Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Гавьяат жүжигчин М.Бадамгаравын театр, кинонд бүтээсэн зарим дүрийн онцлог
Кино

Гавьяат жүжигчин М.Бадамгаравын театр, кинонд бүтээсэн зарим дүрийн онцлог

Урлаг Урлаг05/12/2025Сэтгэгдэл байхгүй13 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын төв театр, “Бөмбөгөр ногоон” театрын уран бүтээлчдийн бүтэц бүрэлдэхүүн, үзвэр, урын сангийн бодлого төлөвшин, Зөвлөлтийн театрын сургагч багш нарын жү­ жигчидтэй ажиллах, сургах дадлагажуулах үйл хэрэг шинэ шатанд гарч, залуу жүжигчдээр театр хүчээ сэлбэсэн 1930-аад оны сүүлч. Тухайн үед тус театрын тайзнаа М.Ядамсүрэн, Ши.Аюуш, Д.Намдаг зэрэг үндэсний зохиолч­ дын жүжгүүдээс гадна Өрнийн болон Зөвлөлтийн зохиолчдын бүтээлүүдийг орчуулж, ихэвчлэн орос сургагч, найруулагч В.Борейшо, А.Рабинович, Г.Уварова, А.Испольнев нарын найруулгаар Н.Гоголийн “Байцаагч түшмэл”, Лопедевегийн “Хонины булаг”, К.Гольдонийн “Хоёр эзний ганц зарц” зэрэг сонгодог жүжиг тавигдаж, манай театрын “Алтан үе”-ийн алдарт жүжигчид дахин давтагдашгүй дүрүүдээ амилуулан мөнхөлсөн, урлан бүтээх авьяас билиг, онгод хийморь нь бадарсан үе байлаа. Чухам тэр цаг үед жүжигчин болох хүсэл, дур сонирхолдоо хөтлөгдөн Завхан аймгийн клубт уран сайханчаар ажиллаж байгаад 1938 оны сүүлчээр “Бөмбөгөр ногоон” театрт шалгуулан тэнцэж, дагалдан жүжигчнээр уран бү­ тээлийнхээ гарааг эхэлсэн эрхэм хүмүүн бол Монголын тайз дэлгэцийн “Алтан үе”-ийн алдарт уран бүтээлчдийн нэг, театр-киноны нэрт зүтгэлтэн, Гавьяат жүжигчин Мятавын Бадамгарав билээ.

Багаас мөрөөдсөн театртайгаа ажил, амьдралаа холбож “Урлагийн хүн” болсон тэрбээр өөрийн уйгагүй зүтгэл чармайлтаар, театрын анхдагчид туршлагатай жүжигчдээс суралцаж, орос сургагч, найруулагч багш нарын зааж сургаснаар мэргэжлийн ур чадвар нь зүгшрэн дадлагажиж, оногдсон дүрүүдээ гайгүй сайн бүтээх болсноор 1940 оны дундуур жинхэнэ жү­жигчнээр зэрэг ахиж ажиллах болжээ. Залуухан М.Бадамгаравын хамгийн анх тайзнаа гарсан дүр нь Д.Намдагийн “Сүрэг чоно” жүжгийн би­ чээч бүсгүй байв. Нэг ч үг хэлдэггүй тэр дүрд анх тоглохдоо үзэгчдийн танхим руу байн байн харсан “хэргээр” сургагч багш нартаа зэмлүүлж байсан ч, удалгүй ажил мэргэжилдээ гаршиж, найруулагч нарт үнэлэгдэх болжээ. Үүний нэгэн жишээ нь 1940 оны гуравдугаар сард “Мартын 8”-ны баяраар “Театр ба олон нийтийн ажилд идэвх чармайлт гаргасан” хэмээн тэмдэглэж, одон тэмдэгт Улсын төв театрын захиргаанаас үнэртэй ус, таван төгрөгөөр шагнуулж байжээ. Энэ тухай жүжигчин маань “Тэгэхэд ихэд урамшин баярласан” хэмээн байнга дурсан ярьж, шагнуулсан тэрхүү үнэмлэхээ он удаан жил хадгалж явсан байдаг.

