-“Үргээлэг” уран сайхны кино нээлтээ хийснээс хойш 20 гаруй хоносон ч залуусыг ёстой л байлдан дагуулсаар байна. Энэ бүтээлийн санааг хэрхэн, хэн олсон юм бэ?
-1999 онд СУИС-ийн кино драмын ангийг манай ангийнхан болох Болд-Эрдэнэ, Эрдэнэбилэг, Амарсайхан, Навчаа гээд олон чадварлаг уран бүтээлч төгссөн. Тухайн үед “Хамтарч сайхан кино хийнэ дээ” гэж мөрөөдөж, ярилцдаг байлаа. Тэр л мөрөөдлөө бид ийнхүү биелүүлж байна. Гэхдээ төгссөнөөсөө хойш тус бүртээ уран бүтээл, ар гэрийн амьдрал гэж явсаар өнөөдрийг хүрлээ. Гэвч бид “Одоо л хамтарч ажиллах цаг болж. Нийгэмдээ ямар нэгэн санаа хэлэх ёстой” гэж дахин ярилцсан. Ингээд дээрх киноныхоо санааг зохиолч, найруулагчдаа хэлж ажилдаа орсон.
-Шууд л монголд ажилаад байгаа хятадуудын тухай хийхээр төлөвлөсөн үү?
-Маш олон санаа дэвшүүлсэн. Хамгийн сүүлд таны хэлж буй санаа дэмжигдсэн. Яагаад заавал харийнхан манайд өндөр цалинтай ажилчихаад манай залуус гадаад руу яваад байгаа юм бэ. Ийм байх ёстой юу гэсэн санааг л гаргахыг хичээсэн. Гэхдээ бид энэ байдлыг шүүдэг байгууллага биш ч уран бүтээлч хүмүүсийнхээ хувьд хөндөх нь зүйн хэрэг.
-Яагаад “Үргээлэг” гэж нэрлэсэн юм бэ. Үзэгчид гадаад иргэдийг эх орноосоо хөөх тухай гарах нь гэж байсан бол зарим нь трейлер үзчихээд “Чоно үргээж буй тухай өгүүлэх нь” гэж ойлгосон…
-Зохиолчдоо санаагаа хэлсний дараа найруулагч Сэнгэдорж маань энэ нэрийг өгсөн. Энэ кино цаашид төсөл болон ажиллана.
-Зураг авалтаа өмнөд хөршид авсан гэсэн. Хүндрэлтэй зүйл гарч байв уу?
-70 орчим хувийг нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол, Авга, Эрээн зэрэг аймаг, хотод авсан. Харин адуутай хэсгийг Төв аймгийн Жаргалант суманд. 600 гаруй адууг цуглуулсан үү. Гэхдээ Монгол адуу холлүвүүдийнх шиг байгаагүй.
-Юу нь…
-Техникдээ дасаагүй болохоор үргээд л бодож байсан шиг гоё авхуулаагүй. Гэхдээ түүхэн кино биш ч тэр олон адууг цуглуулсан минь гоё байсан. Чоно, адуу хоёрыг нэг дор авна гэдэг бүр ч сайхан юм билээ.
-Тэр чоныг хаанаас аваачсан юм бэ?
-Циркийн амьтан сургагч Ариукагаас авсан. Тэр залу чоноо таван жил сургасан гэсэн. Бид түүнд зураг авалтад өөрийн тань чоно хэрэг болно шүү гэж өмнө нь хэлж байсан л даа. Учир нь Ариука чоноо байгальд нь эргүүлж тавих гэж байсан юм. Зураг авалт төлөвлөгөө ёсоор байгаагүй. Хэсэг удсан чинь тэр “Зураг авалтаа хэзээ эхлүүлэх гээд байгаа юм бэ. Би чоноо тавьмаар байна шүү дээ” гэж байсан. Тэгж тэгж чонотой зургаа авчихаад бүгд тоног төхөөрөмжөө хураагаад байж байтал Ариука ганцаараа уул руу явж чоноо суллачихаад хүрээд ирсэн. Уг нь бүгдээрээ явж тавина гэж тохиролцсон юм л даа. Гэвч Ариука тэр чоныг олон жил тэжээсэн болоод ч тэр үү дасчихсан байна билээ. Хэнтэй ч юм ярьж, саад болгуулахгүйг хүссэн биз. Орой нь хамгийн хайртай зүйлээ алдчихсан юм шиг сэтгэлээр бүр унаад суучихсан. Гичий чоно байсан л даа. Хөтлөөд явж байх үед нь номхон харагдсан ч суллаж зураг авахад зэрлэг амьтны характараа яг гаргаж байсан шүү.
