Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Ярилцлага»А.Даваасүрэн: Бид шинэ жилийн бэлгэдэлт дүрүүдийг монгол хөрсөнд буулгах хэрэгтэй
Ярилцлага

А.Даваасүрэн: Бид шинэ жилийн бэлгэдэлт дүрүүдийг монгол хөрсөнд буулгах хэрэгтэй

Урлаг Урлаг26/12/2025Шинэчлэгдсэн:26/12/2025Сэтгэгдэл байхгүй11 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ бол таны, бяцхан үрсийн оролцоотой бүтэх тийм ид шидтэй үлгэр. Хүүхдийн зурагт номын зохиолч А.Даваасүрэн шинэ оны босгон дээр бяцхан уншигчдадаа зориулан “Цасан охины нууц” зурагт номоо хэвлүүлжээ. Тэрбээр мөн “Үүлэн үст”, “Би Чи Бид”, “Миний Чиний Бидний гэр”, “Аа… Чүү…”, “Ув улаан зүрх” номуудын зохиолч юм.

Харин энэ удаагийн шинэ бүтээлийн үйл явдал нь эх оронд минь идэр ес айлчилдаг тэр өдрөөс эхлэх агаад Өвлийн өвгөний туслах бөхөн бөн бөн шогшуулсаар хүүхэд бүрийг захидлыг цуглуулж явахдаа сайхан сэтгэлт нэгэн охинтой таарснаар хүн бүрийн сэтгэлд шинэ жилийн баярын оройн шидэт үлгэрийг амилуулах түүх эхэлдэг.

Ингээд “Цасан охины нууц” номын зохиолч О.Даваасүрэнтэй ярилцсанаа уншигчдадаа хүргэе.

– “Цасан охины нууц” зурагт номын зохиолын сэдэл хэзээ анх таны дотор биежиж, бүрэлдэж эхэлсэн бэ?

– Нэлээд хэдэн жилийн өмнөөс зохиолын маань санаа энэ, тэндээс урган толгойд минь бүрэлдэж эхэлсэн л дээ. Өдгөөгөөс бараг гурван жилийн өмнөх өвлийн нэгэн үдэш гэр лүүгээ алхаж байхдаа жигтэйхэн их даарсан юм. Даарснаасаа болоод “Ингэхэд одоо хэдэн ес эхэлсэн билээ, ид хүйтэн дуусах дөхсөн бил үү, яалаа” гэж бодохтой зэрэгцэн морь унасан есөн хүлэг баатрын дүр тархинд минь зурсхийсэн. Энэ үед би монголчуудын хүйтнийг тоолох есөн есийн ойлголтыг хүүхдийн номд заавал хүншүүлж оруулах юм шүү гэж бодсон.

Үүнээс бараг жилийн дараагаар цас намуухан будрах нэг орой мөн л гэр лүүгээ алхаж яваад тэнгэр өөд хартал “Тээр тэндэх тэнгэр аав чинь, энэ цас ээж чинь, Тийм учраас охин минь чи Цэлмэг тэнгэр шиг цэнхэр нүдтэй Цас шиг уужим сэтгэлтэй юм шүү” гэсэн дөрвөн мөр цээжинд амилаад ирсэн.

Толгой дотор минь цав цагаан үс хөмсөгтэй, цэнхэр нүдтэй онцгой охин л бодогдоод байлаа. Ингэж дээрх санаанууд дотор минь урган өндийсөөр нэгэн мөчид хоорондоо холбогдож цасан охины түүх болж хувирсан даа. “Цасан охины нууц” номд маань хүйтний есөн ах дүүс (есөн ес), цас шиг цагаан үс хөмсөгтэй онцгой охины түүх огтлолцдог.

– Номоо яг шинэ оны босгон дээр багачуудад хүргэхийг зорьж, төлөвлөж байгаад гаргасан уу?

– Анх бол ноднин оны аравдугаар сард гаргахаар төлөвлөж байсан. Гэхдээ хүүхдийн зурагт ном бүтээнэ гэдэг маш их цаг, нягт нямбай ажиллагаа шаарддаг. Ингэж явсаар хугацаа хойшилж, эцэст нь энэ сарын хоринтой уралдаж хэвлэлтээс гарсан. Төлөвлөсөн олон ажил маань дараа он руу шилжсэн ч, шинэ бүтээл маань шинэ оны босгон дээр хүүхдүүдийн гарт очсонд л сэтгэл дүүрэн байна.

