Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Хайрлуулж үзээгүй ч хайрлаж чаддаг Гау Лин Гау
Уртын дуу

Хайрлуулж үзээгүй ч хайрлаж чаддаг Гау Лин Гау

Урлаг Урлаг15/05/2014Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-15052014-1400126164-34878201-goolingoo5860502022014-05-15-14-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Онцын хөөрхөн хүүхэн гэдэг зүрхний их хулгайч юм. Энгүй сайхан түүнд зуун зүрх дурлаж, эцэст сүүлд нь ерэн ес нь шархалдаг” хэмээн нэрт яруу найрагч Н.Нямдорж шүлэглэсэн байдаг.

Сайхан бүсгүйчүүдээс үүдэлтэй “хайрын гурвалжин, дөрвөлжин” аль ч цаг үед байсаар ирсэн. Улсын драмын эрдмийн театрт уржигдар тоглосон “Гоолингоо” дуулалт жүжигт ч мөн л ийм нэг хайрын тухай, түүгээр дамжуулан хүний мөн чанар гэж чухам юу байдгийг өгүүлэв.

Ардын засгийн үед өрнөж буй хайрын романс онцын сайхан Гоолингоо хүүхэнд дурласан хувилгаан лам, Дэрэм баян, цэргийн дарга гурвын тухай юм. Эрх мэдэл, эд хөрөнгө, нас, зүсээр эрс тэс гурван залууд нэг л ижил зүйл байгаа нь Гоолингоод өгсөн сэтгэл. Үзэсгэлэнт бүсгүйн хувьд харин энэ байдал илүү ярвигтай. Нэг нь Гоолингоогийн сэтгэлт залуу, нөгөө нь түүнд сэтгэлтэй хархүү, гурав дахь нь харин хөөрхий бүсгүйг богтолж гэрлэсэн баян эр. Бас гурван залуугийн хамгийн эмзэг цэг болох хайр сэтгэлийн асуудлаар дунд нь “яс хаяж” гүйдэг цэргийн даргын туслах Алтанболд гэгч зальжин хархүү.

Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид энэ жилийн “Гэгээн Муза” наадамд “Гоолингоо” дуулалт жүжгээрээ өрсөлдөж буй.

Театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг энэхүү наадамд анх удаагаа бүтээлээ сойж байгаа тэд уржигдар шүүгч, үзэгчдэд тоглолтоо сонирхуулсан.

Танил дууны нэрээ сонсоод, Монголын ард түмний сайн мэддэг “Гоолингоо”-г ямар байдлаар тайзнаа амилуулах гэж байгаа юм бол гэдэг асуулттайгаар театрын хаалгаар орлоо.

Энэ дууны домог маш олон янз байдаг. Бүр ийм хүн үнэхээр байсан эсэх нь ч эргэлзээтэй гэдэг. Тиймээс С.Баярсайхан найруулагч зөвхөн “Гоолингоо” гэдэг нэрийг л зээлдэж, өөрийн зохиолоо нэрлэсэн болохоос аль нэг домгийн санаа, эсвэл түүхэн баримтад тулгуурлаагүй болохоо хэлсэн юм.

Гоолингоогийн дүрийг УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг бүтээсэн. Дуулалт жүжгийн зарим дууны хэсэгт түүний хоолой “өнгө алдаж”, түүнээсээ болоод алдаагүй дуулахад хамаг анхаарал нь төвлөрч, дүрээ нэг л сайн илэрхийлэхгүй байх шиг санагдав.

Ямартай ч “Гурав хоногийн бэлтгэл хангалтгүй байлаа, санасандаа хүртэл тоглож чадсангүй” хэмээсэн найруулагчийн үг ортой байх.

Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Аюуш уг дуулалт жүжгийн хөгжмийг үнэхээр гайхалтай бичжээ. Тэрбээр “Гоолингоо”-гийн дүр болгоны дотоод сэтгэлийг хөгжмөөр гайхалтай илэрхийлж чадсан байлаа. Энэ дуулалт жүжгийн онцлох нэг зүйл нь ардын хөгжимтэй “амьдаар” тоглосон явдал байв.

Жүжгийн туршид тайзны дээрээс дүүжлээтэй байсан суварга хамгийн сүүлд гол дүрийн залуу БатАмьдралыг буудуулж нас барахад доош унаад, буцаж хөөрсөн юм. Тайз заслын хувьд үүнээс өөр үйл хөдөлгөөн байгаагүй учраас жүжгийн дараа найруулагч нь урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг багшаасаа “Шал хөлдүү тайзтай жүжиг” гэсэн банга хүртсэнээ нуугаагүй.

Эд хөрөнгөөрөө түрий барин, хайртай хоёрыг салгаж Гоолингоотой дэр нэгтгэсэн Дэрэн баян үзэсгэлэнт залуухан бүсгүйгээ алдахгүйн тулд бүхнийг хийхийг хүсэх нь мэдээж. Цэргийн дарга Бат-Амьдрал ч хайртай бүсгүйгээ өөрийн болгохын тулд эрх мэдлээ ашиглан сэтгэлт залуутай нь шоронд хорьж, айлгаж нэг, аргадаж нэг үзнэ. Эцэст нь “Таны хайр өмссөн хувцас шигээ саарал. Гэтэл хайр бол цагаан өнгөтэй байдаг юм. Таных шиг саарал хайртай, саарал хорвоод амьдарснаас үхсэн минь дээр” гэсэн Гоолингоогийн үгэнд сая нэг сэхээ орно.

