Монголчууд бид Японы икэбана буюу цэцэг амилуулах урлагийг бага зэрэг гадарлах ч урлаг болтлоо хөгжсөн энэхүү ажлыг хэрхэн хийж бүтээдгийг сайн мэдэхгүй. Тэгвэл Япон орноос икэбанагийн алдарт багш Фүжий Казүко хүрэлцэн ирж, монголчуудад икэбанагийн урлагийг танилцуулах гэж байна.
Монголын “Florever” мэргэжлийн студи Японы “AUCNET” компанитай хамтран Эх үрсийн баярт зориулан зохион байгуулах Японы амьд цэцгийн урлагийн гайхамшигт тоглолт энэ сарын 30-нд 13.00-18.00 цагт “Platinium shopping Center”-т (хуучнаар “Солонго” ресторан) болно. Фүжий Казүко багш цэцгийг хэрхэн амилуулж, икэбана хэмээх урлагийн бүтээл болгон хувиргахыг үзүүлэх аж. Үзэсгэлэнгийн үеэр икэбана болон 20 гаруй төрлийн япон цэцгийн үзэсгэлэн тавигдах бөгөөд мэргэжлийн цэцэрлэгчид цэцэг бүрийг тайлбарлан танилцуулах юм. Мөн Монголд урлагдсан анхны икэбана буюу Фүжий Казүко багшийн икэбанагийн дуудлага худалдаа явагдана.
Үзэсгэлэнг зохион байгуулж байгаа “Florever” мэргэжлийн студийн дизайнер Б.Одгэрэлтэй уулзаж ярилцлаа.
-Анх удаагаа Японы амьд цэцгийн үзэсгэлэн болох гэж байна. Гол зорилго нь юу вэ.
-Манай тоглолт бол япон цэцгийг Монголд танилцуулах зорилготой. Гэхдээ зүгээр нэг дэлгэрүүлж, танилцуулахдаа гол нь биш. Вааранд хийсэн цэцгийг хүмүүс хараад энэ сайхан цэцэг байна гэхээсээ илүү энэ цэцгээр ийм зохиомж гаргаж, гэр орондоо тавиад өрөө тасалгаагаа чимэглэж болох юм байна гэсэн санааг аваасай гэж хүсч байна. Төрсөн өдөр, ямар нэг тэмдэглэлт баяраар ч юмуу, өнөөдөр ийм цэцгээр, иймэрхүү хэв маяг, донжтой хийгээд гэрээ тохижуулья гэх тэр л мэдрэмжийг аваасай гэдэг маань бас нэг зорилго. Ялангуяа манай гэрийн эзэгтэй нар энэ үзэсгэлэнг үзээд амьд цэцгээр хэрхэн гэр, өрөө тасалгаагаа сайхан тохижуулж болохыг сурч мэдэх боломжтой. Энэ бол биднээс Эх үрсийн баярт зориулсан бэлэг байх юм.
-Тэгвэл эх үрсийн баярт зориулсан үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн зочдыг ямар бэлэг хүлээж байгаа вэ.
-Манай тоглолтын гол үзүүлбэр бол Фүжий Казүко багш яаж цэцгийг амилуулан, урлагийн бүтээл болгон хувиргаж байгааг амьдаар нь үзүүлэх. Цэцгээ вааранд хийн, хайчилж, хэрхэн өнгө хослуулан хатгаж байгааг яг дэргэдээс нь үзүүлэх юм. Мөн сонирхолтой болгох үүднээс ирсэн зочдыг нэг нэг цэцэг вааранд хийлгээд Фүжий Казүко багш тэрийг нь урлагийн бүтээл болгон хувиргаж, бүгдээрээ нийлээд нэг бүтээл гаргах гэсэн үзүүлбэр хийхээр ярилцаж байгаа. Мөн багшийн хийсэн бүтээлийг дуудлага худалдаагаар худалдаалах юм. Энэ нь ашиг олох гэсэн хэрэг биш, арга хэмжээгээ сонирхолтой болгох гэсэн санаа. Энэ баярын өдөр ээждээ, гэргийдээ, хүүхэддээ авч бэлэглэж байгаа тэр цэцгийн зохиомж дахиж хэзээ ч давтагдахгүй, зөвхөн тэр өдөр бүтсэн гэдэг утгаараа сайхан бэлэг болох байх гэж бодож байна. Амьд цэцгийн бүтээл гэдэг загвар, зохиомжийн хувьд давтагддаггүй, заавал өөр өөр байдаг.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.
Энэ удаагийн үзэсгэлэнд оролцож, монголчуудад япон цэцгийн гайхамшгийг үзүүлэн, цэцэг амилуулах урлагийг зааж өгөхөөр Японоос ирсэн багш бол Фүжий Казүко. Тэрээр Япондоо төдийгүй, Европт нэрд гарсан икэбанагийн багш бөгөөд япон стиль, маягийн цэцгийн урлагийг дэлхий дахинд дэлгэрүүлэхийг зорьж ажилладаг. Түүний бүтээл Япон, Голланд, Герман, Сингапур, Хонконг зэрэг олон орны олон улсын цэцэгчдийн наадмаас тэргүүн байрын шагнал хүртэж байжээ.
-Сайн байна уу? Та Монголд анх удаагаа ирж байна уу?
