Дэлхийн циркчдийн “олимп” хэмээн алдаршсан Монакогийн Гүнт Улсын Монте-Карло хотод зохион байгуулагддаг олон улсын А зэрэглэлийн циркчдийн 48 дахь удаагийн наадам амжилттай зохион байгуулагдлаа.
Тус наадамд Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Энхцэцэг багшийн “Angels”, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Норовсамбуу багшийн “Хүн сарнай”, Б.Янжинбилэг багшийн “Pyramid School of Circus Arts”, Б.Эрдэнэцэцэг багшийн “Цэцэгс” уран нугаралтын төвийн 13 шилдэг нугараач хамтран, “Lodoi Girls” баг болон оролцжээ.

Ийнхүү Монголын уран нугараачид Гавьяат жүжигчин Л.Энхцэцэгийн дэглэлтээр Монте-Карлогийн олон улсын циркчдийн наадмаас “Хүрэл алиалагч” цом хүртлээ.
Энэхүү амжилтыг үнэлж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас тус багийн уран бүтээлчдийг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнасан юм.


