Хорватын шумбагч Витомир Маричич усан дор амьсгаагаа хамгийн удаан барьж, Гиннесийн амжилтыг шинэчилжээ. Тэрбээр өмнөх амжилтаасаа таван минут илүү, бараг 30 минут амьсгалаа барьсан байна. Маричич усан дор орохоосоо өмнө 10 минутын турш цэвэр хүчилтөрөгчөөр амьсгалж, биеийнхээ хүчилтөрөгчийн түвшнийг нэмэгдүүлжээ. Гэсэн хэдий ч энэ нь маш хэцүү байсан гэж 40 настай Маричич хэлсэн байна. “Бүх зүйл маш бэрх байсан. Тал замдаа би болих тухай бодсон” гэжээ.
Түүний эмч Игор Баркович хэлэхдээ, Маричичийн хийсэн зүйл нь орчин үеийн анагаах ухаанд бараг тайлбарлагдах боломжгүй зүйл гэсэн юм.
Маричич 29 минут гурван секундийн турш амьсгалалгүй, усан дор байсан нь хүний бие махбодын чадлыг судлах шинэ боломж гэж үзэж байна. Маричичид дараа нь богино хугацаанд гэдэсний бага зэргийн цус алдалт, хүчтэй толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн ч хурдан эдгэрсэн байна. Тэрбээр одоо дараагийн зорилгодоо бэлдэж эхэлнэ гэж мэдэгдсэн байна. Энэ нь хамгийн гүн шумбалтын дээд амжилтыг эвдэх аж. Одоогийн дээд амжилтыг Оросын шумбагч Алексей Молчанов эзэмшдэг бөгөөд тэрбээр 156 метр гүнд шумбасан. Харин Маричич 160 метрийн гүнд хүрэхээр зорьж байна.
Маричич багаасаа Хорватын эрэг дагуу шумбаж, бэлтгэл хийдэг байсан бөгөөд есөн жилийн өмнөөс мэргэжлийн түвшинд чөлөөт шумбалтаар хичээллэж, өрсөлдөж эхэлжээ. Тэрбээр одоо олон улсын чөлөөт шумбалтын байгууллага болох “AIDA”-гийн Хорват дахь салбарыг удирддаг. Мөн Маричич далай тэнгисийн хамгааллын талаар идэвхтэй дуу хоолойгоо хүргэдэг. Маричичийн хэлснээр, тэрбээр хүүхэд байхдаа шумбаж байсан Адриатын тэнгис сүүлийн жилүүдэд ихээхэн өөрчлөгдсөн. “Хэрвээ бид далайн амьтдыг хамгаалахгүй, хүмүүсийн мэдлэгийг нэмэхгүй бол ирээдүй маань гэрэлтэй биш байх болно” гэж тэрбээр мэдэгдэж байжээ.

