Монголд хамгийн жижиг номыг бүтээсэн Монгол хэл бичгийн их эрдэмтэн Баясгалангийн Шагж гэрийнхээ өрхийг харанхуй болгож, үдийн нарны хурц гэрлийг ганц хуруу дарам жижиг цоорхойгоор номынхоо хуудсан дээр тусгаж, ганц ширхэг хялгасны үзүүрээр бичиж бүтээжээ. Энэхүү бяцхан ном одоо Үндэсний төв номын санд хадгалагдаж байна.
“Сахиусан дара эх” буюу Ногоон, Цагаан дара эхийн төвөд бичмэл сударт нийт 62 шүлэг буюу бадаг, 250 шад буюу мөр, 5 718 үсгийн тэмдэгт, 2 510 цэг шад багтсан бөгөөд бүхэлдээ 8 228 тэмдэгттэй. Тус судар нь урт барын хэмжээгээр бичвэл 10-аад хуудас болдог бөгөөд Шагж үүнийг жижиг зайд 79 мөрөөр улаан, хар бэхийг алаглуулан, тогтуун бичдэг сав үсгээр бичсэн нь түүний уран чадвар, урлахуй ухааны гайхамшгийг харуулсан онцгой бүтээл болжээ.
Эрдэмтэн Б.Шагжийн бичсэн энэхүү номыг 1984 онд академич Ц.Дамдинсүрэн Улсын нийтийн номын сангийн архивт өгчээ.
Б.Шагж нь 1886 онд Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу, одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багт төрж, Хангал сумын нутагт өсөж торнисон. Багаасаа сүм хийдэд шавилан сууж, төвөд хэл, бичигт гүнзгий боловсорч, орчуулгын эрдэмд нэвтэрсэн нэгэн. Анх нутгийн Даваа хиагаар монгол бичиг заалган сурч, дараа нь алдарт бичээч Дашням гүнд шавь орсон гэдэг.
Ардын хувьсгал ялсны дараа Б.Шагж Судар бичгийн хүрээлэнд ажиллаж, удалгүй тус хүрээлэнгийн жинхэнэ гишүүнээр сонгогдон ажилласан. Хүрээлэнд ажиллах хугацаандаа тэрээр “Эрдэнэ мэт үсгийг хялбар эвлүүлж, чимэг болгон хэрэгжүүлэх, амар хөтөлбөр оршвой” гэсэн Монгол бичгийн дүрмийн толь, “Эрэх үеэ хялбар болгон зохиосон монгол хэлний тайлбар чандманийн эрх” дөрвөн дэвтэр толь, 27 000 үгтэй “Үсгийн дүрмийн толь”, “Монгол бичиг сургах дөт зам” зэрэг бүтээлийг туурвисан юм.
Бас энэ мэтээр Б.Шагж “Алтангэрэл” судрыг бичиж, VШ Богд Жавзандамбад өргөн барьсан бөгөөд түүнийг хэрхэн бичсэнийг гайхан биширч, ихэд хөхүүлэн шагнасан гэдэг. Энэхүү ховор, нандин ном одоо Улсын төв номын санд хадгалагдаж байна.
Ташрамд, Монголын хамгийн жижиг ном болох Ногоон дара эхийн магтаалыг бүтээснээс 40 жилийн дараа, 1985 онд Шотландын Ренлэн хотод дэлхийн хамгийн жижиг ном хэвлэгдсэн байна. Энэхүү ном нь “Old King Cole” хэмээх үлгэрийн ном бөгөөд хэмжээ нь 1,25×1,25 инч бөгөөд уншихын тулд хуудсыг зүүний үзүүрээр эргүүлэх шаардлагатай. Энэ ном одоо Конгрессын номын санд хадгалагдаж байгаа ажээ.





