Танд энэ өдрийн мэндийг хүргье, бас баяр хүргье. “Далд төрх” үзэсгэлэнгийн талаар мэдээлэл өгөөч?
Баярлалаа. Нийт уншигчдаа энэ өдрийн мэндийг хүргье. “Далд төрх” уран бүтээлчдийн нэгдлийн найруулагч, стилист Цэвэдсүрэнгийн Нямдулам байна. Бид нар энэ үзэсгэлэнгээ хагас жилийн туршид бөөцийлж, хайрлаж өнөөдөр ингэж 6-н сарын 4-ны өдөр өлгийдөж авах хувь тавилантай байж. Дунд нь мэдээж хэцүү зүйлүүд зөндөө тулгарсан бид нар хамтдаа шүд зуун тэвчиж ард нь гарсандаа маш их баяртай байна.
“Далд Төрх” үзэсгэлэнг уншигч та бүхэн үзсэнээр гоо зүйн таашаал аваад зогсохгүй олон, олон өнгө, үнэр, амтыг мэдэрнэ гэж хэлэхэд таатай байна. “Далд төрх” үзэсгэлэн маань төслийн хүрээнд хэрэгжиж байна. “Хөх зэв” уран бүтээлчдийн нэгдлээс” Далд төрх” гэж төслийг хэрэгжүүлж байгаа эхний ажил юм. Цаашдаа “Далд Төрх” нэг хоёр гурав гэж явах болно. Энэ удаад бид нарыг яаж тоосон юм гэмээр мундаг уран бүтээлчид хамтарч ажилласан. Энэнд бидний зүгээс маш их талархаж байна. Нөгөө талаар тэдгээр уран бүтээлчид бидний уран бүтээлийг өөр байна гэж тоосон учраас хамт ажиллаа гэж хэлсэн. “Хөх зэв” уран бүтээлчдийн нэгдлээс цааш, цаашдаа өөр өнцгөөс харуулахыг зорьсон бүтээлүүдийг бид хийх болно. Хүмүүс ерөнхийдөө фото зургийг нэг хэвшмэл ойлголтоор ойлгодог бид харин фото зургийг урлаг талтай нь холбож өгсөн, дан ганц гэрэл зураг биш видеотой хоршсон үзэсгэлэн байгаа. Гэрэл зураг дээр гарч чадахгүй зүйл видео дээр агуулагдаж байдаг, видеогоор илэрхийлэгдэхгүй зүйл гэрэл зургаар илэрхийлэгдэж байдаг. Тийм учраас энэ хоёр хосоороо байх учиртай юмаа гэж бодсон учраас бид нар хоёуланг нь хавсаргаж хийсэн.
“Далд Төрх” гэж нэрлэсний учир юундаа байгаа вэ?
Сайхан асуулт байна. Далд төрх бол хүн болгоны дотор байдаг. Уншигч таны дотор ч гэсэн далд төрх байгаа. Гэвч бид бүхэн өөрсдөө далд төрхөө төдийлөн сайн мэдэдгүй. Зарим нь мэдсэн ч түүнийгээ ил гаргахаас айдаг. Би өөрийн ойлголтоор далд төрх үзэсгэлэнгээ ингэж хэлмээр байна.
Ил бус далд төрх
Илэрхийлэлгүй орхисон төсөөлөл
Хүчтэй атлаа сул
Сул атлаа хүчтэй
Угийн угт нуугдах "Далд Төрх"
"Хөх зэв" уран бүтээлчдийн нэгдлийн талаар танилцуулбал?
"Хөх зэв" уран бүтээлчдийн нэгдэл нь анх хоёр зураач, хоёр найруулагч нэгдэж дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Дараа нь сэтгэл санаа нэгдэж дизайнер нэмэгдэн 5-н гишүүнтэй болсон.
Зааланд нийт хэчнээн уран бүтээл тавигдсан бэ?
