Манай цирк дэлхийд тавд эрэмбэлэгддэг. Хамгийн сүүлд гэхэд л Н.Намуунбаатар гэх залуу агаарт зургаа эргэж, Хөдөлмөрийн баатарт тодорхойлогдоод байна. Гэтэл энэ хүнийг хүмүүс танихгүй. Банзнаас шидүүлж, агаарт зургаа эргэнэ гэдэг хэр хэмжээний амжилт болохыг ч төсөөлөхгүй. Үүнээс бид циркийн урлагаас ямар их төсөөрснийг харж болно. Ийн төсөөрснөөс циркийн урлагийг гудамжинд гаргах нь хэмээн салбарынхан нь бухимдалтай явна.
Төрийн татаасаар хөгжиж байсан энэ салбар улс орон чөлөөт эдийн засагт шилжсэнээр санхүүгийн хүндрэлд орж, бараг үйл ажиллагаа явуулах чадваргүй болсон. Ийм хүнд байдалд орсныг далимдуулан 2007 онд улсын циркийг дуудлага худалдаагаар хувьчлах асуудал яригдаж эхэлжээ. Үүнийг циркчид эсэргүүцэж, менежментийн хувьчлал болгосон бөгөөд дөрвөн баг өрсөлдөж, Д.Дагвадоржийн баг ялснаар “АСА цирк” байгуулагдсан түүхтэй. Удирдлагыг нь сольж, үйл ажиллагааг нь сайжруулах үүргээ хангалттай биелүүлээгүй учраас О.Магнай даргаас банга хүртээд байгаа.
Мөн менежментийн шинэчлэл нэрийн доор цөөнгүй хүмүүс циркээс халагдаж бие даан үйл ажиллагаа явуулах болсон. Бие дааж үйл ажиллагаа явуулахад бэлтгэл хийх орон байр олоход бэрх. Циркийн бэлтгэлийг бэхэлгээ хийх зориулалтын даацын тулгуур, өндөр таазтай газар хийх ёстой. Яг ийм зориулалтын газар нь “АСА цирк”. Энэ циркээс нэгэнт хөөгдсөн учраас хуучин цирк рүүгээ очихоос аргагүйджээ.
Эх дагины сүмийг аварч чадахгүй бол яамыг татан буулгах хэрэгтэй
Хуучин цирк Дашчойлон хийдийн хажууд байдаг. Анх Эх дагины ордон нэртэйгээр 1900-гаад онд баригдсан ч 1940 онд Ж.Раднаабазар тааз, багананд нь бэхэлгээ хийж циркийн зориулалттай байр болгожээ. Өдгөө энэ байранд Хөгжим бүжгийн коллежийн Циркийн сургууль, Циркус Монголия Хадагаа, Циркийн ахмадын холбоо, “X.Roses” уран нугараачийн дугуйлан зэрэг байгууллагуудын 100 гаруй уран бүтээлчид бэлтгэл сургуулилтаа хийж байна. Харин энэ байрыг сэргээн засварлах зорилготой Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргалаар ахлуулсан ажлыг хэсэг өнгөрсөн онд байгуулагджээ.
Энэ тухай дэд сайд М.Түмэнжаргал “100 гаруй жилийн настай Эх дагины ордныг аварч чадахгүй бол манай яамыг татан буулгах хэрэгтэй. Улаанбаатар хотод Гандантэгчинлэн хийд, Богдын ногоон ордон, Дамбадаржаагийн хийд, Чойжин ламын сүм, Эх дагины ордон гэсэн гарын таван хуруунд багтах 100 орчим жилийн настай барилга байгууламж байдаг. Эдгээрийг анх байсан хэлбэрээр сэргээн засварлаж хадгалах нь манай яамны үүрэг” гэсэн юм.
Эх дагины сүм буюу хуучин цирк нь төрийн тусгай хамгаалалт байдаг, төрийн 100 хувийн өмч. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар 100 жил болсон барилга байгууламж соёлын биет өвд бүртгэгддэг. Тийм учраас Дашчойлон хийдийн 1.7 га газарт өөр төрлийн барилга байгууламж барихгүй байх үүргийг Нийслэлийн засаг дарга хүлээдэг. Уг байгууламжийг яаралтай засах шаардлагатай гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газраас гаргажээ. Дээрээс зүүгдэх бэлтгэл сургуулилт хийж бүр ч болохгүй гэсэн байна. Тиймээс энэ байгууламжийг засахаас өөр аргагүй гэдгийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэд сайд М.Түмэнжаргал учирлалаа.