М.Бадамгарав жүжигчин 1938-1959 он хүртэл Улсын төв театр, Улсын хөгжимт драматик театрт ажиллахдаа Ц.Цэдэнжав, Б.Бааст нарын “Мандухай сэцэн хатан”-ы Жаал агай, “Ийм нэгэн хаан байжээ” жүжгийн Бадам, Д.Намдагийн “Шинэ зам”-ын Норжмаа, К.Гольдонийн “Хоёр эзний ганц зарц”-ын Змеральдина, К.Симоновын “Орос хүмүүс”-ийн Валя, “Намайг хүлээ”-гийн Лиза, Ч.Ойдовын “Миний баясгалан”-гийн Норжмаа, А.Островскийн “Аянга”ын Варвара, Л.Ванганы “Эмч нар”-ын Бүрнээ, “Тожоо жолооч”-ийн Бадам, Э.Оюуны ‘‘Би эндээс явахгүй” жүжгийн Сэржмаа зэрэг олон бүтээлд янз бүрийн насны, өөр өөр араншин зан төрх, үзэл санаа бүхий 80 гаруй дүрийг тайзнаа бүтээснээр манай мэргэжлийн ууган театрын туурвил бүтээлийн түүхийг бүтээлцсэн эрхэм гавьяатан юм. Ийнхүү тэрбээр дүр бүтээх ур чадварын хувьд жүжгээс жүжигт чадваржин туршлагажиж, авьяас билгээ хөгжүүлэн хурцалж, бүтээлчээр ажилласны үр дүнд 1944 онд II, 1945 онд I зэргийн жүжигчин буюу театрын урдаа барьдаг уран бүтээлчдийн нэг болсноор барахгүй “Улсын ударник” цолоор 1945 онд шагнагдаж байжээ. Улмаар БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1956 оны 191 дүгээр тогтоолоор Улсын гавьяат жүжигчин цол хүртээсэн билээ.

М.Бадамгаравын жүжиглэх авьяас, тоглолтын ур чадвар, уран сайхны дүр бүтээх арга барил онцлогийн талаар театрын судлаач шүүмжлэгч нар тухайн үед цөөнгүй бичсэний дотор Монголын театрын анхны мэргэжлийн судлаач, шүүмжлэгч, профессор С.Дашдондог абугай “60 жилийн шастир” судалгааны бүтээлдээ ийн онцолжээ. “1940 онд Улсын төв театрын урын сан үзвэрийн хөтөлбөрт багтан тоглогдож байсан, К.Гольдонийн “Хоёр эзний ганц зарц” жүжгийн Змеральдинад тоглох сон гэдэг бодол Бадамгаравт төрж, уг дүрийн үгийг хуулж аваад дүрээ боловсруулах, бие даасан хувийн бэлтгэл хийжээ. Өмнө нь энэ дүрд Ардын жүжигчин Д.Цэрэндулам маш чадварлаг тоглодог байлаа. Бадамгарав энэ дүрд тоглох хүсэлтээ, театрын уран сайхны удирдагч, найруулагч Э.Оюунд илэрхийлсэнд “Цэрэндуламын дублёроор ажиллаж болно” гэж зөвшөөрчээ. Тэгээд гайгүй сайн бэлтгэл, сургуулилалт хийж байгаад хэд хоногийн дараа шалгуултал “Ерөөсөө болоогүй байна, чи ердөө сармагчин адил дуурайгаад, хий хоосон үг цээжилсэн байна” гэсэн хатуу шүүмж сонсон сэтгэл санаагаар унаж. “Би ерөөсөө жүжигчин болж чадахгүй юм байна” гээд урамгүйхэн байтал театрын сургагч найруулагч А.Рабинович “Чамд авьяас байна, гагцхүү сайн ажиллах л хэрэгтэй. Ажиллаж байж л жүжигчин болдог юм” гэж зөвлөжээ. Энэ үгэнд урамшсан Бадамгарав жүжигчин Билгээгийн Мижиддоржтой хамтран уйгагүй сургуулилалт хийсээр дүрээ өөрийн болгож, улмаар тайзнаа амжилттай тоглосон байна. Тэрбээр Змеральдинагийн дүрийг бүтээхдээ цагаан халад, хуучивтар хүрэн шаахай өмссөн дунд зэргийн нуруутай, махлаг биетэй, хөгжилтэй сэргэлэн зарц бүсгүйг чадварлаг гаргаж чаджээ. Ялангуяа Труфальдинод хайр сэтгэлтэй болж байгаа байдал, эзнийхээ хувцасны халааснаас захиа олж аваад, хоёулаа бичиг үсэг мэдэхгүй сандарч, үсэглэж ядан байгаа зэрэг үйлдлийг тун сайн үзүүлдэг байлаа. Жүжиглэлтийн намба аясаараа Д.Цэрэндуламын бий болгосон Змеральдинагаас дутахааргүй дүр босгосон билээ” гэж тодорхойлсон байдаг.

