“Баасан гаригийн зочин”-оор Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ш.Ванчаарайг урилаа. Түүнтэй уран бүтээлийнх нь тухай ярилцсанаа хүргэе.
-Уран бүтээлийн олз омог арвин уу. Энэ зун та шинэ бүтээл туурвисан уу?
-Танай сониноор дамжуулаад нийт уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ жил хур бороо тэгширсэн сайхан зун болж байна. Миний “Хүний мөс” зохиолоор уран бүтээлч залуус нийлээд уран сайхны кино хийх гэж байна. Өвгөн зохиолч би үүнд их баярлаж сууна. Би залууст итгэдэг юм. Тэднээс хүсэл мөрөөдөл, уран бүтээл хийх чин сэтгэл үнэртдэг байхгүй юу.
-Ямар хүмүүс кино хийж байгаа юм бэ. Анх танд санал тавихад яаж хүлээж авсан бэ?
-Сайхнаар хүлээж аваад, бодох зүйлгүй зөвшөөрсөн. Гэхдээ уран бүтээл санаснаар болдоггүй зовлонтой. Манай Б.Эрдэнэсолонго тэргүүтэй уран бүтээлч хүүхдүүд чанартай уран бүтээл хийнэ гээд итгэж сууна. Зохиолыг кино зохиол болгоно гэдэг хэцүү. Тиймээс залуустайгаа нийлээд зохиол дээрээ сууж байна. Бидэнд ямар хэсгийг нь яаж дүрсээр харж бичих, хэрхэн өөрчлөх гээд төлөвлөх зүйл их бий. Мөн зохиолынхоо гол утга санааг хэрхэн хэвээр нь авч үлдэх вэ, энэ цаг үед яаж уусгавал үзэгчид ойлгох бол гээд ярилцаж, зөвлөх ажил их байна.
-“Хүний мөс” тухайн үедээ нийгмийг шүүмжилсэн гээд эсэргүүцэлтэй тулгарч байсан гэдэг. Нэлээд хугацааны дараа хэвлэгдсэн байх аа?
-1982 онд бичсэн юм. Нийгмийг шүүмжилсэн өнгө аястай. Дүрүүд нь ч эсрэг. Тухайн үед хэвлэхэд хүндрэлтэй байсан. 1986 онд хэвлэлтийн хувиарт орж байсан юм. Нэлээд олон хүний сэтгэлийг зовоосон бүтээл дээ. Бараг таван жил явсаны эцэст утга зохиол хянах газраас зөвшөөрөл авч байлаа. Зүгээр ч нэг зөвшөөрөл өгөөгүй жаахан нэмэлт засвар хийж хэвлүүлэхээр болсон түүхтэй.
-Таны зохиолуудыг уншихад нийгмээ шүүмжилсэн байдаг. Энэ зан чанар тань хаанаас эхтэй юм бэ?
-Миний суурь хүмүүжил ч юм уу, өөрийн төрөлх зан чанар уран бүтээлд минь нөлөөлдөг тал бий. Би гэртээ, хүүхдүүддээ ч хатуу ханддаг хүн. Тиймээс нийгэмд болохгүй байгаа зүйлийг зохиолоороо хүмүүст ойлгуулахыг хичээдэг юм. Ер нь уран бүтээлч, зохиолч хүн нийгмийн дуу хоолой болох ёстой. Би бүтээлээрээ үргэлж хашгирсаар ирлээ. Үүний нэг нь “Хүний мөс” юм. Үнэхээр зохиолд гарч буй дүрүүд амьдралд байсан. Түүнийг би илчлэхгүй бол болохгүй байсан үе. Тиймээс энэ бүтээл одоо ч үнэ цэнэтэй хэвээрээ байна.
Бидний үеийн зохиолчид бүтээлээрээ Монголын нэгэн үеийн түүхийг үр хойчдоо бичиж үлдээж. Одоо өөрийнхөө бичсэн зүйлийг өөрөө уншихад сонирхолтой санагдаж байна. Тэгэхээр хүүхдүүд та нарт бүр ч содон, сонин санагдах байх. Үүнийг маань ирээдүй болсон хүүхэд, залуус та нар зөвөөр ойлгож, уламжлан авч үлдээсэй гэж бодож сууна.
