-Даарвал морин хийл сонсч байгаарай. Тэврүүлж байгаа юм шиг л болох вий-
“Би чинь хамгийн сүүлд самбарын өмнө багшийн асуултад хариулж зогссон хүн. Түүнээс хойш 15 жил өнгөрсөн байна шүү дээ” хэмээн ярилцлага өгөхөөс эвтэйхэн бултахаар завдсан ч надад “баригдсан” яруу найрагч бол Батхүүгийн Батзаяа юм. “Миний асуултууд танд шалгалт шиг л санагдсан хэрэг үү” гэсэн асуултад минь “Юу ч гэмээр юм. Хэнд ч ярьж байгаагүй нандин зүйлийн тухай асуухаар чинь, хэзээ ч ярьж байгаагүй болохоор ч тэр үү хэл ам эвлэхгүй юм байна шүү дээ. Тэр чинь чиний өөдөөс харж байгаад уйлах шиг эвгүй юм байхгүй юу” хэмээн надад тэр бүр яг үнэнээсээ хэлсэн. Яруу найрагч Б.Батзаяагийн дулаахан бас нууцлаг ертөнц рүү бага ч болов өнгийхөөр зориглосон юм. Хамтдаа түүний ертөнцөд саатаж, инээх баярлах, гуниглах, сэтгэл өвдөх, догдлох мэдрэмжүүдээс нь “амсая”.
-Таны шүлгүүдийг уншаад би яагаад ч юм эмэгтэй хүн байх гэж боддог байсан. Их уйтгартай эмэгтэй хүний ертөнц оччихсон юм шиг санагддаг байсан болохоор тэр биз ээ. Эрэгтэй гэдгийг мэдээд их гайхсан шүү. Та уран бүтээлч, яруу найрагчийнхаа хувьд өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Батхүүгийн Батзаяа гэдэг. Одоогоос олон жилийн өмнө хоёрдугаар төрөхөд 3.6кг жинтэй нэгэн хүү төрсөн нь би. Шүлэгт хүйс байдаг эсэхийг мэдэхгүй, гэхдээ гоо сайхан бүхний эхлэл нь ямар нэг эмэгтэйлэг зүйл байж болох юм. Аравдугаар анги төгсдөг жилээ 1997 онд хүн өвдөөд эмнэлэгт хэвтэж байсан. Тухайн үед их уйдаж, ганцаарддаг байлаа. "Дөрвөн хананы дунд зөвхөн ном уншаад амьдарсан ч болох юм байна" гэх ойлголт төртөл, бүтэн хоёр жил номтой л хамт байлаа. Хэн нэгэн зохиолч, яруу найрагчийн мэдэрсэн тэр агшин, тэр сэрэл мэдрэмжийг яг тухайн хүн шиг мэдэрнэ гэдэг бол ид шид. Яваандаа уншиж буй номынхоо өөрт таалагдаагүй зарим нэг хэсгийг нь өөрчилж бичдэг боллоо. Уйдаагаа л гаргах гэж… Өөрийнхөө бодож олсон зүйлийг бичээд ирэхээр мөрөөдөл биелж байгаа ч юм шиг сайхан санагдаж эхэлсэн. Энэ бүхэн шүлэг бичиж эхлэхэд нөлөөлсөн байх. Яруу найргийн хоёр түүвэр хэвлүүлсэн. Эхний ном маань 2010 онд "Баяртай, гуниг минь" нэртэйгээр уншигчдын гарт очсон. Энэхүү номыг маань яруу найрагч Б.Эрдэнэсолонго эмхэтгэн шүүж, “Цалиг” хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "Өөр өнгө" цурвалын нэг болж гарсан. Б.Галаарид, Б.Эрдэнэсолонго ах нартаа Цалиг хэвлэлийн газар, "Өөр өнгө" цувралынхаа хамт олонд үргэлж баярлаж явдаг даа. Сүүлд 2012 онд “Догдлолууд” нэртэй хоёр дахь түүврээ хэвлүүлсэн.
–Тэгээд “Баяртай, гуниг минь…” гэсэн нэртэй мөртлөө таны шүлгүүд яагаад ийм гунигтай байгаа юм бэ?
