтээгүй.
– Анхны шоунаас хойш 25 жил өнгөрчээ. Монголын рекламын хөгжил хэр ахицтай явсан гэж
боддог вэ?
– Техникийн хувьд өнөөдөр бид дэлхийн түвшнээс дутахааргүй болсон. Харин хийц, найруулга,
сэтгэлгээний хувьд тэр олон жилийн уламжлал, “школ”-той орнуудтай харьцуулахад манайх хаана нь ч хүрэхгүй. Гадаадын зарим реклам үнэхээр кино шиг, дахин дахин үзсэн ч уйдахгүй төгс
бүтээлүүд байдаг шүү дээ.
“Реклам залгигчдын шөнө” эргэн ирж байгаа нь Монголын рекламны хөгжилд том түлхэц болно.
Энэ зөвхөн рекламчид, маркетеруудын арга хэмжээ биш, жирийн үзэгчдэд ч хөгжилтэй,
уйдахааргүй. Нэг оройдоо 300 кино үзнэ гэсэн үг – 300 драма, 300 экшн, 300 триллер, 300 комеди.
Ерөөс уйдах завгүй.
– Энэ удаагийн шоу өмнөхөөсөө юугаараа онцлог вэ?
– Энэ бол олон улсын хөтөлбөр учраас тэр түвшиндээ зохион байгуулагдана. Чөлөөтэй, задгай уур
амьсгалтай. Завсарлагааны үеэр хамтлаг, дуучид тоглоно, азын сугалаа, пицца, ундаа, шар айраг,
хувцас загварын үзүүлбэр болно. Реклам маркетинг, фото дизайны чиглэлийн ном сэтгүүл ч
худалдана.
Реклам бол өөрөө урлаг. Тэр гайхамшгийг ирж үзээрэй гэж хэлмээр байна.
– Анх Монголд зохион байгуулагдахад үзэгчдийн хандлага ямар байв?
– Соёлын төв өргөөнд танхим дүүрэн байсан. Энэ удаад ч олон хүн ирнэ гэдэгт итгэлтэй байна.
Зарим үзэгч бүр энэ шоуг хүлээдэг, үздэг уламжлалтай болсон байдаг.
Энэ бол хамгийн өвөрмөц, сонирхолтой шоуны нэг байх болно. Барууны жишгээр реклам гэдэг нь
хүмүүст мэдээлэл өгч, хүмүүжүүлж, эерэг нөлөө үзүүлдэг байх ёстой. Зөвхөн бараа зарах гэж
улайрах бус, дахин дахин үзэх хүсэл төрүүлэх хэмжээний бүтээл болсон реклам энд гарна.