“Х ТҮЦ” продакшны эрчүүд хуримын даашинзаар гоёдог болжээ. Ямар учиртай болохыг тодруулахаар гавьяат жүжигчин Л.Баттулга буюу Аглуутай холбогдлоо.
-Сайн байна уу. “Утасны анд” байна. Та хаана, юу хийж байна вэ?
-Бид яг одоо Соёлын төв өргөөнд бэлтгэлтэй байна.
-Жүжигчин Онон та хоёрын хуримын даашинзтай зураг интернэтээр цацагдаад байна. Юу болов. Та хүйсээ “солиулсан” шалтгаанаа тодруулж болох уу?
-Манай продакшны уран бүтээлчид энэ сарын 15-наас “Амьдрал чиний төлөө” нэртэй шинэ үзүүлбэрээ үзэгчдэд өргөн барихаар бэлтгэж байна. Тэр зурагны тухайд бол энэ тоглолтын маань сурталчилгааны хэсэг юм л даа.
-Удахгүй хичээл сургууль эхлэхээр урлагийн байгууллагууд ар араасаа тоглолт хийж эхэлнэ. Хошин урлагийн бусад тоглолтоос танайх юугаараа онцлог байх вэ. Бас хүмүүст юу хэлэхийг зорив?
-“Х ТҮЦ” продакшн өнгөрсөн жилээс хошин шогийн үзүүлбэрийг интертайнмент чиглэл руу хандуулахыг зорьж байгаа. Энэ удаагийнх ч ялгаагүй. Хичээлийн шинэ жилийн өмнөхөн тоглож байгаа гэдэг утгаараа “Амьдрал чиний төлөө” тоглолт маань ерөнхийдөө залууст чиглэж байгаа.
Яг өнөөгийн Монголд нийгэм, эдийн засгийн байдал жаахан бүрхэг байгаа болоод ч тэр үү, хүмүүсийн царай тийм ч гэрэлтэй, өөдрөг харагдахгүй байх шиг. Бусдад инээд хөөр бэлэглэх нь уран бүтээлч бидний үүрэг гэж ойлгодог. Хүмүүс ч амьдралын аар саар асуудал, болохгүй бүтэхгүй зүйлээ умартан, сэтгэлийн цэнгэл эдлэх гэж биднийг зорин ирдэг болов уу.
-Танайхан энэ жил “Сэрүүн хасын нууц”, “Аянгын бороо” шигээ тайз дэлгэцийн даацтай том бүтээл хийх үү?
-Томоохон хэмжээний, чанартай бүтээл хийхэд хамгийн чухал нь зохиол байдаг. Тиймээс манайхан сайн зохиолын эрэлд гараад байна. Бид мэргэжлийн хүмүүс учраас өмнөхөөсөө илүү чанартай бүтээл туурвихын тулд маш их эрэл хайгуул хийдэг. Одоогоор хэд хэдэн зохиол байна.
Манайхан кино хийгээгүй нэлээд удчихаж. Тиймээс эхний ээлжинд тэдний нэгээр дэлгэцийн бүтээл хийхээр төлөвлөөд байна. Бас чадвал дөрөвдүгээр сард жүжиг тавих бодолтой. Гэхдээ юу болохыг одоо хэлж мэдэхгүй нь.
-Тэгэхээр үнэхээр сайн зохиолыг бол үнэ хайрлахгүй авна гэсэн үг үү?
-Авна. Чанартай, даацтай бүтээл хийхийн тулд мөнгө хайрлах хэрэггүй гэж бодож байна.
Л.Ганчимэг