-Бүх гунигаа хавтаслаад нисгэж байгаа хүн чинь баяртай гээд гар даллана тийм үү? Нэрний тухайд гэвэл, хэдэн шүлэг маань 2009 онд Зууны мэдээ сонин дээр гардаг юм байна. Сониныг нь олоод хартал хажуу нүүрэнд нь “Сайн байна уу гуниг минь” роман арван есөн настайдаа бичиж саятан болсон Франсуаза Саганы тухай материал нийтлэгдсэн байсан. Тэгээд л хамгийн эхний номоо “Баяртай, гуниг минь” гэж нэрлэж гунигтайгаа салах ёс хийж байсан түүхтэй.
-Гэхдээ л та бүх гунигтайгаа салах ёс хийж чадаагүй биз дээ?
-Бага ч гэсэн гунигаа гээж чадсаан. /инээв/
-Хүн ер нь гуниглах хэрэгтэй байдаг юм болов уу. Яруу найрагчид дотооддоо ертөнцөө их сайн сонсч, мэдэрч, гунигаа бүр дэвэргэж чаддаг хүмүүс шиг санагддаг юмаа?
-Хүнд бурханаас өгөгдсөн өгөгдлүүдийн хамгийн анхдагч нь гуниг байсан. Хүн бүхэн л инээд хөөр, баяр жаргалтай байхыг хүсдэг ч ямар нэг зүйлийг эргэцүүлж бодож санаж суухдаа, уярч догдолж байхдаа, хайрлаж дутаж явахдаа гаднаасаа гунигтай харагддаг болов уу. Тэгээд л нэг л их гуньж гутарсан хүмүүс шиг санагддаг байх. Хүний бүх юм нь бэлэн, амьдрал нь санасаар болоод байвал магадгүй хамгийн утгагүй амьдрал тэр болох байх. Тэгэхээр хүнд ямар нэг ховор нандин – дутуу зүйл байж, түүндээ тэмүүлж байж, тэр зүйлийнхээ төлөө өөрийгөө зориулж байж амьдрал нь утга учиртай болох юм шиг надад санагддаг. Нэг бороо ороход чи түүнийг үнэхээр мэдэрч чадвал хэзээ ч тачигнатал инээхгүй, байгал дэлхийтэй ойртох тусам хүн өөрийнхөө өчүүхнийг мэдэрч, өөрийгөө хүрээлэн буй бүх зүйлсээс ухаарал олж авна. Тэр бүхэн хүнд хайр төрүүлж, гэрэл асаана. Нэг тийм сүнслэг гэрэл, сүнслэг сэрлээс шүлэг төрдөг болов уу. Тэгэхээр хүн гаднаас бүх зүйлийг авах гэж улайрах биш дотоод ертөнцөөсөө эрж хайвал илүү сайхан зүйлсийг олж болно. Үгийн цэнэг эрчим гэж байдаг, сайхан үгс хоршихоороо хүний сэтгэлийг тэнийлгэж, хэрэгтэй байсан тэр мэдрэмжээ амталсан хүн эрхгүй огшино. Ийм сэтгэл ханамжийг гуниг гэж хэлэхэд бас хэцүү. Моцарт шиг тоглож чадахгүй ч гэсэн түүнийг сонсож түүн шиг мэдрэх боломж бидэнд байна гэдэг чинь сайхан шүү дээ.
-Таны шүлгүүд цаанаа л нэг сэтгэл татам бас өвтгөм, нарийн мэдрэмжүүдээс амилсан юм шиг санагддаг. Бас хайр, шаналан хоёрыг хамгийн дээдээр мэдэрч үзсэн хүн ч юм шиг. Та шүлэг бичих энэ мэдрэмж, энергиэ хаанаас аваад байдаг юм бэ?