Хувилгаан ламыг хань хамсаатан бүсгүйтэй нь суллаж явуулснаар өөрөө хувьсгалынхаа эсэргүү болно гэдгээ тэр сайн мэднэ. Хоёрдсон сэтгэлээ шинжин байж хийх сонголт мэдээж түүний гарт.

“Яагаад заавал би л хайртай гээд хажуудаа барьж тогтоох ёстой гэж. Өөр хүнтэй жаргалтай байгааг нь хөндлөнгөөс хараад явах ч бас хайрлаж байгаагийн минь илрэл” хэмээгээд Бат-Амьдрал Гоолингоог хувилгаан ламтай нь явуулахаар шийддэг. Энэ л шийдвэрийнхээ төлөөсөнд тэр туслахынхаа бууны суманд амиа алддаг.

Жүжгийн дараа “Сэлэнгийн долгио” чуулгын уран сайхны удирдаач, ерөнхий найруулагч С.Баярсайхантай цөөн хором ярилцлаа.

-Тайзны дээрээс дүүжлээтэй байсан суваргыг эс тооцвол танай жүжгийн тавилт их энгийн санагдлаа. Найруулагч хүн нэгийг бодож л ийм санаа гаргасан байх?
-Техник, технологи асар хурдтай хөгжихийн хэрээр театр гэдэг зүйл маань үндсэн ухагдахуунаасаа холдоод байх шиг надад санагддаг. Нэг хэсэг нь театрт хүн хүчээр мундагдаж байхад зарим нь компьютерийн дуу, дүрс ашигладаг. Өөр нэг хэсэг нь өнгө өнгийн гэрэл, даавуугаар нүд эрээлжилтэл “бөмбөгддөг”. Тиймээс би театр гэдэг ухагдахуунд нь ойртуулахын тулд цөөн хүнтэй, амьд хөгжимтэй, тайз засалт, жүжигчдийн хувцаслалт зэрэгт саарал, улаан гэсэн хоёр л өнгийг сонгосон. Гэхдээ үнэнийг хэлэхэд хөдөөгийн бид хөрөнгө мөнгөний гачигдлаас болоод “Гоолингоо”-д зориулж засдаг тайзныхаа дөнгөж арван хувийг л сая авчирсан. Тэгээд авчирсан ганц суварганыхаа толгойгоор л тайзаа амь оруулахыг хичээлээ.

-Жүжигт саарал өнгө давамгайлсан байсан. Яагаад саарал өнгийг сонгох болов? -Саарал өнгийг голчлон сонгосон учир нь гэвэл үнэнийг бид цагаантай, худлыг хар өнгөтэй зүйрлэдэг шүү дээ. Үнэн, худал хоёр тэврэлдээд ирэхээрээ аль нь ч мэдэгдэхээ болиод сааралтдаг. Тэр үеийн нийгэм угаасаа саарал, хүмүүсийн амьдрал ч бас тийм л байсан.

-Бат-Амьдралын үхэл эцэстээ амьдралыг нь бүхэлдээ үнэ цэнэтэй болгочихов уу даа. Та энэ талаар юу хэлмээр байна вэ?
-Бид хүний үнэр гэж их ярьдаг. Хүн яг ямар үнэртэй байдаг юм бэ гэдгийг л жүжгээрээ харуулахыг хичээсэн. Хүмүүс ямарваа нэг шийдвэр гаргахдаа өөртөө ашигтай хувилбарыг л сонгодог. Бүр сайн найз нь, эсвэл үр хүүхэд, ойр дотнынхон нь гуйсан тохиолдолд өөртөө ашиггүй байлаа ч ядаж хохиролгүй шийдвэр гаргадаг. Гэтэл ямар үнэртэй хүн өөрийнх нь аминд халтай гэдгийг мэдсээр байж зоримог шийдвэр гаргадаг юм бэ. Үнэн сэтгэлээсээ дурласан хүн л тэгнэ. Өөрөөр хэлбэл, хайр л хүнийг тийм болгодог гэв.

С.Баярсайхан найруулагчийн хожим надад хэлсэн үг сонирхол их татсан юм. Гоолингоо гэхээр манайхан эмэгтэй хүн гэж ойлгоод байдаг нь том эндүүрэл гэнэ. Учир нь энэ бол Гау Лин Гау гэдэг хятад үгнээс гаралтай бөгөөд хайртай хүнийхээ төлөө амиа зольж чаддаг цэл залуухан эрэгтэй хүнийг хятадууд ийн нэрлэдэг байж. Тэгэхээр жинхэнэ Гоолингоо нь Бат-Амьдрал байсан аж.

“Сэлэнгийн долгио” чуулгын “Гоолингоо” дуулалт жүжиг “Гэгээн Муза-2014” наадамд доорх таван төрөлд нэр дэвшиж байгаа юм.

Шилдэг зохиол: Чуулгын уран сайхны удирдаач, ерөнхий найруулагч С.Баярсайхан Шилдэг хөгжмийн зохиолч: Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Аюуш
Шилдэг эрэгтэй гол дүр: СТА, жүжигчин З.Алтанбилэг (Бат-Амьдралын дүрээр) Шилдэг эмэгтэй гол дүр: СТА, жүжигчин Г.Отгонцэцэг (Гоолингоогийн дүрээр)
Шилдэг эрэгтэй туслах дүр: Жүжигчин Б.Ууганбаатар (Алтанболдын дүрээр)

Л.Ганчимэг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025

“Artweek-2025” дүрслэх урлагийн долоо хоног болно

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.