Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Х.Отгонтуяа: Анх удаа хөгжимчний тоглолт дэмжиж ажиллалаа
Үндэсний хөгжим

Х.Отгонтуяа: Анх удаа хөгжимчний тоглолт дэмжиж ажиллалаа

Урлаг Урлаг14/05/2014Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Otgontuya-13054619442014-05-14-09-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Otgontuya  Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин, морин хуурчН.Жигжиддоржийн уран бүтээлийн бие даасан тоглолтыг ивээн тэтгэж, гардан зохион байгуулсан соёл урлагийг дэмжигч “Төгөлдөр” сангийн тэргүүн Х.Отгонтуяатай товч ярилцсан юм.

-Таны зохион байгуулсан тоглолт амжилттай болсон, баяр хүргэе.
-Баярлалаа.
-Та яагаад морин хуурч залуугийн тоглолтыг ивээн тэтгэв. Санаачилга таных байсан уу, эсвэл Жийгээ өөрөө хүсэлт гаргаа юу?
-Өөрөө эхэлж тоглолтоо хийх бодолтой байгаагаа хэлсэн. Тэгэхээр нь дэмжье гэсэн юм. Нэг удаа Морин хуурын чуулгын тоглолт үзэж байхдаа энэ залуу хуурч сайн тоглодог юм байна гэж онцолж харснаас хойш гурван ч арга хэмжээнд урьж тоглуулсан болохоор түүнийг илүү мэддэг болсон. Энэ жил сонгодог хөгжмийн гоё үдэшлэг зохион байгуулна гэж төлөвлөж байсан л даа. Тэгтэл хоёр талаас сонирхол нийлсэн болохоор монгол сонгодог чиглэлд хамтраад сайхан тоглолт үзэгчдэд хүргэж чадлаа гэж бодож байна.
-Мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдэд ивээн тэтгэгч төдийлөн олддоггүй. Тэгэхэд сургуулиа төгсөөд удаагүй залуу хуурч том том тоглолт, жүжиг ивээн тэтгэдэг “Төгөлдөр” сангийн ивээлд багтана гэдэг аз шүү. Та санал нэг байна уу?
-Ивээлд багтах гэж хэлж болох уу, үгүй юу. Ямар ч байсан зорьсноороо энэ удаагийн тоглолтыг нь сайхан зохион байгуулж өгье, тэгээд орхичихгүй тоглолтын дараа телевизийн нэвтрүүлэг ч хийлгэх нь зүйтэй гэж үзсэн. Хөгжмийн зохиолчид байна, бүтээлүүдийг нь тоглох хөгжимчид байна. Гагцхүү санхүүгийн асуудлаас нь шийдэлцээд тэр сайхан хөгжмийн зохиолуудыг хүмүүсийн хүртээл болгох нь их чухал. Уран бүтээлчид бол өмнөхөө хийчихнэ, тэгээд цаашаа явдаггүй юм байна.
-Тоглолтын дараа тайзан дээр Н.Жанцанноров гуай “Шарав бид мэтийн нөхдүүд иймэрхүү бүтээлүүд бичээд орхичихдог. Аль 1980-аад онд зохиосон гурвалууд шүү дээ, саяын тоглодог чинь. Энэ мэтчилэн хэн, хэзээ тоглох юм бүү мэд, ер нь тоглох ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд, ямар ч л байсан биччихсэн зохиолууд олон. Гэтэл өнөөдөр тоглох хөгжимчид байгаа юм байна, тоглолтыг үзэгчдэд хүргэх ивээн тэтгэгч, дэмжигчид ч байгаа юм байна. Итгэл төрж байна. Бас энэ хөгжимчин залуус гарамгай юм бол гарамгай гэдгийг нь шууд хэлчих хэрэгтэй байна. Их сайхан байна” гэж байсан…
-Тийм ээ. Бас тоглолт болохоос өмнө Шарав гуай утсаар ярьж хөгжимчдийн өмнөөс баярлаж байгаагаахэлж байна билээ.
-Тоглолтын эзэн залуу морин хуурч Н.Жигжиддорж маань баярласнаа яаж илэрхийлж байх юм?
-Манай хүн мэдээж баярласан. Би мэдрээд байгаа. Гэхдээ Жийгээ их дуугай хүүхэд юм. Би ч зарим үед өөрийнхөө хүүтэй ярьж байгаа юм шиг л болж байгааг нь ч, болохгүй байгааг нь ч шууд л хэлээд байсан. Хөгжимчид ер нь жаахан дуугай, дотогшоо, өөртэйгөө, хөгжимтэйгөө ярьдаг хүмүүс байдаг байх. Би анх удаа хөгжмийн тоглолт дэмжиж хамтарч ажиллалаа. Мэдээлж, сурталчлахад бас эвгүй юм байна. Хөгжмийг, хөгжмийн бүтээлийг юу гэж ярьж тайлбарлах вэ гэдэг дээр тархиа нэлээд ажиллууллаа.

