Удирдаач Б.Энхбаатартай ярилцахад таатай байлаа. Наадмын өмнө, Төрийн хүндэтгэлийн концертын бэлтгэлийн үеэр уулзсан болохоор санаснаараа тухтай ярилцаж чадаагүй. Эндээс ч дуудаад, тэндээс ч дохиж зангаад суулгахгүй байлаа. Гэхдээ асууя гэснийхээ талыг ч болов гүйцэлдүүлсэн. Түүнтэй ярилцаж байхад аргагүй л мэргэжилтэн юм гэсэн бодол төрж байлаа. Хөгжимчин хүн хөгжмөө сайн тоглох хэрэгтэй, удирдаач бол найрал хөгжмөө сайн удирдаж, хөгжмийн зохиолуудыг зохих түвшинд тоглуулж үзэгчдэд хүргэх үүрэгтэй гэж эрс хэлж байсан. Яриан дундаа хааяа ширүүлнэ. Дуучидтай ажиллахад хөгшин, залуу, алдартан гавьяатан ч бай найрал хөгжмийн өмнө бүгд адил, шаардлагын хүрээнд л дуулах ёстой ч гэж байв.
Олон жилийн өмнөөс Орос оронд суурьшсан болохоор Монголынхоо нийгэм, соёл урлагийн амьдралын талаарх мэдээллээр жаахан дутмаг, гэхдээ онцгой үйл явдал тохиолдвол мэдээж тусгайлан араас нь чих тавьдаг гэнэ. Хөгжмийн мэргэжилтнээс хөгжмийн тухай, монгол уран бүтээлчдийнхээ олон улсын тавцанд гаргасан амжилтуудын тухай асууж амжсан. Монголын дуурийн залуу дуучид олон улсын уралдаанд амжилттай сайн оролцсоныг дуулаад баярласан гэхийн зэрэгцээ залуу дуучид хэний хүчинд амжилт гаргаж байна вэ гэдгээ цаг ямагт бодож, ач санаж явах хэрэгтэй гэж байв. Мэдээж багшийн сайнд амжилт гаргаж байгаа. Тиймээс уран бүтээлчид хөгжимчин, дуучин болгож өгсөн мэргэжлийн багшдаа, хамтран хөгжимдөгч концертмейстерүүддээ талархаж явах ёстой гэсэн. Буриадад төдийгүй Орост нэр хүндтэй концертмейстер Дарима Линховойнагийн Монголын дуучдын төлөө гаргасан сэтгэл, хичээл, хөдөлмөр багагүй гэдгийг онцолж байлаа.
Мөн тэрбээр өөрийнхөө үеийн, өдгөө Монголдоо ажиллаж хөдөлмөрлөж байгаа нэгэн үеийн хөгжимчин найзуудаа, тухайн үеийн сайн багш нараа нэр дурдаж ярьж байсан.
Ярилцлагын турш анзаарагдсан нэг юм бол тэрбээр амьдралынх нь замыг зааж чиглүүлж өгсөн аавдаа баярлаж явдгаа хэлж чадаагүйдээ их харамсч явдаг юм байна. Үе үе санаа алдана. Эр хүн дотроо уйлдаг гэдэг. Магадгүй ингэж ярьж суухдаа дотроо, сэтгэлийнхээ чанадад уйлж байсан ч байх. Үүнээс хойш эх орондоо аль болох олон удаа ирж байхыг хичээнэ ээ гэж товч тодорхой хэлснээс нь үзэхэд маэстро ээждээ ойр байх бодолтой байгаагийнх биз ээ.
Удирдаач Б.Энхбаатарын аав удирдаач Ц.Баатаржав нь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, улсынхаа мэргэжлийн урлагийн байгууллагуудад олон жил ажиллаж хөдөлмөрлөсөн, ялангуяа ҮДБЭЧ-д байхдаа Үндэсний хөгжмийн төрийн их найрлыг бүрэлдүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч байсан юм. Тэрээр ОХУ-ын Санкт-Петербург хотын Н.Римский-Корсаковын нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд 1978-1981 онд суралцаж удирдаач мэргэжил эзэмшсэн.
Ингээд зочин маэстротой хийж “Өдрийн шуудан” сониндоо нийтэлсэн ярилцлагаа хүргэж байна.