Зааланд 40 уран бүтээл тавигдсан. Нийт 20 гаруй уран бүтээлчид оролцсон. Зарим нь цуврал зураг болж гарсан. Бид энд хамгийн сонирхолтой сайн гэсэн уран бүтээлүүдээ дэлгэж тавьсан. Мэдээж цаана нь дэлгэгдээгүй уран бүтээлүүд байгаа.
Уг үзэсгэлэнд хэчнээн уран бүтээлчид хамтарсан бэ? Хөгжим болон кино драмын жүжигчид бас зурагнуудад нэлээдгүй харагдлаа.
Тэгэлгүй яахуу 80 хувь нь зураачид байгаа. Мөн дэлхийд мундаг зуун зураачдын нэгээр цоллогдсон До.Болд зураач, Франц Улсын ардын жүжигчин Б.Чогсом гуай та бидний сайн мэдэх харамсалтай нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав зэрэг ахмад уран бүтээлчид минь бидний уран бүтээлийг дэмжиж хамтарч ажилласан.
Өнөөдрийн үзэсгэлэнг төслийн хүрээнд гарч буй цуврал үзэсгэлэн гэлээ дараа, дараагийн үзэсгэлэн хэзээ байх бол? Нийгэмд ямар зүйлийг илэрхийлэхийг хүссэн бэ?
Дараагийн үзэсгэлэн ирэх өвөл эсвэл хавраас “Далд төрх 2” нэртэйгээр гарна. Нийгэмд маш олон санаануудыг илэрхийлэхийг хүссэн. Зураг бүхэн өөр, өөр уур амьсгалтай учир хүн өөрийнхөөрөө уншина. Ер нь бол эерэг зүйлсийг хүргэхийг хүссэн.
Тойроод зурагнуудыг харлаа Гэрэл зураачийн зурагнууд анхаарал их татаж байна. Гэрэл зураачийн талаар яриач.
Гэрэл зураачийг харахад хараагтар нь ааштай мэт харагддаг. Гэхдээ маш зөөлөн хүн зурагнуудын хувьд хүн байгаль өөр хоорондоо холбоотой гэдгийг харуулсан бүтээлүүд тавигдсан. Бидэнтэй их ойр байдаг учраас бид Далд төрхийн нэг болох санал тавьсан.
Өнөөдрийн үзэсгэлэн дээр маш олон хүн ирсэн байна. Анхны үзэсгэлэн гэхэд их амжилттай нээлтээ хийлээ энэ талаар сэтгэгдлээ хуваалцвал.
Маш сайхан байна. Дэндүү гоё хөвсөн, дэвсэн мэдрэмж төрж байна. Үгээр хэлж үйлдлээр үзүүлэх боломжгүй тийм байна. Хажуугаар нь маш хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг мэдэрч байна. Биднийг дэмжиж тоож байгаа энэ олон хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд өөр өнцөгтэй өшөө олон сайхан бүтээлүүдийг өргөн барихыг хүсэж байна.
Үзэсгэлэн дээр явж байгаа дуу, аялгуу маш их анхаарал татаж байна. Дууны сонголтын хувьд ?
Тэгэлгүй яахуу бүтээлийн уур амьсгалд уусаж шингэж чадах тэр аялгуу дуунуудыг сонгож оруулсан.
Сонирхолтой мэдээлэл өгч яриа өрнүүлсэнд баярлалаа. Миний асууж амжаагүй асуулт байвал уншигч нартаа хандаад мэдээлвэл ?
Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна. Тийм учраас уран бүтээлч хүний зүрх сэтгэл үргэлж сайн сайхны төлөө тэмүүлж байдаг. Бид уран бүтээлчид “Хөх зэв” уран бүтээлчдийн нэгдлээс олон сайхан уран бүтээлүүд ар араасаа гарах болно. Түүний тулд бид өөрсдийгөө хөгжүүлсээр байх болно. Дотроос гэрэлтэж болох бүх талаар бид амьсгалах болно. Үзэсгэлэнг маань үзэж амжаагүй хүмүүст "Далд төрх" үзэсгэлэн маань 14-ныг хүртэл "Blue moon" арт галерей дээр үргэлжлэн хүрсээр байх болно.