Ээж, цай гэдэг хоёр үг салшгүй холбоотой. Ээжийнхээ чанасан аагтай сайхан цайг амталж өсөөгүй хэн ч байхгүй. Иймээс ч Монгол улсын гавьяат жүжигчин С. Жаврлангийн дуулдаг “Ээжийн чанасан цай”, гавьяат Н. Чулуунхүүгийн “Ээжийн бор аяга” гэхчилэн ардын болон зохиолын олон дуунд монгол хүний гайхамшигт ундаа болох цай, бас айл гэрийн галын бурхан болсон ээжийн тухай гардаг.
Ингээд монголчууд цайг чухам хэдийнээс эхлэн хоол хүнсний зүйл болгон хэрэглэж ирсэн талаар сонирхож үзье. Энэ талаар тодорхой баримт ихээхэн хомс байдаг. Доктор Г. Норовсамбуу 1989 онд хэвлүүлсэн <<Идээний дээд цайны тухай тэмдэглэл>> өгүүлэлдээ монголчууд цайг дээр үеэс хэрэглэж ирсэн байж болох юм гэсэн таамаглал дэвшүүлээд “…Бодвол Монголын Юань улс буюу XIII-XIY зууны үед монгол хүн цай хэрэглэж байсан болов уу гэх үндэслэл тухайн түүхэн үйл явдлуудтай онолдож байна.” хэмээн тэмдэглэж бичжээ. Харин энэхүү таамаглал нь монголчууд таримал цайг хэрэглэж эхэлсэнтэй холбоотой байж болох юм. Харин өвөг дээдэс маань эрт дээр үеэс байгальд ургадаг зуу гаруй ургамлыг таньж цай орлуулан хэрэглэж ирсэн баримт бий. Эдгээрийн дотор хөвөн оройт, мягмарсанж, нохойн хушуу, цээнэ, өрөл, гичгэнэ, бүйлс, пагдгар бадаан, сөөгөн боролзгоно, гоёо, алирс, сөд өвс, тэхийн шээг зэрэг олон зүйл ургамал байдгийг тогтоожээ. Тэр ч атугай Богд хаант Монгол улсын үед монголчууд цайны навч түүж боловсруулан зузаан, нимгэн шахмал цай үйлдвэрлэх ажлыг зохион байгуулалттай хийж байсан сонин баримт бий. Өөр нэг сонин баримт бол Орост 1638 онд Монголоос буцаж харьсан Москвагийн элч Василий Старковт Монголын хаанаас 200 боодол буюу 64 кг цай бэлэглэж энэ нь хааны ордныхонд ихэд таалагдсан тул Орос оронд цай дэлгэрч улмаар түүнийг Хятадаас Өргөө, Сибириэр дамжуулан авдаг болсон явдал юм.
Монголчууд цайг ихэвчлэн малын сүүгээр сүлж зарим нутагт шар тос, хужир, давс нэмж, аль болох тосорхог, тэжээллэг хийдгээрээ бусад үндэстний хэрэглэдэг цайны төрлөөс өвөрмөц ялгаатай бөгөөд ингэж чанасан цай зөвхөн ундааны төдийгүй хоолны үүрэг гүйцэтгэх тал ч бий. Монголчуудын аяганы хийц гэж нэрлэдэг хоолны зүйл ч цайтай холбоотой. Судалгаанаас үзэхэд монгол цайны найрлага дахь тос, сүү, гурил зэрэг нь цайны илчлэг чанарыг ихээхэн нэмэгдүүлдэг нь тодорхой байна. Академич А.М. Майский XX зууны эхээр Монголд анх ирээд монголчуудын уудаг цайны тухай өгүүлэхдээ: “анхлаад уухад хэцүүхэн байсан боловч дараа нь зүгээр энгийн цай биш, харин шөл юм байна гэдгийг ухаарч, аажмаар ууж дассан юм” хэмээн таашаан бичсэн буй.
Хэдийгээр монгол түмэн цай хэмээх энэ гайхамшигт ундааг нийтлэг хэрэглэдэг ч бас ястан үндэстэн, газар газрын онцлог ялгаа бий.
Тухайлбал, Төв аймагт цайг гол төлөв хийцэлж уудаг. Ингэхдээ хонины сэмж, сүүлийг хайлуулж шар будаагаар хийцэлсэн цайндаа цагаан тос, ээзгий, хорхой ааруул дэвтээж уух дуртай аж. Түүнчлэн шар будаагаар хийцэлж дотор нь хонины нэг үе сүүл, дунд чөмөгний таллаж ташсан яс хийгээд зөөлөн галаар буцалгаж хийсэн цай алжаал ядаргаа тайлдаг хэмээн энэ нутгийн хөгшчүүл хуучилдаг.