– Та өмнө нь бас “Ув улаан зүрх” нэртэй зурагт ном бичиж байсан. Мөн шинэ оны үйл явдал гардаг, гол дүр нь бөхөн байдаг шүү дээ… Тус номын талаар дурдахгүй юу?

– “Ув улаан зүрх” номдоо би Монголынхоо өвөрмөц, нэн ховор амьтан болох Бөхөнг шинэ жилийн гол дүр болгохыг зорьсон. Бөхөн хэмээх дэгжин ганган залуу шинэ жилийн баяраар бусдыг гомдоож явсаар зүрх нь хөө шиг хар болчихдог. Харин дараа нь буруугаа ойлгож, Өвлийн өвгөний дүрд хувиран захидал тарааж, гомдоосон амьтдаасаа уучлал гуйж, эцэст нь хамтдаа шинэ жилийн баяраа тэмдэглэж буй тухай өгүүлдэг юм.

Энэ номд хүүхдүүд их дуртай. Би “Үлгэрийн цаг”, ангийн хамт олны уншлагаар уг номоо олон арван хүүхдэд уншиж өгч, ярилцаж байлаа. Хүүхдүүд номоо уншихын өмнө Бөхөнг харчхаад “буга” байна гэж хэлдэг. Харин уншуулсныхаа дараа “Энэ амьтан чинь буга биш, Монголын ховор амьтан Бөхөн юм байна шүү дээ” гэж мэдэж авдаг. Мөн Бөхөн хэмээх бүтэлгүй ч гэмээр дүртэй сэтгэл зүрхээрээ холбогдож, хайрлаж байгаа нь мэдрэгддэг.

– Энэ удаад мөн л бөхөн зохиолын өгүүлэмжийг таны хэлэх гэсэн гол санаатай уях хамгийн чухал дүр болж өгсөн байсан. Яагаад заавал бөхөн гэх амьтныг сонгож авсан бэ?

– Монголчууд бид бараг 80 жил шинэ жил тэмдэглэсэн хэр нь хүүхэд багачууддаа энэ баярын утга учрын тухай өгүүлсэн нэг ч ном хийж өгөөгүй өдий хүрчээ. Өвлийн өвгөнөөс өөр бэлэгдэлт дүр ч бүтээгээгүй байх юм. Тиймээс би Монголд төрсөн монгол зохиолчынхоо хувьд үндэснийхээ онцлогийг хадгалсан, өөрсдийн гэсэн дүртэй болох сон гэж хүсэж, эрэл хайгуул хийсээр Бөхөнг олсон.

Бөхөн бол урт хос монхор хамар болон бүлээр амьдардгийнхаа ачаар мөстлөгийн их хүйтнийг даван гарч, өдий хүрсэн гайхамшигтай амьтан. Мөстлөгөөс хойш бараг хувьсаж өөрчлөгдөөгүй шахам өнөөг хүрсэн. Тэр утгаараа Өвлийн өвгөний хүндэт туслах болоход яг тохирч буй юм. Бас хүнээр бол нинжин сэтгэлтэй амьтан гэх юм уу даа. Өөрийнхөө үр төлөөс гадна өөр янзгыг ч мөн хөхүүлж, хооллодог. Үүний ачаар эхгүй үлдсэн янзаганууд өлбөрч үхэхээс аврагддаг. Тиймээс “Цасан охины нууц” номд Бөхөн бүтэлгүй, сандруу ч сайхан сэтгэлтэй туслахын дүрээр дүрслэгддэг.

– Та номдоо Аваахайнууд, Хүйтний есөн ах дүүс зэрэг дүрүүдийг бүтээсэн байсан. Эдгээр нь манай орны өвлийн улирлын цаг агаарын байдлыг тоолох эртнээс уламжлагдан ирсэн есөн ес гэх 81 хоног үргэлжилдэг өдрүүдийг дүр болгож бүтээсэн хэрэг үү?