Мөн А.Островскийн “Аянга” жүжигт түүний хэрхэн тоглосон тухай утга зохиолын шүүмжлэгч Ц.Хасбаатар “Хөнгөмсөг боловч урин цагаан сэтгэлтэй Варварагийн дүрийг жүжигчин М.Бадамгарав үнэмшилтэй сайн гаргалаа. Энэ нь манай драмын жүжигчдийн уран сайхны мэдлэг дээшилж, авьяас чадвар нь улам дэлгэрч байгаагийн шинэ сайхан нотолгоо боллоо” гэж 1954 онд “Үнэн” сонинд бичиж байжээ. Түүнчлэн судлаач, шүүмжлэгч Г.Жамсранжав “Залуучуудын үнэн” сонинд хэвлүүлсэн “Шинэ, хуучин хоёрын хоорондын зөрчлийг үзүүлэх нь” шүүмждээ “Эмч нар” жүжиг нь манай орон дахь шинэ, хуучны зөрчлийг реалист аргаар дүрслэхийг оролджээ. Манай залуу үеийнхэн бол ажлын дутагдал хоцрогдмол явдалтай эмч Бүрнээ шиг эвлэршгүй, нийгмийн хэрэгт Бүрнээ шиг зүтгэлтэй, дуртай байгууштай. Энэ рольд тоглосон жүжигчин М.Бадамгарав “Бусдын хэрэг бүтвэл миний хэрэг бүтнэ” гэдэгт хатуу итгэсэн, энгийн даруу зан төлөвтэй, эмэгтэй хүний энхрий зөөлөн сэтгэлтэй, их эмч Бүрнээгийн дүрийг чадварлаг гаргасан байна” хэмээн 1953 онд бичиж байжээ.

Нэгэнтээ М.Бадамгарав гуай өөрийн тухай “Би ер нь ямар нэг ажил даалгахад чадахгүй ч байсан хэзээ ч “чадахгүй” гэж хэлж явсангүй. Чаддаг хүнээс нь асууж мэдэж авч байж, заавал дуусгадаг” гэсэн байдаг. Энэ тухай түүний охин П.Одончимэг “Ээж нэг л юм бариад авбал дуусгаж байж санаа нь амардаг зантай. Манай ээжийн баримталдаг үзэл, уриа нь “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал, ус хийвэл шингэтэл”. Тиймээс энэ нягт нямбай, аливаад сэтгэлээсээ ханддаг махруун зан чанар нь ажил бүтээл дээр нь ч харагддаг. Ээж маань ямар ч дүрд тоглосон тухайн хүнийхээ талаар нэлээд ургуулан бодож, судалгаа их хийдэг байсан. Тэр хүн ямар хүн байсан бол, нөхөр, үр хүүхэд нь ямар байсан бол гэхчлэн тал талаас нь боддог. Нэг кино, нэг жүжигт тоглоно гэдэг нэг том сургууль төгссөнтэй адилхан гэдэг байсан даа” хэмээн дурсан ярьсан юм.