ОХУ-ын Екатеринбург хотын Уралын эрдмийн филармонийн симфони найрал хөгжмийн удирдаач, тус филармонийн дэргэдэх Залуучуудын симфони найрал хөгжмийн удирдагч, удирдаач Баатаржавын Энхбаатартай ярилцсан юм. Удирдаачдын олон улсын уралдааны шагналт тэрбээр сая наадмаар Монгол төрийн концертод Улсын филармонийн симфони найрал хөгжмийг удирдан дэлхийн сонгодог бүтээлийн дээжсээс болон Монголын хөгжмийн зохиолчийн бүтээлийг тоглуулсан билээ. ОХУ-д 23 жил удирдаачаар ажиллахдаа олон удаа эх орондоо ирж байсан ч Төрийн концерт удирдах урилга хүлээж авсан нь анхных. Тийм болохоор энэ хүндтэй ажилд урьсан Улсын баяр наадмын Төрийн концертын ерөнхий найруулагч Д.Сосорбарам гавьяатад талархаж байгаагаа ярилцлагын явцад хоёронтоо хэлсэн юм. Маэстро бол Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Баатаржав агсны хүү. 1990-ээд онд тухайн үед Свердловск нэртэй байсан өнөөгийн Екатеринбургийн Хөгжмийн дээд сургуулийг виолончельч, симфони найрал хөгжмийн удирдаач мэргэжлээр давхар төгсмөгцөө Филармонийнх нь урилгаар хөгжимчин, удирдаачаар ажиллаж эхэлсэн түүх, намтартай нэгэн. Ажил, гэр, ажил, гэр, аялан тоглолт, дахиад ажил, гэр гэсээр байгаад машин шиг болчихсон хэмээн өөрийгөө тодорхойлсон түүнтэй наадмын өмнө ийн хөөрөлдсөн юм.
-Та Орост нийт хэдэн жил амьдарч байна вэ?
-29 жил. Хөгжим бүжгийн дунд сургуулийг морин хийл хөгжмөөр төгсөөд Свердловск хотод Хөгжмийн дээд сургуульд сурахаар явсан юм. Тэр сургуулиа 1989 онд морин хийлчээр, 1991 онд симфони найрал хөгжмийн удирдаач мэргэжлээр төгссөн.
-Төгсмөгцөө тэндээ ажиллаж эхэлсэн юм билээ. Одоо хүртэл тэр л байгууллагадаа ажиллаж байна уу?
-Тийм. Филармонид эхлээд хөгжимчин, туслах удирдаачаар ажилд орсон. Удалгүй удирдаач болсон. Одоо 23 дахь жилдээ ажиллаж байна.
-Таны Орост ажилласан хугацаа Монголын ардчилсан хөдөлгөөнтэй нас чацуу юм байна…
-Тийм юм байна шүү.
-Өнгөрсөн хугацаанд эх орондоо хэр олон удаа ирж байв даа?
-Оюутан байхдаа амралтаараа байнга ирдэг байлаа. Ажилтай болсноосоо хойш эхэн үедээ овоо ирдэг байсан, сүүлдээ ховордсон доо. Ажил ихтэй, бас тэгээд янз бүрийн шалтгаанаар бараг ирэхээ байсан. Одоо боломж гаргаад ирж байдаг байж дээ гэж бодогдож байна.
-Оросуудтай ажиллаж, голдуу дэлхийн сонгодог болон Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдтэй “ноцолдож” ирсэн ч гэсэн монгол хүн, монгол хөгжимчин, удирдаач юм чинь Монголынхоо хөгжмийн зохиолчдын бүтээлийг удирдан тоглуулахад хэцүү санагдахгүй байгаа болов уу?
-Би ер нь Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл удирдаж байгаагүй. Гэсэн ч энэ удаа туллаа. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж багшийн “Өргөөний баяр наадам” гэж симфони найрал хөгжимд зориулсан удиртгал зохиол тоглуулж байна. Болох юм шиг байна аа.
-Төрийн концертод дуурийн залуу дуучид дэлхийн сонгодгоос дуулж байна. Хэр дуулж байна?
-Сайхан хоолойтой, авьяастай залуучууд байна. Цаашид улам өсөх байх. Ер нь сонгодог хөгжим, урлаг гэдэг байнгын хөгжил, өсөлт шаардаж байдаг.
-Л.Минкусын “Баядерка” балетийн Алтан бурхны бүжгийг Монголын шилдэг балетчин Д.Алтанхуяг үзэгчдэд хүргэх гэж байна. Энэ залуугийн талаар юу хэлэх вэ?
-Тийм ээ, Алтанхуяг гэж АНУ-ын Бостон хотын балетийн театрын гоцлол бүжигчин залуутай танилцлаа. Сайн балетчин юм. Ер нь би хүмүүстэй бүгдтэй нь шинээр танилцаж байна. Таних хүн ховор. Хуучцуулаа бол мэднэ ээ. Батчулуун багш, Бүтэнбаяр багш, “ардын” Батсайхан гээд л.