Өмнөговь аймагт цагаан будаагаар хийцэлж дотор нь тэмээний махан борц хийж чанасан цай уудаг бол Дундговийнхон цайгаа буцалмагц шаарыг нь шүүж сүлээд дахин буцалгаж үүндээ нимгэн зүссэн мах, хонины сүүл хийж уух дуртай аж. Харин Ховд нутгийнхан цай чанахдаа эхлээд тогоогоо тосолж халаасны дараа сүүгээ хийж цайны идээ нэмж зөөлөн галаар буцалгасны дараа ус нэмж хужир, давс, тосоор амт тохируулан олон дахин самарч буцалгадаг. Тэд ингэж хийсэн аагтай шаргал цайндаа боорцог хийж ууж заншжээ. Харин Архангай нутгийнхан цайгаа чанаж бэлэн болгоод тосонд хуурсан мэхээрээр хийцэлж амт тохируулан уудаг. Үүнийг мэхээртэй цай гэнэ. Манай орны дорнод хэсэгт амьдардаг ардууд хэрлэн цай гэж нэрлэдэг нэгэн цай хийж уудаг.. Үүнийг ердийн сүүтэй цай чанаж шүүгээд дотор нь хэрчсэн мах, сүүл хийж дахин буцалгаж хийнэ.
Ингээд монгол ээжийн гарын зарим цайны жор, бэлтгэдэг аргаас түүвэрлэн уншигч танаа толилуулъя.
Халхын борцтой цай
Хар цай чанаж дараа нь сүлээд дахин буцалгана. Ингээд цайгаа өөр саванд шүүж юүлээд тогоог сайтар цэвэрлэж халаана. Шар буюу цагаан будааг сүүлний өөхтэй хамт тогоонд хийж хуураад дээрээс нь шүүсэн цайгаа хийнэ. Үүн дээрээ нимгэн хөшиглөсөн сүүл, годгор борц, бог малын хатааж хуршаасан хавирга, эсвэл гургалдай нэмж хужир, давсаар амт тохируулан нэг удаа оргитол буцална. Энэ цайг аягалахдаа будаагаа шүүж аяганд хийгээд хэрчим сүүл, зүсэм хавирга дээр нь хөндөлдүүлж цай дүүргээд цагаан тос нэмнэ. Ийм цайг төв халхынхан өргөн хэрэглэж заншжээ.
Дөрвөд цай
Ширмэн тогоонд усаа буцалгаж идээ нэмээд үргэлжлүүлэн буцалгаж идээшлүүлнэ. Дараа нь сүүгээр сүлж буулт буулт (энэ нутагт цайны хужрыг ийнхүү нэрлэдэг) шар тос нэмээд тосоо задарч уустал олон удаа самарч буцалгана. Ийм цай ядаргаа тайлахад сайн гэж нутгийн ардууд ярьдаг. Түүнчлэн ингэж чанасан цайндаа хонины хуйхалж хярвасласан годон сүүл, эсвэл шийр хийж буцалгасан цайг хургастай цай гэнэ.
Казах цай
Ойролцоогоор гурван литр ус, 50 грамм цайны идээ, айрагны 30 грамм тос, түүхий сүүний цөцгий, хужир тус бүр 10 грамм орно. Жоронд заасан бүх зүйлийг данх буюу тогоонд үйж хийгээд самрахгүйгээр чанаж буцалгасны дараа пийшин, зуухны хүхээг дээр тавьж халуунаар аягалан цөцгий хольж ууна. Казах үндэстний энэ цай өтгөвтөр, хандлаг бөгөөд зөөлөн амттай тул уух тусам дахин дахин уумаар санагддаг.
Торгууд цай
Ус, идээг тааруулан хүчтэй галаар хар цай буцалгаж шаарыг нь шүүгээд сүүгээр өтгөн сүлж, ахиухан шар тос нэмэн олон удаа самарч үе үе оргитол буцалгана. Давс, хужраар амт тохируулна. Өтгөн шаргал энэ цай хоолыг орлодог.
Захчин цай
Тогоонд усаа халааж дээр нь сайтар нунтагласан цайны идээ нэмж идээштэл буцалгана. Дараа нь цайгаа өөр саванд шүүж юүлнэ. Цэвэрлэсэн тогоонд сүүгээ хийж буцалгаад дээрээс нь хар цайгаа хийж дахин буцалгахдаа давс, айрагны цагаан тос нэмж олон дахин самарна. Ингэж хийсэн цайг задгай амтай сав, эсвэл домбонд хийж халуунаар нь аягалан уудаг.
Урианхай цай
Өтгөн хар цай чанаад сав, данханд уудална. Халаасан ширмэн буюу хайлшин тогоонд сүүгээ хөөрүүлээд дээр нь хар цайгаа тунгаан хийж давсаар амт тохируулан айргийн цагаан тос нэмж хөөсөртөл самарч буцалгана.
Дарьгангын будаатай цай
Цэвэр уутанд буюу самбайнд боож битүүлсэн цайны идээг шар будаатай хамт усанд хийж буцалгана. Дараа нь сүүгээр сүлж хужир, шар тосоор амт тохируулна. Аягалахын өмнөхөн данхаа сэгсэрч шар будааг цайнд тараагаад аягална. Дарьганга нутгийнхан цайныхаа будааг шүүж аваад боорцог, нунтаг ээзгий, хурууд, өрөмтэй хольж идэх дуртай.
