Ардын уран зохиолч Балжирын Догмидтой ярилцлаа.
-Таныг мэдэхгүй Монгол хүн үгүй л болов уу. Өөрөөр хэлбэл, нэртэй зохиолч гэдгээрээ монголчуудад хэдийнэ танил болсон. Харин сонин хэвлэлд ажиллаж явсан сэтгүүлч гэдгийг мэдэх хүн тийм ч олон биш байх.
-Би залуудаа тухайн үед гарч байсан “Үнэн”, “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн” зэрэг төвийн сонинуудын Дорноговь аймаг дахь сурвалжлагчаар өөрийнхөө сонирхолоор ажилладаг байлаа. Онцлог нь цалингүй сурвалжлагч байсан. Гэхдээ биеэ магтаж байгаа ч юм биш цалинтай сурвалжлагчийн бичээгүйг бичдэг байсан. Орон тооны сурвалжлагчид аймгийн намын хорооны бүгд хурлын тойм, ингэ хээлтүүлгийг эрчимжүүлэх тухай зөвлөмж болон төлөвлөгөө норм төдөн хувиар давлаа, тийм тийм хүмүүс хошуулчиллаа гэх шиг улиг болсон албан бичиг маягийн мэдээ бичдэг байсан юм. Харин манай Дорноговь аймаг дахь “Үнэн” сонины сурвалжлагчаар Ш. Цэрэнпил гэдэг хүн очоод ёстой шинэчлэл, хувьсгал хийсэн. Д. Равжаагийн тухай бараг анх бичсэн хүн гэвэл Ш. Цэрэнпил. Хутагтын тухай судлалаар эхэлсэн хүн олон боловч, төрийн төв хэвлэлээр дамжуулж Равжаа гэдэг хүний агуу эрдэм ухаан, үлдсэн өв сан, бүтээл туурвилын тухай ихээхэн дэлгэрэнгүй бичиж, олон түмэнд хүргэсэн хүн бол Ш. Цэрэнпил юм. Түүний бичсэн материалын талаар зарим үед би боддог байсан. “Үнэн” сонинд ийм юм бичиж болдог л юм байх даа гэж. Ухаан нь 1923 онд Америкийн эрдэмтэн Эндрюсийн экспедиз ирж үлэг гүрвэлийн, яс өндөг авч явсан Эргэлийн зоо гэдэг дэлхийд данстай агуу уулын тухай, Дорноговийн Хатанбулаг сумаас Өмнөговийн Ханбогд сум хүртэл 70 км үргэлжилсэн их нууцыг хадгалсан тэр гайхамшигтай уулын тухай муухан хүн эрдмийн цол авахаар цуврал том бүтээл хийсэн хүн л дээ.
-Та сэтгүүлчээр ажиллаж байхдаа туурвисан бүтээлүүдийнхээ эмхэтгэлийг хэвлүүлэхээр бэлтгэж байгаа. Ямар төрөл зүйлийн бүтээлүүд зонхилсон ном гарах вэ?
-Би олон сонинд ажиллаж байсан. Миний сэтгүүлзүйн бүтээлийн ном хөрөг, таталбар, эссе, уянгын найрууллуудаас бүрдэж байгаа. Ганц ярилцлага орсон. Тэр бол М. Шолоховын “Дөлгөөн Дон” романы 4 дэвтрийг хоёр удаа шинэчлэн орчуулсан манай авьяаслаг орчуулагч, дипломатч Базарын Дашцэрэн гэдэг агуу хүнтэй хийж байсан ярилцлага юм. Тэр ярилцлагаа өнөөдөр уншихад надад өөрт маань хүртэл сонин байна. Дэлхийн 160-аад оронд хэд дахиж хэвлэгдсэн энэ гайхамшигтай романыг хамгийн сайнаар орчуулсан, уншигчдад хүргэсэн хүн бол Б. Дашцэрэн гуай.
