Төв аймгийн Батсүмбэр дэх Ахмадын халамжийн үндэсний төвд халамжлуулж байгаа Ц.Алтанхуягтай уулзаж ярилцлаа. Түүнийг онцолсны учир нь Монгол улсын Алдарт, гавьяат жүжигчин Шороотын Цэвээний хүү юм.
-Та бага насаа хаана өнгөрүүлсэн бэ?
-Тухайн үедээ нэртэй хүний зүстэй хүү элбэг хангалуун явлаа. Эхээс дээрээ нэг эгчтэй хоёулахнаа. Би бага насаа одоогийн хоёрдугаар эмнэлгийн урд Харчуудын хороонд өнгөрүүлсэн юм шүү дээ. Том том дааман хаалгатай шургааган хашаанууд байсан. Тэр үед манай гудамж маш цэвэрхэн байж билээ. Хэзээ хойно 1970-аад онд манай хашаа байж л байсан. Манай гудамжинд хөгжимчин шанзны Гомбо. өөр хэн ч билээ олон л том хүмүүс байсан юм. Би ус түлээ оруулна гэж байхгүй. Тусгай хүн мод хөрөөдөөд, хагалаад өгчихдөг. Морин тэрэгтэй том гантай ус зөөгчид өөрсдөө оруулж сав дүүргээд өгдөг байсан. Надад эрхлэхээс өөр хийх юм байхгүй. Тэвэг их тоглоно доо. Давхар угсраа хийнэ шүү дээ. Миний аав Төв аймгийн Лүн сумын хүн. 1901 онд төрсөн юм билээ. Цэгмидийн Цэвээн гэдэг юм шүү дээ. Манайх зун Зайсангийн аманд зусдаг байлаа. Олон үхэртэй байсан юмдаг. Хожим манай аавыг хүмүүс их бийлэгжүү баян хүн байсан гэж ярьдаг байсан.
-Танай аав Цэвээн Монголын нэртэй жүжигчний нэг байсан гэдэг. Танайхаар жүжигчид их ирдэг байсан биз?
-Би өөрөө сайн явж чадаагүй болохоор аавынхаа нэрийг гаргаж хүнд нэг их ярьдаггүй юм. Одоо юугаа хийх вэ. Би ээж ааваасаа арав гаруй насандаа өнчирч үлдсэн. Тэр үеийн юм бүдэг бадаг л санагддаг юм. Лувсанжамц гэдэг жүжигчин аавын сайн найз нь байсан. Мөн Цагааны Цэгмид байна.
Манайхаар “Цогт тайж” кинонд тоглодог бүх хүмүүс ирдэг байсан. Одоо тэдний нэрийг нь мартжээ. Харин зургийг нь харвал хэлж чадах байх. Тэд юу ярьдаг байсан юм бүү мэд. Ярьж хөхрөлдөөд л суудаг байсан санагдана. Хотод гэрт аавын зурагнууд бий л дээ. Аавын “Монгол хүү” кинонд тоглохдоо багшийн дээдийн өмнө авахуулсан буурал морьтой гоё зураг нь байдаг юм. Би долдугаар анги төгсөөд сургуулиасаа гарчихсан. Тэгээд янз бүрийн ажил хийж яваад сүүлдээ жолооч болсон юм. Аавыг Монгол Улсын алдарт, гавъяат жүжигчин гэж хэлдэг байсан санагдана. Тэр “Монгол хүү” гэдэг кино нь 1936 онд улсын наадмаар гарсан юм гэсэн. Түүнийг нь би нэг их үзээгүй дээ.
-Та эхнэр хүүхэдтэй байсан биз дээ?
-Байлгүй яах вэ. Манай эхнэр Завханы Сонгино сумын хүн байлаа. Тэр маань монгол хэл уран зохиолын багш хүн байсан. 1980 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаанд онгоц унах үеэр амь үрэгдсэн. Би дөрвөн охинтой. Гурав нь нөхөрт гараад ийш тийшээ явчихсан. Нэг нь гэртээ байгаа. Удахгүй айл болно биз дээ.
-Та энд ирээд удаж байна уу. Охидоороо асруулж байхгүй яагаад энэ асрамжид ирэх болов. Энд уйдах юм уу?