Otgontuya 1
-Та юу гэж тайлбарлаж байв?
-Морин хуурын чуулгын морин хуурч Жигжиддорж гэдэг сайн хөгжимчний бие даасан тоглолт болох юм. Хөгжимчин тоглолтын эхний хэсэгт төгөлдөр хуурч, морин хийлч хоёртой хамтарч Н.Жанцанноров, Б.Шарав, Х.Билэгжаргал нарын трио буюу гурвал зохиол тоглох юм. Морин хийлч Д.Амармэндийг зөвхөн энэ тоглолтод оролцуулахаар Италиас урьж авчирч байгаа юм (Онгоцны ирж, очих тийзийг нь тус сангаас өгч явуулж авчирсан. Хөгжим нь бас нэг суудалд “суудаг”). Одоо хамтраад бэлтгэлээ хийж байна. Төгөлдөр хуурч Ц.Шаравцэрэн бол ХБК-ийн сайн багш нарын нэг, гадаадын олон газар сурч боловсорсон сайхан уран бүтээлч. Тоглолтын хоёр дахь хэсэгт Жийгээ ганцхан зохиол тоглоно. Тэр нь хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан концерт №2юм. Дан хөгжмийн зохиолд гаршиж яваа шилдэг хөгжмийн зохиолчийн шинэ бүтээлийн анхны тоглолт болох гэж байна. Ардын жүжигчин Ц.Батчулуун багш симфони найрал хөгжим удирдана, урлагийн гавьяат зүтгэлтэн Чулууны Чинбат зөвлөхөөр ажиллаж байна гэж сурталчилсан. Чулууны гэж тодотгож хэлэхгүй бол хүмүүс нөгөө Чинбаттай андуураад байсан.
-Сайн мэдээлэл, сайн сурталчилгаа байна шүү дээ…
-Тэгсэн нэг хүн “Би яагаад Жигжиддорж гэж тэр залуу хүүгийн тоглолтыг 50 мянгаар үзэх ёстой вэ. Юугаар гайхамшигтай вэ” гэж асуулаа. Тэр бизнес хүн л дээ. Тэгэхэд нь та нар шиг бизнесийн шинэ санааны эрэл хайгуул хийж байдаг хүмүүст өдөр тутам сууж байдаг ширээний чинь араас юу ч төрөхгүй, сайхан хөгжимчдийн сайн тоглолт үзэж, хөгжим сонсч төвлөрч суухад чинь харин ямар ч мэргэн санаа орж ирж болно гэж хэлсэн чинь инээгээд за за, үзье гэсэн.
-Та итгүүлэн үнэмшүүлэх талд сайн юм байна…
-“Хас”-ын Ганхуяг нэлээд хэдэн тасалбар авсан юм. Дараахан нь дахиад нэмж авъя гэж залгахад нь дууссан гэлээ. Тэгтэл мань хүн “Хөөх, та Дуурийн театрыг дүүргэчихэж байгаа юм уу. Та Хөрөнгийн биржид хувьцаа зарвал гүйцэгдэхгүй хүн юм биш үү” гэж хэлсэн. Залуусын, симфони найрал хөгжмийн гялалзтал тоглож байгааг харах тусам бүх тасалбарыг борлуулах хэрэгтэй, ийм гоё тоглолтыг аль болох олон хүнд үзүүлэх хэрэгтэй гэж бодогдоод шаргуу ажилласан. Болдог л юм байна. Бас мэдээлэл түгээж явахад манай сангийн талаар хүмүүс ам сайтай байдгийг сонсоод баярлаж байлаа. Намайг “Инээмсэглэл” хамтлагийн хүн гэж боддог ч хүн байх юм. Тоглолтыг нь зохион байгуулсантай холбоотой ийм ойлголт мэр сэр байдаг бололтой. Бас хөгжимчдийн хэн нь хэн бэ гэдгийг мэдэхгүй ч “Өө, “Төгөлдөр” сан гоё тоглолт хийдэг” гээд үзье, үзье гэж ч байсан. Гэх мэтчилэн адал явдал сонин сайхан ихтэйгээр морин хуурч Н.Жигжиддоржийнхоо тоглолтыг зохион байгуулж өглөө.
-Таны дараагийн гоё арга хэмжээ юу байх бол?
-Бодож байгаа зүйл бий.
-Тэр төсөлд тань амжилт хүсье.
-Баярлалаа.

Р.Оюунжаргал, “Өдрийн шуудан” сонинд нийтэлсэн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.