-Анх 45 мянган хувь хэвлэгдээд дахиад 20 мянгыг нэмж хэвлүүлсэн байдаг. Тухайн үед эсэргүүцээд хэвлэхгүй байсан мөртлөө яагаад дахин хэвлэх зөвшөөрөл өгсөн юм бол?
-1980-аад оны сүүлчээр манай орныг өөрчлөлт, шинэ эрин нөмөрч байлаа. Тиймээс зохиол бүтээлд тавьдаг хэтэрхий дээгүүр цензур багассан юм. Энэ үеэс бидний үеийн зохиолчид ч хүссэнээрээ, чөлөөтэй бичих эрхтэй болсон. Би зохиолоо 1986 оноос өмнө хэвлүүлэхсэн гэж хүсдэг байсан. Гэхдээ айхтар асуудалд орох байсан биз.
-Цаг хугацааны хувьд үүнээс өмнө хэвлэх боломжгүй байж. Тэгэхээр харин ч цаг хугацаагаа олоод хэвлүүлэх эрхээ авсан юм биш үү?
-1987 онд төв хорооноос “Хүний мөс”- д базаахгүй зохиол гэсэн тэмдэг тавьсан удаатай. Гэхдээ л ард түмэнд хүрч чадсан. Зохиол бүтээл гэдэг бидний хувьд үр хүүхэд минь шүү дээ. Мэдээж эртхэн хэвлүүлэхийг л бодно. Магадгүй цаг хугацаагаа олсон гэж таны хэлсэн зөв ч байж мэднэ. Мөн үүнээс өмнө хэвлүүлсэн бол ард түмэнд илүү хэрэгтэй байх байсан юм бил үү мэдэхгүй.
-Баримтуудаа яаж цуглуулдаг байсан бэ. Архивт их суудаг байв уу?
-Архивт суухаас гадна амьдрал тэр чигээрээ гарын авлага байлаа. Бидэнд архивт суухыг зөвшөөрдөггүй байсан юм. Харин нүдээрээ харсан, бодит амьдралыг зохиолдоо тусгахыг хичээсэн. Энэ бол хойч үед үлдэх түүх юм. Бид баттай хүний амнаас, түүхийн шарласан хуудсаас баримтаа цуглуулдаг байлаа. Одоогийнхтой адилхан цахим хуудас, интернет гэж байсангүй. Бүх зүйл цээжинд бичээстэй явдаг байсан.
-Зохиол хэвлэгдсэний дараа та хэр шүүмжлэлд өртсөн бэ?
-Тухайн үед нийгмийн сэтгэлгээ их өөр болж байсан. Ялангуяа 1988 оны үед нийгмээ, засаг төрөө, дарга нараа шүүмжлэх зохиол олон болсон. Нэг л даргын суудалд суусан бол тэр хүн өтөл болтлоо тэр суудалдаа хадаастай хорвоог туулдаг байсан үе юм. Үүнийг шүүмжлэх хэрэгтэй, ингэж болохгүй гэдгийг ард түмэн энэ үеэс мэдэж эхэлсэн. Тиймээс сүртэй донгодуулаагүй, нэрээ хараар тэмдэглүүлээд өнгөрч байлаа.
-Зохиолд эмч нарын тухай гардаг. Цагаан нөмрөгт баатрууд яаж хүлээж авсан бол?
-Миний зохиолын дараа эмч нарын уншлагын хуралдаан болж байсан юм. Мөн асар олон захидал гэрийн хаягаар ирж байлаа. Гадаадад сурдаг монгол оюутнууд хүртэл захидал бичсэн. Эмч нарт хүчтэй хүрсэн юм билээ. Эмнэлгийн байгууллагуудын хяналт, шалгалт чангарсан гэдэг юм. Гэхдээ ардчилал гарах гээд миний эрээн цаастай зууралдах завтай хүн цөөн байсан байх. Нэг бодлын би их азтай ч юм уу. Зохиол бүтээл минь хүртэл хоёр нийгмийн зааг дээр төрсөн байдаг.
-Зөвхөн эмч нар гэлтгүй “Нарны сургууль” романд чинь багш нарыг шүүмжилсэн байдаг?