М.Шолохов өөрөө Бишинск сууринд болсон хүлээн авалт дээрээ Б. Дашцэрэн гуайг сандал дээр гаргаж зогсоогоод олон түмэнд гайхуулан танилцуулж байсан гэдэг. М. Шолоховын Б. Дашцэрэнд бичсэн захидал ч байдаг. Тийм л мундаг хүн дээ. Харамсалтай нь төр засаг орчуулагчийнх нь хувьд нэг их үнэлсэнгүй дээ. Өнөөдөр Орчуулагчдын холбоо гэж байдаг ч юм уу, тэр хүний талаар ганц үг ганхийж дурссангүй. Түүний уран бүтээлийн өв сан олон хэлнээс хөрвүүлсэн бүтээлүүдээс бүрддэг юм. Тухайлбал, Орос, Англиас гадна Хятад хэлнээс буулгасан бүтээл элбэг. Тэр ч бүү хэл удирдлага, бизнесийн чиглэлээр орчуулсан том том номнууд байдаг юм. Амьдралынхаа эцэс хүртэл олон том бүтээл орчуулсан хүн дээ.
-Та эссе, тухайлбал уул усны тухай бодрол бичихдээ юуг харж, төсөөлж, бодож санаж бичдэг вэ?
-Нэгдүгээрт, танин мэдэхүйн талаас нь бичдэг. Хоёрдугаарт, хүний сэтгэл санааг нээх, хөгжимлөг зураглаг мэдрэмж төрүүлэх, уран сайханч ер бусын гоё агаарыг буй болгож тэр дотор тоглолт хийх ёстой гэдэг зарчмаар бичдэг. Жишээ нь, дэлхийд данстай Эргэлийн зоо уулын тухай би нэг биш удаа бичсэн. Тэр уулыг огт үзээгүй хүн үзсэн мэт, салхиар нь амьсгалсан мэт бичиж чадахгүй бол үзэг цаас нийлүүлэхийн ч хэрэггүй. Түүнээс биш тэр ууланд төдөн төрлийн өвс ургадаг, тийм тийм амьтан байдаг гэж бичих бол сонин биш.
-Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж явсан ахмад үеийн төлөөллийнхөө хувьд Монголын сэтгүүлзүйн өнөөгийн өнгө төрхийн талаар юу хэлмээр байна даа. Ер нь энэхүү онцгой салбарын цаашдын дүр зураг танд ямраар төсөөлөгдөж байна вэ?
-Өнөөгийн сэтгүүлчдийн хийж байгаа ажил гэвэл улстөрийн хэрүүл, сенсааци л байх шив дээ. Үнэн худал нь хамаагүй шуугиантай л юм бичиж байвал боллоо. Монгол Улс ийм байж болохгүй ээ. Төртэй, эзэнтэй байх ёстой. Би хувьдаа бууж өгөхгүй. Хэлдэг үгээ хэлж, хийдэг юмаа хийнэ. Зохиолч, сэтгүүлчийнхээ үүргийг гүйцэтгэнэ. Уг нь сэтгүүлч, зохиолч хүн ард түмнийг соён гэгээрүүлэх үүрэгтэй болохоос биш явган сенсааци, хэнд ч хэрэггүй нэг өдрийн насгүй юм бичих ёсгүй юм. Сонин, хэвлэл чинь хүмүүсийг гэгээрүүлэх, мэдээллээр хангах, зам чигийг нь зааж өгөх ёстой, тийм үүрэгтэй юм. Гэтэл өнөөдөр тэр үүрэг нь алга болчихож.
-Уран бүтээлч хүний сэтгэл нэг талаас маш эмзэг байдаг. Өнөөгийн нийгмийн үзэгдлүүдээс ямар зүйл таны сэтгэлийг хамгийн ихээр зовоож байна вэ?
-Монголд өнөөдөр хэн нь хэн бэ гэдэг цензур байхгүй болчихож. Хуульч, хулгайч хоёр хоорондоо ялгагдахаа больчихоод байна. Өөрөөр хэлбэл, хэн нь хуульч, хэн нь хулгайч юм гэдгийг мэдэх арга алга. Мөнгөтэй хүн л бүгдийг ярьж байна. Мөнгөтэй албан тушаалтай хүн л бүгдийг мэддэг, чаддаг, удирддаг болчихлоо. Шинэ үсэг тайлагдаагүй, балархай үсэг мэдэхгүй амьтад өнөөдөр эрдмийн зэрэг цол хүртэж, академич, доктор болчихсон солиороод явж байна. Үүнийг ялгадаг төр засаг алга. Харин олон түмэн мэддэг л байх.
