Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ш.Гун-Аажавтай ярилцлаа. Түүний аяыг нь зохиосон “Манай цэргийн жавхаа” дууг монголчууд сайн мэднэ. Цэргийн ансамбльд кларнет хөгжимчнөөс эхлээд удирдаач болтлоо 30 шахам жил ажиллахдаа тэрбээр “Хувьсгалын мөр”, “Халх голын марш”, “Монголын арми”, “Ардын армийн алдар”, “Цэргүүд чөлөөт цагаараа”, “Цэрэг бүжгийн чуулбар” зэрэг цэрэг, эх орны сэдэвтэй 200 гаруй дууны ая, хөгжмийн бүтээлүүд туурвижээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Багаасаа урлагийн хүн болсон гэж сонссон. Урлагт хөл тавьсан үеэс тань яриагаа эхэлье.
-Арав гаруй настайдаа хөгжим тоглож, сайн дурын уран сайханч болсон. Манай ээж мандалин тоглодог хүн байсан. Тэр нь надад нөлөөлж, хөгжим сонирхдог болсон байх. Би Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул. Манайх 1944 онд нутгаасаа нүүж, Дорнод аймгийн Тамсагбулагт очсон. Суманд амралтын өдрүүдэд нийтийн бүжиг болоход ээж мандалин тоглодог байсан. Тэнд сургууль байгаагүй. Ээж “Сургуульд сурахгүй байхаар хөгжим тоглож сур” гээд надад мандалин заасан. “Хүмүүн төрөлхтөн”, “Задгай цагаан”, “Жаахан Дулмаа” зэрэг дууг тоглож сураад нийтийн бүжгийн үеэр ээжтэйгээ хамт хөгжимддөг болсон. Мөн хөгжим тоглохоос гадна орос ардын бүжиг бүжиглэдэг байлаа.
-Аав тань цэргийн хүн байсан гэсэн үү?
-Тийм ээ. Ажиллаж байхдаа олон газар томилогдож, манайх байнга л ийш тийшээ нүүдэг байсан. Аав 1939, 1945 оны дайнд оролцсон. 1945 оны дайнд явж байсан үеийг нь санадаг юм. Би бусад айлын хүүхдүүдтэй хамт илжиг унаад дайнд явж байгаа хүмүүсийг дагаж хэсэг явсан. Тэр үед Тамсагбулагийг тойруулаад гүнзгий нүх ухчихсан байсан. Танк оруулахгүй гэж тэр. Мөн айл бүр гүнзгий нүх ухаж, дотор нь гэрээ бариад дээрээс нь шарилж хаяж далдалдаг байсан. Гэрийнхээ ойролцоо хүн багтах нүхнүүд ухаад аюул тулгарвал орж нуугдахаар бэлтгэж байлаа. Дайчин баатруудын ачаар аюул биднээс хол өнгөрсөн. Дайны утаа үнэрлээд үзчихсэн хүн дээ, би. Дайн дууссаны дараа аав хот руу томилогдсон. Хотод ирээд удаагүй байхад ээж минь өвчний улмаас нас барсан. Ээж байхгүй, аав завгүй ажилтай болохоор гэртээ шөнөдөө л ирдэг, дүү маань жаахан, би сургуульд сурдаггүй болохоор амьдрал минь нэг хэсэгтээ л хэцүү байлаа. Удалгүй аав Хэнтий рүү томилогдож, манайх нүүсэн. Тэнд очоод мөн л сургуульд ороогүй. Өдрийг гудамжинд тоглож өнгөрүүлдэг. Нэг өдөр гэртээ сууж байтал гуулин хөгжим дуугарахаар нь гараад хартал цэргүүдтэй хамт хүүхдүүд хөгжим тоглож явна. Аавыг орой ирэхээр нь тэр хөгжмийн ангид ормоор байгаагаа хэлж, шалгалт өгөөд тэнцсэн.
-Цэргийн хөгжимд мандалин тоглохгүй нь мэдээж. Ямар хөгжим сурсан бэ?
