Дуурь бүжгийн эрдмийн театрын залуухан, авьяаслаг теноруудын нэг Д.Эрдэнэ-Очиртой ярилцлаа. Ж.Бизегийн “Кармен” дуурийн Хозе, Ж.Пуччинийн “Тоска” дуурийн Кавардосси, Ж.Вердийн “Трубадур” дуурийн Манрико, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийн Намнан, Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурийн оточ Найдан, Д.Лувсаншаравын “Хан бүргэд” дуурийн Сайнбилэгтэд дуулсан энэ залуу 2005 онд СУИС-ийг төгсчээ.
Хэдхэн хоногийн өмнө түүний тухай баярт мэдээг уншигчиддаа хүргэсэн. Германы Дюссельдорф хотноо болох “Belvedere 2014” олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд оролцох эрхээ тэрбээр саяхан Эрхүүгээс өвөрлөн ирсэн. Дэлхийн 3000 гаруй залуу дуучдыг өрсөлдүүлдэг энэ уралдаанаас амжилт гарган ирэхийг түүнд ерөөе.
-Юуны өмнө баяр хүргэе. “Байгалийн амьсгал” хөгжмийн наадамд оролцохын зэрэгцээ “Belvedere 2014” уралдааны бүсийн шалгаруулалтад хоёрдугаар байр эзэлжээ.
-Баярлалаа.
-Өмнө нь манай дуучид энэ уралдаанд оролцож байсан уу?
-Үгүй байх аа.
-3000 залуу дуучин эхний шалгаруулалтад оролцдог гэж дуулсан. Үнэхээр өрсөлдөөнтэй тэмцээн юм аа?
-Жил бүр дэлхийн 50 гаруй оронд шалгаруулалт явуулдаг юм. Энэ жил 56 улсад тэмцээн зохион байгуулсан. Тэр дунд Москва, Эрхүү хот багтсан учраас хамгийн ойрхон хотыг сонгон очиж, оролцсон юм. Энэ уралдаан жил бүр Австрид болдог байсныг өөрчилж, өнгөрсөн жилээс өөр өөр улсад зохион байгуулагдахаар болсон юм билээ. Энэ жил Германд болох нь.
-Шалгуур нь ямар вэ?
-Олон улсын уралдааны шалгуур болдог, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн зургаан ари бий. Түүнээс тавыг нь энэ уралдаанд багтаасан байна.
-Энэ сарын сүүлчээр явах уу?
-Энэ сарын 26-нд явах байх аа. Тэмцээн зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 4-нд болно.
-Бэлтгэлээ хангаж чадсан уу?
-Уралдаан хоорондын зай ойрхон мэт боловч дуучин хүн энэ уралдаанд оролцохын тулд асар удаан бэлтгэдэг. Би мэргэжлээ эзэмшхийн тулд есөн жил суралцсан. Дөрвөн жил театртаа ажиллаж байна. Хоёр жил гаруй хугацаанд дуулж буй “Тоска” дуурийн Кавардоссийн ари энд багтсан байгаа. Гэхдээ сураад дуулчих нэг хэрэг. Дэлхийн хэмжээнд нийцүүлж, сайн дуулах нь өөр.
-Нэг дуурийн, нэг дүрд хэд дахин дуулна. Гэхдээ тоглолт бүр дуучны өмнө сорилго болдог байж мэдэх юм.
-Тийм ээ. Мэргэжлийн хүмүүс түүнийг ялгана шүү дээ. Хүн хаана, хэрхэн суралцаж төгссөнөөсөө хамаараад янз бүр байдаг. Би СУИС-ийг магистр зэрэгтэй төгссөн. Ур чадвараа дээшлүүлж, олон улсын хэмжээнд хүргэхийн тулд интернэтээс бичлэг үздэг. Сая уралдаанд оролцонгоо Красноярскийн багшаас мастер класс аваад ирсэн.
-Тенор дундаа чиний хоолой бас арай онцлогтой юу?
-Драматик тенор.
-Ганцаараа л энэ театрт дуулж байгаа дуурь бий юү?
-“Тоска” дуурьт ганцаараа дуулж байна. Манай театр энэ жил “Кармен” дуурийг шинэчилж, франц хэлээр дуулахад би нээлтэнд нь, дараа нь Батжаргал дуулсан. “Трубадур” дуурьт ч ижил.
-Танай театрт хоёр л драматик тенор бий юу?
-Тийм ээ. Гэхдээ гурвуулаа бол зүгээр л байгаа юм. Хүн хүний биеийн онцлог өөр шүү дээ. Би 27 настай. Гэтэл бараг 40 шахаж байж дуулдаг дуурьт ч дуулж л байна.
-Гэхдээ олон улсын уралдаанд 30-аас доош насны дуучид оролцдог байх аа?
-Тийм ээ. Уралдаанд бол нэг ари дуулна. Харин бүтэн дуурьт дуулах өөр. “Трубадур” дуурьт дуулж байхад хөл чичирнэ шүү дээ. Сэтгэлийн хатуужил, жүжиглэлт гээд бэлтгэл их шаардана. Мөн дуурьт дуулахад зүрхний ачаалал ч нэмэгддэг.