– Тийм ээ. Хүйтний есөн ах дүүс бол есөн ес буюу 81 хоног үргэлжлэх тооллыг хүншүүлж оруулсан гэсэн үг. Сайн ажиглаад харвал дүр бүрийн дээлний өнгө, хээ нь өөр өөр байгаа. Аль нь хэд дэх ес вэ гэдгийг дээлийнх нь өнгө, хээнээс хараад мэдэж болно.

Аваахайнуудын хувьд “цасан ширхэг” гэсэн утгатай хуучны үг. Нэвсийн орох цасыг аваахай цас гэдэг юм билээ. Би Өвлийн өвгөний туслахаар ямар дүр бүтээх вэ гэж их бодсон. Бодоод бодоод бодын шийр дөрөв гэдэг шиг зараа, туулай, шаазгай дээр л уначхаад байв. Харин нэг өглөө толь бичгээс энэ үгийг олж хараад их баярласан. Хар өглөөгүүр гэртээ ганцаараа хашхирч, үсэрч цовхорч, хөөрсөн шүү (инээв). Нэрийн утга, цаад суурийнхаа хувьд Өвлийн өвгөний өхөөрдөм туслах болоход яг тохирч буй юм.

Энэ санаагаа хамгийн түрүүнд зураач Э.Мишээлтэй хуваалцахад тэр дор нь дүр бүтээгээд гаргаад ирсэн. Ингэж л Өвлийн өвгөний өхөөрдөм хөөрхөн туслахууд бий болсон юм. Аваахайнууд чихэр, тоглоом хийж, өмд цамц оёж, цаа буга сургаж, бэлэг боож, баглаж ачдаг үүрэгтэйгээр номд маань дүрслэгдсэн.

– Монгол бол үлгэрийн арвин баялаг өв сантай ард түмэн. “Өвөл зун яагаад ээлжилдэг болсон бэ?”, “Эрхий мэргэний домог”, “Тэмээ эврээ гээсэн нь” зэрэг аливаа юмсын утга учрыг домогчлон тайлбарладаг үлгэрүүд олон. “Цасан охины нууц” номын тань зохиол нэг талаараа эдгээрийг их санагдуулсан…

– Тийм ээ. “Цасан охины нууц” номд Өвлийн өвгөн яагаад заавал цасан охинтой хамт ирдэг болсон учрыг өгүүлж буй. Манай шинэ жилийн нэг онцлог нь “Өвлийн өвгөн цас мөсний орноосоо цасан охинтой хамт ирдэг” шүү дээ. Чухам яагаад цасан охинтой хамт ирдэг юм бэ? Цасан охин ямар учиртай дүр юм бэ? гээд асуухаар хариулах хүн байхгүй. Оросоос хуулбарлаад авчихсан юм аа л гэдэг. Гэхдээ бид үүний учрыг өөрсдийнхөө сэтгэлгээний онцлогоор тайлж, утга учир оноож өгөх хэрэгтэй. Ингэж чадвал шинэ жилийн баяр илүү утга учиртай, өөрсдийн онцлогийг шингээсэн, жинхэнэ үндэсний баяр болно. Энэ нь эргээд хүүхэд багачууддаа чухал ач холбогдолтой юм.

– Та багадаа өвлийн өвгөн, цасан охины талаар ямар төсөөлөлтэй байсан бэ?

– Цасан охиныг маш сайхан сэтгэлтэй, онцгой охин гэж боддог байлаа. Цэцэрлэгт байхдаа цагаан даашинз өмсөөд цасан охины дүрд хувирч, цагаан саа гартаа уячхаад  “Сүлд модны наадмын тойрон бүжгийн дуу”-г дуулж, бүжиглэх их дуртай байсан. Жинхнээсээ л цасан охин болчих шиг санагддаг байж билээ. Харин Өвлийн өвгөнийг хаана амьдардаг, юу хийдэг юм бол оо гэж их боддог байв. Өнөөгийн хүүхдүүдэд Санта хаана амьдардаг, юу хийдэг, хэнтэй хамт байдаг зэрэг бүх зүйл нь соёл, зан үйлийн хувьд хэвшээд тогтчихсон байдаг. Харин монгол Өвлийн өвгөн тун тодорхойгүй, бүрхэг байдаг шүү дээ. Тиймээс би энэ бүхийг “Цасан охины нууц” номдоо тодорхойлж өгөхийг хүссэн.