– Зарим шүлгийг би бичдэггүй, тэд надаар бичигддэг байх. Магадгүй тэд эзнээ сонгодог, юу ч бодоогүй байтал гэнэт л эзэмдэж эхэлдэг. Сайн яруу найрагч гэж байдаггүй, сайхан яруу найраг л гэж байдаг, дандаа сайхан шүлэг бичдэг хүн гэж байдаггүй л гэж би боддог. "Цав цагаан цаас өмнөө дэлгээд ширээний ард суухад бичих зүйл толгойд байхгүй ч учиргүй сайхан зүйл бичихсэн гэсэн хүсэл байдаг…" хэмээн Аюур ах бичсэн байсан. Үнэхээр ийм л зүйл болдог. Надад бичих нь биш ийн суух нь, бичигдэж болох байсан тэр шүлгээс илүү юу ч бичилгүй ингэж суух нь л сайхан байдаг. Энэ яг л өөрийн төсөөллийн ертөнцөө зүрх сэтгэлийнхээ нүдээр харахтай адил. Чиний зүүд мөрөөдлөөр, дур таашаалаар бүтээсэн уран зөгнөлт киног өргөн дэлгэцээр үзэхтэй л адил. Гэхдээ бас бичнэ. Заримдаа эргэн тойрон нэг л өөр болчихсон мэдрэгддэг. Бүх зүйл нэг л тайван, маш удаан санагдана. Алгуурхан өрнөж буй тэр агшин хором, тэдгээр үйл хөдлөлүүд яг л цаасан дээр буухаа хүлээж байгаа яруу сайхан зүйлс шиг, тэдгээр сайхан мэдрэмж яруу найраг болон буух цаг мөч нь ирсэн бөгөөд чи яг тэр мөчийн дунд орчихсон байгаагаар өөрийгөө мэдэрнэ. Түүнийг цаасан дээр буулгах л үлдсэн байдаг. Заримдаа арай өөр. Энэ хот дэндүү хурдан хэмнэлтэй атал тэнд ч тийм агшин хормууд байсаар л байна.
–Тийм дээ. Хамгийн сүүлд тэгвэл таны цаасан дээр буулгасан агшин хором өөрөөр хэлбэл шүлэг хэзээ байсан бэ. Хэзээ хамгийн сүүлд догдолсон бэ?
-Дөрвөн сард юм уу даа. Сайн хэлж мэдэхгүй байгаа ч нэг киноноос л болсон гэдгийг нь санаж байна.
-Ямар кино байсан бэ?
-Александр Пэйн гэж найруулагчийн Небраска гэж кино. Тэр өөрөө Небраскад төрж өссөн юм билээ. Эцэг хүү хоёрын тухай. Товчхондоо аав нь хаанаас ч юм сая долларын эрхийн бичиг гэсэн цаас олоод хүү нь хөгшин эцгээ сэнхрүүлж чадалгүйгээр үл барам түүнийг дагуулан Небраска явдаг юм. Гэхдээ үйл явдлаас өөр сайхан зүйл энэ кинонд их бий.
-Та дээр хэлсэн дээ. Би шүлгэнд хүйс байдаг эсэхийг мэдэхгүй. Гэхдээ гоо сайхан бүхний эхлэл нь ямар нэг эмэгтэйлиг чанар байдаг гэж. Яагаад ингэж бодож байгаагаа тайлбарлахгүй юу?
-Яг үнэнийг хэлэхэд тайлбарлаж болдоггүй маш олон зүйл байдаг шүү дээ. Зөвхөн үзэж болдог кино, сонсохоос нааш ойлгохгүй хөгжим, харж л болдог зураг гэж байдаг даа. Үгээр тайлбарлачихаж болдоггүй зөвхөн мэдэрч л болдог, мэдрэгддэг зүйлс гэж бас байдаг юм шиг. Хүн бүхэн өөрийн оюун санаандаа, энэ толгойныхоо яг дэргэд нь хийсвэр нэгэн ертөнцийг бүтээж түүндээ үнэмшин, хамаг сайхан гэсэн бүхнээрээ тэр ертөнцөө чимж байдаг бол миний бүтээсэн ертөнцийн гоо сайхан бүхэн эмэгтэйлэг, магадгүй тэнд байдаг ганц эрэгтэй нь би байх.
–Та тэгэхээр их жаргалтай эрэгтэй байх нь ээ, магадгүй?
-Магадгүй.
–Яруу найрагчдыг бичиж байгаа зүйлийг бодит амьдрал гэж хүмүүс хүлээн авах нь олон бий. Таны хувьд шүлэг бүр тань эзэнтэй байдаг уу. эсвэл бодол, төсөөллөөс амилаад л бичигдчихдэг үү?