1939 онд “Сүрэг чоно” жүжгийг дэлгэцийн бүтээл болгоход олны хэсгийн зурагт анх оролцож байсан М.Бадамгарав жүжигчин 1942 онд Зөвлөлтийн “Ленфильм” студид бүтээж дэлгэцнээ гарсан “Сүхбаатар” уран сайхны кинонд нүүдэлчин айлын охин Долгорын дүрийг бүтээн, монгол жүжигчдийн хамт Зөвлөлтийн киноны уран бүтээлчдээс ихийг сурч, кино жүжигчин болох замаа нээсэн түүхтэй. Тэрбээр “Сүхбаатар” кинонд дөрвөн хэсэгт, өөр өөр жижиг дүрд тоглосон байдаг. Сүхбаатар Эрдэнэ ноёнтой хятад гуанзанд хуруу гарган тоглодог хэсгийн арын планд аальгүй хоёр хүүхэнд Ардын жүжигчин Д.Цэрэндуламтай хамтарч тоглосон бол Богд хаан гудамжаар боорцог цацаад явдаг хэсэгт Сүхбаатар сөгдөхгүй зогсчихоод Янжмаа нь “Суугаач дээ” гэж гуйхад хажууд нь суугаад мөргөж буй сүсэгтэн эмэгтэйд, бас Эрдэнэ ноён Хиагтыг дайрч ороод, баахан торго дурдан дээрэмдчихсэн байхад нь Сүхбаатар ирж загнаад, ардууд руу “Та нар авцгаа” гэхэд инээд алдан гүйж ирээд авдаг хүүхний дүрийг тус тус бүтээж. Үүнээс хойш тэрбээр 1955 онд “Гэм нь урдаа”, 1959 онд “Ардын элч”, 1961 онд “Улаанбаатарт байгаа миний аавд” кинонд чадамгай тоглосон билээ. Мөн 1962 онд “Толбот хивс” киноны Должин, 1963 онд “Аман хуур”-ын Дарь авгай, 1966 онд “Нөмрөг хадны цуурай”, 1968 онд “Өглөө” киноны Бадам, 1970 онд “Талын цуурай”-н Балжид, 1973 онд “Туяагийн бичээгүй захидал”-ын Ханд, 1979 “Эхлэл” бүтээлд Хүдэрийн ээж, 1980 онд “Өнөр бүл”ийн Бурмаа, 1988 онд “Мандухай сэцэн хатан” киноны Хадаг эмгэн зэрэг 20 гаруй кинонд гол болон туслах дүрүүдийг гарамгай сайн бүтээж, олон үзэгчдийн хайртай дотно жүжигчин болсон билээ.

Мөн тэрбээр “Хүлээлт” теле-жүжгийн эмээ, телевизийн анхны олон ангит “Эзэнгүй айл” кинонд Ханд эмгэний дүрүүдэд уран чадварлаг тоглосныг нь үзэгчид андахгүй сайн мэднэ. “Ялангуяа “Хүлээлт” теле-жүжигт өвгөний хань, буурал эмгэний дүр нь монголчуудын зүрх сэтгэлд тун их хүрсэн байдаг. Хэн хэн нь өөрсдийн хүүхдүүдтэй хоёр хөгшин хамтдаа нийлэн амьдарч байтал аргагүй байдлын улмаас тус тусын ач зээ нараа харна, бөөцийлнө гээд яалт ч үгүй салж явахад хүрдэг шүү дээ. Энэ хугацаанд бие биенээ үгүйлэн санагалзсан эмээ, өвөө хоёр гудамжинд түр уулзаад ярьж суудаг. Эмгэний энэ дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол, бүр дүрийнхээ дотор сэтгэлээр нь амьдарч, тоглож чадсан тухай нь мэргэжлийнхэн шагшин ярьдаг.

