Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»Г.Дамба: Жирийдэг эмгэн
Жүжиг

Г.Дамба: Жирийдэг эмгэн

Урлаг Урлаг19/04/2014Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
29947447102472014-04-19-14-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Хөдөө нутаг хөх торгон хөнжлөө нөмөрч, хөхөө шувууны дуунд хөвч хангай уярсан зуны дэлгэр сайхан нэг өдөр улсын аварга малчин Гочоогийнд хотоос машин дүүрэн хүндэт зочид хүрэлцэн ирэв.

Аваргын найман ханат дүнжгэр цагаан өргөө аав ээж, үр хүүхэд, ах дүү, амраг садангуудын учран золгохын их баяр хөөрт нэг хэсэг хөвсөлзөж байснаа дуу шуугиан түр намдахад яндангаар аргалын цэнхэр утаа тэнгэр өөд сумлан цоройж, үндсэн ууранд цай нүдэх лүг лүг хийсэн чимээ газар доргиулав. Гочоогийн хүү, орлогч сайд Хангалжав ээлжийнхээ амралтаар авгай хүүхдүүдээ дагуулан унасан газар, угаасан усаа зорьж ирсэн нь энэ. Гэрийн хойморт их цоохор хивс яаран тэнийлгэж, дунд нь алхан сийлбэрт урт суман ширээ тавьж дээр нь том жижиг тавагтай ааруул, өрөм, бяслаг, ээзгий, амтат чихэр, боов боорцог, хольсон тос, тараг, зөөхий хотойтол нь өрөв. Илүү гэрээс аягандаа үсчисэн сэнгэнэсэн сайхан айраг том агар хувингаар оруулан сөгнөж, амсахад л ясны хөлс дуслуулдаг ганц усны галзуу цэнхэр сархад данхаар нь тавив.

Хангалжав гэрийн хойморт налайж эцэгтэйгээ ойр зуурын яриа үүсгэн саатаж, айраг, архинаас амсан жаргаж суулаа. Гэрийн зүүн талыг эзэлсэн намхан модон орон дээр ягаан торгон дан дээл нөмгөн орхисон дун цагаан толгойтой Хорол эмээ жич хүүгийнхээ отгон охин Далайжаргалтай тоглож суув. Эмээгийн нас сүүдэр зууд гурав дөрөвхөн дутуу. Хорол эмээгийн орны хөл дээр түүний «охин» Сугар их л журамтайгаар цомцойн сууж ач хүүгийнхээ авгайтай сэмхэн хуучилж үе үе толгойгоо илбэн аальгүйгээр инээд алдаж жуумалзана. Эмгэнийг далан тавтай гэхэд хэн ч үнэмшмээргүй, босч суух, алхах гишгэх нь уран сайхны гимнастикч охид шиг хөнгөн шингэн.

Сугарын охин, гэрийн эзэгтэй Мандах авгай хотын зочдыг дайлан, идээ ундааг бэлтгэн хөлс арчих завгүй. Зуухны баруун талаар хоймроос үүд хүртэл сунайтал дэвссэн цэцгэн хээтэй цэнхэр алаг хивсэн дээр хотын сургуулийн сурагч нударган зодооны аварга Болдоо, хүндийг өргөгч Ганбаа хоёр жаахан биеэ барьсан янзтай зэрэгцэн сууж Мандах ажаагийнхаа хольж байгаа өрөмнөөс урсан шаргалтах халуун шар тосыг зүрх алдсан янзтай ажиглан нүдэнд нь нулимс мэлтэрч, дотор нь бялуурцгааж суух бүлгээ. Гочоо аварга цагаан чисчүү цамцныхаа ханцуйгаар хөлсөө шудран найман литрийн хөнхөр шар хуланд айраг бялхуулан хүү, бэр хоёртоо дараа дараалан барьж, бас зай завсраар нь шимийн архи том мөнгөн аяганд дүүргэн хүн бүрт амсуулна. Хүүгийнхээ авчирсан гадаад орны хатуу хүрэн сархадаас хоёр ч удаа сэмхэн дугтарснаас хойш гэрийн эзэн инээд алдан улам ч сайхан зантай болчихлоо.

Төдөлгүй айраг, архины халуун илч, юунд ч захирагдахгүй ид шид нь тодрон мэдэгдэж Хангалжавын царай улаа бутран, үг нь олшроод ирлээ.

– Манай жинхэнэ сайд дэвших сурагтай, орных нь хүнийг тодруулах яриа болж байгаа гэнэ лээ. Төрийн буян түшвэл муу бор хүү чинь ирэх жил улаан үсэг тэмдэгтэй тэргээр давхиад ирэхийг хэн байг гэхэв…

Хүүгийнх нь энэ яриа эцэг, эхийгээ их сандаргав. Гочоо гуай дэмий л гаанс тамхиа самардан олж ядаад, ойр байснаар нь хөөргөө шүүрэн авч хатуу шар тамхи хамартаа чихэн учиргүй ярвайж панхийтэл найтааснаа доошоо харчихав. Мандах авгай ичсэндээ галаа улам өрдөв.