– Шүлэг эзэнтэй байх нь гол бус, амьд, үнэн сэтгэл шингэсэн байх нь л гол нь болов уу. Шүлэг бичих нэг л сайхан, тэр сайхныг мэдэрч сууна гэдэг үү. Ямар нэг сайхан зүйлд хөтлүүлж алхах шиг, ямар нэг сайхан зүүдэнд нисэж явах шиг, түүндээ мансууран автах уу… Аль нь бодитоор оршиж, аль нь ингэсгээд замхран арилах нь хамаагүй, амталж байгаа тэрхэн хором л сайхан нь. Заримдаа энэ сайхан хэдэн цагаар, бүр шөнийн турш үргэлжлэх нь бий. Шарх эдгэхдээ загатнадаг шиг шүлэг төрөхдөө хамаг дотрыг чинь гижигдэж, хөндөж, өвтгөж, заримдаа загатнасан газар чинь маажих шиг л болно. Тэгээд чи эргэж ирнэ. Тэгэхээр шүлэг бичих нь эдгэрэл юм гэж би хэлнэ.
-Нээрээ л энэ их шуугиант хот, шуугиант хүмүүс, шуугиант амьдрал дунд өөрийгөө нам гүм болчихсон юм шиг мэдэрч, тухайн агшиндаа л үнэнчээр мэдрэмжээ амилуулж, өөрийгөө эдгээж амьдарна гэдэг сайхан юм шиг ээ. Гэхдээ хааяахан сэтгэл хоосорч, бүр хов хоосон болчихсон юм шиг санагдах үе бас байдаг шүү дээ. Энэ үед та яаж өөрийгөө чөлөөлдөг вэ?
-Хоосорно гэдэг чинь хамгийн амгалан төлөв биз дээ? Би энэ хотод төрж өссөн, энэ хотын хамаг муу сайхныг нь мэддэг, дуу чимээнд нь дөжирч, хэм хэмнэлд нь түүртэж гүйцээд эмээдээ хөтлүүлээд алхдаг байсан буйдхан сууринг, ядаж л дуулаад давхиулж явахад хэн ч гайхаж харахгүй тэр дураар талаа мөрөөсөн суугаа олон хүний нэг. Зарим үед энэ бүх дуу шуугиан, энэ бүх бухимдал шантрал, энэ бүх эвдрэл мөхлийн төвд нь зогсож байгаагаар өөрийгөө мэдрэхэд зүгээр л хашгирмаар санагддаг шүү.
-Тийм л дээ. Гэхдээ нэг л өөр хоосон. юу ч гэх юм бэ дээ. Эзгүйрнэ нь гэх юмуу. Тийм хүйтэн, хүв хүйтэн мэдрэмж талаар яриад байна л даа?
-Сэтгэл хоосорно гэдэг хагас үхлээ л гэсэн үг. Сэтгэл дүүрэн байхад юуг ч даваад л гарна. Гэхдээ үргэлж юугаар ч юм дутаж явна гэдэг үнэндээ сайхан шүү дээ. Бүх зүйл дүүрчихвэл амтгүй, хэн нэгнийг хүлээхгүй бол цаг хугацаа амьгүй, ямар нэг зүйлд итгэж найдахгүй бол, энэ сэтгэлийг юугаар ч юм тэжээж байхгүй бол болохгүй. Бүр нэг байж ядмаар үе ч бас олон. Тэгээд нэг л мэдэхэд ард нь гарчихсан л байдаг даа.
-Хамгийн их шархалж үзсэн зүрхнээс хамгийн сайхан аялгуу гардаг гэдэг нэг мэргэн хүний үг байдаг. Ер нь хайраас болж хийж байсан таны хамгийн тэнэг үйлдэл юу вэ?
– Ээ дээ би ч их тэнэг хүн дээ. /инээв/
-Хайраас болж үнэнээсээ шархалж байсан, эсвэл гэнэн тэнэглэл танд юу байдаг вэ?