-Труба. Энэ хөгжмийг их хурдан сурсан. Хүүхэд байсан болохоор анх цэргийн дэглэмд ороход хэцүү байсан. Өдөр нь алдаа гаргасан хүмүүсийг орой нь шийтгээд дэн бариулаад зогсоодог байлаа. Зүүрмэглээд үс, хөмсгөө цөөнгүй түлсэн дээ. Манай хөгжим ангийн дарга Жүрмэд надад их зүйл сургасан. Тэр хүнийг хот руу Нисэхийн тавдугаар хороонд томилогдоход би дүүгээ дагуулаад дагаж явсан. Аав Хэнтийд үлдэж, хэдэн жилийн дараа хотод ирсэн. Нисэхийн тавдугаар хороонд би зургаан жил ажилласан. Гадаадад сургууль төгсөөд онгоц жолоодохоор ирж буй гоё ах нарыг хараад тэдэн шиг соёлтой, боловсролтой хүн болохыг хүсдэг байлаа.
-Ээжийгээ нас барсны дараа гэрээ харж, дүүгээ өсгөх амаргүй л байсан байх.
-Ээж надад их зүйл зааж, багаас минь амьдралын ухаан суулгасан. Ээжийг өвчтэй байхад дүү жаахан байсан. Ээж юм оёж чадахгүй болохоор надад дээл оёхыг заасан. Би дүүдээ хоёр, гурван дээл оёж өгсөн. Ээжээрээ заалгасан мандалин хөгжмийн ачаар л урлагт хөл тавьж, хүний зэрэгтэй амьдарч байна. Сургуульд сурахгүй гэртээ байхдаа гадуур өдөржин тэнэж, муу зүйлд уруу татагдан танхайрч болох байсан. Гэвч би тэгээгүй. Яаж сургуульд сурч, мэргэжилтэй болох вэ гэж л боддог байлаа. Энэ бол ээжийн минь надад олгосон хүмүүжил. Түүнээс гадна цэргийн амьдрал намайг хатуу үг даадаг, тэсвэр тэвчээртэй, сахилга баттай болгосон.
-Цэргийн ансамбльд хэзээ орсон юм бэ. Тухайн үед хүссэн хүн бүр орж чаддаггүй өндөр шалгууртай байсан биз?
-1956 онд орсон. Цэргийн ансамблийн Цэрэндорж, Ёндон багш нар ирж шалгалт авсан. Би бүжгээр шалгалт өгч тэнцсэн. Цэргийн ансамбльд анх очоод бүжиглэх гэж их хөглөдөг байж билээ. Бэлтгэл сургуулилт хийгээд бие өвчин орчихоор хувцсаа ч тайлж, өмсөж чаддаггүй. Эмэгтэйчүүдтэй хамт бүжиглэхээр хөлс урсаад ичиж сандарна. Намайг ороход манайхан Европоор аялан тоглолт хийхээр бэлтгэж байсан. Европ явах багт орох гэж өдөр, шөнөгүй бэлтгэл сургуулилт хийж, хүслээ биелүүлсэн. Бүжиг бол тэсвэр тэвчээр их шаарддаг мэргэжил. Тиймээс Европ явж ирээд багшдаа бүжиглэхээс илүү хөгжим тоглох сонирхолтой байгаагаа хэлсэн. Труба хөгжимчний орон тоо байгаагүй ч би гуравдугаар трубачин болсон. Цэрэндорж багш 1958 онд Баян-Өлгий рүү томилогдож, оронд нь ДБЭТ-аас Дугарсүрэн гэдэг хүн ирсэн юм. Дугарсүрэн багш нэг өдөр намайг өрөөндөө дуудаад “Манайд гурван трубачин хэрэггүй. Чи явж ажлаа ол” гэлээ. Миний дотор харанхуйлаад л юу хэлэхээ мэдэхгүй дуугүй зогсож байтал надаас “Чи богино хугацаанд кларнет сурч чадах уу” гэж асуув. Цэргийн ансамбльд үлдэхийн тулд чадна гэхээс өөр аргагүй шүү дээ. Тэгээд Дугарсүрэн багшаар кларнет заалгаж, Цэргийн ансамблийн үндсэн хөгжимчин болсон.
