-Та ямар нэгэн зүйл хийхийг хүсвэл түүн рүүгээ эхлээд харах хэрэгтэй, дараа нь босох хэрэгтэй, алхах хэрэгтэй, чадаж байвал гүйх хэрэгтэй-
Залуу уран бүтээлчид хамтран “Лаа” хэмээх сэтгэхүйн эротик драмыг үзэгчдэд хүргэхээр болжээ. Энэхүү жүжгийн зохиолч, найруулагчаар ажиллаж байгаа залуу уран бүтээлч Ж.Уранцацралтай ярилцлаа.
-Шинэ жүжиг тавигдах гэж байгаа тухай сонслоо. Харин жүжгийн нэр яагаад лаатай холбогдчихов. “Лаа” гэхээр бас өвөрмөц юм?
-Ирж үзээд бараг ойлгох байх аа. Гэхдээ ямар ч талаар нь ойлгож болохоор нэр. Миний хувьд эмэгтэй хүний амьдралтай холбосон. Лаа асдаг, урсдаг, ямар нэгэн гадны нөлөөллөөс унтардаг. Бас дахиад асдаг. Ямар нэгэн тодорхой цаг хугацаанд шатаж дуусдаг. Шатаж дуусахад юу үлддэг вэ гэдгийг бодож жүжигтээ “Лаа” гэж нэр өгсөн. Эмэгтэй хүн гэлтгүй эрэгтэй хүн ч адилхан. Амьдралд нь өөрчлөлт ороход бас сэтгэхүйд өөрчлөлт орж л байдаг.
-Лаа бас салхинд дэрвэнэ?
-Тийм ээ салхинд дэрвэнэ. Бас хэн нэгэн асаана. Юугаар ч асааж болно. Үлээгээд унтраачихаж ч болно. Унтрахгүй сэвэлзэж ч болно. Тэр утгаараа ийм нэр өгсөн.
-Сэтгэхүйн эротик драм гэхээр драмын жүжгээс ямар ялгаатай гэсэн үг үү?
-Яг л драмын жүжиг л дээ. Адилхан л найруулагч, жүжигчид ажиллана. Яах вэ, эротик жүжиг гэдгээрээ л ялгаатай.
-Жүжигчдийн тухайд залуу уран бүтээлчид байгаа юу. Ямар шалгуураар жүжигчдээ сонгов?
-Тийм. Би 2011 онд КУДС-ийг төгссөн. Б.Мөнхдорж багшийн шавь. Одоо “ТВ-5” телевизэд найруулагчаар ажилладаг. Эмэгтэй жүжигчний хувьд уран бүтээлийн санаа нийлдэг хүмүүс. Болормаа гээд КУДС-ийн надтай нэг төгсөлтийн охин байгаа. Дарханы театрт жүжигчнээр ажилладаг. Би Дарханы театрт очиж жүжгийг нь үзэх дуртай. Тиймээс хамтарч ажиллана гэсэн бодолтой байсан. Ер нь уулзаж ярилцаад санаа оноо нийлсэн л дээ. Тиймээс би зохиолоо бичээд “Ийм зохиол байна, чи уншаад санаа оноогоо хэлээч” гээд уншуулсан. Ингээд зохиол маань таалагдсан, хамтарч ажиллая гэж тохиролцсон.
Хоёр эрэгтэй жүжигчний хувьд “Боловсрол” суваг телевизээр гарсан “Анги” киноны гол дүрд тоглосон жүжигчид. Д.Даваасүрэн, С.Сарантуяа багшийн шавь нар. Хоёр эрэгтэй жүжигчнээ проб авч сонгосон. Арай ойр гэдэг утгаараа КУДС-ийн төгсөгдөөс проб авсан л даа. Ер нь манай уран бүтээлчдийн ихэнх КУДС-ийн төгсөгчид, хоёр зураач СУИС-ийнх. Дүрүүдийн хувьд яг өөр өөрсдийн гэсэн онцлог зан араншинтай, гурвуулаа бараг гол дүр гэж хэлж болно. Гэхдээ эмэгтэй дүр гол нуруу нь болсон. Моно эротик ч гэж хэлж болохоор. Гэвч моно эротик гэхээр ганцхан хүн эротикийг үзүүлэх нь гэдэг үүднээсээ хэн ч үзэхгүй. Тийм учраас сэтгэхүйн эротик драм гэж нэрлэсэн.
-“Лаа” жүжиг өөрийн тань анхны тайзны уран бүтээл үү. Өмнө нь тайзны уран бүтээлд ажиллаж байв уу?