-Үхээгүй хүний жаргалтай амьдарсан эсэхийг дүгнэж болдоггүй гэж Монтений нэг эсээнд гардаг даа. Тэрэн шиг бүх юм эхэлж байхад би шарх сорви ярих яагаа ч гүй байна шүү дээ. Хайр гэдэг хамгийн сайхан зүйл байх. Хайрын төлөө хийсэн бүхнийг уучилж болно. Чи цангаж яваа мөртөө үлдсэн балга усаараа хатаж байсан цэцгийг усалчихлаа гэж бодъё. Уучилахаас аргагүй биз дээ?
-Тэгвэл одоо сэдвээ өөрчилье. Нээрэн таны хоёр дахь шүлгийн түүвэр "Догдлолууд" гэдэг их гоё нэртэй. Ер нь хүн догдлохоо больчихвол амьдрал их уйтгартай болчих юм болов уу. Гэхдээ сүүлийн үеийн техник, технологи хөгжлийн энэ их хурдыг дагаад хүмүүсийн сэтгэл ханадаг зүйлс улам л багасаад байх шиг санагддаг юмаа. Танд тэгэж боддог л байх?
-Догдлол уу?
Догдлол минь…
дотор минь тийчигнэх мөнгөн цох, миний эмзэг өвдөлтөө
Яаж би цээж рүүгээ гараа шургуулахаа
ядаж хэрхэн чамайг тайвшруулан илбэхээ ч мэдэхгүй… гэж эхэлдэг шүлэг номонд маань бий. Тэр шүлгээрээ нэрлэсэн хэрэг. Хүний цээжинд ямар их зүйл багтдаг гээч. Тэд бүгд л тэр харанхуй, бүгчимээс гарч нисэх гэж тэлчлэн байдаг байх даа. Хүн юунд ч догдлохоо больчихвол өөрийн боолчлох гэж зохион бүтээсэн техник, технологи шигээ л зүйл болоод хувирчих байх. Хэн ч тэгж доош орохыг хүсэхгүй байлгүй дээ, урлаг гээч энэ том зүйл хүнд тийм боломжийг олгохгүй биз. Бүх амьд харилцаа үгүй болох үед… за ёстой хэлж мэдэхгүй юм, тийм үе хэзээ ч битгий ирээсэй.
-Тиймээ, ирэхгүй байх. Битгий ирээсэй!
–Яруу найрагчид өөртэйгээ ярилцаж, өөртэйгээ байж, цээжин дотроо хүсвэл аянга ниргүүлж, хүйтэн бороо цутгуулж, халуун нар шаруулж, бүр мянга мянган шувуу нисгэж ч чаддаг хүмүүс шиг санагддаг юм. Энгийнээр хэлбэл, сэтгэлзүйгээ мэдэрч удирдаж чаддаг, нэг тийм тайван амгалан, хэцүү бэрх аль алийг нь хүлээж авч чаддаг болчихдог юм шиг санагддаг. Тэгэхээр яг одоо бидний амьдран байгаа их хотод энэ чимээ, шуугианаас энэ бүх хашгираан, тэмцлээс хүн өөрийгөө яаж чөлөөлж болно гэж та бодож байна?
– Өрөөндөө ороод цонхоо хаагаад л энэ бүх чимээ шуугианаас салж болно. Тэгээд Ян Тьерсений хөнгөн аяыг ч юм уу, Шопен ч юмуу намуухан тавиад номын шүүгээгээ нээж аваад Орхан Памуктай хамт Станбулын шөнийн гудмаар алхаж, Борхестой цуг сарнай дэлгэрэхийг харж, Ерофеевтэй галт тэргээр нааш цааш тэнүүчилж, Пауло Коэльогоор газарчлуулж элсэн цөлийн нууцад нэвтэрч болно шүү дээ. Дараа нь хөшигөө, цонхоо нээгээд харвал энэ хот тийм ч хүн амьдарч байж боломгүй муухай хот биш гэдэг нь тодорхой болно. Сэтгэл соронздон татсан ийм сайхан хот өөр хаана байна. Хамгийн хайртай хүмүүс чинь хаана амьдарч байна, тэр газар л дэлхийн төв гэдэг биз дээ.