-Яагаад их сургуульд сураагүй юм бэ?
-ОХУ-д сургуульд сурах боломж олон байсан. 1962 онд ОХУ руу явах гэтэл дарга нар “Дараа жил чамайг шалгалтгүй явуулна” гээд үлдээсэн. Тэр жил ОХУ-д мэргэжил дээшлүүлэх зургаан сарын курст сурсан. 1964 онд ОХУ-аас удирдаач, хөгжим судлаачийн ангийн хуваарь ирсэн. Удирдаачийн ангид шалгалт өгч тэнцээд явах гэтэл миний оронд өөр хүүхэд явуулсан. Нэг том даргын хүүхэд байсан. Дараа жил нь ОХУ-ын Соёлын сургуульд явах боломж гарсан ч би яваагүй. Сүүлд 1970 онд мөн ОХУ руу явах гэтэл офицер, удирдаач болоод удаагүй байсан учраас чадаагүй.
-“Манай цэргийн жавхаа” бол таны нэрийн хуудас болсон бүтээл. Энэ дуу хэрхэн бүтсэн түүхээс хуваалцаач?
-Цэргийн ансамблийн холимог найрал дуучдын бүрэлдхүүнийг 1970 онд дандаа эрэгтэйчүүд болгосон. Манайхан 60 хар гэдэг. Тэдний тоглолт болох гэж байсан юм. Дууны ая зохиоё гэсэн бодол эртнээс надад төрсөн юм. Нэг өглөө ажлынхаа өрөөнд сууж байгаад “Улаан од” сонинд “Манай цэргийн жавхаа” нэртэй шүлэг гарсныг уншаад ая зохиохоор шийдсэн. Шинэ бүтээлээ анх найрал дуучдын тоглолтод толилуулсан. Энэ дууг гарсан даруйд нь төрийн тоглолтуудад дуулуулж, ЦДБЭЧ-ынхан одоо ч дуулсаар байна. 1997 оноос эхэлж, “Манай цэргийн жавхаа” дууны нэрэмжит цэрэг, эх орны сэдэвт дууны уралдааныг уламжлал болгон зохиож байна. Түүнээс хойш “Ардын армийн алдар”, “Монголын арми”, “Өөрөө тодорсон соёмбо”, “Тангаргийн марш”, “Халх голын марш”, “Ахмад дайчдын дурсамж” гээд олон бүтээл туурвижээ. Нэг зүйлд би их эмзэглэдэг юм. Манай залуучууд цэрэг, эх орны сэдэвтэй дуу дуулахаа бараг больж. Энэ сэдвээр ч шинэ бүтээл туурвих нь ховор юм. Зурагт, радиогоор цацаж байгаа дуунуудыг сонсоход ихэнх нь хайр сэтгэл, янаг амраг, аав, ээжийн тухай байна. Эх орон, эр зоригт баатруудын тухай олон сайхан дуу байна шүү дээ.
-Удахгүй таны 80 насны ойн тоглолт болох гэж байгаа. Ямар бүтээлүүдээ толилуулах вэ?
-Ирэх сарын 3-нд Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв өргөөнд болно. ЦДБЭЧ-ынхан зохион байгуулах юм. “Аялгуунд мөнхөрсөн ардын арми” тоглолтод миний арав гаруй бүтээлийг толилуулна. Тоглолтын төгсгөлд би “Манай цэргийн жавхаа” дуугаа удирдана.
-Таны эхнэр мөн урлагийн хүн юм билээ. Хүүхдүүдээс тань урлагийн хүн бий юу?
-Эхнэртэйгээ 1959 онд танилцсан. ДБЭТ-т хөгжимчин байсан юм. Урлагийн хүн олон хүүхэд өсгөхөд хэцүү байсан болохоор ДБЭТ-т арван жил ажиллаад гарсан. Манай нэг хүү бүжигчин.
П.ТУНГАЛАГ/Өнөөдөр/