Өнгөрсөн даваа гараг /2026.05.04/-т Пулитцерийн шагналын эздийг тодруулахад “Reuters” агентлаг үндэсний сурвалжилга болон сэдэвчилсэн сурвалжилга гэсэн хоёр төрөлд энэхүү нэр хүндтэй шагналын эзэн боллоо.
Үндэсний сурвалжилгын төрөлд тус агентлагийн сурвалжлах баг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төрийн эрх мэдлийг улс төрийн өрсөлдөгчдийнхөө эсрэг ашиглаж буй тухай цуврал нийтлэлээрээ шалгарсан байна. Уг сурвалжилгад Д.Трамп прокурорын байгууллага, төрийн албан хаагчид, их сургуулиуд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг шалгах, ажлаас нь халах, санхүүжилтийг танах зэргээр хэрхэн дарамт шахалт үзүүлж байсныг баримтаар харуулжээ.
Сэдэвчилсэн сурвалжилгын шагналыг сэтгүүлч Жефф Хорвиц болон түүний хамтрагч Энжен Там нар хүртжээ. Тэд “Meta” компанийн дотоод журам нь хиймэл оюун ухаант чатботуудыг насанд хүрээгүй хүүхдүүдтэй зүй бусаар харилцах боломж олгосон, мөн тус компани хуурамч зар сурталчилгаанаас хэрхэн ашиг олж байсныг илчилсэн юм. Энэхүү сурвалжилгын үр дүнд зохицуулах байгууллагууд хяналт шалгалт явуулж, “Meta” компани үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулахад хүрсэн байна.
Бусад томоохон шагналуудаас дурдвал, “The Washington Post” сонин Д.Трампын засаг захиргааны бодлого болон Илон Масктай холбоотой санхүүжилтийн талаарх сурвалжилгаараа “Нийгэмд тустай үйл хэрэг” номинацид тэргүүлжээ. Харин “The New York Times” сонин Д.Трамп болон түүний холбоотнуудтай холбоотой санхүүгийн ашгийн талаарх эрэн сурвалжлах нийтлэлээрээ тэргүүлж, нийт гурван төрөлд шагнал хүртсэн байна. Мөн Пулитцерийн шагналын зөвлөлөөс “Miami Herald” сонины сэтгүүлч Жули К.Браунд Жеффри Эпштейнтэй холбоотой хэргийг сурвалжилсан гавьяаг нь үнэлж тусгай өргөмжлөл олгожээ.
1917 оноос хойш олгож буй Пулитцерийн шагнал нь АНУ-ын сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагналд тооцогддог. Reuters агентлаг 2008 оноос хойш 15 дахь шагналаа хүртлээ.