Засвар жил орчим үргэлжилнэ. Энэ хугацаанд дотор нь үйл ажиллагаа явуулж буй хүмүүс хаана бэлтгэл хийхийг дэд сайдаас тодруулахад “Хөгжим бүжгийн сургууль, циркийн сурагчид энд бэлтгэлээ хийдэг. Сургалтын байгууллага гэдэг утгаараа хаана бэлтгэл хийхийг нь Боловсрол шинжлэх ухааны яам шийднэ” гэв. Харин бусад хувийн циркүүд өөрсдөө асуудлаа шийдэх бололтой. Тэдэнд төр ямар ч дэмжлэг үзүүлэхгүй аж. Гэхдээ “Засварын ажил дууссаны дараа тэнд бэлтгэл хийх эрх нь нээлттэй” гэдгийг дэд сайд М.Түмэнжаргал онцолсон юм.
АСА циркэд л толгой хоргодно доо
Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргалтай уулзсаны дараа Хөгжим бүжгийн коллежийн Циркийн тэнхмийн эрхлэгч н.Гэрэлбаатартай уулзлаа. “Биднийг АСА циркийнхэн хүлээж авч магадгүй. Гэхдээ гэрээний хэлэлцээр эхлээгүй л байна. Сайн гэрээ хийж очихгүй бол очоод бэлтгэлээ ч хийж чадахгүйд хүрч мэднэ. Засварын ажлын төсвийг 2014 оныход суулгаж чадаагүй. 2015 оны төсвөөр л засвар хийгдэх байх. Уг нь 2015 оноос гармаар байгаа юм. Гэтэл биднийг өнгөрсөн намраас хойш хөөгөөд байгааг сайн ойлгохгүй л байна шүү” гэлээ. Циркийн сургуулийнхан АСА циркийн хоёр манежиндаа зургаа зургаан цаг бэлтгэл хийх шаардлагатай байгаа аж.
Уг нь 2012 оны намар Л.Гантөмөр анх Боловсрол, шинжлэх ухааны сайд болсныхоо дараа Хөгжим бүжгийн коллежоор зочилж, циркийн сургууль барих тухай ярьжээ. Харамсалтай нь өдийг хүртэл циркийн сургуулийн зураг төсөл нь хийгдэж амжаагүй явна. Уг нь зургийн тендер зарлагдсан боловч өнгөрсөн онд төсөв танагдахад хасагдчихжээ.
“Манай циркчид дотооддоо тоглолт хийгээд байдаггүй ч дэлхийд тэргүүлсэн хэвээр байгаа. Энэ амжилтын үндэс нь манай циркийн сургууль. Гэтэл энэ сургуулиа ингээд гудамжинд хаяж байгаа нь харамсалтай” хэмээн н.Гэрэлбаатар багш гомдонгуй ярьж суулаа.
Мэс заслын эмчид багаж хэрэгтэй
Мэс заслын эмчид нэг ч багаж өгөхгүй байж ур чадвараа хөгжүүл гэж шаардах нь утгагүй. Үүнтэй адил циркчдийг бэлтгэлийн орчин, техник хэрэгслээр нь хангахгүй байж ур чадвараа өсгөхийг шаардаж болохгүй. Мексикт 200, Их Британид 200 орчим нүүдлийн цирк, Орост 46 суурин цирк бий. Ийм олон цирктэй байгааг хувьчлалтай холбон тайлбарлаж, Монголын циркийг хувьчлахыг дэмжигчид олон. Нэг зүйлийг бодолцох хэрэгтэй. Манай улсын циркийн алтан үе гэгддэг 1970-1980 онд бүхэл бүтэн 10 жилийн хугацаанд циркийг давхардсан тоогоор хоёр сая хүн л үзсэн байдаг. Цирк маш их зардалтай урлаг. Энэ зардлыг ийм цөөхөн үзэгчдийн дундаас олно гэдэг хэцүү. Ядаж Улаанбаатарт Бээжин шиг өдөрт 4-5 сая жуулчин орж ирдэг бол өөр хэрэг.
Тийм учраас манайх шиг цөөн хүнтэй улс онцгой төрлийн үзэгчид шаарддаг, цирк, филармони, дуурийг төрийн татаасаар хөгжүүлдэг. Үүнийг циркээс алсарсан удирдлагууд хэзээ ойлгох вэ. “Нүүр тахлах болохоор ирж долоочих гээд, хөрөнгө оруулах болохоор ааш муутай авгай шиг энэ хоёр яамны дунд ч бид зутрах янзтай” хэмээн нэгэн ахмад циркчин ярьж билээ. Хэдий болтол циркийн урлаг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Боловсрол шинжлэх ухааны яам хоёрын дунд хоосон хөлхөх бол.
Б.Сандагдорж