-Энэ бол яг анхны тайзны уран бүтээл. Багш маань тайзны хүн. Би КУДС-ийг тайз, дэлгэцийн найруулагчаар төгссөн. Олон жил бодож явсан зүйлээ одоо хийж байна. Ер нь би сонгодогт дуртай. Гэхдээ яг бид шиг хэнд ч танигдаагүй хүмүүс сонгодог жүжиг тавина гэхээр хэдий сайн зохиол барьж аваад, сайн ажилласан ч өнөөдөр үзэх нийгэм нь хэцүү. Драмын театрт тавигдаж байгаа бол өөр л дөө. Гэхдээ Н.Наранбаатар, Б.Мөнхдорж зэрэг мундаг хүмүүс үзэгчдийн хувьд өөрсдийн гэсэн хүрээлэлтэй болчихсон учраас хүмүүст хүрэхэд ойр. Харин бидний хувьд эрсдэлтэй асуудал. Дан ганц өөрөө бодоод жүжиг тавьчихгүй. Баг бүрэлдэхүүн хэрэгтэй. Тийм болохоор жүжгийн зохиолыг өөрөө бичсэн. Бид чинь өөрсдөө зохиол бичих хүмүүс бол биш шүү дээ. Тиймээс зохиолоо өөрөө бичсэндээ жаахан эмзэглэсэн тал бий. Гэхдээ яах вэ, залуу хүмүүс хичээж байна. Ямар ч байсан үзээд гарахад нэг их харамсахгүй байх гэж бодож байна.
-Зохиолын санаагаа хаанаас олов, ямар нэгэн зохиолоос сэдэвлэв үү. Эсвэл өөрөө санаагаа гаргаад бичсэн үү?
-Нэг санаа байсан. Би зохиол бичих биш унших л дуртай. Сонгодог зохиолд их дуртай болохоор өөрөө юм бичнэ гэхээр их голдог. Үнэнийг хэлэхэд манайд жүжгийн зохиол хэд билээ гэх зэргээр их бодсон. Бидний төсөөлөөгүй амьдралд Монголд зөндөө бий. Бид харин их эрх өсчихсөн хүмүүс. Надад нэг танил байдаг. Биеэ үнэлэгч гэх юм уу даа, нийгмээс жаахан гадуурхагдаж амьдардаг хүн байсан. Тэр хүнтэй санаандгүй байдлаар хэдэн жилийн өмнө танилцсан. Би өөрөө сонин, содон зүйлд дуртай. Тэгээд ч тэр хүн амьдралд бас нэг дүр гэдэг утгаараа надад их сонин байсан. Сэтгэлийг нь нэлээд гүнзгий мэдэрч хамт байсны үндсэн дээр тэр хүнээс санаа орж ирсэн. Манай зохиол ер нь биеэ үнэлэгч эмэгтэйн тухай л даа. Гэхдээ баримт нь биеэ үнэлэгчээр гарч ирсэн боловч тэнд хэлж байгаа санаа нь өөр. Бидэнд ч гэсэн хамаатай тийм санаанууд байгаа. Эмэгтэйчүүд яагаад биеэ үнэлдэг юм. Яагаад цайны газар зөөгч, угаагч хийгээд амьдарч болохгүй байгаа юм гэж хүмүүс гадуурхдаг, дургүй байдаг. Мэдээж энэ нь муухай л даа. Өөр ажил хийж амьдрах зөндөө боломж бий. Гэхдээ яагаад харин тэгж амьдарч байгаа юм, тэр нь сонин байхгүй юу. Тийм учраас тэрийг баримт болгож, зохиолынхоо гол дүрийг биеэ үнэлэгч хүүхнээр төлөөлүүлж гаргаж ирсэн.
-Залуу уран бүтээлчид анхны уран бүтээлээрээ нийгэмд ямар мессэж өгье гэсэн бодолтой байгаа вэ. Танай жүжгийг үзээд хүмүүс юу эргэцүүлж тунгаагаасай гэж хүсч байна?