– Тэрхүү хүүхэд насны төсөөллөөсөө зохиолдоо шингээсэн үү?

– Одоо ингээд бодоход, хүүхэд насны дурсамж, бодол мэдрэмж зохиолд маань зарим талаараа туссан юм байна шүү. Би ухамсартайгаар, зориудаар төлөвлөж оруулаагүй ч цасан охины дүр бүтэхэд нөлөөлсөн нь дамжиггүй. Угаас зохиолчийн туулж өнгөрүүлсэн амьдрал, дурсамж, бодол мэдрэмж, сэрэхүйгээс ангид зохиол гэж байхгүй шүү дээ.

– Шинэ жилийн баяраар авч байсан хамгийн үнэ цэнтэй, огт мартагддаггүй бэлгийнхээ талаар хуваалцаач…

– Намайг бага байхад аав, ээж хоёр маань надад гар доорх материалаар шинэ жилийн мод хийж өгч байсан. Үйл явдал, дүр байдал нь их бүдэг хэр нь ээ тухайн үед мэдэрсэн мэдрэмж өнөө хэр нь сэтгэлд минь тод, дулаахан байдаг.

– Ер нь хүүхдийн зурагт ном бичнэ гэдэг ихээхэн ярвигтай ажил гэж олон хүнээс сонсож байсан. Зурагт номын зохиолчийн хувьд нэн тэргүүнд баримталдаг зарчим юу вэ?

– Хэдэн гоёмсог өгүүлбэрээр хулдсан хуурай үйл явдалтай,  цахимаас хуулсан мэт амьгүй зурагтай,  хамгийн хямд цаасан дээр хэвлэсэн, арилжааны зохиол биччихээд ном хэмээн нэрлэж гаргахыг өөртөө хатуу цээрлэдэг.

Би номынхоо зохиолоос гадна, хэвлэл, өнгө будаг, зургийн зохиомж, үсгийн фонд, дизайн дээр анхаарахыг их хичээдэг. Учир нь зурагт ном бол дан ганц зохиолоос бүтдэггүй. Зохиол, фонд, өнгө будаг, дизайны цогц нэгдэл юм.

– Заримдаа бичихээс илүүтэй зургаараа илэрхийлэгддэг утга санаа бас байдаг шиг…

– Зурагт номд энэ их чухал. Бичвэрт ил бичээгүй утга санааг зургаар давхар илэрхийлж болдог. Хүүхдүүд зурагт номын бичвэрийг уншдаг, зургийг ч мөн уншдаг. Тиймээс зураг өөрийн гэсэн өгүүлэмжтэй байх нь чухал. Зохиолчийн хүргэх гэсэн санааг зураг, дизайн, өнгө будгаар давхар илэрхийлэх нь зурагт номын нэг амин чанар.

– Бид улам олон үлгэр, домогтой болох хэрэгтэй. Үүний цаад шалтгааныг хэрхэн хардаг бол?

– Үлгэр домог гэдэг бол тухайн улс орон, ард түмний сэтгэлгээ, ой санамжийг өөртөө тээсэн нэг гайхамшигт өв. Үлгэрээр дамжин сэтгэлгээний онцлог өвлөгдөн үлддэг.

– Үндэсний онцлог, ондоошил, ялгарал гэж хүмүүс их ярьдаг. Зарим нь шинэ жилийн баярыг барууны соёл гэж буруушаах хандлага бий. Харин таны хувьд үүн дээр ямар бодолтой явдаг вэ?