-Би энд ирээд гурван сар болж байна. Одоо л хүмүүстэйгээ танилцаж байгаа. Хүүхдэд төвөг болоод хэрэггүй гэж бодоод наашаа ирсэн юм. Тэнд юу хийх вэ. Энд юм юм нь бэлэн амар байна. Янз янзын хүн байна. Тэр болгонтой харьцаад байж болохгүй юм байна. Уйдах юм алга даа. Би уулаасаа тоглоомонд дургүй. Салхинд жаал явдаг.
-Аавынхаа тоглосон жүжиг, киног үзэж байв уу?
-Үзэлгүй яах вэ. Би багадаа “Цогт тайж” киног үзээд ханадаггүй байсан. Жүжигчдийн хэлдэг үгийг нь хүртэл цээжилчихсэн байсан юм даг. Аав дайсны талын Гүүш хаанд тоглодог юм. Охиноо сүмд цоожилчихоод “Манай охин галзуурч байна” гэдэг дээ санаж байна уу. Одоо “Цогт тайж” шиг кино гардаг болов уу. Аавынхаа тоглосон киног үзэлгүй уджээ. Аав сүүлдээ театраас гараад одоогоор бол бизнесийн ажил хийсэн юм билээ. Мод зөөдөг байсан юм уу даа. 1950-иад оны дундуур зуурдаар нас барсан юм. Сүүлдээ архи балгадаг болсон гэх юм билээ.
-Та аавтайгаа адилхан уу?
-Мэдэхгүй. Адил байгаад ч яах юм билээ дээ. Их л нэртэй хүн байсан юм гэнэ билээ. Одоо тэр хүнийг мэддэг хүн байхгүй байх аа.
ШОРООТЫН ЦЭВЭЭН
Гавьяат жүжигчин Чимэдийн Цэвээн
1901 онд Төв аймагт төрсөн.1931 онд Улсын төв театрт орж, Улсын нэгдүгээр зэргийн жүжигчин болжээ. 1935 онд гавьяат жүжигчин цол хүртсэн.
Театрын тайзнаа тоглосон жүжгүүд
“Усгүй хар архи”, “Харанхуй засаг”, “Эрдэнэт соёмбын эзэн эрэлхэг жанжин Сүхбаатар”, “Монгол хүү”, “Шөнийн буг”, “Гурван давхар талхилт”,”Одоо мэдлээ”, “Гурван хорын хүлээс”, “Өвгөн бүргэд”, “Хятад орноос хүрхрэхтүн”, “Амь ба амьдралын үнэн”, “Гайхамшигт лимбэ”, “Шарай голын гурван хаан”.
Монголын анхны гавьяат цолтой жүжигчдийн нэг Чимэдийн Цэвээн ард түмнийхээ дунд Шороотын гэж тоглосон киноныхоо дүрээр алдаршсан нэгэн. Богдхан уулын аймгийн Халиугчин боролзой уулын хошууны Аргал жирэм гэдэг газарт ард Чимэдцэрэнгийн ууган хүү болж төрсөн. 15 наснаас худалдаа наймааны хар бор ажил хийж яваад 1920-иод оноос Хотын цагдаагийн газарт явган цагдаа, Гаальд замын цагдаа, шалгагч, Мал эмнэлгийн газрын барааны нярав, байцаагчаар ажиллаж байсан хэмээн албан намтартаа бичсэн байдаг юм билээ.
1930 онд КуТВ буюу Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургуульд суралцахаар Москвад очсон боловч удалгүй буцаж ирсэн нь эрүүл мэндийн шалтгаантай байсан гэдэг. Москвагаас ирснийхээ дараа театрт орсон. Энэ нь 1931 оны зургадугаар сард аж. Ороод удаагүй эхэндээ амаргүй байсан гэдэг. Чухам яаж жүжиглэх эвээ олохгүй хэцүү байхад нь Дамдинбазар, Дэлдэн боохой гэж алдаршсан жүжигчин Лувсансодном нарын туслалцаа дэмжлэг, тухайн үед ажиллаж байсан орос сургагч А.Ефремовын зааснаар уйгагүй хичээллэж байжээ. Үүний ачаар жүжигчний хувьд задарч нэг үгээр ямар ч дүр өгсөн бүтээж чадах чадварлаг уран бүтээлч болохоо харуулж эхэлсэн гэдэг.