Өвөл дөхөөд сэрүүн унаад эхлэнгүүт төр засаг нь утаа, түлш, агаарын бохирдол яриад л дээр дооргүй мөнгө идэх юм. Хэчнээн их мөнгийг хэчнээн олон жил идэв. Дотоод шаталт явагдаж байгаа нөхцөлд уур, утаа гарахгүй байна гэж үгүй. Хор ялгарахгүй байна гэж байхгүй. Энэ чинь техник, энэ чинь физик, энэ чинь шинжлэх ухаан. Утаагүй зуух гэж хэзээ ч байхгүй, утаагүй түлш гэж хэзээ ч байхгүй. Гэтэл шинэ Засгийн газрын тэргүүн утаа нүдэнд харагдаж байгаа болохоос биш хор байхгүй, доторх хорыг нь шүүгээд авчихсан гэж ярьсан гэсэн. Яаж ингэж биднийг доромжилж болох вэ? Би өөрөө санхүү, эдийн засгийн мэргэжилтэй хүн. Жил болгон агаарын бохирдлыг арилгана гэж олон тэрбум төгрөг гаргахаа одоо болих хэрэгтэй. Утаагүй түлш үйлдвэрлэнэ гээд баахан мөнгө аваад л байсан. Хоёр гурван жилийн нүүр үзэж байхад утаа арилаагүй л байгаа биз дээ. Багануурын хамгийн утаатай, тортогтой, угаар ихтэй нүүрсийг түлж байхад яаж утаа, түүний хор арилах вэ.
Өнөөдөр төр засгийн толгойд луйварчид, гадаадын гар хөл болсон зарим хүн байна шүү дээ. Би бүгдийг нь гэж хэлэхгүй л дээ. Тэр улсууд өнөөдөр хаана гэмт хэрэг, ядуурал их байна, хаана хууль их зөрчигдөж байна тийм орчинд жоом бясаа шиг үржиж үндсэн ажлаа хийж байна. Ард түмэн хэчнээн ядуу байх тусам тэдэнд тустай. Даяарчлал гэдэг чинь жижиг үндэстнийг мөхөөдөг гэж би мөн олон удаа хэлж байна даа. Даяарчлал бол манай Монголын хувьд эх газар дээр болж буй цунами. Даяарчлалын эргүүлгэнд ороод л дуусна. Одоо сайхан Монгол хэл маань үгүй болж байна. Монгол хэл мэддэг хүн байхгүй боллоо. Бүгд мессежний хэлээр ярьж байна. Юун язуурын Монгол хэл манатай. Англи хэлийг шахаж оруулаад, уран зохиолын хэлийг дунд сургуулийн хөтөлбөрөөс авч хаях нь ерөөсөө гадаадынхны бодлого. Хэлийг нь байхгүй болгочихвол Монгол сэтгэхүй дагаад устана. Монгол сэтгэхүй байхгүй болчихвол Монголоо алдана. Гадаадын гар хөл болсон улс дүүрнэ. Манай зарим том албан тушаалтнууд ярьж байна шүү дээ. Гадаадынхныг оруулж ирээч, адилхан нэг дээвэр дор амьдарч байж гэж. Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч нэг залуу Хятадуудаас айгаад байх юм байхгүй, тэд чинь сайн улс гэж ярьж байх юм. Хятад улс Манж гэдэг бүхэл бүтэн том гүрнийг уусгасан. Манжийн хаан Энх-Амгалан Хятад хүнийг Манжаас илүүд үзэж, Хятад эхнэрийг Манж эхнэрээс илүүд үзэж, Хятад хэлийг Манж хэлнээс илүүд үзсэн хүнийг цаазла гэдэг хууль гаргаад байсан хэр нь улс нь сөнөсөн. Өнөөдөр эх оронч бус, элэг зүрхгүй хүмүүс Монголд их олширч байна. Үүнд харамсаад баршгүй.
-Та “Талын зам 505” гэдэг өвөрмөц содон нэртэй кино зохиол бичсэнийг “Монгол кино” нэгтгэл Оросын талтай хамтарч хийхээр болсон. Одоогоор кино маань хэдэн хувьтай явж байна даа?