Гавьяат жүжигчин Н.Дугарсанжаатай хамтран тоглосон “Эзэнгүй айл” теле-киноны Ханд эмгэний дүрийнхээ талаар Бадамгарав гуай хэлэхдээ “Аман хуур”-ын Дарь авгай, “Эзэнгүй айл”-ын Ханд хөгшин хоёр бол хоорондоо өдөр, шөнө шиг ялгаатай дүрүүд. “Аман хуур”ын Дарь авгай бол өвгөнөө бараг зодчих шахаад дээрэлхүү маягтай байдаг бол “Эзэнгүй айл”-ын Ханд нь өвгөнөө гэрийн эзэн, өрхийн тэргүүн хэмээн хүндэтгэж “Та та” гээд л ихэд дээдэлж байдаг шүү дээ” хэмээн дурссан байдаг. Үнэхээр ч ийм л эрс тэс ялгаатай дүрүүдийг жүжигчний уран чадвараа гайхуулан, сэтгэл зүйн олон янз хувирал, хөдөлгөөний өвөрмөц шинж төрхөөр нь дүрслэн амьдруулж тоглосон байдаг юм.

Найруулагч Б.Жамсрангийн “Аман хуур” киноны Дарь, Д.Жигжидийн “Өглөө”-д сэлэм Тогмидын ээж Бадам, мөн найруулагчийн “Өнөр бүл” инээдмийн киноны Чоймбол даргын эхнэр Бурмаа нарын гурвуулаа гэрийн эзэгтэйн хэв шинжит дүр боловч санаа бодол, зан араншингийн хувьд эрс ялгаатай, тэс өөр хувь хүмүүс гэдгийг М.Бадамгарав гайхалтай ялгарамжтайгаар харуулж чадсан билээ. Тэр дундаа “Аман хуур”-ын Дарь авгайг аргагүй нэг бодитой амьд дүр болгож дэлгэцнээ амьдруулсан билээ. Хувь хүн талаасаа ч тэрбээр Дарь авгайн дүртэй зарим талаар төстэйг үр хүүхдүүд дурссан байдаг. Эргэн санавал “Аман хуур” кинонд Дарь авгай үе тэнгийн Должин (Ардын жүжигчин Т.Хандсүрэн) хөгшинтэй аминчлан ярьж байхдаа “Би ч тэр хоёртоо жанжин нь шүү дээ” гэж хэлж байдаг нь аль аль талдаа үнэний хувьтай нь нотлогдож байгаа юм.

Мөн энэ тухайд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайн дурсамжаас үзвэл “Манай Бадамгарав гуай ер нь их эрэмгий, эршүүд зантай, хэлэх үгээ хэнд ч гэсэн түс тас хэлчихдэг, эрчүүдийг их удирдаж командална, намын хуралд хэнээс ч айхгүй хэлэх үгээ шулуухан хэлчихдэг шударга зантай. Тэр үед ийм хүн ховор байсан шүү” гэсэн байдаг. Нээрэн, тус кинонд Дарь авгай хот тохижуулах газрыг “Хот бусниулах газар” гэж хэлчхээд дараа нь өөрийг нь шүүмжилсэн охин руугаа хараад “Яадаг юм бэ, тэгж хэлсэн яадаг юм бэ! Тэглээ гээд гэмгүй цагаан ардыг шоронд хийхгүй нь лав” гэж байдаг шүү дээ. Эндээс үзвэл уг дүрийн “материал” нь жүжигчиндээ өөрт нь “бэлэн” байсан болохоор дүрээ амилуулахад нэг их зүдрээгүй болов уу гэж хувьдаа таамаглаж байна. Ямартай ч “Аман хуур” киноны Соном өвгөн, Дарь авгай хоёрын харилцан ярианы өвөрмөц хэллэг, үгүүд нь өнөө ч бидний дунд аман хэлц болтлоо сэтгэл санаанд минь хоногшин үлджээ. Жишээ нь тус киноны хот руу нүүдэг хэсэгт:

Дарь: -Хаана буух юм болж байна аа? Дамдингийн хашаанд буух уу? Соном: -Өөрөө мэдэхгүй юү, чи өөрөө л мэддэг шүү дээ.