Түүний анхны дүр С.Буяннэмэхийн “Шөнийн буг” жүжгийн хулгайч. Дараа нь В.Ивановын “Хятад орноос хүрхрэгтүн” жүжгийн Америкийн усан онгоцны даргад тоглосон. Цэвээн энэ дүрээ гаднаасаа соёлтой, цэвэр цэмцгэр, сайхан зан төрхтэй ч дотоод сэтгэл нь авах юмгүй хүн чанаргүй нэгнээр гаргасан байна. Гадаад байдад нь сэтгэлээсээ тэс өөр нэгнийг дүрийг чадварлаг гаргаж чадсан нь түүний их урлагт бат зогсох анхны том алхам болсон гэж урлаг судлаачид дүгнэсэн байдаг юм. Удалгүй түүнийг кинонд тоглуулахаар сонгож, Монгол-Зөвлөлтийн хамтарсан “Монгол хүү” кинонд тоглосон нь ард түмэнд алдарших “Шороотын” гэх овгийг нь авчирсан төдийгүй энэ дүрээрээ урлагт мөнхөрсөн билээ.
“Монгол хүү” киног бүтээгчид Монгол нутгийн байгаль, хүн ардын амьдрал, зан заншилтай танилцахаар хөдөө явж байхдаа киноны гол дүрд Цэвээнийг сонгосон тухай баримт байдаг.
-Цэвээн та аль нутгийн хүн бэ?
-Тосон жирмийн хүн.
-Тэр чинь ямар газар вэ?
-Хужир түнгэтэй л газар.
-Хужир түнгэ гэж юу вэ?
-Цагаан шороо гэх үү дээ. Ийнхүү ярилцсаар Шороотын Цэвээн болж билээ хэмээн өөрөө ярьдаг байсныг нь гавьяат жүжигчин Б.Жигмэддорж ярьж байсан гэж Б.Равдан “Урлагийн хүмүүс” /1981/ номдоо бичсэн байдаг юм. “Монгол хүү”-гээс хойш тэрээр “Сүхбаатар”, “Цогт тайж” зэрэг хэд хэдэн кинонд тоглосон. Мөн энэ хугацаанд тайзнаа ч олон дүр бүтээсэн байдаг юм.
Түүний тухай урлаг судлаач С.Дашдондог “Жаран жилийн шаштир” номдоо “Цэвээн бол маш энэрэнгүй үзэлтэй хүн байсан бөгөөд энэрэнгүй үзэл бол сайхан сэтгэлийн эх булаг, сайхан хүний мөн чанар байдаг болохоор Цэвээн бол сайн ч хүн, сайхан ч хүн байсан юм. Өөрйин мэдэх нэгэн жишээг өгүүлэхэд дөчин хэдэн онд Улсын хөгжимт театр шинэ уран бүтээл хийх гээд орой тоглолт тарсны дараа шинэ жүжгийн сургууль хийдэг байлаа. Тэгэхэд би театрт хөгжимчин байсан юм.
Чухам ямар нэртэй жүжиг байсныг мартсан ч “Шарай голын гурван хаан” шиг санагдах юм. Шөнө дунд болтол сургууль хийх юу ч биш. Чингэхэд хөгжимч Чулуун бага хүүхэд байсан болохоор ядарч үүргэлээд тоглох хөгжмөөсөө хоцорсонд удирдаач Б.Дамдинсүрэн зэмлэн зандрахад үзэгчдийн танхимд суугаад жүжгийн сургууль үзэж байсан Цэвээн Чулууныг өмөөрч, насанд хүрээгүй хүүхдийг шөнө болтол ажиллуулаад эцэст нь аашилж загнах чинь юу вэ гэхэд Дамдинсүрэн өөрийгөө өмөөрч тэр хоёр ширүүн маргалдаж байсан. Энэ бол яах аргагүй Цэвээний нинжин сэтгэлийн илрэл байсан. Иймэрхүү байдлаар өнчин ядуу хүүхэд, өрөөл бусдыг дээрэлхсэн хүмүүст Цэвээн их дургүйцдэг байсны баримт жишээ олныг өгүүлж болно” хэмээн бичсэн байдаг юм. Түүний амьдрал дардан шулуун байгаагүй ч тэр театрт бас хүүхдүүддээ хайртай байсан юм.