-Оросуудтай хамтарч хийх манай “Монгол кино” нэгтгэлийн бүтээл юм. Санхүүгийн хувьд “Монгол кино” нэгтгэл Улаанбаатар төмөр замтай хамтран санхүүжүүлэх кино байсан юм. Орос-Монголын хамтарсан “совет”-ийн хурал дээр энэ талаар эхэлж яриад нэлээд нааштай хүлээж авсан. Төмөр замын ой ч болж байна. Кино хийх нь зөв гэцгээж байсан. Улмаар дээд түвшиндээ аман тохироо хийгээд, бичгээр баталгаажуулахын яг даваан дээр тухайн үед Төмөр замын дарга байсан хүн “Дайны дараа Монголын тал нутагт Оросууд ертөнцөд байхгүй зэрлэг догшиноор хүний эрхийг зөрчиж байсан тухай, эх орноосоо урвасан гэдэг пайз зүүсэн хоригдлуудыг яаж нохой мэт яргалж алж байсан тухай аймшгийн кино хийх гэж байна. Ийм киног санхүүжүүлж болохгүй” гэдэг матаасыг Оросын Төмөр замын дээд удирдлагуудад, тухайлбал Морозов гэдэг хүнд өгч энэ ажлыг үндсээр нь зогсоосон. Уг нь кино маань ерөнхийдөө 60-аад хувьтай болоод байсан юм. Маш том түүхэн кино шүү дээ. Орос, Монголын ард түмний найрамдал гэхээсээ илүү дайны дараах их бүтээн байгуулалт, улс орны хөгжил, хүн бүр эрвийх дэрвийхээрээ ажиллаж байсан тэр өндөр шаардлагын он жилүүд, хөдөлмөрчид, малчдын тухай кино л доо. Өөрөөр хэлбэл, тухайн үед төр засгаас авч явуулж байсан соёлын хувьсгал, улаан тарианы хувьсгал, дайны дараах их бүтээн байгуулалтад цэргийнхэн хэрхэн зүтгэж байсан тухай маш өргөн хүрээтэй улс орны хөгжлийн түүхийг өгүүлсэн бүтээл.
-Хошин урлагийн зах зээл манайд эрэлттэй хэвээр байгааг энэ олон хошин шогийн хамтлаг, продакшнуудын шил шилээ дарсан тоглолтууд нотолж байх шиг. Энэхүү парадокс гэмээр үзэгдлийг манай нийгмийн хөгжлийн түвшинг илтгэх нэгээхэн хэмжүүр гэж үзэж болох уу?
-Би өмнө нь хошин шогт дуртай байсан. Данзан гуай, Цээеэ, Латифыг үздэг, Херлуф Бидструпийн зургийг сонирхдог байлаа. Нөгөө эзнээ чаддаг жижиг тагжгар чинь хэн билээ?
-“Зэрэг нэмэхийн өмнө” кинонд Боролдойн дүр бүтээсэн Содном гуай юу?
– Тийм, тийм. Тэр хүний тоглосон киног үзэж инээх дуртай байлаа. Харин одоо хошин шог гэхээр уур хүрч, даралт ихсдэг болж. Яагаад гээч? Нэг үг хэлээд л бүсэлхийнээс доош юм яриад унах юм. Үр хүүхэдгүй улс байдаг юм уу, хаашаа юм? Ямар муухай ёс суртахуунгүй, ямар муухай гоо зүйгүй, ямар тэнэг улс байдаг юм бэ? Уран бүтээлийн гол цензур бол гоо зүй шүү дээ. Ертөнцийг гоо сайхан аварна гэдэг. Энэ үүднээсээ урлаг цэвэр ариун, гэгээн байх ёстой. Гарч байгаа кино нь ихэвчлэн адал явдалтай. Хамгийн муу зохиолч адал явдал буюу алуурчин дээрэмчний тухай бичдэг гэдэг дээ.
Манай хошин шог арай дэндэж байна. Насанд хүрээгүй, оюун ухаан нь төлөвшөөгүй хүүхдүүдийн тархи руу хогийн сав шиг хог шороо чихэж байна. Ийм хүмүүсийг ямар үхсэнийх нь уран бүтээлч гэдэг юм. Нүүр амаа хөөдсөн арзагнал марзагнал нь хэтрээд сүүлдээ алиалагч шиг болж хувирч байна шүү дээ, энэ хошин шогчид. Хошин шогийн жанрыг тайзан дээрээс шалан дээр буулгаад, одоо бүр гудамжинд гаргачихлаа. Зүгээр л мөнгө олох хэрэгсэл болгочихсон. Удахгүй дотоожгүй шалдан нүцгэн хүн тайзан дээр гарах нь байна шүү дээ. Зарим нь уран бүтээлч биш гэдэг нь мэдэгддэг. Юу ч уншаагүй, урлагийг вирустуулж бохирдуулж байдаг улс цөөнгүй байна. Энэ талаар би нэг бус ярьж байгаа хүн л дээ. Жаахан юм уншаасай л гэж залбирах юм. Өөрөө кино зохиолыг нь бичээд, өөрөө найруулаад, өөрөө зураглаач хийдэг гэнэ. Нэг хүнд ийм их олон авьяас байдаггүй юм. Агуу их Равжаад ч байгаагүй юм. Ер нь дэлхийд цөөхөн дөө.