-Би ер нь тайзандаа их дуртай л даа. Гэхдээ сургуулиа төгсөнгүүт телевизэд ажилд ороод дэлгэцийн хүн болчихсон. Киноны ажил хийсэн ч яагаад ч юм тайз гоё санагдаад байдаг. Миний хүссэн зүйл тайз байсан. Тиймээс тайзан дээр ганц ч гэсэн жүжиг тавиад үзчих юмсан гээд бодоод л явдаг байлаа. Тэгээд л нэг өдөр би ерөөсөө би нүдээ нээх хэрэгтэй юм байна. Дараа нь толгойгоо өргөх хэрэгтэй юм байна. Тэгээд босох хэрэгтэй, алхах хэрэгтэй, дараа нь би гүйх хэрэгтэй гэж бодсон. Миний баримталж байгаа зарчим ийм байна. Бид ямар нэгэн зүйлийг хийхдээ эхлээд бодоод л яваад байдаг. Жижигхэн зүйлийг ч гэсэн тэгчих юмсан, тэгвэл уг нь болно доо гээд хойшлуулаад л. Гэхдээ түүнийхээ төлөө та эхлээд харах хэрэгтэй, босох хэрэгтэй. Ямар ч байсан алхах хэрэгтэй, чадаж байвал гүйх хэрэгтэй гэж бодсон. Жүжгээ намар тавьж болох л байсан. Гэвч цаг хугацааг хойшлуулаад байвал болохгүй юм байна гэж бодоод үзэгчгүй байсан ч гэсэн би ямар ч гэсэн зургаадугаар сарын 22-нд тавина гэж шийдсэн. Ингээд зохиолоо бичиж дуусаад сарын өмнө өмнөөс бэлтгэлдээ орсон.
-Бэлтгэл одоо хэр хангагдсан бэ. Тайзан дээр тоглоход бүх зүйл бэлэн биз дээ?
-Ерөнхийдөө дуусч байгаа. Одоо тайзны ажил л үлдсэн. Тайзан дээр том лаа босгож байгаа болохоор ажиллагаа ихтэй байна.
-Залуу хүн анхны уран бүтээлээ хийх гээд зориглочихсон юм чинь магадгүй дараагийн уран бүтээлийн санаанууд байгаа байх?
-Тийм. Их том том зүйлс бодож байна. Энэ жүжгээр миний амьдралын гараа эхэлж байна гэж ойлгож байгаа. Үүндээ их урам авч байгаа гэсэн үг. Намраас бид хамтраад жүжиг тавина гээд төлөвлөчихсөн. Зохиолыг харин өөрөө бичихгүй. Энэ бол эхлэл учраас өөрөө бүгдийг гардаж хийсэн. Хүний гар харахаар цаг хугацаа яваад л байдаг. Намраас сонгодог зохиол барьж авъя гэсэн бодолтой байна. Гэхдээ тэрийг багштайгаа яриад, хүмүүсээс зөвлөгөө аваад арай нухацтай, далайцтай юм хийнэ.
-Ер нь сонгодгуудаас би энийг бариад авбал чадна даа гэсэн ямар зохиулууд байна. Эсвэл энэ жүжгийг нь нэг тавьчих юмсан гэж мөрөөдөж явдаг зохиол байгаа байх?
-Зөндөө байна. /Инээв.Сурв/ Ер нь сонгодог зохиол их мундаг. Нэг зохиол барьж аваад нэг уншихад нэг зүйл ойлгоно. Хоёр уншихаар дахиад хоёр, гурван зүйл мэдэж авна. Ер нь л ухаад байх тусам юм гарч ирээд байдаг. Тэр үеийн хүмүүс өөрсдөө их өвөрмөц сэтгэлгээтэй байсан. Ялангуяа “Годог хүлээхүй”, “Ширээ”, “Дон Жуан”, “Фауст” гээд зохиолуудад их дуртай. Гол нь сонгодог зохиолд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Маш няхуур хандах хэрэгтэй. Нэг зохиол барьж аваад түүн дээрээ нэлээд хэдэн талаас нь ажиллаж бас цаг хугацаа зарцуулахгүй бол зүгээр нэг өөрийнхөө зохиосон жүжиг дээр ажиллаж байгаа юм шиг хандаж болохгүй. Тиймээс маш их хөдөлмөрлөх хэрэгтэй болж байгаа юм. Ямартай ч мөрөөдлөө биелүүлнэ гэсэн бодолтой байна.
-Ярилцсанд баярлалаа, уран бүтээлд нь амжилт хүсье.
Дашрамд дурдахад, “Лаа” сэтгэхүйн эротик драмын гол дүрүүдэд М.Энхзаяа, Е.Даваасүрэн, Н.Мөнх-Эрдэнэ нар тоглож байгаа бөгөөд жүжгийн тайзны зураачаар Г.Долгион, Г.Гантөмөр, Ц.Сүхбат нар ажиллаж байгаа аж. Ийнхүү тун удахгүй тайзнаа амилах тус жүжгийн тасалбар худалдаанд гарсан бөгөөд тасалбарыг Улаанбаатар чуулгын билетийн кассаар болон 99647075, 99839639 дугаараас захиалах боломжтой юм.
П.Буян-Эрдэнэ