Хөгжим,бүжгийн коллежийн циркийн тэнхмийн эрхлэгч, найруулагч Ю.Гэрэлбаатарыг “Баасан гаригийн зочин”-доо урилаа.
Түүнтэй циркийн урлагийн талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
-Таныг хүмүүс циркгүй циркийн найруулагч гэж ярьдаг. Одоо хэвээрээ юу. Байдал ямар байна вэ?
-Циркийн жүжигчид, энэ урлагт хайртай хүмүүсийнхээ дунд байгаа болохоор сэтгэл өег байна. Гэхдээ бидэнд орох орон алга. Барилга маань ч их муудлаа.
Гэрэл, агааржуулалт алга. Намхан учраас агаарын үзүүлбэр давтаж боддоггүй. Одоо бидний байрыг засварлана гэсэн. Тэр болтол урд цирк рүү нүүлгэж оруулах юм шиг байна. Гэхдээ уран бүтээлчид тэнд очих дургүй байгаа.
-Тэнд адилхан л циркэд хайртай хүмүүс байгаа гэж ойлгоод байна. Хоорондоо зохицоод уран бүтээл хийж болдоггүй юм уу?
-Тэнд очихоор хойд эх дээрээ байгаа юм шиг л байх болов уу. Хойд эх хүн харахаараа сайхан зан гаргаад яваад өгөхөөр нь хэмлээд байдаг шүү дээ. Яг тэрэн шиг л байна. Би үүнд итгэлтэй байна. Төр засаг нь ч дийлэхгүй. 70 гаруй жил хөгжиж ирсэн, дэлхийд тамгалагдсан энэ урлагаа гишгэж байна.
Сүүлдээ бидний дөрвөн сарын цалинг өгөхгүй залхаан цээрлүүлсэн. Тэгээд л тэнд циркийн урлагийн төлөө гэсэн хүмүүс байхгүй юм гэдгийг ойлгосон доо.
Дэлхийд манайх циркийн хөгжлөөрөө эхний 10-т ордог. Илүү хөгжих боломж ч бий. Гэтэл төр засгийн бодлого алга. Уг нь улс орон сонгодог урлаг, драм, ардын урлаг, цирк гэсэн дөрвөн мэргэжлийн байгууллагаа ихэд дэмжин хөгжүүлдэг. Гэтэл манайх нэг баганаа хугалаад хаячихсан.
-Зөвхөн байрыг нь өөр хүнд өгснөөр тэр багана хугараад уначихна гэж үгүй байх?
-Цирк их өвөрмөц урлаг. Хүн амь нас, амьдралаа золиослоод энэ хаалгаар орж ирдэг. Гэтэл тэдэнд баталгаа алга. Зориулалтын байр байхгүй гэдэг нь амьсгалах агааргүй болчихлоо гэсэн үг. Циркчин хүн өдөр болгон бэлтгэл хийх ёстой байдаг.
Гэтэл бэлтгэл хийх талбай, тоглолтоо хүргэх тайз алга. Энэ орон зайд уран бүтээлч хүн амьсгалж чадах уу. Үгүй. Одоо бидний энэ байрлаж байгаа газрыг хар л даа. Эндээс урлаг төрнө гэж байх уу.
-Танай гадаа ирээд бодлоо. Гадаа чинь том машинууд байна. Тэгээд ороод ирсэн чинь үнэхээр аймаар орчин угтах юм. Тэгээд ийм сайхан машинууд унадаг байж ажлын орчноо сайжруулж болдоггүй юм байх даа гэж?
-Энэ бидний машин биш. Энэ хавийн баячууд л манай гадаа машинаа уячихдаг. Би гэхэд одоог хүртэл хөл дүүжлэх унаагүй л явна. Тэглээ гээд гутарч гунддаггүй. Энэ орчноосоо бид өөрсдөө ч ичдэг. Тэглээ гээд яахав. Олон жил зүтгэлээ. Энэ 100 гаруй настай барилга. 1940 оноос хойш нэг ч засвар хийсэнгүй. Дондогдулам хатны үед сүм хийд байсан гэдэг. Түүнээс хойш Намхайцэрэн гуай гүүрэн системээр бэхжүүлж цирк болгосон.
-Яагаад засвар хийдэггүй байсан юм бэ. Тэгэхээр л хувийн хэвшилд шилжүүлсэн нь дээр гэж үзэх хүмүүс бий?
-Энэ байшин ганц ч хадаас ороогүй гэдгээрээ дэлхийн өвд бүртгэгдсэн. Тийм болохоор нурааж ч болдоггүй. Ерөөсөө засварладаггүй. Нурж унахыг нь хүлээж байсан хүн олон байсан байх. Харин энэ удаа Ц.Оюунгэрэл сайд засварлаж өгнө гэж ярьж байна. Өв соёл үнэт зүйлд минь хүрчихгүй сайхан засварлаад өгвөл сайн л байна.