-Маш олон хүн 21 дүгээр зууныг хүн төрөлхтний оюун сэтгэлгээний хувьд их өөрөөр төсөөлж байсан. Гэтэл манай улсын хувьд тодорхой хүрээнд л гэхээс нийгмийн сэтгэлгээ өмнөх нийгмээс дор орсон мэт санагдах юм. Сүүдэрт байгаа нийгмийн ядуу, харанхуй сэтгэлгээг яаж гэгээрүүлж, “гэсгээх” вэ?
-Төрийн бодлогоор иргэдээ зөөлрүүлж болно. Тухайлбал, Солонгос киног хориглох хэрэгтэй. Солонгосын олон ангид кинонууд нэг л сэдэвтэй байдаг. Нэг өвчтэй хүн, үхэл хагацал нүүрлэсэн нэг хүн, хувьцаагаа шатаасан нэг бизнесмэн, тэгээд гэр бүлийн хэрүүл хараал. Гүйцээ.
Нөгөө талаар нийгмийн хөгжлийг урагшлуулахын тулд төрийн албан хаагчдаас үндэснийх нь бичгээр шалгалт авая. Үндэснийх нь хэл найруулгаар авая. Англи хэл энэ тэрээгээ мэддэг л юм байгаа биз. Хамгийн гол нь төрд ажиллах хүмүүс үндэсний бичиг соёлтой л байх ёстой. Яг үнэндээ өнөөдөр Англи ч хэлгүй, Монгол ч хэлгүй, Орос ч хэлгүй болчихоод байна. Тийм учир төрийн албаны шалгалтыг Монгол бичиг болоод Крилл үсгийн дүрмээр авах хэрэгтэй. Гээгдэх, гээгдэхгүй эгшигээ мэдэхгүй, балархай үсгээ мэдэхгүй улсууд төрийн алба хашиж байна шүү дээ. Албан бичиг бичиж чаддагүй хүн ч олон байна. Цагаан толгойгоос 4 үсэг хасна гэж баахан юм боллоо. Тэр бол бохир бизнес байсан юм. Зөөлний тэмдэг хасагдахаар олон хүн паспортоо солиулахаас аргагүй болно. Энэ бол нэг луйварчны мөнгө олох арга л даа. Ер нь төрийн дайсан олон байна. Олигтой юм үзүүлж харуулж болдоггүй. Тэнд нэг овоохон нөөцтэй орд газар нээгдвэл шүлсээ унагаад л дайраад орчихдог. Хүний гайгүй сайхан эхнэр харвал авахыг л бодож байдаг.
-Монголоороо үлдэхийн тулд яах ёстой болчихоод байна вэ?
-Монголоороо үлдэхийн тулд хүн бүгд үр хүүхдээ хайрлах ёстой. Сайн сайхан хүн болгож өсгөж хүмүүжүүлэх ёстой. Тийм учир компьютерээс бага ч гэсэн холдуулмаар байна. Сэтгэхүйгүй боллоо шүү дээ. Хятад, Япончууд хүүхдүүдээ компьютерээс салгаад Хятад сампингаар тоо бодуулдаг, арван саваа модоор бага ангид хичээл зааж байна. Гэтэл манайд хүүхдүүд өдөржин компьютерээр тоглоод орой зурагт үзээд, орондоо орохоороо утсаараа мессэж бичдэг боллоо. Мөд нүдгүй, тархигүй, хавдартай болно. Угаасаа сэтгэхүйгүй болж байна. Тооны хүрд цээжилдэг хүүхэд байхгүй болчихож. Сурах бичгийг Боловсролын яамны улиг болсон хүмүүс хүний юм хуулдагийг болиулаад өөр сурах бичгийн тендер зарлах хэрэгтэй. Загвар гаргаж ард түмнээр хэлэлцүүлэх хэрэгтэй. Монголоороо бичиж, Монголоороо сэтгэж, Монголоороо ярьж байгаа цагт монголчууд хүнээ алдахгүй.
Д. Лхагвадорж
www.times.mn