-Та 1934 онд байгуулагдсан, чадал чансаагаар Орост гуравдугаарт гэж яригддаг симфони найрал хөгжмийн удирдаач. Тэр том оркестрын удирдаач манай улсын Филармонийн симфони найрал хөгжмийг удирдахад юу мэдрэгдэж байх юм. Ямар нэг ялгаа, магадгүй бүрэлдэхүүн, хөг, дуугаралт талд хэлэх юм байгаа байх…
-Ер нь харьцуулж ярьж, муу, сайн гэж хэлэх хэрэггүй л дээ. Улс орнууд тус тусдаа өөрийн гэсэн хөгжилтэй, өөрийн гэсэн баялагтай, ажил үйлстэй байдаг. Манай улс яаж хөгжиж, хаана хүрээд явж байна, Орос гүрэн гэдэг чинь ямар улс билээ, тийм болохоор хоёр найрал хөгжмийг харьцуулах хэрэггүй. Манай хөгжимчид авьяастай. Монголчууд яагаад ч юм авьяастай хүмүүс байдаг. Муу найрал хөгжим гэж байдаггүй, харин муу удирдаач гэж байдаг. Муу хүүхэд гэж байдаггүй шүү дээ. Эцэг эх яаж хүмүүжүүлнэ, хүүхэд тэгж л өснө. Түүнтэй адил. Тэгээд ер нь найрал хөгжим, удирдаач хоёрыг салгаж авч үзэж, ойлгох боломжгүй. Нийлж нэг бүтээгдэхүүн гаргах учраас тэд заавал нэгдэж ажиллах болдог.
-Хөгжимчид тантай ажиллаж байгаадаа баяртай байна гэж байна. Удирдаач хүн ямар байх ёстойг танаас харж байна гэж ярьж байна. Танд энэ тухайд юу мэдрэгдэж байна вэ?
-Мэдэхгүй ээ, надад нэг их мэдрэгдээд, ажиглагдаад байгаа юм алга. Харин хөгжимчид намайг их өөриймсөг хүлээж авсан. Монгол хүн болохоор тэгсэн байх. Тэгээд ч дотор нь хамт сурч байсан найзууд, таньдаг нөхөд ч байна. Намайг дэмжиж ажиллаж байна. Сайхан байна.
-Та анх удаа Төрийн концертод симфони найрал хөгжим удирдах урилга аваад ирсэн гэж байна. Ер нь өмнө нь ирж богино хугацаагаар ч болов ажиллаж байсангүй юу?
-Үгүй. Анх удаа ирсэн маань энэ. Тэгээд ч би уриулж залуулаад байх том хүн биш дээ. Гэхдээ л санаачилга гаргасан Төрийн концертын ерөнхий найруулагч Д.Сосорбарам ахад их баярлаж байна.
-Со гавьяат таны тухай мэддэг, боломж гаргаж байгаад урина даа гэж боддог байж дээ?
-Манай аавтай танил байсан болохоор сургаар намайг мэддэг гэсэн. Тэнд нэг тийм хүн ажилладаг шүү гэж хүмүүс ч хэлсэн юм билээ. Боожоо гэж авьяастай туслах найруулагч байна. Тэр хүн утсаар яриад “Ирээч, Төрийн хүндэтгэлийн концертод удирдаачаар ажиллаач, урьж байна” гэж хэлсэн л дээ. Тэгээд л ирсэн. Цаашид аль болох олон удаа ирж байя гэж бодож байна. Хэрвээ надаас авах юм байгаа бол туслахад бэлэн. Туслах ч юу байх вэ, хамтарч, зөвлөлдөж ажиллах хэрэгтэй гэж үзвэл би ажлаа зохицуулаад ирж байж болно.
-Та Монголын алдартай урлагийн гэр бүлийн гишүүн юм байна шүү дээ. Танай аав удирдаач Баатаржав, ээж нь балетчин Мандах гээд хөвөрнө. Та дэлгэрэнгүй танилцуулна уу?
-Үнэхээр урлагийн гэр бүлд төрж өссөн. Өвөө маань ардын жүжигчин Г.Гомбосүрэн. Манай ээж өвөөгийн маань том охин нь л доо. Эмээ маань, өөрөөр хэлбэл Гомбосүрэн өвөөгийн гэргий Сэржханд мөн жүжигчин хүн байсан. Аавын талд ч урлагийн хүмүүс байсан. Ээж нь алдартай шанзчин, дуу хуурт сайн хүн байсан. Би Дуурийн театрт өссөн хүүхэд. Хааяа Драмын театр руу өвөө рүүгээ явна. Театр заримдаа өдөрт хоёр, гурван тоглолттой байдаг байсан юм. Тийм үед өвөөдөө өдрийн хоолыг нь хүргэж өгнө. Тэгэхэд өвөө жүжгийн хувцастай, нүүрнийхээ будагтай сууж байхад нь хараад жүжигчин болох юмсан гэж бодож байсан ч удаатай.
