Герман улсад 10 гаруй жил ажиллаж, амьдарч уран бүтээлээ туурвисан зураач Ц.Ган-Эрдэнийн "Тэмээн дээрээс наран ойрхон" бие даасан үзэсгэлэн өнөөдөр 18.30 цагт “Туушин” зочид буудлын нэгдүгээр давхарт байрлах “976” арт галерейд нээлтээ хийх гэж байгаа билээ.
Монголын ДҮДС, Германы Мюнстер хотын Урлагийн академид суралцаж төгссөн тэрбээр Герман болон Европын холбооны улсуудад бие даасан болон хамтарсан олон үзэсгэлэнгээ дэлгэсэн нэгэн. Харин тэрбээр эх орондоо анх удаа бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байгаа нь энэ юм.
Ингээд зураач Ц.Ган-Эрдэнэтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Эх орондоо анхны бие даасан үзэсгэлэнгээ нээх гэж байгаад тань баяр хүргэе. Өнгөрсөн жил зураач Ц.Цацатай хамтран "Вack to the roots" буюу “Эргээд эх үндэс рүүгээ” хэмээх үзэсгэлэнгээ анх удаа “Цагаандариум”-д толилуулж байсан. Монголын үзэгчиддээ ямар уран бүтээлийн дээжсээсээ дэлгэхээр зэхээд байгаа вэ?
-Энэ удаагийн үзэсгэлэнгээ тусгай сэдвийн дор бэлтгэлээ. Өнгөрсөн жил эх орондоо анхны хамтарсан үзэсгэлнгээ дэлгэснийхээ дараа “976” галерийн Гантуяа эгчтэй уулзаад дараа жилийнхээ үзэсгэлэнгийхээ тухай тэр үед тохирч байлаа. Бүтэн жил бэлтгэгдсэн энэ үзэсгэлэндээ “Тэмээн дээрээс наран ойрхон” хэмээх нэрийг өглөө. Тиймээс уран бүтээлүүддээ хүний хүсэл мөрөөдөл, амьдралыг тойрсон сэвдүүдийг хөндсөн. Би сэтгэлээсээ эх орондоо үзэсгэлэнгээ гаргахыг хүсээд зорьж ирсэн. Бүтээлүүдээ аваад монголд ирэхэд зардлын асуудлаас эхлээд өндөр л дөө. Зохион байгуулалтын хувьд Европоос өөр ч гэхдээ би Монгол хүн учраас зөвхөн гадаадад уран бүтээлээ толилуулаад байх хүсэл байсангүй. Би монголын сургуулийг ч гадаадын сургуулийг ч төгссөн хүний хувьд сурсан мэдсэнээ монголдоо авчрахыг хүссэн. Тэр ч утгаараа бүтээлээ тавиад бусадтайгаа холбогдохыг хичээж байгаа.
-Нэрнээсээ л монгол ахуй руугаа ир ойрхон бүтээл дэлгэгдэх нь ээ гэсэн таамаг төрөөд байна л даа?
-Монгол ахуй тэр тусмаа нүүдэлчин амьдралыг илүүтэй үзүүлсэн байгаа. Хүний хүсэл мөрөөдөл эрэл, хайгуул, олборлолт, шүүмжтэй хандлага буюу хүн өнөөгийн нийгмээс шалтгаалж яаж өөрчлөгдөж байгаа гэдэг бүтээлүүд байгаа. Мөн Монгол морьд байгаль дэлхийтэй танилцаж нутагтаа биш өөр нутагт нүүдэлж яваа дүрслэлийг оруулсан. Монгол морь дэлхийтэй танилцаж байгаа нь цаанаа хүмүүсийг төлөөлүлсэн юм. Гэр бүлээрээ нүүж, аялж, зугаалж, амьдарч байгаа айлуудыг төлөөлүүлсэн гэж ойлгож болно.
-Гадаадад аялаж, ажиллаж, амьдарч байгаа монголчуудын нэг төлөөлөл нь та өөрөө.
-Би ХБНГУ-д сураад, ажиллаж, амьдраад бараг 13 жил боллоо. Энэ хугацаанд зөвхөн Герман гэлтгүй олон орноор явж нэлээдгүй зүйлс үзлээ. Европын холбооны улсуудад үзэсгэлэнгээ гаргалаа. Олон улсын ёс заншилтай танилцан найзалж тэр бүхнийг бүтээлүүддээ шингээсэн байгаа.
