Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ
Дуу хөгжим

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

Урлаг Урлаг19/03/2026Шинэчлэгдсэн:19/03/2026Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ХХ зууны манлай дуугаар өргөмжилсөн “Халуун элгэн нутаг” дуунаас гадна “Зандан шоо”, “Гайхмаараа”, “Жаргаах зүрхэн”, “Орь залуу нас”, “Учралын хорвоо” зэрэг монгол түмний үеэс үед түгэн дуулагдаж ирсэн олон арван дууны шүлгийн зохиогч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлаач Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна.

Тэрбээр зохиолч, яруу найрагч, ардын билиг зүйч, хэл шинжлэлч, орчуулагч, урлаг судлаач гээд олон салбарт эрдэм мэдлэг түгээхдээ хойч үедээ оюуны үнэт өв үлдээн, өв уламжлалаа хайрлах, өвлүүлэх үндэсний нэгдмэл зүйлийг баталгаажуулж бэхжүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэсэн, ХХ зууны нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч байсан юм.

Ж.Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан амьдрал, уран бүтээлээс дээжлэн “Жамцын Бадраа” үзэсгэлэнг Монголын Театрын музейд энэ сарын 18-25-нд дэлгээд байна. Үзэсгэлэнд Ж.Бадраагийн хөгжим судлал, хэл шинжлэл, найруулга зүй, орчуулга, яруу найраг, кино, дэлгэцийн урлагт хийсэн бүтээл туурвилын түүхэн гэрэл зураг, эдлэл хэрэгсэл, захидал, бэлэг дурсгал зэргийг сонирхуулж байна. Түүний үндэсний урлагийг сурталчлах “Хуур магнай” төв, “Эртний сайхан”, “Түмэн эх” чуулга, МУИС-ийн тухайн үеийн нэрээр Ардын урлаг судлалын тэнхимийг санаачлан байгуулж, АНУ, Тайваньд аялан тоглолт хийсэн түүхэн баримт сэлтийг ч дэлгэжээ.

Үзэсгэлэнг нээж Ж.Бадраагийн ууган ач хүү Б.Наранзун хэлсэн үгэндээ, өвөө минь олон чиглэлээр тэр тусмаа ардын язгуур урлаг, монгол хэл, яруу найргийн тухайд энд ярьж барахааргүй их зүйлийг хийж бүтээжээ, үр ач бидэнд “Нэр хүнд хөөцөлдөхөөс илүү он цаг туулах зүйл хийж бүтээх хэрэгтэй” хэмээн сургадаг байсан даа хэмээн дурссан юм.

Ж.Бадраа агсны тухай Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач, тоймч Ч.Буянхишиг ярихдаа, “Олон талын мэдлэг, арвин бүтээлтэй, орос, англи, хятад, хинди хэлтэй, эх оронч, үндэсний үзэлтэй ховор хүн байсан. Монголын радиод 1952 онд ирж ажиллахдаа улс төр, урлаг, хүүхэд, утга зохиолын редакц байгуулсан нь одоо ч хэвээр. Ард түмний дунд мартагдах шахсан үнэт өвүүдийг олж харж, ардын язгуур урлагийн наадмыг зохион байгуулж эхэлсэн. Бидний мэдэхгүй, мартагдсан маш олон уртын дуу, хөөмийн төрөл зүйлийг гаргаж ирж, олон сайхан нэвтрүүлэг хийсэн. Түүний уран бүтээл нь маш суурьтай, судалгаатай байдаг. Олон улсын наадмаас 3 удаа Гран при, нэг удаа гуравдугаар байрын шагнал авч байсан. Монголын уран сайхны “Түмний нэг” киног 1961 онд хийхэд, “Халуун элгэн нутаг” дууны шүлгийг маш богино хугацаанд бичиж, Ц.Намсрайжав хөгжмийг зохион, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган хамгийн анх дуулж кинонд мөнхрүүлснээс хойш гадаад дотоодын олон дуучин дуулсан. Монголын радиод Ж.Бадраагийн дууны 241 бичлэгээс гадна дуулагдаагүй олон дуу бий” гэлээ.

Ж.Бадраа Хөвсгөл аймгийн Бүрэнхаан суманд 1926 оны гуравдугаар сарын 21-нд төрж, 1950 онд МУИС-ийг хэл бичиг, утга зохиолын мэргэжлээр төгсөөд, 1958 онд БНЭУ-ын Дэли хотын Энэтхэгийн соёлыг судлах олон улсын хүрээлэнд хинди, санскрит хэл чиглэлээр сурчээ. Дээд сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Мөрөнд нэг жил багшлаад, Улсын радиогийн хороонд урлаг, уран сайхны редакцид ажиллаж, УИХ-ын дептатутаар сонгогдож байв. 1959 онд хэлмэгдэж, Ховд аймагт ажиллахдаа яруу найраг, утга зохиол судлалаар төрөл бүрийн нийтлэл, материалд судалгаа хийсэн байдаг.