-Хятадад зураг авсан. Мөн тэр улсын ажилчдын тухай гарсан. Манайханд ер нь хятадуудад дургүй байдал яс маханд шингэчихсэн. Тиймээс энэ улсын ажилчдыг сонгож кинондоо тусгав уу?
-Яг ч дургүйдээ энэ улсын ажилчдын тухай авч үзсэн юм биш ээ. Хамгийн гол нь олноороо манай улсад ирж ажиллаж байгаа гадаад иргэдийн тоог энэ улсынхан эзэлж байна. Тиймээс л сонгосон. Бид энэ тухай хийхийн тулд Хууль зүйн яамтай хүртэл хамтарч ажиллаж судалгаа явуулсан.
-Харзны усанд ордог эмэгтэйг та нар яаж олсон юм бэ. Шалгаруулалт явуулсан гэсэн үү?
-Бид өмнөх ажилаа амжуулах гэж явсаар харзны усанд ордог хугацааг өнгөрчихсөн байсан. Уг нь цагаан сар болохоос өмнө орох ёстой юм билээ л дээ. Кинонд тоглосон тэр бүсгүйг Майцэцэг гэдэг. МҮОНТ-д хөтлөгчөөр ажилладаг гэсэн. Түүнийг ордог өдөр -32 хэмтэй байсан. Тэр, эмэгтэй хүн гэж ямар их тэсвэр тэвчээртэй байдаг юм бэ гэдгийг үнэндээ харуулсан. Бид орох гээд зүрхшээгээд байхад “За орлоо шүү” гээд л юу ч болоогүй юм шиг орчихсон. Гэрийнхээ вананд ус дүүргэж байгаад хөөс хийгээд вино бариад хэвтэж байгаа аятай шүү. Ер нь ч харзны усанд ороод сурчихсан гэсэн л дээ. Түүнийг даарсан шинжгүй ороод байхаар нь бид эр хүн байна даа нэр хараад гүйлдээд л орсон. Найруулагч маань Майцэцэгийг олон эмэгтэйгээс сонгож тоглуулсан. Та дээр хүндрэлгүй зураг авалт байсан уу гэж асуусан байх аа.
-Тийм…
-Хүндрэлгүй зураг авалт гэж байхгүй. Жишээ нь “Бодлын хулгайч”-д тоглоход хамгийн хэцүү зураг авалт Хаянанд авсан үе. +50 хэмийн халуунд нэг л их жаргалтай хүмүүс шиг ярилцаад суух үнэхээр хэцүү юм билээ. Нүүрээ будуулчихсан байсан болохоор крейм урсаад л. Харин энэ удаагийн киноны бүх зургийг өвөл авсан. Ядаж байхад цагаан сарын дараа огцом хүйтэрсэн. Тийм хүйтэнд зураг авхуулах чанга юм билээ. Их даарсан шүү. Манай багт маш олон хүн гар бие оролцсон. Ялангуяа “Prime Pictures” компанитай хамтарч ажилласан нь давуу тал болсон.
-Хэчнээн сая төгрөгөөр бүтсэн бэ?
-Төсөл гэдэг үүднээс нэлээн өндөр үнээр эхлүүлж байгаа. Энэ удаа 500 сая төгрөг зарцуулагдсан.
-Төсөл болохоор дараагийн анги хийгдэх нь мэдээж. Харин хэзээ вэ?
-Одоо хэлэхэд эрт байна. Ямар ч байсан үргэлжлэл бий. Тухайн үед үзэгчид ямар сэдэвтэй кино үзэхийг хүсч байна, түүнийг нь л хүргэнэ. Гэхдээ одоо хэд хэдэн санаа гаргасан байгаа л даа.
-Сүүлийн үед итгэмээргүй гэмт хэрэг олон гарлаа. Залуучуудын харилцаа ч доголдолтой болж. Энэ тухай кино хийх болсон юм биш үү?
-Болохгүй юм байхгүй шүү дээ. Дээхнэ дэлхийн хамгийн сайн хүн Сталин, муу нь Гитлер байсан. Одоо эргээд бодоход эсрэгээрээ байж. Бага байхдаа жаахан худлаа ярьвал аав, ээж “90 саяхын Гансүх шиг болох гээ юу” гээд загнадаг байсан. Харин “Бодлын хулгайч” кино хийгдсэнээс хойш хүмүүс “Энэ хүн чинь ээждээ үнэн сэтгэлээсээ хайртай сайн хүн байж” гэж хүлээж авсан. Нийгэм ямар байна түүнтэй гөжиж байгаа бүхэн муу болж хувирдаг. Манай нийслэлд тулгамдаж буй гол зүйл бол замын түгжрэл. Үүнээс болж хүн бүхэн стрейсстэж байна. Харин стрейссгүй хүнээс гарч байгаа авир зөөлөн байдаг. Стрейсстэй хүнээс ааш муутай хүүхэд гардаг ч гэж ярьдаг байх аа (инээв).
