Улирч буй 2025 онд Монгол Улсын соёл, урлагийн ертөнцөд болж өнгөрсөн онцлох үйл явдлууд, уран бүтээлчдийн үзүүлсэн онцлох амжилтуудыг онцлон нэрлэж байна.
Бүжигчин О.Долгормаа Дэлхийн бүжгийн олимпоос хүрэл медаль хүртлээ

Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын гоцлол бүжигчин О.Долгормаа ХБНГУ-ын Берлин хотноо хоёрдугаар сарын 21-25-ны хооронд зохион байгуулагдсан Дэлхийн бүжгийн олимп гэгддэг “Tanzolymp” олон улсын бүжгийн уралдааны финалын шатанд амжилттай оролцож, гутгаар байр эзэлж, хүрэл медаль хүртлээ.
А.Түвшинбаяр Азийн шилдэг жүжигчин шагнал хүртлээ

Японы Осака хотод зохион байгуулагддаг “Osaka Asian Film Festival” 3-р сарын 14-23-нд болж өндөрлөлөө.
20 дахь удаагаа зохион байгуулагдсан эл олон улсын кино наадамд найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Чимээгүй хотын жолооч” уран сайхны кино өрсөлдөж, тус уран бүтээлийн гол дүрд тоглосон А.Түвшинбаяр Азийн шилдэг жүжигчин шагнал хүртлээ.
Монгол уран бүтээлчийн дуу “Gucci” брэндийн загварын шоуны тайзнаа эгшиглэлээ

Монгол-Францын уран бүтээлч Céline Dessberg-ийн “Сэлэнгэ” дуу “Gucci” брэндийн “Cruise 2026” загварын шоуны тайзнаа эгшиглэлээ.
Тавдугаар сарын 15-нд Италийн Флоренц хотод “Gucci” брэндийн “Cruise 2026” загварын шоу түүхэн “Palazzo Settimanni” ордонд боллоо. Шоуны үеэр эгшиглэсэн “Сэлэнгэ” аялгуут бүтээл нь загварын үзүүлбэрийн кино мэт уур амьсгалыг бий болгож, “Gucci”-ийн түүхэн болон орчин үеийн загварын нэгдлийг улам тодотгож өгсөн байна.
Монголын уран бүтээлчид “Идол” олон улсын циркийн фестивалийн мөнгөн цомын эзэн болжээ

ОХУ-ын Москва хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Идол” олон улсын циркийн жүжигчдийн фестивальд дэлхийн 20 гаруй орны 190 гаруй циркчид ур чадвараа сорин өрсөлджээ. Москва хотын “Большой Москвич цирк”-т болж өндөрлөсөн энэхүү фестивальд манай улсаас Т.Номуунбаатар ахлагчтай Циркийн хөгжлийн төвийн жүжигчид оролцож “Мөнгөн Идол” цомын эзэн болсон байна.
Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтыг тэргүүлжээ

Ардын жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин дуурийн урлагийн дэлхийн шилдгүүдийг тодруулдаг “Opera World” цахим хуудсын жагсаалтыг тэргүүлжээ.
Тэрбээр олон улсын дуурийн урлагийг шимтэн сонсогчид, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ хүртэж, дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын тайзнаа авьяас чадвараараа гайхуулж, шилдгийн шилдэг гэдгээ дахин нотолсон байна.
БНХАУ-д болсон олон улсын уралдаанаас УДБЭТ-ын бүжигчид мөнгө, хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Сямэнь хотод зохион байгуулагдсан мэргэжлийн бүжигчдийн олон улсын уралдаанд УДБЭТ-ын балетын жүжигчид амжилттай оролцож, Б.Марал мөнгөн медаль, Б.Ананд хүрэл медаль хүртжээ.
Мөн тус уралдаанд УДБЭТ-ын захирал, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг шүүгчээр оролцсон байна.
“Монгол хаан” театрын бүжигчид олон улсын А зэрэглэлийн уралдаанаас шагнал хүртлээ

Өмнөд Солонгост зохион байгуулагддаг “Seoul international dance competition” мэргэжлийн бүжигчдийн олон улсын А зэрэглэлийн уралдаанд “Монгол хаан” театрын бүжигчид амжилттай оролцжээ. Тодруулбал, 22 дахь жилдээ болсон тус уралдаанд “Монгол хаан” театрын бүжигчин Э.Уртнасан гуравдугаар байр, Н.Лхагвадорж тусгай шагнал хүртжээ.
Олон улсын хүүхдийн загварын уралдаанд монгол охин түрүүллээ

Жил бүр зохион байгуулагддаг “Junior model international world finals – 2025” олон улсын хүүхдийн загварын уралдаанд эх орноо төлөөлөн оролцсон Д.Сэцэнгоо тэргүүн байр эзэлж, “Super grandprix” титмийн эзнээр тодорчээ.
Ган-Эрдэнийн Гансүлд олон улсын “Brahms” хөгжмийн уралдааны шилдгээр тодорчээ