Дарь: -Тэгээд одоо хаашаа явах юм бэ? Соном: -Би танд саналаа хэлсэн шүү дээ.

Дарь: -Гүй ер өө, санал гэнэ шүү. Пээ, мөн дүүрчихсэн өвгөн шүү. Би ер нь ямар их лай ланчгаар ийм амьтантай учирдаг байна аа. Жолооч: -Тэгээд одоо яах юм болж байна. Чигээрээ явах уу, зам салах уу?

Дарь: -Хамаагүй ээ, хаашаа ч явсан яах вэ! гэх зэрэг харьцаа үгс нь одоо хэр нь бидэнд үг өгүүлбэр, өргөлт, уулга бүхнээрээ тодхон байдаг билээ. Тоглосон дүрийнх нь үг яриа нь, өнөө хүртэл ард олны ой тойнд бэлэн зэлэн хадгалагдаж хоногшино гэдэг бол тухайн жүжиг­ чин тэр дүрээ гарамгай сайн боловсруулж гаргасны илэрхийлэл гэж үздэг ёсоор М.Бадамгарав гуайн Дарь бол яах аргагүй үе үеийн үзэгч олны хайрыг татсан, жинхэнэ амьдруулж бүтээсэн тод томруун дүр мөнөөс мөн.

Нэгэн үе “Жүжигчин хүн дүр бүтээдэг болохоос тоглодог юм биш” гэсэн үзэл байдаг байлаа. Тиймээс ч сонины сурвалжлагч “Та дүрдээ тоглодог уу? Аль эсвэл өөр ямар нэг аргаар дүрээ бүтээдэг үү” гэж түүнээс асуухад “Өөрт ногдсон дүрийг тоглож байж л дүр бүтээл болно. Тоглохгүйгээр үзэгчдэд үнэмшил төрүүлэх сайн дүр босгож чадахгүй. Тэгэхлээр баатрынхаа сэтгэхүйгээр хэдий чинээ амьд үнэн амьдарч, тоглож чаднав, дүр төдий чинээ сайн амилна. Үүний тулд дүрийн судалгаагаа сайн хийж, өөрт хуримтлагдсан ажиглалтаа шавхах нь нэн чухал” гэж хариулсан байдаг. Энэ бол нэрт жүжигчин М.Бадамгаравын дүр урлахуйн ухаанд суралцаж хуримтлуулсан туршлагаараа бий болгосон уран сайхны дүр бүтээх арга ажиллагааных нь үндсэн зарчим, барил гэж үзэж болох юм. Ардын жүжигчин Д.Жигжидийн найруулсан “Өглөө” киноны сэлэм Тогмидын ээж Бадам бол түүний бүтээсэн өвөрмөц содон дүрүүдийн нэг яах аргагүй мөн. “Энэ бол ээжийн маань өөрийнх нь хамгийн хайртай дүрийнх нь нэг байсан бөгөөд хүний эх гэдэг хэзээд ч эх хүнээрээ л байдаг юм билээ. Алдсан ч, оносон ч “Муу хүү минь” гэж хүүгийнхээ төлөө санаа бодлоо үргэлж чилээж, сэтгэл нь зовниж, нойр хоолоо умартан байдаг. Энэ л эхийн дүрдээ хайртай байсан” хэмээн үр хүүхдүүд нь дурсан ярьдаг юм.