Түүнчлэн, “Хөгжмийн нэр томьёо”, “Монгол Ардын хөгжим” нэг сэдэвт бүтээл, дууны яруу найргийн 300 орчим бүтээл туурвиж, “Уяхан хорвоон хань”, “Чандмань эрдэнэ”, “Халуун элгэн нутаг минь” эмхэтгэл хэвлүүлэн, монгол ардын дуу, хөгжмийн түүх, уламжлал, онолын 60 гаруй шүүмж, өгүүлэл бичиж нийтлүүлжээ. “Сүнжидмаа” дуут бүжгийн цомнол, 10 гаруй найраглал бичсэнээс орос, итали, хинди хэлнээс “Евгений Онегин”, “Лусын дагина”, “Тоска” дуурь, Таагүүрийн “Өргөлийн дуулал”, “Цусан тахилга” жүжиг, уран сайхны кино, дууны шүлэг хэдэн арвыг орчуулсан. Улсынхаа бүх сумаар явж ардын билиг авьяастныг судлан “Ардын дуу хуур” телевизийн цуврал нэвтрүүлэг хийж, телевизийн “Монгол хөөмэй”, “Цацал”, “Ингэн эгшиг”, “Уртын дуу”, “Дэмбээ мань даа хө” баримтат киноны зохиол бичсэн нь олон улсын наадмаас тэргүүн шагнал хүртэж байжээ.

“Бүх ард түмний язгуур урлагийн анхдугаар үзлэг”, олон улсын наадам, симпозиумыг эх орондоо зохион байгуулж, АНУ-ын Азийн нийгэмлэгтэй хамтран Монголын ардын урлагийн аялан тоглолтыг АНУ-ын хэд хэдэн хотод зохион байгуулжээ. Мөн 1988 онд ИБУИВУ-ын Кэмбрижийн их сургуулийн хөгжмийн тэнхим “XIII-XVIII зууны үеийн монголын хөгжмийн нэр томьёо” гаргасан бол зохиогч, судлаач хатагтай Андреа Никсон энэ бүтээлээ “БНМАУ-ын Улаанбаатар хотын Монголын Хөгжмийн зохиолчдын холбооны Жамцын Бадраад зориулав. Түүний туурвисан “Хөгжмийн нэр томьёо” (1956) ном нь монгол ардын хөгжмийг үргэлжлүүлэн судлах миний онгодыг хөглөсөн бүлгээ” гэсэн байдаг ажээ.

Ж. Бадраагийн шүлгээр бүтсэн, монгол түмэнд түгсэн дуунуудаас дурдвал:

“Халуун элгэн нутаг” (Хөгжим Ц.Намсрайжав)

“Сүлд модны наадам” (Хөгжим С.Гончигсумлаа)

“Жаргаах зүрхэн” (Хөгжим С.Гончигсумлаа)

“Гоёхон чимэг юм уу даа” (Хөгжим Г.Бирваа)

“Зандан шоо” (Хөгжим Г.Бирваа)

“Мэндчилгээний дуу” (Хөгжим Г.Бирваа)

“Намрын шөнө” (Хөгжим Г.Бирваа)

“Охидын уянга” (Хөгжим Д.Лувсаншарав)

“Гайхмаараа” (Хөгжим З.Батсүх)

“Найрсаг байгаасай (Хөгжим З.Батсүх)

“Багшаа дуулъя” (Хөгжим Ш.Эрдэнэбат)

“Энгийн биш нүд” (Хөгжим Лха.Дорж)

“Сэрүүн саран” / “Сэрүүн саранд” (Хөгжим Г.Алтанхуяг)

“Их наадмын Сочи” (Хөгжим Г.Алтанхуяг)

“Цэнхэр залаа” (Хөгжим С.Баатарсүх)

“Орь залуу нас” (Хөгжим Т.Насанбуян)

“Чандмань эрдэнэ” (Хөгжим Н.Жанцанноров)

“Уяхан хорвоон хань” (Хөгжим Б.Бадрууган)

Ж.Бадраа нь 1978 онд бүтсэн “Учралын уянга” телекино концертын зохиогч юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026
Дуу хөгжим Урлаг

“Spice girls”-ийн 30 жилийн ойн аялан тоглолт цуцлагдав

18/03/2026
Дуу хөгжим Урлаг

BTS хамтлагийн тоглолттой холбогдуулан БНСУ терроризмын эсрэг бэлэн байдлаа чангатгана

18/03/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.