-Яг л циркийн маргаан эхлэж байхад та сургуулиа төгсөж ирсэн. Тухайн үед АСА циркийн багт найруулагчаар ажиллаж байсныг санаж байна. Яагаад гарсан юм бэ?
-Би ОХУ-ын Театр урлагийн академид улсын зардлаар сурсан. Ирээд циркдээ ажиллалаа. “Жуманжи”, “Дэлхийн мод”, “Маргад эрдэнийн орон”, “Гэрэлт ертөнц” гээд нэлээд олон жүжиг тоглосон. Циркийн ахмадууд маань “Чи циркийн урлагийг нурааж байгаа хүмүүстэй юу хийгээд байгаа юм” гэж олон удаа хэлсэн. Би тэр үед уран бүтээлчид маань ажлаа хийж үзэгчдийг алдахгүй байх нь чухал гэсэн бодолтой ажилласан. Сүүлдээ бидний дөрвөн сарын цалинг өгөхгүй залхаан цээрлүүлсэн. Тэгээд л тэнд циркийн урлагийн төлөө гэсэн хүмүүс байхгүй юм гэдгийг ойлгосон доо.
Хүссэн, бодсон бүхнээ хийх боломжтой тийм улсад төрсөн гэж бодсон. Гэтэл одоогоор боломж алга л байна.
-Монгол циркчдийн ихэнх нь гадны оронд уран бүтээлээ хийж байна. Танд ч олон санал ирж байсан гэж сонссон. Монголд таныг юу үлдээсэн юм бэ?
-Сурсан мэдсэн бүхнээ эндээ шингээхийг л хүсээд байгаа юм. Түүнээс надад олон боломж байлаа. Надтай надгүй циркийн урлаг нь сайхан хөгжиж байгаа газарт би мөнгө л авах гэж очно биз дээ. Би амьдралаа ийм эрх ашгаас ангид байлгахыг хүссэн.
Мөнгө бол үрэгдээд л дуусна. Энэ амьдрал богинохон шүү дээ. Ахмадуудынхаа тарьсан энэ үрийг хатаахгүй ургуулахыг л хүсч явна. Манай сургуулийг надаас өмнө Монголын циркийн дөрвөн найруулагч төгссөн. Гэсэн ч тэдний ихэнх нь одоо мэргэжлээрээ ажилладаггүй. Зарим нь гадаадад амьдарч байна. Тэгэхээр би энд байх ёстой юм.
-Одоо гаднын циркээс “Чамд хэрэгтэй бүхнийг өгье. Ирж ажиллаач” гэвэл яах вэ. Бодол тань өөрчлөгдөхгүй юу?
-Хүссэн, бодсон бүхнээ хийх боломжтой тийм улсад төрсөн гэж бодсон. Гэтэл одоогоор боломж алга л байна. Гэхдээ би Монголдоо л байна. Тиймдээ ч өдийг хүртэл олон саналаас татгалзаж байсан.
Сургууль төгсөхөд багш минь гэр бүлээрээ ОХУ-д үлдэж ажиллахыг хүссэн. Дараа нь ангийн минь найз Абдулаев мөн л “Хүрээд ир ээ” гэсэн ч яваагүй. Гэхдээ циркийн урлагийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй байгууллагад бол богино хугацаатай ажиллаад эргээд ирж болно. Учир нь илүү туршлагажиж, хожим нь сайн уран бүтээл хийхэд минь тустай байх.
-Монголд ганцхан байх циркийн сургуульд багшилж байна. Энэ сургуулийг зорин ирж байгаа хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл Монголынхоо тайзан дээр тоглох уу, эсвэл гадаадад очиж тоглох хүсэлтэй ирж байна уу?
-Үе дамжсан циркчдийн хүүхдүүд л ирж байна даа. Түүнээс энэ зуунд ийм орчинтой газар сурна гэдэг зарим нэгэнд ичмээр зүйл. Багш нарын цалингаас өөр улсаас ямар ч төсөв алга. Тийм байж биднийг буруутгах эрх байхгүй. Бид дундаасаа мөнгө гаргаад л бүхнийг хийнэ гэж юу байх вэ. Өөрсдийнхөө амьдралыг яая гэж байхад.
Харин би бууж өгөх бодолгүй байна. Зорьсоноосоо буцаж байгаа хэрэг. Тэмцээд л байна. Ер нь сүүлийн хэдэн жил циркчин биш тэмцэгч болсон шүү дээ.
-“Хан Монгол” цирк гэхэд морин дээрх үзүүлбэрийг авч явна гэж хардаг. Жуулчдыг татсан үзүүлбэрийг тэд үзүүлж чаддаг. Яг үүн шиг бие даан уран бүтээл хийгээд явж болохгүй гэж үү?
-Тэгэх нь хэтэрхий амиа бодсон хэрэг болно. Үүгээрээ би бусдыг амиа бодсон гэж хэлж байгаа юм биш шүү. “Хан Монгол” циркийн Цогтхүү үнэхээр сайхан ажил хийж яваа. Харин би бууж өгөх бодолгүй байна. Зорьсоноосоо буцаж байгаа хэрэг. Тэмцээд л байна.