“Өглөө” кинонд сэлэм Тогмид төрийн яамны дотор сагсуурч, хүн буудна гэж сүржин загнаснаас болж сахилгад суухаар шийтгэгддэг. “Хэцүү цагт дайн тулаанд мэнд сайн яваад ирсэн хүүг минь одоо энэ сайн цагт хорьж цагдаад яахнав дээ” гэж хэлдэг хэсэг болоод “Олон хүний аминд хүрсэн айхтар эд юм гэнэ лээ” гээд хүүгийнхээ сэлмийг ламд аваачиж ариутгуулдаг хэсэг цөм эх хүний хайр, эхийн сэтгэлийг шингээж урласнаараа дүрийг улам тодотгож байдаг юм. Тэрбээр дүр бүрээ дотроо их боддог, бодол сэтгэлдээ гаднах төрх, дотоод мөн чанарыг ургуулан дүрсэлж, төсөөлөн тодорхойлж зан төлөв, үзэл санаа, авир араншинг нь нээн олж, түүгээр дамжуулан сэтгэлийнх нь ертөнцөд нэвтэрч өөрийн болгодог байсан нь тодорхой байна.

Тэрбээр кинонд тоглох үедээ эхлээд зохиолоо уншиж, оногдсон дүрийнхээ талаар тодорхой ойлголт, ерөнхий төсөөлөл дүрслэлээ олж аваад, улмаар сэтгэхүйнх нь олон янз хувирлыг бие сэтгэлээрээ мэдэрч өөрийн болгосноор, хэлж буй үг яриа, хийж буй үйлдэл хөдөлгөөн бүр нь үзэгчдэд гүн итгэл үнэмшил төрүүлэхүйц болж чаддаг байжээ. Кино зураг авахын өмнө тэрбээр найруулагчдаа “Энэ хэсгийн, энэ үгийг ингэж биш, тэгж хэлмээр байна” гэж өөрөө өөрчилж засаад ирдэг байсан гэдэг. Найруулагч нь зохиолчдоо М.Бадамгарав гуайн саналыг дамжуулахад, тэр нь сонсоод “Нээрэн тэгж хэлэх нь зөв юм байна” гэж хүлээн зөвшөөрдөг байсан тухай киноныхон ярьдаг байжээ. Зураг авалтын өмнө хаа нэгтээ суучхаад, хуучин монгол бичгээр юм бичээд тэмдэглэдэг байсан нь агшин хоромд ч гэсэн дүрийн боловсруулалтаа чамбайруулж, эрж судалж, олж мэдэрч, ухаарсны үрээр илүү амьд, бодитой болох нөхцөлийг бүрдүүлж ирж. Хэтрүүлэгт инээдмийн кино нь жүжигчнээс тодорхой хөдлөл хэмнэл бүхий уран, нарийн тоглолт шаарддаг, яггүй төрөл. “Аман хуур”-ын Дарь авгайгаас эрс өөр ялгаатай. “Өнөр бүл” киноны Чоймбол даргын эхнэр Бурмаад тоглохдоо М.Бадамгарав гуай дүрийн дотоод сэтгэлийн шугамыг тун нарийн мэдэрсэн байдаг.

Чоймбол дарга, шөнө Цэрмааг зүүдэлдэг хэсэгт “Үгүй ер өө, эр хүнийг чинь хөгшин болсон гэж бодож болдоггүй байх нь ээ. Хөгшин азарга жороо сурна гэгчээр өвгөн болсон ч бас хүүхэнтэй болздог байх нь ээ” гэж өөртөө хэлж байгаа, түүний харц, үнэлэлт, харьцааны мэдрэмж зэрэг нь дүрийнхээ дотоод сэтгэлийн хямрал, зөрчилтэй илүү дутуугүй яг таг зохицолдон таарсан байдаг. Мөн хүүхдийн паркт хоёул явж байхдаа Чоймбол дарга “Бид нэг эмэгтэйг эрээд байгаа юм аа” гэхэд нь “Юун эмэгтэй юм, алдуул юм уу?” гэж цаанаа л нэг хуйсгануур, янзгүй байдалтай асуудаг даа. Тэр “алдуул” юм уу гэдэг үгийг жүжигчин маань тоглолтын явц дунд өөрөө шууд зохион хэлж харьцсан нь дүрийнхээ дотоод сэтгэлийн эмзэглэлийг тодотгоход оносон шигтгээ болж өгсөн юм. Киноныхоо жанрын онцлогийг нарийн мэдэрч, тухайн хэсэг дэх дүрийн сэтгэл зүйн хувирлыг ончийг нь олж, донж маяг нь таарсан үг хэл, үйлдэл хөдөлгөөнөөрөө илэрхийлэх ур чадварыг чадамгай эзэмшсэнээ энэ кинонд харуулж чадсан юм.