– Ээ муугаас зайлуул. Өндөр уулан дээр гарахад амархан, харин буухад л их хэцүү байдаг юм гэнэ лээ дээ хүү минь гэж Хорол эмээ өгүүлж суув. Ярианы салхи буруу тийшээ эргэсэнд айж сандарсан Гочоо гэнэт цаг харж сандчин:

– За аав ээж хоёр чинь чиний машинаар ухасхийгээд энэ хойд арын тусгай сууриас шөлний хонь аваад ирье! Миний хүүхдүүд амарч бай! Бид удахгүй гээд босон харайв. Эцэг эх хоёрыгоо машинаар давхисны дараа хотын зочид гадаа гэртгүй хувцсаа тайчин хаяж хүн цагаан биеэрээ нар салхи ичээсээр тарвалзан жаргаж эхлэв. Алсын аян, айраг тарагны хүндэд ихэд дийлдсэн тэд дэрэн дээр толгой тавингуут илүү тунгаар нойрсуулах эм хүртсэн лугаа адил цөм нам жим болцгоов. Тэнгэрт нар мэлтийж, дэргэд гол шуугин, цэцгийн үнэрт салхин илбэж, илүү гэрт архад хөхүүртэй айраг уухилна.

Нам гүм жаргалтай дэлгэр зуны сайхан хөдөө нутаг гэдэг энэ ажээ.

– Хөөе таминь цаана чинь сүйд боллоо. Босоорой, гүйгээрэй! Хотын зочид энэ түгшүүрт дуунаар бүрээн дуу сонссон тасаг цэрэг шиг амтат нойр, зүүдний ертөнцөөс гэнэт салан ундуй сундуй босч ирцгээв. Хорол эмээ гэрийн гадаа зогсоод доод голын бэлчирт бие биенийхээ өөдөөс цогиж яваа үхэр тугалын зүг дохин:

– Yхэр тугал нийллээ. Мордоорой хүүхэд! Бушуулаарай гэж хашгична. Хангалжав шон дээр үүрэглэн зогсох хонины морь руу улаан цамц дэрвүүлэн гүйж очиход тэр нь цочин сэрж хамар тачигнуулан зуларч цулбуураа таслан давхиж одов. Ингээд цөм явгарчээ. Хангалжавын хоёр хүү богино зайн гүйлтийн тамирчид шиг нэгэн зэрэг дэгдэн гарсан боловч холхон айлын чинээ яваад зэрэг зэрэг бахардан сөхөрч, сунаж унацгаав.

– Алив таминь яваач гэм!

Хорол эмээгийн хатуу тушаал барагтай юмыг урагш нь хөдөлгөх ид шидтэй ажээ. Хангалжавын авгай охиноо дагуулан доод хөндийд бараг л нийлж алдан их дуугаар мөөрөлдөх үхэр тугалын зүг гүйв. Саахалтын хэр яваад хүүхний амьсгал түгжирч, охины нь хөлд өргөс орж цаашаа явдаг хөг нь өнгөрөв. Эцэст аргагүйдэн Хангалжав «байлдааны талбар руу» хол хол үсрэн гүйв. Эрт урьдын цагт бага залуудаа өднөөс хөнгөн, сумнаас хурдан байх үедээ үхэр тугал нийлэхэд гүйж явснаа санан санан харайлгав. Газар тэг дундаас яльгүй өнгөрч явтал Хангалжавын харвин тарга нь хүч алдуулан сугсарч, зүрх рүү нь айхавтар хатган өнхрөн ойчов. Энэ бүхнийг харсан Хорол эмээ,

– Ээ бүтлээ алдмарууд, бүгдээрээ хэвтээд өгдөг байна шүү. Хотын улсын жаргал нь дэндээд гүйж харайхаа ч мартчихдаг юм шив дээ. Алив миний «охин» дэгдээд үхэр тугалаа хөөгөөд ир! гэж хэлтэл Сугар эмгэн явуут дундаа шилбүүр шүүрэн аваад доод хөндий руу жирийлгэв. Амьсгаа нь боогдож, булчин шөрмөс нь мэдээ алдаж, зүрх рүү нь хатгаж яадгаа алдсан хотынхны дэргэдүүр хөдөөний далан тавтай буурал эмгэн уяа сойлго нь таарсан хурдан морь шиг жирэлзүүлж өнгөрөөд, үхэр тугалаа нийлэхээс нь өмнө амжин хүрч эргүүлэхийг хараад боловсон газрын зочид дэмий л толгой сэгсрэн, сая л нэг хот хөдөөгийн их ялгааг ойлгожээ.

1987 он

Г.Дамба. Жинхэнэ сонгууль. 1991. 3-5-р тал.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.