-Ер нь та хэчнээн уран бүтээлд тоглосон бэ?
-Манайх гэр бүлийн компанитай л даа. Сургуулиа төгсөөд л аав, ээжийнхээ уул уурхайн компанид ажилласан. Харин 2003 онд УДЭТ-ийн тайзнаа “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж” жүжигт тоглосон. Дараа жил нь “Дурлахгүйгээр үнсэлцье”-д. Тэгээд дахиад л уран бүтээлээсээ хөндийрсөн ч 2011 онд Амараатайгаа “Бодлын хулгайч”-д тоглосон.
-Яагаад уран бүтээлдээ орж гараад байв?
-Хүний амьдралд юу эс тохиолдох вэ дээ, олон л зүйлтэй тулгарсан. Ээж маань ч бурхан болсон. Тууштай уран бүтээл хийх боломж нэг л олдохгүй байсан л даа. Харин өнгөрсөн жилээс эрчимтэй орохоор шийдсэн. Өөрийгөө ч сэргээх хэрэгтэй. “Үргээлгэ”-ийг хийх эхлэлийг тавьсан хүн бол манай Навчаа. Бид бодоод л байгаа хэрнээ нэгдэж чадахгүй байсан байхгүй юу. Гэтэл Навчаа “Би танай гэрийн гадаа ирчихлээ” гээд бүгдийг нь цуглуулаад “Нөгөө киногоо хийх юм уу үгүй юу” гээд л шамдуулж эхэлсэн. Киноны нээлтээс хойш үзэгчид “Навчаа яагаад нэг их тоглосонгүй вэ” гэх нь сонсогдсон. Учир нь тэр зургийн даргаар ажиллаж, өдөр тутмын тооцоо, зураг авах байршил гээд бүх зүйлийг хариуцсан болохоор кинонд олон гарах зав гараагүй юм аа.
-Та яагаад заавал жүжигчин болсон юм бэ. Хувийн бизнесээ эрхлээд явах боломж байж л байна шүү дээ?
-Энэ тухай ярихад их гоё оо. Хүүхэд бүр бараг “Онгоцны нисгэгч болно” гэж мөрөөддөг байлаа. Би ч ялгаагүй. Гэтэл нэгдүгээр ангид сурч байхад “Байлдааны үеэр нисгэгчдийнхээ зоргийг чангалах гэж архи уулгадаг” гэсэн яриа гардаг байгаа. Тэгэхээр нь надад “Хэрвээ би нисгэгч болох юм бол архичин болох юм байна” гэж бодогдсон. Тэгээд л мөрөөдлөө сольсон.
-Танай гэр бүлд уран бүтээлч хүн бий юу?
-“Алтан шар зам” дуугараа овоглогдсон дуучин Банзрагч агсныг хүмүүс андахгүй. Тэр хүн аавын маань төрсөн ах. Намайг “Миний хүү заавал уран бүтээлч болоорой” гэж хэлдэг байв. Бага байхад одоогийнх шиг компютер тоглоом, энд тэндгүй фитнесс клуб байсангүй. Харин тэвэг, бөглөө эсвэл гудамжинд сагс тоглож л өнгөрүүлнэ. Тэр нь цаагуураа биеэ хөгжүүлэх арга болж байж л дээ. Дараа нь приставка гарч нэг нэгнээсээ киногоо сольж үздэг болсон. Тухайн үед би туниа муутай байсан. Нэг өдөр хүүхдэд зодуулчихаад гэртээ иртэл эгч маань намайг нэг хүнтэй уулзуулсан нь бие хамгаалах урлагийн багш байв. Тэр үед хүүхдүүд тулааны урлагаар эд хичээллэдэг байлаа. Учир нь тулааны урлагийн шилдэг мастер Брюс Лигийн тоглосон кино мандаж байсан цаг л даа. Тэр үеэс л надад “Сайн зодолддог болж ийм гоё жүжигчин болох юмсан” гэсэн бодол төрсөн. Өнгөрсөн жил Азийн кемпогийн холбооноос надад хар бүс өгсөн. Энэ нь намайг багадаа тулааны урлагаар хичээллэж байсны нотолгоо юм уу гэж ойлгож байгаа.
-Тэгвэл та зодоонтой кинонд тогловол илүү чадварлаг байх юм биш үү?
-(инээв).Тэрийг хэлж мэдэхгүй юм аа. Ямартай ч бидний үе одоогийнхоос өөр байсан. Бид гудамжинд зодолдож, чулуугаар байлддаг л байлаа.
