Тайпэй хотын тэнгэр цэлмэг ням гараг /2026.01.25/-ийн өглөө 92 минутын турш мянга мянган үзэгчид догдлон дээш харж, дэлхий даяарх хүмүүс дэлгэцийн өмнө шимтэн үзсэн нь алдарт авирагч Алекс Хоннолд дэлхийн хамгийн өндөр тэнгэр баганадсан барилгуудын нэгийг чөлөөт авиралтаар эзлэхийг оролдсон мөч байлаа.
Тэрбээр орон нутгийн цагаар 10:43-д Тайпэй 101 барилгын орой дахь металл шовгор хэсгийн сүүлийн инчийг даван гарч, 508 метрийн өндөрт инээмсэглэн зогсож, доорх хөгжөөн дэмжигчид рүүгээ даллав. Энэ агшин нь чөлөөт авиралтын түүхэнд мартагдашгүй мөч болж үлдэх нь гарцаагүй.
Хоннолд Тайпэй 101-ийг олс, хамгаалалтын тор, ямар ч тоног төхөөрөмжгүйгээр, зөвхөн нүцгэн гараараа, бага зэрэг шохой ашиглан авирсан анхны хүн болж байна.
“Гайхамшигтай мэдрэмж байна. Удаан хугацаанд боломжтой гэж төсөөлж явдаг ч бодитоор хийж дуусгахад үргэлж өөр мэдрэмж төрдөг” гэж Хоннолд авиралтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

40 настай Хоннолд сүүлийн 20 орчим жилийн турш авиралтын ертөнцөд танигдсан нэгэн бөгөөд 20-иод насандаа хүнд маршрутуудыг чөлөөт авиралтаар амжилттай давснаар алдаршсан.
Тэрбээр 2017 онд Ёсемитийн үндэсний паркт орших Эль Капитан хэмээх босоо хадны тогтоцыг чөлөөт авиралтаар давсан анхны хүн болж, уг авиралтыг харуулсан “Free Solo” баримтат кино дэлхий даяар алдаршсан юм.

Тайпэй 101-д авирах хүсэл түүний сэтгэлд арав гаруй жилийн турш байсан ч Netflix уг санааг дэмжиж, шууд дамжуулалтаар үзүүлэх болсноор л бодит болсон аж. Тэрбээр үүнийг “хот суурин дундах хамгийн өндөрт гарсан чөлөөт авиралт” хэмээн тодорхойлжээ.
Анх бямба гарагт хийхээр төлөвлөсөн ч цаг агаарын таагүй нөхцлөөс болж хойшлогдсон уг авиралт ням гарагт цэлмэг тэнгэр, салхи багатай таатай нөхцөлд амжилттай болсон байна.