Цаатан цай
Зод модны холтсыг сайн хатаагаад нарийн хуурайгаар үрж нунтагласны дараа шигшиж усандаа хийж самардаг. Цай буцалж ухаа ягаан өнгөтэй болсны дараа цааны сүүгээр сүлж самраад хужир нэмж үргэлжлүүлэн буцалгана. Ийм цай ходоодны үйл ажиллагаанд сайн, цусны даралтыг тогтворжуулах, биеийн өөрчлөлт, хямралаас сэргийлэх үйлчилгээтэй гэлцдэг.
Сэлэнгийн бор цай
Ширмэн тогоонд шар тос, давс, цайны идээ, гурил хамтатган хийж бага зэрэг хуурсны дараа ус нэмж самран буцалгана. Хонины нимгэн хярсан түүхий сүүлнээс хэрчмийг аягандаа хийж дээрээс нь буцламгай халуун цай нэмээд ижил хэмжээний амсартай аягаар хөмрөн таглаж 2-3 минут орчим болсны дараа уухад биеийн алжаал тайлагддаг тухай Сэлэнгэ нутгийн настан буурлууд хуучилсныг Монгол улсын худалдааны гавьяат ажилтан, мастер тогооч Б. Дашзэвэг агсан надад ярьж энэ цайны жор, хийх аргыг өгсөн билээ.
Говийн цай
Шар будааг сайтар цэвэрлэж дэвтээсний дараа сэврээж нүднэ. Үүнийгээ халаасан шар тосонд бага зэрэг хуурсны дараа шүүсэн хар цайгаа шүүж хийгээд нимгэн зүссэн мах нэмж болтол нь буцалгана. Мах, будаа болох үед давс, хужраар амт тохируулан сүүгээр сүлж оргитол буцалгана. Цай бэлэн болмогц шар тос нэмж самраад халуунаар нь аягална. Говь нутагт загасгал хэмээх бутлаг ургамлыг цайнд чанаж уухаас гадна цулхирын гурилыг шар тосонд хуурч дээрээс нь шүүсэн цайгаа хийж хүчтэй галаар буцалгасны дараа сүлж хужраар амт тохируулан уудаг.
Энэ мэтчилэн монголчуудын уламжлалт цай ундааны олон арван төрөл зүйл бий. Тухайлбал, хийцэлсэн цай, таван тансаг цай, хөөрцөглөсөн, цоргисон цай, борви тойгны ястай цай, будаа, сүүлтэй цай, борц, будаатай цай, дом болсон долоон банштай цай, хонины сүүлтэй цай, битүү цай, чөмөг, толгойны ястай цай, хорхоглосон цай зэрэг олныг дурдаж болно.
Монгол ёсонд цайтай холбоотой дараах цээрийн ёс байдгийг мэдэхэд илүүдэхгүй.
· Айлд ороод эздээс өргөн барьсан идээ, цайнаас амсахгүй гарах
· Амсар нь эмтэрхий аяганд цай унд хийж алив хүнд барих
· Аяга шаазангаа хөмөрч тавих
· Аяга шаазанд цай унд аягалан хүнд барихдаа амсрыг нь хуруугаараа дарах
· Аяга шаазанг амсраас нь чимхэж барих
· Аяга шаазан харшуулан дуугаргах
· Аяга шаазантай цайг гэр дотроос үүдээр гадагш цацах
· Аяга шаазангийн ёроолд үлдсэн идэх, уух юмыг аяганаас нь шууд асгах
· Аягандаа шавхруу үлдээх
· Аяганд цай хийхдээ бялхаах
· Зочинд хоол цай аягалахдаа асгаж цутгах
· Зочинд ар талаас нь тавгийн идээ, цай, зоог барих
· Сүүтэй цайнд мах хөшиглөж идэх
· Хусам дээр цай хийж уух
· Хярам хийхдээ сүүн дээр ус эхлэн хийх
· Цай нүдэхдээ тоолох
· Цай хоол аягалах, барихдаа ганц гараар өгөх, авах
· Цай хоол аягалах, таваглахдаа ханцуй шамлах, хормой шуух
· Цай хоол аягалахдаа халбага, шанаганы амсрыг буруу тийш гадагш хандуулах
Энэ ялдамд монгол үндэстний уламжлалт цайны орц жор, технологид тулгуурлан хийж тусгайлан савлаж бэлтгэсэн “Хаан сүүтэй цай”, “Өгөдэй цай” зэрэг зөвхөн бид төдийгүй хилийн чанад дахь монгол туургатнуудад таашаагдсан цайг Монголын топ аж ахуйн нэгжийн нэг “Бимэкс” холдинг” компани санаачлан хийх ажилд хоол хүнс судлаачийн хувьд бусад нөхөдтэйгээ хамтран оролцсондоо би бахархаж явдгаа өчсүгэй.
www.URLAG.mn