-Та дээр драмын хоёр жүжигт тоглосон гэсэн. Ер нь тайзны урлагаар хүч үзье гэж бодож байгаагүй юу?
-Тайзны урлаг хамгийн хэцүү ч надад драмын театрт орох боломж байсан. Тухайн үед тетрын жүжигчдийн цалин ямар байлаа та мэдэж байгаа биз дээ. Тэд маш их шалгуур давж яваа. Би Эби, Боогий хоёроороо бахархдаг. Тэднийг би “Та хоёр ийм бага цалинтай ажиллаж байхаар гарчихаач” гэж хүртэл хэлж байсан. Гэвч тэд “Бид ингээд л гараад байвал энд хүн үлдэхгүй шүү дээ” гэж байж билээ. Тэд залуу насаа тетртаа үнэхээр зориулж яваа.
-Таны “Бодлын хулгайч”-д тоглосон дүрийг хараад “Уран сайхны биш хошин урлагийн төрөлд илүү амжилт олох болов уу” гэж бодож байлаа…
-Энэ талаар би өмнө нь бодож үзээгүй юм байна. Тэгэхээр хэлж мэдэхгүй нь. Уг нь би их дуугай хүн л дээ. Хэн нэгэнд тэр бүр сэтгэлээ нээгээд байдаггүй. Харин найзуудтайгаа сайхан яриа өрнүүлээд суух дуртай. Гэхдээ сайн найз хайх биш, сайн найзаа алдахгүй байхыг хүсдэг. Найзууд маань надтай 20 гаруй жил нөхөрлөж байна.
-Найз гэдэг үг сүүлийн үед жинхэнэ утгаа алдаж байна. Танилцаад удаагүй хэн нэгэн “Найз нь тэгмээр байна. Найзаа тэгээч” гэнэ. Ер нь найз гэдэг үгний учир утга юунд орших ёстой юм. Адилхан эр хүн байна үүнд хариулт өгөөч…
-Өмнө нь анд гэдэг гоё үг байлаа. Тэр үед бид “Анд гэж чухам юуг хэлж байна вэ. Андгай тавьсан хүмүүсийг үү эсвэл анд нөхөр болсныхоо дараа андгай тавих ёстой юм уу” гэж ярьдаг байв. Одоо үед энэ тухай бодоход би таньтай санал нийлж байна. Жишээ нь би фэйсбүүкдээ 5000 найзтай. Харамсалтай нь тэднээс жинхэнэ найз цөөн. Үлдсэн нь зөвхөн танил л байхгүй юу. Найз гэдэг үг, хүн хоёр хүндтэй байх ёстой.
-Та жүжигчин Амарсайхантай багаасаа найзалсан гэсэн. Та хоёрын үерхэл юун дээр тогтож байна вэ?
-Бидний гэр бүлийн хүмүүжил ижил болохоор тогтдог. Зарим хүн Амарааг түргэн ууртай, дураараа гэж дүгнэдэг юм билээ. Тэгж бодсон хүмүүс хэн нэгний алдааг нүүрэн дээр нь хэлж чаддаггүй болохоор тэгж бодсон байх. Харин Амараа зөрүүдэлж, уурлаж байгаа юм биш. Зөвхөн өөрийнхөө санааг шууд хэлдэг. Мөн дайчин, хөдөлмөрч. Оюутан байхдаа бид мөнгө олохын тулд хамтлагуудын ард бүжиглэдэг ч байлаа.
-Таныг би их завгүй ажилладаг байх гэж боддог…
-Тийм шүү. Би унтаж байхдаа л завтай байдаг. Тэгээд ч би завтай байхыг хүсдэггүй. Нэг найз маань аавтай нөгөө өрөөнд “Баясаа даанч өөртөө зав гаргаагүй юм л даа” гэхийг нь сонссон. Тэгэхээр манайхан намайг хэр их завгүй ажилдагыг мэдэрсэн байгаа биз дээ. Би 07:00 цагт фитнест явчихаад тухайн өдрийнхөө ажилд ордог.
-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач…
-Мөнхтуяа гэдэг. Зарим хэвлэлийнхэн бүжигчин гээд биччихсэн байна билээ. Хүмүүнлэгийн ухааны ир сургуулийн Харилцааны ангийг төгссөн. Манайх “Үүрт гоулд” гэдэг компанитай. Эхнэр маань компанидаа менежерээр ажилладаг.
-Таныг урлагийнхан “Баян Баясаа” гэдэг юм билээ…
-Би баян хүн биш ээ. Харин олон сайхан хүүхэдтэйгээрээ баян шүү. Эд хөрөнгө, эрх мэдлээс илүү олон хүүхэдтэй аав болсондоо баяртай байдаг.
Эх сурвалж: www.mminfo.mn