-Гэтэл хөгжимчин болчихдог. Өөрөө хүссэн үү?
-Үгүй ээ, нэг өглөө аав “За босоорой, явна аа, сургуульд орно” гээд хөтлөөд явсан. Ээж хувцаслаад гаргаж өгсөн. Хөгжим бүжгийн дунд сургууль гэдэг рүү очсон мань тэр байлаа. Нэг ангид орос, монгол багш нар суучихсан хүүхдүүдийг шалгаж байлаа. Намайг тэнцлээ гээд морин хийлийн багш Дариймаад шавь болгож өгсөн. Ингэж миний хөгжимчний амьдралын эхлэл тавигдсан юм.
-Танай ангийн хүүхдүүд Улсын филармонийн симфони найрал хөгжимд ажиллаж байна. Тэд таныг мэргэжилдээ сайн, нэмэх тав авдаг хүүхэд байсан гэж магтаж байна…
-Нэмэх тав гэж дүн тавьдаг байсан юм. Би хааяа авдаг байсан байх аа. Гэхдээ сайн сурагч байсан гэхээсээ илүү сахилгагүй хүүхэд байснаараа алдартай. Хулигаан бол биш, гэхдээ л маш хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Одоо ч сахилгагүйтмээр санагддаг л юм.
-Яаж?
-Хүн шоолж, шоглодог ч юм уу, тиймэрхүү хэлбэрээр (инээв). Багын зан тавигддагүй бололтой. Эхнэр хүүхдүүдтэйгээ тоглоно оо.
-Нээрэн та орос бүсгүйтэй гэрлэсэн юм билээ. Оюутан байхдаа танилцсан уу?
-Тэгсэн. Манай хүн найрал дууны удирдаач мэргэжилтэй. Одоо бол арай өөр чиглэлээр ажилладаг. Хүү маань хийлч, биднээс хол ажиллаж амьдардаг. Охин маань хөгжмийн боловсролтой болж өссөн ч хөгжимчин болохгүй бололтой. Өөр зам сонгож байгаа.
-Танай аав ээж, ах дүү нар танайд хэр очимтгой вэ. Хөлд дарагдах үе бий юү?
-Бараг очдоггүй ээ. Ээж хэд хэдэн удаа очиж байсан. Аав бол олон очоогүй. Ах дүү нараас ч тэр. Би гэдэг хүн ганцаараа хол байсаар байгаад дөжирчихсөн, ажилдаа дарамтлуулсан нөхөр. Ажилдаа яваад л, ирээд л, дахиад л ажилдаа яваад л, нэг бол Оросын хотуудаар юм уу, эсвэл гадаадад аялан тоглоод л. Бүх юм хуваарьтай, зогсолтгүй эргэж байдаг машин шиг болчихсон болохоор заваар тааруу.
-Удирдаач хүү удирдаач аавтайгаа тухлан сууж хөгжмийн тухай ярилцаж л байсан байлгүй дээ?
-Бараг үгүй дээ. Манай аав угийн дуу цөөтэй, ширүүндүү хүн шүү дээ, хүмүүс мэднэ. Надтай тэгж ажил, мэргэжлийн талаар яриад сууж байсангүй. Харин хамт загасанд их явдаг байлаа.
-Таныг ажилдаа мэргэшээд, Орос оронд хүлээн зөвшөөрөгдөөд сайн явна, сайн байна гэж хэлж байгаагүй юу?
-Үгүй. Харин нэг удаа 80 см-ийн урттай тул барихад маань “Ёстой сайн” гэж хэлсэн.
-Хайр нь дотроо, хал нь гаднаа хүн байж дээ…
-Тийм гэж бодож байна. Сүүлийн жилүүдэд ирж амжихгүй байсан болохоор утсаар л ярьдаг байлаа. “Сайн уу, яаж байна, амьдрал дажгүй юу, юу хэрэгтэй байна, хэлээрэй” гэхэд бүх юм болж байна, бүтэж байна, сайн байна л гэдэг байсан. Гэтэл үнэн хэрэгтээ амьдрал нь тийм ч хангалттай сайхан байгаагүй юм билээ.