Гавьяат жүжигчин М.Бадамгарав бол жү­ жиглэх ур зүй, дүрээ боловсруулах арга барил, хамтран тоглогчоо мэдрэх, тоглолтын өгөлт, авалт сайтай, энгийн бодит амьдралын үнэнийг гарган илэрхийлэхдээ гарамгай, үзэгч түмний хайртай жүжигчин байсаар ирсэн. Мөн тэрбээр 1947 онд анх Зөвлөлтийн киног монгол хэлнээ хөрвүүлэн дуу оруулах ажлыг Б.Гомбо найруулагчийн удирдлагаар хийж эхлэхэд Ардын жүжигчин Д.Чимэд-Осор, Ч.Долгорсүрэн, Б.Лоовой зэрэг жүжигчний хамт оролцож “Тангараг”, “Тосгоны багш”, “Берлиний уналт”, “Ёстой хүний тухай тууж” зэрэг киноноос эхлээд энэ хугацаанд нийт 200 гаруй кинонд дуу оруулсан ахмад жүжигчин юм.

1959 оноос “Монгол кино үйлдвэр”-т олон жил жүжигчнээр дагнан ажиллахдаа уран сайхны “Улаан дарцаг”, “Өглөө”, “Баянбулагийнхан” зэрэг хэд хэдэн кинонд хоёрдугаар найруулагчаар ажиллаж, орчуулгын киноны залуу жүжигчид (Д.Элбэгсайхан, Н.Батцэцэг)ийн багш, шавийн барилдлагаар дуу оруулах эрдэм ухаанд гардан сургаж, дадлагажуулан зүгшрүүлэхэд мэдлэг мэргэжил, арга туршлагаа харамгүй зориулж ирсэн буянтан билээ.

1919 онд Завхан аймгийн Алдархаан сумын Хаахалзуур гэдэг газарт эхээс мэндэлсэн Мятавын Бадамгарав нь Монголын театр, киноны олон арван бүтээлд ур чадвар, сэтгэл оюун, авьяас билгээ шингээн байж урласан дүрүүдээ мөнхлөн үлдээсэн “Алтан үе”-ийн алдар гавьяатан гэдгийг Монголд кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойгоор нэхэн санахад таатай байна.

Ардын жүжигчин Г.Равдан

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Их говийн манаач” баримтат кино нээлтээ хийлээ

05/12/2025
Театр Урлаг

“Pro” театрынхан “Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд “Щелкунчик” жүжгээ үнэ төлбөргүй үзүүлнэ

03/12/2025
Кино Урлаг

“Zootopia 2” Хятадад нээлтээ хийсэн даруйдаа 275 сая ам.доллар олж, рекорд тогтоов

02/12/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Гавьяат жүжигчин М.Бадамгаравын театр, кинонд бүтээсэн зарим дүрийн онцлог

05/12/2025

“Их говийн манаач” баримтат кино нээлтээ хийлээ

05/12/2025

Майли Сайрус сүй тавьжээ

05/12/2025

Токиогийн үзэсгэлэнгийн үеэр хүн дүрст роботууд анхаарал татаж байна

05/12/2025

“Netflix”-ээс “Physical Asia: Welcome to Mongolia” нэвтрүүлэг хийнэ

05/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.