-Тийм ээ, анх удаагаа ирлээ. Монголд би Япон Монгол улсын хооронд цэцгийн бизнес харилцаа өргөжин тэлэхийг бэлэгдсэн Цэцгийн үзэсгэлэнгээ толилуулахаар ирсэн. Монголд сакураг сайн мэддэг ч өөр зөндөө олон сайхан цэцэг байдаг гэдгийг танилцуулах зорилготой.
-Үзэсгэлэнд ямар бүтээлүүд тавигдах вэ?
-Японы уламжлалт цэцгийн урлагийн бүтээлээс гадна Европ маягийн бүтээлүүд ч байх болно. Дан ганц икэбана биш Японы 20 гаруй төрлийн цэцэг авчирсан. Японы цэцэг бол дэлхийд тэргүүнд тооцогдох үзэсгэлэнтэй цэцэг юм. Японы икэбанагийн түүх 550 жилийн өмнөөс эхэлсэн. Тоолж барахааргүй олон зүйл, төрөлтэй. Японд Кадо гэсэн цэцгийн бүхэл бүтэн урлаг бий. Бидний энэ удаагийн айлчлалын гол зорилго бол цэцгийн бизнес гэсэн утгаараа япон цэцгийг Монголд танилцуулж, олны хүртээл болгоод цаашид хөгжүүлэх явдал юм. Бид Голланд, Герман, Сингапур зэрэг улсад Төрийн ёслолын үеэр япон цэцгийн үзэсгэлэн гарган танилцуулахад үнэхээр сайн хүлээж авдаг. Монголд гаргаж байгаа энэ үзэсгэлэнд маань дэлхий дахинд танигдсан өөрийн орны цэцгүүдээ авчирсан байгаа. Японы эртний нийслэл “Киото”, эртний үе “Эдо”, тайзны урлаг “Кабүки”, “Монголын ирээдүй” гэсэн дөрвөн сэдэвтэй бүтээлүүдээ дэлгэх болно.
-Та Монголд анх удаагаа ирсэн гэсэн. “Монголын ирээдүй” сэдэвт бүтээлээ яаж туурвив, ямар цэцэг ашигласан бэ?
-Би гадаад ямар нэг оронд үзэсгэлэн гаргахдаа тэр орныхоо талаар уншиж судалдаг. Тэр улсын түүх, зурагтай ном, аялал жуулчлалын хөтөч зэрэг ном уншдаг. Тэгээд дотоод сэтгэлд төрсөн сэтгэгдлээ илэрхийлэн бүтээлээ туурвидаг. Энэ удаад ч гэсэн Монгол Улсын ирээдүйг төсөөлж, өөрийнхөөрөө ургуулан бодоод ийм сайхан ирээдүй хүлээж байгаа гэдгийг бэлгэдэж бүтээсэн. Монгол орны ирээдүй нарны гэрэл мэт сэтгэгдэл төрүүлсэн тул бүтээлдээ шар өнгийн глориоза, шар өнгийн онцидиум цахирмаа, тэгээд ногоон бибиана цэцэгсийг ашиглана.
-Монгол хүйтэн цаг ууртай газар. Цэцгийн бизнес амжилттай хөгжих болов уу?
-Өвлийн улирал Монголд урт байдгийг мэднэ. Тиймээс би Өвлийн улирал гэсэн цэцгийн зохиомж гаргах талаар бодож байгаа. Манай үзэсгэлэн бол бидний ажлын зөвхөн эхлэл юм. Юуны өмнө япон цэцгээ танилцуулна, Монголын цэцгийн дэлгүүрүүдэд нийлүүлэх боломжийг судална. Дараа нь Монголд жинхэнэ цэцгийн бүтээл хийдэг, урладаг уран бүтээлчдийг сургах талаар ч бодож байгаа. Тийм болохоор цаашдаа ч Монголтой холбоотой ажиллана. Монгол бол Өрнө Дорнын соёлын уулзвар цэг юм. Тэгэхээр Өрнийн хэв маяг, Дорнын хэв маягийг ч нэвтрүүлж болох, газар зүйн хувьд үнэхээр сайхан байрлалтай улс тул бизнес хийх боломж их байгаа. Японы икэбанаг анх зарж борлуулах талаас биш хүний сэтгэлийг тайвшруулж, таашаал өгдөг талаас нь ургуулж, бүтээдэг байлаа. Харин дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европ болон гадаадаас олон цэцэг орж ирснээс болоод бизнес талаас нь ургуулах болсон юм. 1960-аад оноос гээд бодохоор цэцгийн бизнес нь тийм урт удаан түүхгүй 50 жил л болж байгаа. Япон цэцэг дэлхийд нэгт орохоор үзэсгэлэнтэй сайхан. Энэ цэцгүүдээ гадаадад экспортлож эхлээд дөнгөж 20 жил л болжээ. Тэгэхээр монголчууд ч гэсэн амьд цэцгийн бизнес эрхлэхэд хоцорсон, оройтсон зүйл байхгүй шүү. Би Монголд ирээд цэцэгс тарьж ургуулдаг газар ховор юм байна гэдгийг олж мэдлээ. Хээр талд сайхан цэцэг их ургадаг гэж сонссон тул хөдөө явахаараа олон зүйлийн цэцэг харж, өргөн уудам хээр талын дунд уран бүтээлээ туурвих сан гэж хүсч байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
М.СУГАРАА
Эх сурвалж: new.mn