-Жил бүр та эх орондоо ирж уран бүтээлээ туурвин тэр тусгалаа Европд өөрийн өнцгөөр харуулдаг. Саяхан та шагнуулсан. Уран бүтээлийн олз омог ихтэй байна уу?
-ХБНГУ-ын урлагийн олон улсын мэргэжлийн уран бүтээлчдийн дунд зохиогддог уралдаанд оролцоод тэргүүн байрын шагналыг “Усны тусгал” бүтээлээрээ авсан. Сүүлийн үед энэ чиглэлээр хийсэн уран бүтээлүүд маань нэлээд газар авч байгаа шүү.
-Усны тусгал бүтээл тань нэлээд олон цуврал байх аа. Өнгөрсөн жилийн үзэсгэлэн дээр харж байсан. Яг хэдэн цуврал гарсан бэ?
-Олон цуврал байгаа шүү. 20-оод төрлөөр хийгдсэн. Нэг төрөл нь гэхэд дотроо задраад явж байгаа л даа. “Тусгал” цуврал бүтээлийн тухайд хүний оюун санааны ертөнцөд үүссэн амьдралын хоёр талыг илэрхийлэх гэж оролдсон. Өнгөрсөн жил энэ чиглэлээрээ хийсэн уран бүтээлүүдээ түлхүү дэлгэсэн.
-Таны дараагийн нүүдэл?
-Би наймдугаар сарын 29-нд Германд бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар бэлдсэн. Түүнд “Усны тусгал” сэдэв рүү маш гүн орсон бүтээлүүд маань дэлгэгдэнэ. Германы Эстно хотод хамтран ажилладаг галерейд бүтээлүүд маань гарна. Миний үзэсгэлэнгийн төлөвлөгөө бүтэн жилийн өмнө бэлтгэгдээд гардаг. 2015 оны зургаадугаар сар хүртэл бүх үзэсгэлэнгийн жагсаалт гарсан байгаа. Тийм болохоор завсар нь гэнэт нэг үзэсгэлэн гарна гэсэн ойлголт байдаггүй. Тухайн жагсаалтынхаа дагуу ямар зургуудад юуг өгүүлэх үү гээд нарийн төлөвлөгөөгөө боловсруулж уран бүтээлээ хийдэг.
-Жилд хэчнээн үзэсгэлэн дэлгэдэг вэ?
-Жилд ойролцоогоор 10 гаруй үзэсгэлэн гаргадаг. Бие даасан үзэсгэлэнгийн тухайд энэ жил 3-5 үзэсгэлэн төлөвлөсөн.
-Германд уран бүтээлээ туурвидаг урлангийнхаа талаар сонирхуулахгүй юу?
-Би Германд өөрийн гэсэн урлантай. Манайхаар бол Урчуудын эвлэлийн хорооны урлан шиг тийм урлан. Тэнд 30 гаруй уран бүтээлчид байдаг. Биднийг улсаас нь дэмжиж уран бүтээл хийх бололцоо олгодог. Урлан маань нуурын дэргэд маш гоё байршилтай. Тэнд уран бүтээлчдийн онгод нь ороод уран бүтээлээ туурвиад л сууна даа. Зөвхөн зураачид энэхүү урланд байдаггүй. Гэрэл зурагчин, орчин үеийн орон зайн урлагийн уран бүтээлчид, инстоляци гээд урлагийн бүх төрлөөр ажилладаг олон улсын 30 гаруй уран бүтээлчид байдаг. Зөвхөн Германы уран бүтээлчид хязгаарладаггүй. Би энэ урландаа гурьван ажил ажиллаж байна. Мөн дахин 10 жил ажиллахаар гэрээ сунгагдсан байгаа.
-Урлантайгаа ямар нөхцөлөөр гэрээ хийдэг вэ. Үнэ өртөг нь хэд байх уу?
-Энэ урланд орохын тулд Германы Мюньстер хотын захиргаанд урлагийн зөвлөлд хандан уран бүтээлчид өргөдлөө өгдөг. Тухайн хотын урлагийн зөвлөлөөс зураачдаа сонгож аваад хооронд нь уралдуулан тусгай комисс шүүн аль уран бүтээлийг авах асуудлыг шийддэг. Ингэснээр тухайн урланд салбар бүрийн сайн уран бүтээлчид цугласнаар оюуны үнэт зүйлийг бий болж байгаа юм. Тэр нь хотын бодлогын хувьд чадалтай сайн хүмүүсийг үлдээн суурьшуулсанаар түүгээр дамжуулан урлагийн хүрээлэл өсөн аялал жуулчлал даган хөгжин хотын нэр хүнд ч өсдөг. Би хоёр давхар 100 м/кв урлантай. Энэхүү урландаа сард 500 еврогын түрээс төлдөг. Урлангийн үндсэн түрээс нь сарын 1000 евро. Тал түрээсийг хотын захиргаанаас уран бүтээлчдийн дэмжин хөрөнгө оруулалт хийж төлдөг.