-Тэгэхдээ тийм ч гундаа байгаагүй байх аа?
-Мэдээж л дээ, гэхдээ л. Эх орноосоо хол байгаа монголчууд ер нь улс оронд нь юу болж байна, юу болохгүй байна гэдэг талаар бага мэдээлэл, мэдлэгтэй байдаг юм байна.
-Та аавынхаа заасан замаар хөгжимчин, удирдаач болсондоо үргэлж сэтгэл хангалуун явдаг уу, эсвэл яах гэж ийм зам сонгов оо гэж бодож байсан удаа бий юү?
-Ер нь бол аавдаа баярладаг. Харин энэ тухай аавыгаа байхад хэлж чадаагүй юм. Харамсдаг. Хүн эцэг эхдээ баярлаж явдаг бол энх тунх байхад нь хэлж ярьж, хөгшдөө баярлуулж байх ёстой юм билээ.
-Ээж тань одоо хэдтэй вэ?
-70 настай.
-Ануухан сайхан байгаа юм байна аа…
-Тийм ээ, дажгүй. Түрүүн хөгжимчин, удирдаач болсондоо үргэлж сэтгэл хангалуун байдаг уу гэж асуусан. Заримдаа болж бүтэхгүй үе тохиолдоход намайг яах гэж ийш нь ирүүлсэн юм бол оо гэж бодох үе байсан шүү. Шантарч байсан гэх үү дээ. Одоо бол буцах зам байхгүй.
-Хөгжмийн урлагийн том мэргэжилтнээс асуух зүйл байна. Манай улсын сонгодог хөгжимчдийг гадаадаас ирж ажилласан удирдаач бүр сайн гэдэг. Уран бүтээл, тоглолт ч сайн болдог. Гэтэл үзэгчид үзэхээр тааруу хэвээр. Үүнийг яаж сайжруулах вэ. Тухайлбал танай Филармонийн тоглолт бүр үзэгчээр дүүрэн байдаг уу?
-Тоглолт бүрийн тасалбар эрэл сурал болдог. Оросууд хөгжим сонсдог, сурчихсан. Хүүхдүүдээ явуулна. Үзэгчдийг хэрхэн сонгодог хөгжимд татах вэ гэж байна. Албадаж болохгүй, сонирхлыг нь төрүүлэх хэрэгтэй. Сонгодог хөгжмийг хүүхдэд хар нялхаас нь сонсгож хэвшүүлэх хэрэгтэй юм. Тэгэхэд эхлээд чих нь дасна, дараа нь сэтгэлд нь хүрнэ. Би охиндоо сонгодог, жааз хөгжим сонсгож өсгөсөн. Гэхдээ өөрийнх нь таашаадаг хөгжмийг хорих хэрэггүй, давхар сонсгоод байх хэрэгтэй. Аяндаа аль нь хэрэгтэй, аль нь хэрэггүй вэ гэдэг ялгараад ирдэг. Олон нийтэд хөгжим сонсгох гэдэг нь зориулалтын концертын зааланд хөгжим тоглохоос эхэлнэ. Манай Монгол одоо хүртэл концертын заалгүй байгаа юм байна. Ичмээр. Бүхэл бүтэн улс байж ганц концертын заалтай болж чаддаггүй. Одоо энэ тоглоод байгаа танхим чинь хурлын зориулалттай шүү дээ (Улсын филармонийн концертын заалыг хэлэв). Дуурийн театр бол дуурьт зориулагдсан. Сайн заалтай байхад сайн хөгжимчид тоглож байхыг хүсдэг. Гадаадаас ч шилдэг хөгжимчид, оркестр ирэх болно. Тэгэхэд үзэгчид аяндаа хошуураад эхэлнэ.
-Ийм л юм манай улсад дутаад байна. Төр засгийн эрхтэн дархтанууд мэдэхгүй биш мэддэг. Гагцхүү хөдөлдөг хүн байдаггүй…
-Шийдвэр гаргадаг хүмүүс хөгжмийн тухай ойлголт, мэдлэгтэй, мэдрэмжтэй бол өөр л дөө. Тэргүй бол хэцүү. Тэгээд ч нийгэм журам гэдэг тусдаа ойлголт. Нэг хүн, эсвэл ганц удирдаач сайн байгаад, зүтгээд юм бүтээхгүй, нийтээрээ хөдөлж байж үр дүнд хүрнэ. Улс орон сонгодог урлагийг хөгжүүлэх шаардлагатай. Яагаад гэвэл энэ урлаг бол тухайн улс орны хөгжлийн, соёлын толь.
Р.ОЮУНЖАРГАЛ