–Тэнгэр бүрхчихлээ шүү. Манай ажлын цэлийсэн цонхоор тэнгэр бүрхэхээр бүх зүйл цэв цэнгэр өнгөтэй харагддаг юмаа ёстой гоё тэнд нэг нууц байгаа юм шиг. Та бүрхэгт өдөр дуртай юу?
– Бүрхэг өдөрт дуртай. Хэтэрсэн нялуурал шиг нар шарсан өдрөөс хол дээр. Гэхдээ бүрхэг өдрөөсөө шөнө илүү сайхан. Бүх юм амарч, нам гүм болоод л, зарим нэг нууцууд ичээнээсээ цухуйж байх вий гэсэн хар төрмөөр болдог шүү.
– Чин сэтгэлээсээ уйлахаар дотор цэлмээд ирдэг юм шиг санагддаг юмаа. Хамгийн сүүлд хэзээ асгартал уйлсан бэ?
– Хамгийн сүүлд үү? Нэг найз маань саяхан өнгөрсөн юм, тэгэхэд л уйлсан даа.
– Таны “Нимбэгний мод” блогт сонгодог аяз, хөгжим их байдгийг би анзаарсан. Яагаад сонгодог хөгжим, аязуудад та дурладаг юм бэ. Яруу найрагтай илүү ойрхон байдаг юм уу?
– Сонсохгүй байж чаддаггүй юм аа. Хөгжим бол гайхалтай амьд мэдрэмжийг хүнд өгдөг, зарим шүлэг өөртөө хөг аялгуутай байдаг гэж би боддог. Тэнд ямар ч үг байхгүй, зөвхөн сонсож, мэдэрч болно. Тэгээд үгийг нь өөртөө шивнэж, нүдээ аниад харж болно. Жишээ нь Мориконегийн хөгжимд ямар ч үг нэмэх аргагүй. Сакамотогийн хөгжим бас сайхан. Би морин хийлийн аялгуунд үнэхээр дуртай. Эр хүний сэтгэлийг морин хийлтэй зүйрлэж болно. Нэг тийм дулаахан, нууцлаг ч гэх юмуу. Даарвал морин хийл сонсож байгаарай, тэврүүлж байгаа юм шиг л болох вий. Өдөр сандарч гүйсэн хүмүүс яаралгүй тайван алхаж, агшин хором бүр амар амгалан болчихсон шиг… Одоо л тэдний толгой хэрэгтэй зүйл бодож, сэтгэл зүрх нь сая нэг амьсгаа авч байх шиг… (энэ үед морин хийл эгшиглэж байв. сур.) Морин хийлийн шид. Хэрвээ хөгжим нулимс бол морин хийл ухаарлын нулимс байх.
–Хоосорно гэдэг хамгийн дээд мэдрэмж юм шиг гэж хоёулаа ярьж байсан. Таны хувьд яг тийм хоосон, тийм нэг гоё мэдрэмжийг хамгийн сүүлд хэзээ мэдэрсэн бэ?
– Анх аав болоход юм болов уу. Хов хоосон байсан хүн шиг л өөрийгөө мэдэрсэн. Тэгээд сэтгэл дүүрээд л ирсэн дээ.
-Яасан сайхан юм бэ. Та нээрээ гэр бүлийнхээ талаар танилцуулаач. Та сайн аав байж чадаж байхаа байх аа?
– Эхнэр маань бүжигчин хүн бий, хөгжим бүжгийн коллеж төгссөн. Охин хүү хоёртой. Надад байгаа гэрэл гэгээ нь эд минь юм даа.
-Та эхнэртэй зориулж олон шүлэг бичиж байсан уу?
-Нэлээн хэдийг бичсэн шүү.
Замд таарсан цэцэгсээс аль сайхныг нь түүсээр
Залуу хүмүүн сэтгэлдээ зуун цэцэг тэврэв ээ
Зун зуны цэцэгс хатах нь хатаж гээгдэх нь гээгдсээр
Зуун сайхан цэцэгнээс ганцхан Цагаан-Уул үлдэв ээ… Тэр цагаан-уул цэцэг нь миний хань юм байгаа юм. /инээв/
-Сайхан шүлэг байнаа. Та эхнэртэй үнэхээр их хайртай бололтой. Амьдралд бүх зүйл тэгшхэн ч гэх юм уу бүтэн сайхан, гэр бүл, сайхан хүүхдүүд, дуртай ажил байсаар байтал яаж энэ их уй гуниг, догдлол, ганцаардлын мэдрэмжүүдийг өөрөөсөө та яаж бэдэрч олдог юм бэ. Яаж?