Түүний хүү Цэвээний Оросхүү:
-Би хойно Орост Ленинградад төрсөн. Тийм болохоор надад Оросхүү гэж нэр өгсөн юм билээ. Аавыг хамгийн их дагаж явдаг нь би байсан. Бөмбөгөр ногоон театрт мухлаг, гуанз бас бильярдтай. Би өдөржин театрт энэ тэрүүгээр гүйж, жүжигчдийн сургууль хийхийг харна, бас аавыг дагаад гуанзанд их орно. Аав их сонин хүн байсан. Биднийг ер загнаж зэмлэхгүй. Бидэнд бүгдэд нь жигтэйхэн хайртай. Бас орос, хятад хэл мэддэг, амттай хоол унданд их дуртай. Хятад хоол хийгээд хүмүүс ирэхээр дайлна. Аавын халаасанд шоколад байхгүй байна гэж үгүй. Байнга шоколад идэж явдаг хүн байсан. Аавыг Бөмбөгөр ногоонд “Шарай голын гурван хаан”-д тоглож байсныг санадаг юм. Цасчихэр хаанд тоглож дуулахыг нь мэднэ. Бас ч шаггүй дуулчихдаг байжээ.
Охин Цэвээний Нэргүй:
-Театр кинонд аавын авьяас билэг ороогүй зүйл ховор байсан байх. Жүжиглэхээс гадна сайхан дуулна, хуурдана. Бүжиглэнэ. Алиална. Шог хошин төрөлд тоглоно. Гэртээ бол бидний бүх хувцсыг оёно. Сайхан хоол хийнэ. Ээжийг бараг л хөдөлгөхгүй дээ. Бөмбөгөр ногоон театр чинь Сүхбаатарын талбайн хойно байлаа. Зүүн талд нь хэвлэх үйлдвэрийн арханд театрын ажилчдын хашаа гэж том хашаа, гэр байшингаар дүүрсэн газар байсан даа. Тэнд нэг жижигхэн хоёр давхар байшин бий. Одоо Хүмүүнлэгийн сургууль байгаагийн дэргэдэх хоёр давхар байшинд манайх байсан. Жүжигчин Бат-Очир, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн гуайн хүүхдүүд, бид нар өдөрт л Бөмбөгөр ногоонд очиж тоглоно. Тэнд хамаг цагаа өнгөрөөдөг байсан. Нэг шөнө өвөөгийнд очиж хонотол шөнө Бөмбөгөр ногоон шатаж байна гээд сэрээчихсэн. Биднийг очиход галыг нь унтраагаад дуусч байсан. Дотроос зөөж гаргаад хураачихсан баахан хөгжим, хувцас зэрэг зүйлийг бидний хэдэн хүүхдээр мануулаад. Хөө тортог болчихсон, уйлчихсан, хөгийн л юм байсан байх.
Аав минь театрт тун ч хайртай хүн байсан юм шүү. Театраас гарсан хойноо ч театраа л гэж явсан. Шинэ театрын барилга барихад аав аж ахуйн даргаар нь ажиллаж байсан юм билээ. Орос руу явж барилгын материал татдаг байж. Нэг явахдаа осолд ороод гэмтээд эмнэлэгт хэвтсэн. Нэг бөөрөө авахуулаад бас уушги нь муудаад Дамбадаржаагийн эмнэлэгт удаан хэвтсэн. Ээж, Сандуйжав ах авгайтайгаа өдөр өдрөөр ээлжилж очдог байсан. Дамбадаржаагийн эмнэлэг ч хотоос хол шүү дээ. Явган хүмүүст бол бүтэн өдрийн л ажил болдог байсан байх. Заримдаа мориор, морин тэргээр очдог байсан гэсэн. Зуур замд эл хуль. Зэрлэг ноход дайрна гээд намайг дагуулж явдаггүй байсан. Жил гаруй эмчлүүлээд аав минь сэхэл авч чадалгүй тавин хэдхэн насандаа өөд болсон доо.
Н.ЛХАГВАСҮРЭН