Ер нь сүүлийн хэдэн жил циркчин биш тэмцэгч болсон шүү дээ. Энэ нэг тэмцлийн үе таарч байна. Төр засаг минь биднийг нэг иймэрхүү аргаар капитализм руу шилжүүлэх гэж оролдоод сургаж байгаа юм болов уу. Эргээд “За та нар яаж ажиллахаа ойлгов уу” гээд бүхнийг байранд нь оруулчих байх гэж горьдоод байна. Алдаагүй байгаасай гэж хүсч байна.
-Ер нь л таны амьдрал сүүлийн хэдэн жил тэмцэл дунд өрнөж байгаа юм аа даа?
-“Сүүлчийн эзэн хаан” кинонд Манжийн сүүлчийн хаан тоглоомын засагтай байдаг шүү дээ. Түүн шиг би өөрийгөө Монголын үндэсний циркт байх ёстой, үүрэг хүлээсэн хүн гэж боддог.
Циркийн найруулагч гэсэн нэр зүүсэн, тэр тусмаа гарын таван хуруунд багтах циркийн найруулагчийн хамгийн отгон нь болохоор амьдрал хэцүү байсан ч Үндэсний циркээ унагахгүй байх үүрэгтэй.
Түүнээс биш надад олон баг бий. Тэднийгээ аваад гадагшаа гарчихвал надад амар бөгөөд хэл амгүй, мөнгө олоод явж болно. Тэгээд явчихвал хэн энд үлдэж, хааяа ч болов Үндэсний циркийн нэрийг гаргах вэ. Би нэг их баатарлаг үйл хийгээд байгаа юм биш. Нэгдүгээрт, хийх ёстой, хоёрдугаарт, би энэ ажилдаа дуртай. Би ингэж амьдарч байгаадаа аз жаргалтай явдаг. Циркийн манежинд байхад элдэв муу зүйлээс хамгаалагдсан мэт, бат цайзад байгаа мэт сэтгэгдэл төрдөг.
Их урлаг үзэгчдийг дагах биш, дагуулж, арай өмнө гишгэж явах ёстой.
-Тэмцлийнхээ хажуугаар ямар уран бүтээл хийж байна вэ. Уран бүтээл хийх сэтгэл тань мөхөөгүй биз?
-Мэдээж хэзээ ч мөхөхгүй. “Нарны цирк” шиг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн циркийн бүтээл хийх мөрөөдөл надад бий. Монгол ардын бүжиг, хөгжим агуу шүү дээ. Үүнийгээ хослуулаад, язгуур урлагийнхнаа нэгтгэж, төр засаг, хөгжмийн зохиолч, найруулагч нартайгаа хамтарч байгаад үндэсний хэв маягаа хадгалсан гайхамшигтай үзүүлбэр хийх юмсан.
Хэзээ нэг цагт баяжихаараа үүнийг хийнэ дээ. Өнгөрсөн хугацаанд Буриад, Солонгост уран бүтээл хийж үзлээ. Энэ зун “Хүүхдийн парк”-т нүүдлийн цирк байгуулах гэж байна. Тэнд мэргэжлийн уран бүтээл тоглогдоно. Урд нь тоглож байсан юм билээ. Гэхдээ түүнийг урлаг гэхэд хэцүү л дээ. Тиймээс ямар ч гэсэн хүүхдүүддээ уран бүтээлээ хүргэе. “Мадагаскар” гэдэг хүүхэлдэйн киноны сэдэвтэй циркийн тоглолтын танхимыг тохижуулж байна.
Тоглоом дээр тоглож чадахгүй хүүхдүүд нь ядаж үзэх зүйлтэй байг. Мөн энэ зун Чингисийн талбай, Хүүхдийн парк, Төв цэнгэлдэх гэсэн гурван газарт нүүдлийн цирк баригдана. Гэхдээ нүүдлийн циркт зохиомжтой, драмтай үйл явдалтай циркийн үзүүлбэрийг үзүүлэхэд хэцүү. Тэнд шоу хэлбэрийн тоглолтууд бол болоод л байна.
-Циркийн урлаг шоу хэлбэрийн байх тусмаа хүнд хүрдэг гэж боддог?
-Хүнд хүрэхдээ тийм байж болно. Гэхдээ урлаг бол урлаг. Шоу бол шоу байх хэрэгтэй. Би төгсөж ирсэн жилээ хоёр жүжиг тавьсан. Их урлаг үзэгчдийг дагах биш, дагуулж, арай өмнө гишгэж явах ёстой.
Энэ үүднээс миний хийсэн бүтээл бусдаас арай өөр драм, цирк, бүжиг хослуулж, Гэрэлбаатарын гэх өнгө аясыг харуулсан бүтээл хийхийг хүссэн. Би өөрийн найруулсан циркийн тоглолтод харилцан яриа оруулсан нь Монголдоо төдийгүй дэлхийн циркийн урлагт ч шинэлэг зүйл байсан болов уу гэж боддог.
Т.Батсайхан