-Хүүхэд гэдэг гэнэн томоогүй, цав цагаахан цаас байдаг. Түүн дээр багш болон эцэг эхчүүд анхны зураасыг зурдаг юм. Гэтэл одоо ч багшийн ёс зүйгээ мартсан багш нэртэй хүн олон байна. Түүнийг шүүмжлэх нь зүй ёсны хэрэг. Шүүмжлэл ер нь хүнийг хурцалдаг юм даа.
Залуудаа аливаа дарамт шахалтыг тоодоггүй, зоригтой байж. Зохиол, бүтээл минь л хүнд хүрч байвал ямар ч саад бэрхшээлийг давах юм шүү гэж өөрийгөө зоригжуулдаг байлаа. Миний үеийн олон зохиолч дарамт, үзэл суртлаас болж бичих хүсэл, сэтгэл нь буурч байсныг мэдэх юм.
-Та нийгмээ шүүмжлээд л байдаг. Харин тухайн үед эргүүлээд таныг шүүмжлэх хүн хэр олон байсан бол?
-Нийгмийн шилжилтийн үе учраас намайг оролдох хүн цөөхөн байлаа. Харин ард иргэдээс урмын үгийг их сонсдог байсан. Үнэн үг ямар хүчтэй байдгийг би тэгэхэд өөрийнхөө биеэр мэдэрсэн. Одоогоор найман боть гаргачихаад байна. Уран бүтээл минь үргэлжилсээр байна.
-Таны өгүүллэгүүд хүртэл үргэлж дарга нарт чиглэсэн байдаг. Дээрээс, дарамт, шахалт ирдэг байв уу?
-Би 100 гаруй өгүүллэг бичсэн. Түүний ихэнх нь аль нэг хурган даргыг шүүмжилсэн байдаг. Ер нь магтаж, сайшаасан бүтээл ховор шүү. Залуудаа аливаа дарамт шахалтыг тоодоггүй, зоригтой байж. Зохиол, бүтээл минь л хүнд хүрч байвал ямар ч саад бэрхшээлийг давах юм шүү гэж өөрийгөө зоригжуулдаг байлаа. Миний үеийн олон зохиолч дарамт, үзэл суртлаас болж бичих хүсэл, сэтгэл нь буурч байсныг мэдэх юм.
-Та өөрөө эмч мэргэжилтэй. Ямар үед зохиол дээрээ суудаг байсан бэ?
-Би өглөө таван цагт босч зохиолоо бичдэг байсан . Өглөө эрт 05:00-09:00 цаг хүртэл боломжийн биччихдэг байсан юм. Ер нь өглөө толгой сэргэг байдаг учраас бичихэд урамтай байдаг юм. Харин орой нь ажлаасаа ирээд өглөө бичсэнээ хянадаг байлаа. Бидний үеийн зохиолчид энэ зарчмаар л бүтээлээ туурвисаар ирсэн. Амралт гэж бараг байсангүй. Амрахаараа зохиол дээрээ суучихна. Үүний буруу гэж алга. Одоо ч өглөө таван цагтаа л босдог. Босохгүй бол бие чилээд хэцүү.
-Та одоо ямар бүтээл дээр сууж байна. Шинэ зохиол эхлүүлсэн үү?
-Залуугийнх шигээ удаан сууж чадахгүй байна. Өдөрт дөрвөн цаг л суух юм. Өөр ертөнцөд очих хугацаа ойртоод байгаа юм уу бичсэн зүйлүүдээ цэгцэлж, янзалж байна. Бидний үеийн зохиолчид бүтээлээрээ Монголын нэгэн үеийн түүхийг үр хойчдоо бичиж үлдээж. Одоо өөрийнхөө бичсэн зүйлийг өөрөө уншихад сонирхолтой санагдаж байна. Тэгэхээр хүүхдүүд та нарт бүр ч содон, сонин санагдах байх. Үүнийг маань ирээдүй болсон хүүхэд, залуус та нар зөвөөр ойлгож, уламжлан авч үлдээсэй гэж бодож сууна.
-Зохиолчид олон талын мэдлэгтэй, номтой нөхөрлөсөн хүмүүс байдаг. Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-Хятадын тухай гурван боть ном уншиж дуусгалаа. Мөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн бичсэн номыг уншлаа. Үнэхээр гайхалтай, мэдлэгтэй хүн юм билээ. Манай залуус тэр номыг уншаад үзээсэй гэж зөвлөх байна.