-Өдий хүртэл дуулсан дүрүүд дундаасаа хамгийн сэтгэл хангалуун байдаг нь аль вэ?
-Өөртөө дүгнэлт өгөх хэрэггүй байх аа. Зарим тоглолтын дараа бол өнөөдөр ч аятайхан дуулчихлаа даа, санасандаа дөхүүллээ гэх мэтээр боддог л юм. Түүнээс биш, би яг л дуулчихлаа гэж хэлэх эрт байна.
-Г.Хайдав гуайн шавь гэл үү?
-Би Д.Баясгалан, бас Г.Хайдав багшийн шавь. Анх намайг сургуульд ороход “өлгийдөн” авсан хүн нь Г.Хайдав багш. Бэлтгэл курстээ энэ багшаасаа суралцсан. Харин дараа жилээс нь багшийн нас дээр гарсан учраас туслахаар нь Д.Баясгалан багш ирсэн. Д.Баясгалан багш намайг энэ урлагт хөтөлсөн дөө.
-Эрдэнэ-Очир анх хэзээ дуурь үзэж байв, энэ урлагтай хэрхэн танилцсан бэ?
-Би багаасаа дуулдаг л хүүхэд байсан. Чин үнэндээ анх зохиолын дуучин болно л гэж боддог байлаа. Тийм бодолтой СУИС-д орсон. Харин Д.Баясгалан багш минь энэ агуу урлагт намайг дурлуулсан болохоор үргэлж талархаж явдаг. Одоо би улсынхаа хамгийн том театрт ажиллаж байна шүү дээ.
-Гэхдээ хилийн дээс алхаж дуулахыг хүсдэг биз дээ.
-Тийм боломж тэр бүр тохиохгүй л дээ. Гэхдээ болдог бол богино хугацаагаар ч болтугай өөр театрт ажиллаж, суралцмаар байна. Нэгэнт есөн жил сурчихсан учраас одоо зөвхөн сургуульд сурахаар явмааргүй байна. Зардал ч хэцүү.
-Та нар олон улсын уралдаанд оролцохдоо санхүүжилтээ хэрхэн олдог вэ?
-Хувиасаа л гаргана.
-Хэцүү юм байна шүү. Гэр бүлтэй юү?
-Эхнэр хүүхэдтэй. Охин маань арван сартай.
-Нийтийн дууны төрөлд хүч үзвэл санхүүгийн асуудлыг хурдан шийдэх боломжтой юм шиг ээ.
-Тэгж хэлмээргүй байна. Би ч гэсэн дуулж л байсан. Бүр нэгдүгээр дамжаанд байхдаа л дуулсан. “Ононгийн хээр” гэдэг дуу минь олонд их хүрсэн. Манай ангийнхан ч гэсэн нийтийн дууны төрөлд нэр хүндтэй ажиллаж байна.
-Хурдан морьтой юу?
-Энэ хурдан буянгийн дууг дуулсан болохоор надад хурдан удмын морь бэлэглэсэн. Ахынд маань байгаа.
-Аль нутгийнх билээ?
-Төв аймгийн Бүрэн сумынх. Энэ жил манай нутгийн 90 жилийн ой тохиож байгаа.
-Анх энэ театрт орохдоо найрал дууны ангиас гараагаа эхэлсэн гэл үү?
-Тийм ээ. Намайг театрт орсон жил солист ангийн шалгалт аваагүй. Эсвэл би тэнцэхээргүй байсан байх. Гэхдээ найрал дуунд хүн их зүйлийг сурч, хүмүүждэг. Олон хүнтэй ажиллаж сурна. Бусдыг сонсоно.
-201 тоот энэ өрөөнд өмнө нь ямар алдартнууд суудаг байсан бэ?
-Энэ өрөөг “Алтан өрөө” гэдэг юм шүү дээ. Ардын жүжигчин Д.Пүрэвдорж, А.Хавлааш, Г.Хайдав, Д.Жаргалсайхан нар энд сууж байжээ. Одоо гавьяат жүжигчин М.Болд, манай шилдэг дуучдын нэг Ч.Түмэндэмбэрэл ах маань энд сууж байна
-Залуус попера урсгалыг илүү сонирхох болжээ. Энэ чиглэлээр дуулах сонирхол бий юу?
-Хамтлагууд санал тавьж байсан. Гэхдээ би энд ажилтай учраас бусдын ажилд саад болохыг хүсээгүй. Бие даан дуулах бодол бий.
Д.Эрдэнэ-Очир энэ жил гурван ч уралдаанд орох төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ оролцохоосоо өмнө зарлахыг тэр хүссэнгүй. Харин амжилт гаргасан хойноо л илүүг ярихыг хүссэн. Тэр хэтийн төлөвлөгөөндөө П.И.Чайковскийн нэрэмжит уралдааныг багтаасан байгаа. Залуу нас, авьяасаар өөрийгөө чимж яваа болохоор олон давааны ард гарч, амжилтаа ахиулаарай.
С.СЭРГЭЛЭН/Өнөөдөр/