-Европт уран бүтээлээ хийгээд амьдрахад нөхцөл боломж хэр вэ?
-Европт боломж бий. Гэхдээ зах зээлийн өрсөлдөөн маш их. Бараг сая гаруй уран бүтээлчид хоорондоо өрсөлдөж, урлагийн зах зээл дээр дээшээ гарах гэж зүтгэж байна.
-Тэр өрсөлдөөн дундаас таны ялгарч байгаа өнцөг юу вэ. Монгол ахуй, Монгол нөхцөл тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа бол уу?
-Тэгэлгүй яах вэ. Миний ялгарч байгаа хамгийн гол зүйл Монгол зураач гэдгээрээ л онцгойрч байгаа бол уу гэж боддог. Тэнд байдаг манай гадаад найз нар ч гэсэн “Чи азтай. Монгол учраас мундаг явж байна” гэж хэлдэг л дээ. /инээв/ Би хоёр чиглэлээр зурдаг. Нэгт монголын байгаль, монгол ахуйг харуулсан сэдвээр уран сайхны талаасаа өөрийн сэтгэлгээгээ оруулаад зурдаг. Европт тал нутаг байхгүй шүү дээ. Хэд алхаад л байшин, уул тулдаг. Хоёр дахь сэдэв маань “Усны тусгал” сэдэв байгаа. Би энэ хоёр сэдвээ зэрэг авч явдаг. Миний уран бүтээлээ хийж байгаа урёгал маань миний өөрийн стиль тэнд хүмүүсийн сонирхолыг илүүтэй татдаг. Би энгийн зүйлсийг уран бүтээлдээ хөнддөг. Олон оронд аялаад тэдэнтэй танилцаад явж байхдаа Тэдний амьдралын энгийн гэсэн бүхнийг уран сайхны аргаар дүрслэн зурдаг.
-Германд тэр тусмаа гадаадад уран бүтээлийн үзэсгэлэнгээ хэрхэн гаргадаг вэ?
-Тэнд миний зүгээс би үзэсгэлэнгээ гаргая гээд гүйх шаардлага байдаггүй. Тэгээд яваад ч амжилтанд хүрэхгүй. Би бүтээлдээ бүх цагаа зарцуулдаг. Энд тэнд үзэсгэлэнгээ гаргая, зургаа зарья гээд гүйх цаг зав ч байхгүй, хүсэл ч байдаггүй. Учир нь том том галерейн хүмүүс над дээр ирээд уулзаад миний зургийг олны танил болгон галерейд үзэсгэлэн гаргах боломжийг олгоод явдаг. Би уран бүтээлдээ л бүх цагаа зарцуулдаг. Тэд бүх эрсдлийг даадаг.
-Европт уран зургийн үнэлгээ хэр байдаг вэ?
-тэр бол хөгшин Европ шүү дээ. Тэнд үзэж харах, сурах зүйлс хязгааргүй. Үнэлгээний хувьд ч гэсэн жирийн ажилчин ч гэсэн гэртээ аятайхан өөрт таалагдсан зургаа авч тавиад таашаан суух сонирхолтой. Тэд урлагийн бүх төрлөөс таашаал авч алжаалаа тайлах дуртай.
-Таны үзэсгэлэнд дэлгэгдэх бүтээлүүдээс монголын уран зураг сонирхогчид худалдан авах боломж хэр байгаа бол?
-Хэрвээ сонирхвол бүгдийг нь авсан ч болно. /инээв/ Үнэхээр миний бүтээлд дурласан хүнд тэрхүү бүтээлийг таашаан өөртөө авах боломж нээлттэй.
-Уран бүтээлч хүний хамгийн баяр баясгалантай мөч хэдийд тохиодог вэ?
-Үзэсгэлэнгээ гаргах мөчид. Уран бүтээлээрээ дамжиж ард түмэнтэйгээ уулзах завшаан тохиодог учраас түүндээ маш их сэтгэл зүрхээ өгч хийх хэрэгтэй.
-Танд уран бүтээлийн амжилт хүсье.
Г.Даша
Эх сурвалж: eagle.mn