Хонг Конг хотноо зохион байгуулагдсан 2025 оны Brahms international music competition буюу “Brahms” олон улсын хөгжмийн уралдааны Азийн шигшээ шатанд бяцхан хөгжимчин Г.Гансүлд гранпри буюу шилдгийн шилдэг шагналын эзэн болжээ.
Тэрбээр “Children B” насны ангилалд өрсөлдөн, Францын алдарт хөгжмийн зохиолч Эдуар Лалогийн “Symphonie Espagnole”-ийн эхний хэсгийг толилуулсан байна.
Д.Дагвадорж олон улсын дуурийн дуучдын уралдаанд түрүүллээ

Польшийн Щецин хотын алдарт “Opera at the Castle” театрт болсон , “XXV Great Tenors Tournament” олон улсын уралдааны финалын шатанд Монгол, Хятад, Солонгос, Чех, Польш, Кубын найман дуучин шалгарснаас Монгол Улсаас оролцсон ОХУ-ын Марийнскийн театрын дуучин Д.Дагвадорж тэргүүн байрт шалгарсан байна.
Өсвөрийн нугараачид Юрий Никулины нэрэмжит шагнал хүртжээ

ОХУ-ын Москва хотноо гурав дахь удаагаа зохион байгуулсан олон улсын циркчдийн “Артист” тэмцээнд 20 гаруй орны циркчид оролцсоноос “Отгоо” студийн нугараач охид өсвөрийн ангилалд амжилттай оролцож, хүрэл цомын эзэн болжээ.
Залуу циркчид Учаогийн тэмцээнээс “Хүрэл арслан” цом хүртжээ

Хятадын Учaо хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дэлхийн циркчдийн А зэрэглэлийн 20 дахь удаагийн наадмаас “Монгол циркус” төвийн “Mongol’s Team” багийн 17-18 насны уран бүтээлчид шидэх банзны үзүүлбэрээр оролцож, “Хүрэл арслан”-тай эх орондоо иржээ.
“Miss Friendship International 2025” тэмцээний ялагчаар Монголын мисс шалгарчээ

БНХАУ-д зохион байгуулагдсан “Miss Friendship International 2025” тэмцээнд дэлхийн 60 гаруй орны гоо бүсгүй өрсөлджээ. Уг тэмцээнд Монголоос оролцсон “Сити” их сургуулийн гоо сайхны ухааны сургуулийн арьс гоо, заслын оюутан О.Халиун тэргүүн миссийн титэм зүүлээ.
Дуурийн дуучин Б.Оюу-Эрдэнэ олон улсын уралдаанд дэд байр эзэлжээ

Оросын сонгодог дуурийн урлагийн нэрт зүтгэлтэн Наталья Шпиллерын нэрэмжит “Оросын хөгжмийн сор бүтээлүүд” олон улсын дуулаачдын XII уралдаанд манай улсаас Гнесиныхны нэрэмжит ОХУ-ын Хөгжмийн академийн магистратурт суралцаж буй дуурийн дуучин Б.Оюу-Эрдэнэ оролцож, дэд байр эзэлжээ.
“Moon dance” хамтлаг ДАШТ-ээс дахин нэг хүрэл медаль хүртлээ

Австрийн Вена хотод Дэлхийн бүжгийн спортын холбооны латин формейшн төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, найман орны 13 баг өрсөлдсөнөөс Монголын “Moon dance” хамтлаг хүрэл медаль хүртлээ.
Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Сэтгэлийн зураг” кино Таллины олон улсын наадмаас шагнал хүртэв

Эстони Улсын Таллин хотноо 29 дэх удаагийн Таллины “Хар шөнө” олон улсын кино наадам болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ жил үндсэн уралдаант хэсэгт Унгар, Морокко, Испани, Филиффин, Монгол, Герман зэрэг улсын 17 кино уран бүтээл өрсөлдсөнөөс найруулагч Ж.Сэнгэдоржийн шинэ бүтээл болох “Сэтгэлийн зураг” /The Muralis/ уран сайхны кино шалгарч NETPAC шагнал хүртлээ.
“Star” хамтлаг ДАШТ-ий дөрөвдүгээр байрт шалгарлаа

Австрийн Вена хотод Дэлхийн бүжгийн спортын холбооны Латин формейшн төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, найман орны 13 баг өрсөлдсөнөөс Монголын “Star” хамтлаг “Agape – When love dances” бүжгээрээ дөрөвдүгээр байрт шалгарч, финалын цом гардлаа.
“Монгол хаан” жүжгийг алдарт Марийнский театрын тайзнаа тоглоно

Монголын театрын урлагийг дэлхийд сурталчилж буй “Монгол хаан” жүжгийг ирэх 2026 оны есдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд ОХУ-ын алдарт Марийнский театрын тайзнаа тоглохоор болжээ. Тодруулбал, 1992 оноос хойш зохион байгуулагдаж буй Олон улсын Номхон далайн театрын наадмыг Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй Төр” жүжгийн олон улсын хувилбар болох “Монгол хаан” жүжгээр албан ёсоор нээхээр болжээ.
“Чимээгүй хотын жолооч” кино Монголыг төлөөлж “Оскар”-т өрсөлдөхөөр боллоо

Америкийн кино академийн шагнал гардуулах ёслол буюу 98 дахь удаагийн “Оскар”-ын наадмын урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох кино бүтээлээр найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” (Silent city driver) уран сайхны киног шалгаруулжээ.