-Та 83 насандаа Соёлын гавьяат зүтгэлтэн болсон. Энэ цолыг арай хожуу авсан юм шиг санагддаг уу?
-Цолоо аваагүй байхдаа яагаад надад өгдөггүй юм бол гэж боддог байсан. Миний үеийн зохиолчид цолоо авчихаар нууцхан дотроо хүлээж байсан үе бий. Харин өөрөө авчихаар юу ч бодогддоггүй юм байна. Гэхдээ төр , түмний хүндлэл болохоор бэлгэшээж, дээдлэлгүй яахав.
-Таны бага нас хаана өнгөрсөн бэ. Ямар хүүхэд байв?
-Би Завхан аймгийнх. Бага нас минь нутагтаа өнгөрсөн. Аав ээжийнхээ гар дээр өсөөд найман настайдаа бага сургуульд орсон. Долдугаар ангиа төгсөөд сурлага сайтай учир сургуульдаа багшаар үлддэг юм байна. Гурван жил бага ангийн багшаар ажилласан. Арван жилээ дүүргээд Анагаахын сургуульд орж, хүүхдийн эмч болсон. Тэр үеэс юм бичих сонирхол давамгайлаад болдоггүй. “Залуучуудын үнэн” сониноос зарласан өгүүллэгийн тэмцээнд ороод 1500 төгрөгөөр шагнуулж, урам авч байлаа. Хамгийн баян оюутан болоод эхнэр хүүхдээ баярлуулсан юмдаг.
-Хүүхдийн эмнэлэгт ажиллаж байсан байх аа?
-Төгсөөд хүүхдийн төв эмнэлэгт хуваарилагдсан юм. Унтана гэж байхгүй. Бужигнасан хүүхдүүдтэй өнждөг байлаа. Магадгүй миний ийм хөнгөн, шингэн байгаа нь хүүхэдтэй ажилсных байх. Өөрөө дагаад хүүхэд болчихно шүү дээ. Төгсөөд нэг жил ажилчихаад Завхан аймагт ажиллахаар явсан юм. Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт эмчээр очсон. Хүүхдийн тасгийг тусад нь салгана гэж зүтгээд даргатайгаа муудалцаж явлаа. Өөрийнхөөрөө зүтгэсээр нэг давхар байшин бариулаад орчихсон. Уул нь Завханд анхны хүүхдийн тасгийг байгуулсан хүн нь би байгаа юм. Гэхдээ намайг явсаны дараа нураачихсан гэнэ лээ.
-Та Завханд удаагүй юм уу?
-Ирээд “Эрүүл мэнд” гэсэн сэтгүүл хүртэл гаргаж үзсэн. Ер нь бичих л дуртай хүн байсан юм. Дараа нь Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг, телевизэд хэдэн жил ажиллаад Ариун цэвэр, гэгээрлийн ордонд ирсэн. Энэ хугацаанд зөвхөн эмчийн тухай 200 гаруй хөрөг бичсэн байна лээ.
-Анхны номоо хэзээ хэвлүүлсэн бэ?
-“Хун” нэртэй өгүүллэг 1950-иад оны сүүлчээр хэвлүүлж байсан юм. Нийт 20 гаруй ном гаргажээ. Өгүүллэг, тууж, гурван роман, таван жүжиг бичсэн байна. Монголд анх удаа 60 мянган хувиар хэвлэгдсэн ном бол миний “Хүний мөс” роман юм.
-Эргээд харахад эмчийн мэргэжлээ хэр сайн биелүүлсэн байна вэ?
-Амьдралынхаа ихэнх хугацааг уран зохиолд зориулсан байна. Цалинг үй ажилдаа л их дуртай байсан. Хүн ардынхаа төлөө хүч хөдөлм өрөө зориулна гэж тангараг тавьсан ч бичих ажлаа нэгд үгээрт тавьдаг байсан. Би орчин үеийн сэдвийг илүү сонирхоно. Хүний өвөрмөц төрх, амьдарч байгаа байдал зэргийг бичихээр л нийгмийн тухай бичихээс өөр аргагүй болдог юм.
Ч.Гантулга