– Өнөө цаг үед шинэ жилийн баярыг “Барууны баяр, боль, хая, хорь” гээд мэтгэлцээд байх нь утгагүй. Угаас дэлхий дахинаа зарим баяр даяаршлагдаж, жаахан өөрчлөгдөөд л түгэн тархдаг. Харин бид тэрхүү баярт өөрсдийн гэсэн онцлогийг шингээж, ахуй соёл, хөрсөн дээрээ буулгаж чадаж байна уу гэдэгт л учир бий. Тиймээс би “Цасан охины нууц” номдоо Монголын Өвлийн өвөрмөц дүрүүдийг шинэ жилийн баяртай холбон оруулж, монгол хөрсөнд буулгаж, өөрсдийн гэсэн онцгой дүрийг бүтээж, үндэсний онцлогийг шингээж өгөхийг зорьсон байгаа.

– Э.Мишээл зураачтай өмнө хоёр уран бүтээл дээр хамтран ажилласан санагдаж байна. Энэ удаагийн номыг өмнөх уран бүтээлүүдээсээ өөр болгохын тулд зургийн ажил дээр ямар нэгэн зөвлөмжүүд хэлж өгсөн үү?

– Э. Мишээл зураачтай  өмнө нь “Би Чи Бид”, “Миний Чиний Бидний гэр” бүтээл дээр хамтарч ажилласан. Энэ хоёр ном хоёулаа танин мэдэхүйн чиглэлтэй ном учир зураг зурахад судалгаа их шаардагдсан. Зураач маань зарим зүйлийг эндүү ташаа ойлгох юм гарвал,  би цаасан дээр хараар зурж харуулна, аль эсвэл ойролцоо дүрслэлтэй фото зураг үзүүлж байгаад ярилцдаг байсан. Ялангуяа “Миний Чиний Бидний гэр” номын цаатан ахуйг зурахын тулд баримтат кино их үзсэн. Эндүү ташаа, аль эсвэл буруу зурчхаж болохгүй шүү дээ.

Харин “Цасан охины нууц” ном үлгэрийн өгүүлэмжтэй учир зургийг нь ид шидлэг байлгахыг хүссэн. Зураач маань баримтад тулгуурлах бус харин илүү уран сэтгэмжээр, чөлөөтэй сэтгэж зурсан. Зургийн зохиомж, өгүүлэмж, хуваалтыг хийхдээ бид хоёр хоёроос гурван удаа удаа уулзаж ярилцаж, санаагаа нэгтгэсэн.

– Номын эхнээс дуустал нэг цагаан муур яваад байсан. Тэр ямар учиртай юм бэ?

Тэр цагаан муур бол цасан охины дүр, зан чанарыг тодотгож, “Ид шид үнэхээр байдаг юм шүү. Хаана гээч? Чиний зүрх сэтгэл” гэх утга санааг хөтөлж буй дүр юм. Гэр орон, хайрлах эзэнгүй гудамжны муур цасан охины сайхан сэтгэлийн ачаар зохиолын төгсгөлд дулаахан гэртэй, өөрийг нь хайрлах эзэнтэй болдог. Манай нийгэмд ч гэсэн зүрхэндээ бяцхаан ид шид тээчихсэн явдаг ийм хүмүүс олон.

Ингээд бодохоор өнчин охины өөрийгөө олж буй түүхийн хажуугаар, гудамжны бяцхан муурын түүх давхар өрнөж байна гэсэн үг. Тэрхүү муурын түүх охины түүхтэй огтлолцоно. Томчууд үүнийг төдийлөн анзаарахгүй байж магад, харин хүүхдүүд илүү сайн анзаарч хардаг.

– Магадгүй номын тань үлгэрт итгэсэн, үнэхээр ес эхлэх цагаар бөхөн захидал цуглуулдаг юм байна гэх бяцхан уншигч байсан уу?

– Тийм ээ, байсан. “Цасан охины нууц түүх” маань өвлийн жавар эхэлсэн 12 сарын 22-оос 23-нд шилжих шөнө, Өвлийн өвгөний хүндэт туслах Бөхөн хүүхдүүдийн захидлыг цуглуулж яваад нэгэн сайхан сэтгэлт охинтой таарч буйгаар эхэлдэг. Он сар ингэж оноож өгсөн нь монгол өвлийн дүрүүд, цаг хугацааны ойлголт үр хойчид минь өвлөгдөн үлдэж, утга учиртай зан үйл болон тогтоосой гэсэн миний чин хүсэл юм.