– Миний дотор хүнээс л энэ бүхэн гардаг байх, би чинь яг ч би биш шүү дээ!
-Тэгвэл хэн гэж?
– Заримдаа тэр (цээжээ заав.сурв.) заримдаа энэ (нүүрээ заав.сурв.) Миний ийм зөрчилд уншсан ном, харсан зураг ч юмуу, сонссон хөгжим, үзсэн кино ч нөлөөлдөг л байх. Энэ цээжинд тэр бүх хүмүүс орчихно шүү дээ.
–Та шувууны талаар их бичдэг юм билээ. Би болохоор өөрийгөө хойд насандаа яагаад ч юм шувуу байсан гэж итгэдэг юмаа. Та ямар нэг амьтан байх байсан бол юу байх байсан бэ?
-Би ямар нэг далавчтай л амьтан байсан байх, миний далан дээр далавчны “сорви” байдаг юм. Бас нисч байна гэж зүүдэлнэ, нисээд л байх ёстойгоо мэдэрнэ.
–Төрөлхийн сорив гэж үү?
-Хүний нүдэнд харагддаггүй юмаа. /инээмсэглэв/
-Тийм уу. Яасан гоё юм бэ. Гайхалтай. Та бичдэг зүйлээсээ тэс ондоо спортын албанд яагаад ажилладаг юм бэ?
– Би одоо ETV телевизийн спортын албанд найруулагчаар ажиллаж байна. Өмнө нь ТВ9 телевизэд яг энэ ажлаа хийж байсан. Ялалтыг дамжуулдаг болохоор би энэ мэргэжилдээ их дуртай. Хэн нэгэн хүнийг муулж, худал магтсан ч юм уу, элдэв хэл ам хийж явахгүй харин ч ялагчийг алдаршуулж, ялалтын сайхныг, ялагдлын гашууныг үзэгчдэд, хүүхэд залууст хүргэдэг. Тэдний өмнө спорт гэдэг том ертөнц, шинэ зорилго, үүд хаалга нээж алсаас хүмүүжил олгож байдаг сайхан ажил. Яагаад ч юм дандаа сайхан хүмүүстэй хамтран ажиллаж иржээ. Би хамт олноороо үргэлж бахархаж явдаг. Учир нь телевиз гэдэг хамтын бүтээл байдаг.
–Хүн өөрийг ойлгодог хүнтэй ярилцахаар нээх сайхан дуу дуулчихсан юм шиг эсвэл нээх сайхан шүлэг уншчихсан юм шиг болж дотор уужираад ирдэг гэж Соёлын гавъяат зүтгэлэн Д.Амбасэлмаа гуай нэгэнтээ хэлсэн байдаг. Таньтай ярилцах яг л ийм байлаа. Сэтгэл онгойх шиг, хаанаас юм сэрүүхэн агаар ороод ирэх шиг уужирчихлаа. Цаг гаргаж өөрийнхөө ертөнцийг “уудалсан” танд баярлалаа. Миний асуугаагүй, эсвэл хэлэх үг байвал танд энэ хоромыг үлдээе.
– Би ийм сайхан цаг үед, ийм сайхан хүмүүсийн дунд амьдарч яваа их хувьтай хүн. Тэд үгээр гайхамшиг бүтээж, өнгө будгийн шидээр баясгаж, гайхамшигт хөг аялгууг сонсгоно. Зарим нь гуниглуу, зарим нь жаахан галзуу, хүүхэд шиг гэрэл гэгээ дүүрэн ч бий. Ийм олон гайхалтай хүмүүс байхад өчүүхэн намайг урьж цаг зав гаргаж ярилцсан чамд баярлалаа.
Сар мэт гуниглаж, нар мэт инээмсэглээд
Сайн, сайхан хүмүүсийн гэгээн дор амьдарнам…