Энэ хүслийг минь биелүүлэх мэт ном маань гарсны дараахан нэгэн ээжээс “Манай хүү Бөхөн ирж захидал авах юм байна гээд их сандарч байна” гэсэн зурвас ирсэн. Яг тэр өдөр би 6 настай хүүдээ өнөөдөр ес эхэлдэг өдөр буюу 12 сарын 22 шүү гээд хэлтэл, манай хүү бас л ихэд сандарч, өөрийн мэддэг хэдэн үсгээрээ бушуухан захидал бичээд модноосоо өлгөчихсөн. Хүү маань “Бөхөн ирээд захидал аваад явчихна, Өвлийн өвөө надад бэлгээ хэзээ өгөх бол оо? Бүх хүүхдэд бэлэг нь хүрэх болов уу” гээд их догдолсон.

Цааш цаашдаа монгол хүүхдүүд маань 12 сарын 22-нд захидлаа бичиж, модноосоо өлгөдөг, 23-ны шөнө Бөхөн ирээд захидлыг нь хүргэж өгөхөөр авч явдаг монгол уламжлал тогтчихвол хэчнээн сайхан бэ. Тэр цагт шинэ жилийн баяр зүгээр гаднын баярыг дуурайсан төдий бус, жинхэнэ монгол өнгө төрхтэй, өөрсдийн гэсэн утга учиртай, үндэсний онцлогийг хадгалсан баяр болох болов уу гэж санана.

– Цаашид бөхөнгийн дүр дараагийн бүтээлүүд дээр тань байх болов уу. Уншигчдад хариулт тань сонирхолтой байх биз?

– Зургаан настай хүү маань “Цасан охины нууц” номыг уншчихаад “Цасан охин Өвлийн өвгөнийд очоод цаашаагаа юу хийдгийг, яаж амьдардгийг би мэдмээр байна?” гэж хэлсэн. Магадгүй  хоёр юм уу гурван жилийн дараа тэр тухай өгүүлсэн түүх бичиж магадгүй. Тэр үед Бөхөн, Цасан охинд хичээл заадаг байж болох юм.

– Та ер нь өвлийн улирлыг юугаар төсөөлдөг вэ. Урт шөнийн турш хүүрнэх домог үлгэрүүд үү, цав цагаан цас уу, баярын шөнө тохиодог ид шид үү?

– Өвлийн улирлыг цас мөсгүй, ирээдүйд итгэх ид шидгүйгээр төсөөлөхийн аргагүй.

– Магадгүй хүн бүр ид шидийг мэдэрдэг, тэр нь түүнд амьдралын сайн сайхныг өгсөн байдаг болов уу. Танд тийм ид шид тохиож байв уу?  

– Хүүхдийн зохиолч Роалд Дал “Ид шидэнд итгэдэггүй хүнд ид шид хэзээ ч тохиодоггүй” гэж хэлсэн байдаг юм. Ид шид бидэнд гаднаас ирдэггүй. Харин бидний дотроос мэдрэгддэг. Тиймээс өвлийг ч, амьдралыг ч ид шидэд итгэх итгэлгүйгээр туулна гэдэг боломжгүй санагддаг шүү.

Б.АЛТАНХУЯГ

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Ярилцлага Урлаг

М.Дэлгэрсайхан: Дилав хутагтын дүрийг бахархаж, хайрлаж бүтээсэн

19/12/2025
Ярилцлага Урлаг

Ц.Энгүүн: Азийн шилдэг ирээдүйтэй 100 уран бүтээлчийн нэгээр нэрлэгдэх гайхалтай байлаа

17/12/2025
Бүжгийн урлаг Урлаг

Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа

16/12/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Холливуудын алдарт жүжигчин Жаред Жозеф Лето 54 нас хүрлээ

26/12/2025

Д.Одзаяа төрсөн өдрөөрөө 200 гаруй эх хүүхдийг баярлуулав

26/12/2025

“Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн дэлгэнэ

26/12/2025

А.Даваасүрэн: Бид шинэ жилийн бэлгэдэлт дүрүүдийг монгол хөрсөнд буулгах хэрэгтэй

26/12/2025

Тусгаар тогтнолын далбааг мандуулах ёслол болно

26/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.